Номын сан
Залбирал


“Залбирал,” Сэдэв ба асуулт (2023)

Залбирч буй гэр бүл

Сайн мэдээг судлах удирдамж

Залбирал

Тэнгэрлэг Эцэгтэй чин сэтгэлээсээ, сэтгэлийнхээ угаас харилцах

Амьдралд тань бурханлаг тусламж, удирдамж хэрэг болж байсан мөчүүд танд байсан л байх. Та ямар нэг зүйлээ алдаж, чухал асуулттай тулгарч эсвэл танд яаралтай тусламж хэрэг болж байсан байж магадгүй. Харин заримдаа танд зүгээр л урагшлахын тулд хүч чадал, эр зориг шаардлагатай байсан байх. Залбирал бол чин сэтгэлээсээ Бурханд хандаж, Түүнтэй өөрт төрсөн мэдрэмж, бодол санаа, байгаа хэрэгцээгээ хуваалцах үйлдэл юм. Залбирлын гайхамшиг нь таныг Тэнгэрлэг Эцэгт хандах үед Тэр таныг сонсдог явдал юм (Иеремиа 29:12–13-ыг үзнэ үү). Та хэн ч байсан, алдаа, төгс бус байдлаас тань үл хамааран Тэнгэрлэг Эцэг таныг залбирлаар дамжуулан Өөртэй нь харилцахыг хүсдэг. Бурхан биднийг төгс хайрладаг учир та Түүнд юу ч хэлсэн Тэр таныг сонсдог.

Залбирал гэж юу вэ?

Залбирал бол Тэнгэрлэг Эцэгтэй чин сэтгэлээсээ, зүрхнийхээ гүнээс ярих үйлдэл юм. Бурханаас өдөр бүр тэнгэрлэг удирдамж эрэлхийлэх нь хүүхдүүддээ өгдөг Түүний хамгийн агуу адислалуудын нэг билээ. “Та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” (3 Нифай 18:19) хэмээн Есүс заасан.

Сэдвийн тойм: Залбирал

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бурхан Эцэг, Бурхан Эцэгийг шүтэн бишрэх, Хувийн илчлэл, Мацаг барилт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

1-р хэсэг

Бурхан хүүхдүүдээ ямагт залбир хэмээн урьдаг

Жолоо барьж буй эрэгтэй

Есүс Христ дагалдагчдадаа Бурхан Эцэгт хандан залбирахыг заасан (Матай 6:5–13; 3 Нифай 17:11–20-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг биднийг хайрлаж, адислахыг хүсдэг учир “ямагт залбир” (Сургаал ба Гэрээ 19:38) хэмээн зарлигласан. Тэр биднээс залбирлаар дамжуулан өдөр бүр Өөрт нь хандах дадал хэвшлийг суулгаасай хэмээн хүсдэг. Мөн Тэр өдрийн турш зүрх сэтгэлдээ үргэлжлүүлэн залбираасай гэж хүсдэг (Мозая 24:11–12; 3 Нифай 20:1-ийг үзнэ үү). Бид Тэнгэрлэг Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирахдаа (3 Нифай 18:19; 19:6-г үзнэ үү) Аврагчдаа итгэж, Түүнийг дагахад бэлэн байгаагаа харуулдаг. Тиймээс бид залбирлынхаа төгсгөлд “Есүс Христийн нэрээр, амен” хэмээн Их Эзэний нэрийг хүндэтгэлтэйгээр хэлдэг.

Залбирал бол Бурхан Эцэгт хандах бидний арга зам учраас бид чин сэтгэл, бишрэл хүндэтгэлийг харуулсан үгсийг ашиглахыг хичээдэг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс тайлбарлахдаа: “бошиглогч Иосеф Смит ‘Бурханы мутраас хүсэх эсвэл Түүний оршихуйд ирнэ гэдэг гайхалтай.’ Залбирлын өвөрмөц хэл нь бидэнд энэ гайхамшигт боломжийг сануулдаг” гэсэн. Залбирал нь ариун нандин харилцаа учраас “чи, чиний болон чинийх гэх мэт түгээмэл хэрэглэгддэг төлөөний үгсийн оронд Бурханд хандахдаа судрын төлөөний үгсийг буюу та, таны болон таных” гэдгийг хэрэглэх хэрэгтэй.

Бодох зүйлс

  • Аврагч Иосеф Смитэд: “Ялан дийлэгч болж гарахын тул чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж гарахын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд буюу” (Сургаал ба Гэрээ 10:5) хэмээн зааварласан. Үргэлж залбирах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Ямар шалтгааны улмаас бидний хүн нэг бүрд Тэнгэрлэг Эцэгийн сүнслэг хамгаалалт хэрэгтэй вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Судруудад залбирлын тухай өгүүлсэн олон түүх байдаг. 2 Нифай 4:30–35, Алма 34:17–27-г хамт уншаад, хэзээ, юуны төлөө залбирах тухай удирдамжийг олж мэд. Эдгээр хэсэгт байгаа залбирлын загвар нь бидний залбирах сонголтод хэрхэн нөлөөлж чадах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Чин сэтгэлийн залбирал таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртуулна

Нялх хүүхэд тэвэрсэн аав

Заримдаа бид залбирахдаа ижил үг, хэллэгийг дахин давтан ашигладаг. Та найз нөхөд, гэр бүлийнхэндээ зочлох бүрдээ нэгэн хэвийн эсвэл ямар ч утгагүй зүйлийг ярих байсан уу? Бусадтай чин сэтгэлээсээ харилцахын тулд гаргадаг чармайлт маань бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй залбирлаар дамжуулан хэрхэн ярихыг сануулах ёстой. Бурхан биднийг чин сэтгэлээсээ залбираасай гэж хүсдэг. Мормоны Номд бошиглогч Инос адислал эрэлхийлэн залбирахдаа “бүх сэтгэл оюунаа Бурханд дэлгэсэн” (Инос 1:9). Үүний адилаар бид өөрсдөдөө төдийгүй бусдад тодорхой адислал хүсэн Бурханд ханддаг.

Залбирал нь шүтлэг бишрэлийн нэг хэлбэрийнхээ хувьд биднийг Тэнгэрлэг Эцэгт ойртуулах хүчтэй (Сургаал ба Гэрээ 88:62–64-ийг үзнэ үү). Чин сэтгэлийн залбирлыг мацаг барихтай хослуулснаар бид илчлэлийн сүнсийг хүлээн авч, зүрх сэтгэл маань цэвэршиж, ариусаж чадна (Алма 17:3; Хиламан 3:35-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Төлөөлөгч Паул гэгээнтнүүдэд “тасралтгүй залбир” бас “бүх зүйлд талархлаа өргө” (1 Тесалоник 5:17–18) гэж заасан. Тасралтгүй залбирах гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Талархлаа илэрхийлэх нь яагаад залбирлын чухал хэсэг вэ? Та чин сэтгэлийн залбирлыг хэрхэн Тэнгэрлэг Эцэгт илүү ойртохын тулд гаргаж буй хичээл зүтгэлийнхээ төв болгож болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэг чин сэтгэлийн залбирал бүрийг сонсож, хариулдаг. Бид заримдаа дотроо чимээгүй, заримдаа чанга залбирдаг. Чанга дуугаар залбирахын дараах жишээг унш. Үүнд: Матай 26:39–44; Иохан 17:1; 2 Нифай 4:24; Инос 1:4; Иосеф Смит—Түүх 1:14. Танд чанга залбирч байсан туршлага бий юу? Чанга залбирахад юу тустай болохыг та олж мэдсэн бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Кэрол Ф.Макконки эгчийн хэлсэн “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл” үгийг унш эсвэл бичлэгийг үз. Энэ захиасанд Макконки эгч: “Бид Эцэг, Хүүтэй хэрхэн нэг байж болоход суралцахын тулд итгэлтэйгээр залбирч, сонсож, дагадаг” гэж хэлсэн. Энэ захиаснаас хүн бүр юу сурснаа ярилц. Залбирлыг хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэй өнгөрүүлсэн цаг гэж үзэж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Тэнгэрлэг Эцэг залбирлыг тань сонсож, хариулдаг.

Хоолныхоо үеэр залбирч буй охин

Залбирлыг тань Бурхан сонсдог болов уу гэж та бодож байсан уу? Тэнгэрлэг Эцэг бидний чин сэтгэлийн залбирлуудыг үргэлж сонсож, хариулдаг ба “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) гэж хэлсэн. Гэхдээ Их Эзэн Өөрийн тааллаар, Өөрийн цаг хугацаанд бидний залбиралд хариулдаг (Мозая 7:33; Сургаал ба Гэрээ 64:31–32-ыг үзнэ үү).

“Залбирал бол Эцэгийн таалал, хүүхдийн хүсэл хоёр хоорондоо уялдан харилцдаг үйл явц мөн. Залбирлын зорилго нь Бурханы тааллыг өөрчлөхөд бус, харин аль хэдийн Бурханаас өгөхийг хүссэн адислалыг бид өөрсдөдөө болон бусдад хүсэх явдал бөгөөд энэ нь бидний гуйж буй нөхцөлд тогтсон байдаг.”

Бодох зүйлс

  • Таны зүрх сэтгэлийн хамгийн агуу хүсэл юу вэ? Өөрийн хүслийг Бурханы таалалд нийцүүлэхийг эрэлхийлэх нь таны хүсэл, залбирлыг хэрхэн өөрчилж чадах вэ?

  • Тэнгэрлэг Эцэг ихэвчлэн Ариун Сүнсээр дамжуулан бидний залбиралд хариулдаг. Заримдаа бид судруудаас уншиж, судалж байхдаа залбирлынхаа хариултыг авдаг. Бурхан бусдаар дамжуулан бидний эрэлхийлж буй тусламж эсвэл хариултыг өгөх замаар ажилладаг. Бурхан Ариун Сүнсээр дамжуулан тантай холбогдож болох зарим арга замыг харахын тулд дараах судрын хэсгүүдийг унш. Үүнд: 1 Хаад 19:12; Сургаал ба Гэрээ 8:2–3; 11:11–14. Бурхан таны залбирлыг сонссон гэдгийг та хэзээ таньж мэдсэн бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бусадтай харилцахын тулд техник технологи ашиглаж болох арга замуудыг бүлгээрээ жагсаан бич. “Яагаад заримдаа Тэнгэрлэг Эцэгтэй үр дүнтэй харилцахад хэцүү байдаг вэ?” гэсэн асуултыг ярилц. 3 Нифай 14:7–11-ийг хамтдаа унш. Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулахад бэлэн байдаг талаар Есүс Христ юу заасан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Эх сурвалж

  1. Dallin H. Oaks, “The Language of Prayer,” Ensign, May 1993, 18.

  2. Сайн мэдээний сэдвүүд, “Залбирал,” Gospel Library.

  3. Кэрол Ф.Макконки, “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10–12

  4. Bible Dictionary, “Prayer.”