Номын сан
Гайхамшиг


“Гайхамшиг,” Сэдэв ба асуулт (2023)

Есүс Христ нэгэн эрийг эдгээв

Сайн мэдээг судлах удирдамж

Гайхамшиг

Бурханы хүч хийгээд хайрын илэрхийлэл

Та Бурхан байдаг, Тэр таныг мэддэг гэдэгт ямар ямар үндэслэлээр итгэдэг вэ? Түүний танд хайраа харуулж байгааг нь мэдэрсэн ямар цаг мөч таны бодолд орж ирж байна вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Өөрийнхөө амьдралд, эргэн тойронд байгаа Бурханы удирдамжийг олж харах хараатай байхаар залбир” гэж заасан. Гайхамшиг нь Бурхан хүүхдүүдийнхээ төлөө Өөрийн хүчээр ажилладаг мөчийг илэрхийлдэг.

Судруудаас, тэр дундаа Хуучин Гэрээнээс бид ард түмнийхээ төлөө Агуу Иеховагийн үйлдсэн хүчирхэг гайхамшгуудын талаар сурч мэддэг. Бид мөн Есүс Христийн мөнх бус амьдралынхаа туршид үйлдсэн гайхамшгуудын талаар Шинэ Гэрээнээс, мөн амилсныхаа дараа үйлдсэн гайхамшгуудыг Мормоны Номоос мэдэж авдаг. Түүний үйлдсэн гайхамшгуудын дундаас хамгийн агуу нь Түүний Цагаатгал бөгөөд Тэр дэлхийг нүглээс гэтэлгэж, Өөрөө үхлээс амилсан явдал юм. Өнөөдөр ч гэсэн бид Түүний ажил, гайхамшгуудыг өөрийн амьдралаас том, бага гэлгүй харж, “ЭЗЭН бүгдэд сайн. Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр бай[гааг] (Дуулал 145:9) мэдэж болно.

Гайхамшиг гэж юу вэ?

Гайхамшиг бол тэнгэрлэг хүчний илэрхийлэл юм. Энэ нь эрт үед ч одоо ч Есүс Христийн үйл хэргийн нэгэн чухал хэсэг байсаар.

Сэдвийн тойм: Гайхамшиг

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж:Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал, Залбирал, Есүс Христэд итгэх итгэл, Санваарын адислал

1-р хэсэг

Есүс Христ бол гайхамшгийн Бурхан

Есүс Христ шуурга намжаав

Гайхамшиг нь Бурханы хүүхдүүдийн дунд үйлдсэн ажлынх нь нэгэн хэсэг байсаар ирсэн. Хуучин болон Шинэ Гэрээнд Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө бурханлаг хүчийг харуулсан олон түүх багтсан байдаг. Өнөөдөр ч гэсэн Есүс Христийн дагалдагчид Бурханы мутар Түүний Сүмд төдийгүй хувь хүн, гэр бүлийн амьдралд гайхамшигт байдлаар илэрхийлэгдсээр байгааг хүлээн зөвшөөрдөг. Бурхан: “Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан; мөн энэ дэлхийд би өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг би үзүүлэх болно; мөн тэдний итгэлийн дагуу байхаас бусдаар би хүмүүний үрсийн дунд ажиллах нь үгүй” (2 Нифай 27:23) хэмээн тунхаглажээ.

Бодох зүйлс

  • Баптисч Иоханы хоёр шавь Есүсээс “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуусан. Есүс Өөрийн хэн болохыг харуулахын тулд жишээнүүд өгсөн (Матай 11:3–6-г үзнэ үү). Яагаад эдгээр жишээ Түүний хэн болохыг баталсан бэ? Мөн Иохан 5:36 дахь Есүсийн хэлсэн зүйлийг бодож үз. Есүсийн гүйцэтгэсэн “ажил”-ын зорилго юу байсан бэ?

  • Ахлагч Роналд А.Расбанд: “Их Эзэн бидэнд Өөрийн хүчийг болон биднийг хайрладаг хайраа, түүнчлэн тэнгэрээс бидний мөнх бус амьдралд хүрч чадна гэдгээ болон хамгийн үнэ цэнтэй зүйлсийг заах хүслээ сануулахын тулд гайхамшгуудыг үйлддэг” хэмээн заасан. Судруудаас уншсан гайхамшгууд дундаас танд аль нь хамгийн их таалагддаг вэ? Тэдгээр гайхамшиг Бурханы талаар танд юу заасан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн гишүүдийг Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн Аврагчийн гайхамшгуудын талаарх дараах түүхүүдээс аль нэгийг сонгоход урь. Сонгосон хэсэгт дүрсэлсэн гайхамшгуудаас “хэн, юу, хаана, хэзээ, яагаад” гэдгийг олж мэд. Эдгээр үйл явдлын адил төстэй болон ялгаатай талуудыг ярилц. Таны таньж мэддэг хүмүүсийн итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд эдгээр түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

    • Хараагүй хоёр эрийг эдгээв (Матай 9:27–31-ийг үзнэ үү)

    • Бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулав (Лук 7:11–16-г үзнэ үү)

    • Төрөлхийн сохор эрийг эдгээв (Иохан 9-ийг үзнэ үү)

    • Лазарыг амилуулав (Иохан 11:1–45)

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христэд итгэх итгэлээр дамжин гайхамшгууд ирдэг

Есүс Христ эмэгтэйг эдгээж байгаа нь

Шинэ Гэрээнд Есүс шавь нартаа “итгэдэг тэднийг тэмдгүүд дагалддаг” (Марк 16:17-18) хэмээн амласан байдаг. Хожмын өдрүүдэд Тэрээр: “Тиймийн тул, бибээр төлөөлөгчдөдөө хэлсэнчлэн бибээр та нарт дахин хэлж байна, та нарын үгст итгэдэг мөн нүглүүдийн ангижралын төлөө усаар баптисм хүртдэг сүнс бүр Ариун Сүнсийг хүлээн авах болно. Мөн … итгэх тэднийг тэмдгүүд дагалдах болно” (Сургаал ба Гэрээ 84:64–65) гэж айлджээ. Бурхан, Есүс Христ хоёрт итгэдэг хүмүүсийн хувьд гайхамшгууд нь үнэхээр бодит зүйл боловч тэд эхлээд итгэлтэй байх ёстой (Ифер 12:12–18-ыг үзнэ үү).

Гэхдээ бид итгэлээ бататгах эсвэл батлах арга болгохоор гайхамшгийг эрэлхийлэх ёсгүй. Их Эзэн Иосеф Смитэд: “итгэл тэмдгүүдээр ирдэггүй, харин итгэдэг тэднийг тэмдгүүд дагалддаг буюу. Тийм ээ, тэмдэг нь хүмүүний хүсэл зоригоор ч бус, бас тэдний хүсэл эрмэлзлээр ч бус, харин Бурханы тааллаар, итгэлээр ирдэг авай” (Сургаал ба Гэрээ 63:9–10) хэмээн заасан. Бошиглогч Моронай: “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй” (Ифер 12:6) гэж бичсэн. Гайхамшиг дээр суурилсан гэрчлэл байнгын итгэл, дуулгавартай байдлаар тэжээгдэхгүй бол удаан тэсвэрлэхгүй.

Бурханы үнэний гэрчлэлийг олж авах, зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдрэх, Их Эзэнээс өршөөл хүртэх, хүнд хэцүү үед амар амгалан, хүч чадлаар адислагдах зэргээр зарим гайхамшиг чимээгүйхэн тохиодог (Алма 37:6–7-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Тэнгэр элч Мариад “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэж хэлснийг бодоод үзээрэй. Та урьд нь биелүүлэх эсвэл шийдвэрлэх боломжгүй зүйлтэй тулгарч байсан уу? Бурханы хүчээр үйлдсэн гайхамшгуудын тухай судрын түүхийг судлах нь таныг Түүнд хандаж, Түүний хайр, нигүүлсэл, хүсэлд найдахад хэрхэн бэлтгэх вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Ховард В.Хантэр Есүс Христийн үйлдсэн олон гайхалтай гайхамшгуудын талаар ярьсан. Дараа нь тэр ийнхүү хуваалцжээ.

    “Дүлийрсэн хүн дахин сонсгол орохыг харах бол хамгийн ер бусын зүйл юм. Гэхдээ яавч тэрхүү агуу адислал нь бидний чихэнд дууны уянгалаг чимээг хүлээн авах боломжийг олгодог яс, арьс, мэдрэлийн системийн гайхалтай хослолоос илүү гайхамшигтай зүйл биш билээ. Сонсгол алдагдсаны дараа сэргэсэн байлаа ч бид сонсох гэдэг адислалд гайхширч, уг гайхамшгийн төлөө Бурханыг алдаршуулах ёстой биш гэж үү?

    Энэ нь дахин хараа орохтой, эсвэл бидний амнаас гарах үг, эсвэл бүр хамгийн агуу гайхамшиг болох амьдралын сэргээлтийн хувьд ч адил биш гэж үү? Эцэгийн анхны бүтээлүүдэд жинхэнэ гайхамшгуудаар дүүрэн ертөнц багтдаг. Бидэнд төрөхөөс л амь, эрхтэн, хараа, хэл яриа байсан явдал нь хамгийн агуу гайхамшиг биш гэж үү?”

    Амьдралын олон гайхамшгийн харах энэхүү өнцөг нь гайхамшгийн Бурханд талархах бидний талархлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Амьдралдаа гайхамшгийг эрэлхийлж, хүлээх

Далайн эргээр алхаж буй эрэгтэй

Итгэлтэй хүмүүс байгаа цагт гайхамшгууд байсаар байна (Моронай 7:27–29-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “гайхамшгийг эрэлхийлж, хүлээх ёстой” гэж заасан. Хэрэв та нар Түүнд “эргэлзэлгүйгээр” [Мормон 9:21] итгэх аваас Их Эзэн та нарыг гайхамшгуудаар адисална. Гайхамшгийг эрэлхийлэхийн тулд сүнслэг ажил хий. Та Бурханаас ийм итгэлийг үйлдэл болгоход туслахыг залбиран гуй.”

Гайхамшиг өдөр бүр бидний эргэн тойронд байдаг. Ахлагч Роналд А.Расбанд: “Та нарын ихэнх нь бодож чадахаасаа ч илүү олон гайхамшгийг харсан. Есүсийн нас барагсдыг амилуулсантай харьцуулахад, эдгээр нь өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ гайхамшгийн цар хүрээ гайхамшгийг тодорхойлдоггүй, Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог” гэж тайлбарлажээ.

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг бодож үз. Амьдралдаа гайхамшгийг “эрэлхийлэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? “Гайхамшгийг эрэлхийлэхийн тулд” таны хийх ёстой “сүнслэг ажил” юу вэ? Амьдралд тань Бурхан ямар арга замаар ажиллаж байгааг эрэлхийлснээр та хэрхэн адислагдах вэ?

  • Мормон 9:7–21-ийг үзнэ үү. Хэрэв Бурхан хувиршгүй хийгээд эрт үеэс Өөрийн хүүхдүүдэд үзэгдэл, адислал, илчлэлүүдийг өгсөөр ирсэн юм бол энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Таны таньдаг хүмүүс дундаас “Бурхан гайхамшгийн Бурхан байхаа болиогүй” гэдгийг илүү сайн ойлгох нь хэнд нь тустай вэ? (Мормон 9:15)

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн гишүүдийг тохиромжтой бол Бурханы мутар өөрсдийнх нь амьдралыг адисалж эсвэл гайхамшгийг үйлдэж байсан үеийн талаар хуваалцахад урь. Тэдгээр гайхамшиг тохиосон янз бүрийн арга зам, тэдгээрийн өөр өөр зорилгын талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах