“Бурхан Эцэгийг бишрэн шүтэх,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Бурхан Эцэгийг бишрэн шүтэх
Бурханыг хайрлаж, үнэнч гэдгээ харуулах
Есүсээс хамгийн агуу тушаал юу болохыг асуухад Тэрээр: “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” [Матай 22:37] гэж хариулжээ. Есүс мөнх бус амьдралынхаа туршид Бурхан Эцэгийг хэрхэн хайрлахыг төгс харуулсан. Тэрээр “эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн” (3 Нифай 11:11). Тэнгэрлэг Эцэгийн таны төлөө хийсэн зүйлсийн талаар түр амсхийн бодох үед Түүнийг хайрлах хайр, Түүнд дуулгавартай байх хүсэл тань өсөн нэмэгдэхийг та мэднэ (Мозая 2:20–24-ийг үзнэ үү). Шүтлэг бишрэл бол Эцэгийн хайранд талархаж байгаагаа илэрхийлж, Түүнд ойр байхыг эрмэлздэгээ харуулах чухал арга зам юм.
1-р хэсэг
Бид Бурхан Эцэгээ Есүс Христийн нэрээр шүтэн биширдэг
Бурхан Эцэг бол ертөнцийн Дээд Нэгэн мөн. Тиймээс Тэр Өөрийн хүүхдүүдэд зориулан аврал, өргөмжлөлийн төлөвлөгөөг бий болгосон. Тэрээр бидний төлөө цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлэхээр Өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн юм. Эцэгийн төлөвлөгөөний адислалуудыг хүлээн авахын тулд бид Түүнд итгэж, Түүний зарлигласан бүхнийг биелүүлэхийг хичээх ёстой.
Мосед “Бурханыг шүт, учир нь чи гагцхүү түүнд үйлчлэх ёстой” (Мосе 1:15) хэмээн зарлиглажээ. Хэдэн зуун жилийн дараа диавол ирж, Есүсийг өөртөө мөргүүлэхээр уруу татахад Есүс: “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хариулсан (Матай 4:8–10-ыг үзнэ үү). Бурхан Эцэг эхнээсээ хүүхдүүддээ “чи өөрийн хийх бүхнийг чи Хүүгийн нэрээр хийх ёстой” (Мосе 5:8) гэж зарлиглажээ. Бидний цаг үед Иосеф Смитэд “Есүс Христийн нэрээр чи [Бурханд] үйлчлэх ёстой” (Сургаал ба Гэрээ 59:5) хэмээн зарлигласан байдаг.
Тэнгэрлэг Эцэгийг амьдралынхаа эн тэргүүнд тавих нь Түүнтэй илүү ойртоход бидэнд тусалдаг. Бурхан Израилын хүүхдүүдэд “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй” (Гэтлэл 20:3) гэж зарлигласан. Судруудад дурдсан хиймэл шүтээн шүтэх явдал нь өнөөгийн энэ цаг үед биднийг аливаа эд зүйлс эсвэл хүмүүст Бурханаас болон Түүний зарлигуудыг дагахаас илүү ач холбогдол өгөх бүрд болж байдаг (Гэтлэл 20:4–5; Сургаал ба Гэрээ 1:15–16-г үзнэ үү). Эсрэгээрээ, Бурхан биднийг хайрладаг шиг бид Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладгаа харуулах үедээ Түүнтэй илүү ойртож, илүү адилхан болдог. Бурхан Эцэгээ шүтэн бишрэх хамгийн чухал арга зам бол итгэл, наманчлалаар дамжуулан Түүний Хүү Есүс Христэд ирж, мөнх амьдрал өөд хөтлөх замаар алхахыг хичээх явдал юм (Иохан 17:3-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэгийг шүтлэгийнхээ төвд тавьж чадсан хүмүүс хэзээ нэгэн цагт Түүнтэй адил болж чадна (Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Тэнгэрлэг Эцэг байдаг гэдэгт итгэхийг сонгож, Түүний мэргэн ухаан, хүч чадалд найдах нь шүтлэг бишрэлээр Бурханд даруухнаар ойртоход нэн чухал юм. Moзая 4:9–10-ыг унш. Бурханд итгэх итгэл тань хэзээ таныг Түүний тусламж, өршөөлийг эрэлхийлэхэд өдөөж байсан бэ? Тогтмол наманчилж, нүглээ орхих нь яагаад жинхэнэ шүтлэг бишрэлийн чухал хэсэг байдаг вэ?
-
Дэлхий дээр байх хугацаандаа Есүс Христ бидэнд Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн шүтэн бишрэхийг харуулсан. Иохан 5:19–20-ийг уншаад, судрын энэ хэсэг шүтлэг бишрэлийн талаар юу зааж байгааг бодож үз. Бидэнд Эцэг, Хүү хоёрын ажлын талаар суралцах ямар арга замууд байдаг вэ? Судруудад цэдэглэгдсэн Бурханы ажлыг судлах нь таныг Түүнийг шүтэн бишрэхэд хэрхэн бэлтгэх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
“I Am a Son of God” (6:30) видеог үзнэ үү. Мосегийн Бурхантай харилцсан ариун нандин туршлагыг олж мэдээд хүн бүр юу мэдэрснээ ярилц. Бурханыг хайрлахыг эн тэргүүнд тавих нь биднийг уруу таталтаас хэрхэн хамгаалах вэ? Бурханыг шүтэн бишрэхийн тулд гаргаж буй хүчин чармайлт маань хүнд сорилтыг даван гарахад биднийг хэрхэн бэлтгэх вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Матай 6:24; Иохан 14:6–9, 23; 2 Нифай 9:37; Сургаал ба Гэрээ 20:17–19, 29
-
Даллин Х.Өүкс, “Өөр бурхадтай байж болохгүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84
-
“Thou Shalt Have No Other Gods before Me,” Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2011), 145–153
2-р хэсэг
Та бусадтай нэгдэн Бурханыг шүтэн бишрэх үедээ сүнслэг хүч чадлыг олж авч чадна
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд долоо хоног бүр орон нутгийн цуглаанд залбирч, ариун ёслолоос хүртэж, дуулал дуулж, сайн мэдээнээс суралцан, хоорондын нөхөрлөлөө бэхжүүлэхээр цуглардаг. Их Эзэн гэгээнтнүүдэд “залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргө” (Сургаал ба Гэрээ 59:9) гэж зарлигласан. Жил бүр хоёр удаа болдог Ерөнхий чуулган бол Сүмийн удирдагчид дэлхий даяарх Сүмийн гишүүдэд сүнслэг нөлөө бүхий удирдамж заавар өгдөг чухал арга хэмжээ юм. Сүмийн зохион байгуулалттай үйлчлэлд оролцохыг Бурхан Эцэгийг шүтэн бишрэх хамгийн чухал арга зам гэж үздэг.
Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлээс гадна Сүмийн гишүүд мөн ариун сүмд бишрэн шүтдэг. Сүмийн гишүүд Их Эзэний өргөөнд мөнх амьдралд тэднийг бэлтгэх санваарын ёслолуудыг хүлээн авдаг. Эдгээр ёслолтой холбоотой гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг Бурхантай харилцахад бэлтгэдэг ба энэ нь бид Их Эзэний Сүнсийг мэдэрч, амар амгалан, хүч чадал, тэр ч байтугай хувийн илчлэл хүлээн авч чадна гэсэн үг юм.
Бодох зүйлс
-
Мормоны Номд Христийн Сүмийн гишүүд хамтдаа бишрэн шүтэхээр хэрхэн цугларсныг дүрсэлсэн байдаг. Моронай 6:5–9-ийг уншина уу. Тэдний энэхүү шүтэн бишрэх хэв маяг нь өнөөгийн Сүмийн гишүүдийнхтэй юугаараа төстэй байна вэ? Та Сүмд урихыг хүсэж байгаа хүндээ Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийн адислалуудыг хэрхэн дүрслэх вэ?
-
1836 онд Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үеэр бошиглогч Иосеф Смит “Их Эзэний өргөөний хатавчаар орж ирэх бүх хүмүүс [Бурханы] сүр хүчийг мэдэрч болохын тулд” (Сургаал ба Гэрээ 109:13) хэмээн залбирсан. Хэзээ танд Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхэд цаг гаргаж байсан нь Бурханы хүчийг мэдрэхэд тусалж байсан бэ?
-
Бишоп Дийн М.Дэйвийсийн “Шүтлэг бишрэлийн адислал” захиасыг уншаад, чин сэтгэлээсээ шүтэн бишрэх нь Есүс Христийн шавь болж өсөн хөгжихөд хэрхэн тусалж болохыг олж мэд. Үүнийг унших зуур шүтэн бишрэхийн тул гаргаж буй өөрийн хичээл зүтгэлийн талаар танд ямар санаа, сэтгэгдэл төрсөн бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүс Христ дагалдагчдаа адислахын тулд энэ цаг үед Сүмээ байгуулсан. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ Сүмд явах хэрэгцээний талаар ярьсан. “Сүмд явах хэрэгцээ” захиасыг хамтдаа судлаад, бусад итгэгчтэй хамт шүтэн биширснээс ирдэг зарим адислалыг олж мэд. Сүм дэх шүтэн бишрэх үйл ажиллагаанд оролцох нь яагаад хувь хүний сүнслэг өсөлт, ахиц дэвшилд чухал байдаг вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Коринт 11:25–28; 12:20–27; Ефес 2:19–22; 4:11–13; Сургаал ба Гэрээ 25:11–12; 43:8–10; 88:77–78
-
Russell M. Nelson, “Worshiping at Sacrament Meeting,” Liahona, Aug. 2004, 11–14
-
Ричард Г.Скотт, “Ариун сүмийн шүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамир тэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–50.
-
Dallin H. Oaks, “Worship through Music,” Ensign, Nov. 1994, 9–12
-
“Sacrament Worship” (видео), ChurchofJesusChrist.org
3-р хэсэг
Бурханыг шүтэн бишрэх нь таны өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болж чадна
Мормоны Номын бошиглогч Алма “хувцасныхаа муугийн учир” синагогуудаасаа хөөгдсөн ядуу зүдүү хүмүүсийн дунд сайн мэдээг номлосон (Алма 32:2; мөн 1–12-р шүлгийг үзнэ үү). Тэрээр: “Болгоогтун, та нар синагогуудаасаа хөөгдсөн учир Бурханаа шүтэн биширч чаддаггүй хэмээн хэлэв. … Хэрэв та нар Бурханыг шүтэн биширч чаддаггүй хэмээн бодвол, та нар маш ихээр алдаж байна” (Алма 33:2) гэж шүтэн бишрэх нь цуглаанд оролцохоос хавьгүй илүү зүйл болохыг тайлбарлажээ. Хүндэтгэлийн өдрийн Сүмийн шүтэн бишрэх үйл ажиллагаанаас гадна та хийж байгаа бүх зүйлээсээ Бурханыг шүтэн биширч байгаагаа мэдэрч болно. Та Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч (Алма 32:3–11; 37:36-г үзнэ үү) мөн адислалууддаа талархлаа илэрхийлэх (Алма 34:38-ыг үзнэ үү) замаар шүтэн бишрэх хандлагаа төлөвшүүлж чадна. Сэтгэл сэргээм дуу хөгжим сонсох нь таныг Бурхантай харилцахад бэлтгэж чадна (Сургаал ба Гэрээ 25:12 -ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Худгийн дэргэд байсан самари эмэгтэй зөвхөн ариун газруудад бишрэн шүтэх боломжтой гэж боджээ. Иохан 4:19–26-г уншина уу. Есүс энэ эмэгтэйд жинхэнэ шүтлэг бишрэлийн талаар юу заасан бэ? Бурханыг шүтэн бишрэх мэдрэмжийг амьдралдаа төлөвшүүлэх ямар арга замууд байдаг вэ?
-
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Би ямар ч үед, ямар ч нөхцөлд байсан залбирлаар дамжуулан ач ивээлийн сэнтийд хүрч, Тэнгэрлэг Эцэг маань миний гуйлтыг сонсож, ямар ч нүгэл үйлдээгүй хэр нь цусаа урсгасан миний Өмгөөлөгч өмнөөс минь гуйна гэдэг бол миний хувьд агуу ач холбогдолтой зүйл” гэж хуваалцсан. Аврагчид хандах нь Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх хүсэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сайхан дуу хөгжим сонсох нь Бурханыг шүтэн бишрэх хүслийг төрүүлэн бидэнд тусалдаг. Урам зориг өгдөг дууны үгс бидний бодол санааг Тэнгэрлэг Эцэгт болон Түүний нигүүлслээр өгсөн адислалууд руу чиглүүлж чадна. Бурханы хайрыг мэдрэхэд тусалж байсан дуунуудын жагсаалтыг гарга. Бурхан яагаад “зөв шударгыг үйлдэгчдийн дуу”-г залбиралтай адилтгасны боломжит шалтгаануудыг хамтдаа ярилц (Сургаал ба Гэрээ 25:12).
Илүү дэлгэрэнгүй судлах
-
“Elements of Worship,” Teachings of Presidents of the Church: David O. McKay (2011), 29–37