Номын сан
Бурхан тэргүүтэн


“Бурхан тэргүүтэн,” Сэдэв ба асуулт (2023)

Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ

Сайн мэдээг судлах удирдамж

Бурхан тэргүүтэн

Бурхан Эцэг, Түүний хайрт Хүү Есүс Христ, түүнчлэн Ариун Сүнсэнд итгэх итгэл

Хүмүүс ямар утга агуулгаар “Би Бурханд итгэдэг” гэж хэлдэг вэ? Энэ нь янз бүрийн утгатай байж болно.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд “Бурхан Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1). Бид энэ мэдэгдлийг итгэлийн эхний тунхаг гэж нэрлэдэг. Яагаад эхнийх гэвэл, энэхүү гурван бурханлаг биесийг ойлгох нь бид хэн бэ, бид юуны учир оршин амьдарч байгаа болон хэн болж болох вэ гэдгээ ойлгох эхний алхам юм.

Бурхан тэргүүтэн гэж хэн бэ?

Бурхан тэргүүтэн нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гэсэн гурван бурханлаг биесээс бүрддэг. Хэдийгээр Тэд өөр өөр биес ч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адисалж, өргөмжлөхийн тулд төгс нэгдэж хамтран ажилладаг.

Сэдвийн тойм: Бурхан тэргүүтэн

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс

1-р хэсэг

Сударт Бурхан тэргүүтнийг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ

Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээж байгаа нь

Бурхан Эцэг, Есүс Христ болон Ариун Сүнс таныг Тэдний талаар мэдээсэй гэж хүсдэг. Тэд хүн хүршгүй хол эсвэл нууцлаг мэт санагдахыг хүсдэггүй. Таныг Тэдний талаар илүү сайн мэдэхэд туслахын тулд Тэд судрууд, хожмын үеийн бошиглогчдын сургаалаар дамжуулан чухал үнэнүүдийг илчилсэн. Нэмж хэлэхэд, Бурхан биднийг Өөр дээр нь хувьчлан ирж, Түүнтэй харилцах замаар Өөрийг нь мэдэж авахад урьдаг. Есүс дагалдагчдынхаа өмнөөс Бурхан Эцэгт хандан залбирахдаа “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) гэж хэлсэн байдаг.

Бодох зүйлс

  • Бурхан тэргүүтний хэд хэдэн гишүүнийг дурдсан судрын хэсгүүдийг судална уу. Жишээлбэл: Матай 3:16–17; 17:5; Иохан 5:19; 14:6–10, 26; Үйлс 7:55–56; 3 Нифай 11:10–11, 25–27, 35–36. Судрын эдгээр хэсэг Бурхан тэргүүтний гишүүдийн талаар юуг илчилдэг вэ? Тэдний хоорондын харилцааны талаар та юу мэдэж авсан бэ?

  • Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Бурхан тэргүүтний тухай чухал үнэнүүдийг бидний цаг үед илчилсэн. Жишээлбэл: Иосеф Смит—Түүх 1:13–17-г уншихдаа, Иосефт тохиолдсон үйл явдал Бурхан тэргүүтний талаар юуг илчилдэг вэ? гэсэн асуултыг бодоорой.

  • Та мөн Сургаал ба Гэрээ 130:22-т Бурхан тэргүүтний тухай бошиглогч Иосеф юу гэж заасныг уншиж болно. Эдгээр сургаал нь Христийн шашны уламжлалт сургаалаас үндсээрээ ялгаатай. Бурхан тэргүүтний тухай ийм үнэнийг мэдэх нь яагаад танд чухал гэдгийг бодож үз.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Та нар Сургаал ба Гэрээ 130:22-ыг хамтдаа уншаад, Иосеф Смитийн Анхны үзэгдлийн зургийг харж болно. Энэ шүлэг юу зааж, мөн хүн бүр зургаас юу олж харж байгаа талаар хамтдаа ярилц. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнтэй адил бие махбодтой. Бид Тэдний дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгт анхаарлаа хандуул!

Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр Иосеф Смитэд үзэгдэж байгаа нь

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Биднийг адислахаар нэгддэг

Хэдийгээр Бурхан тэргүүтний гурван өөр гишүүн байдаг ч Тэд зорилгын хувьд төгс нэгдмэл байдаг гэсэн утгаараа “нэг Бурхан” юм. Үүний зорилго юу вэ? Тэнгэрлэг Эцэг “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” [Мосе 1:39] хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав аврал, өргөмжлөлийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд хамтран ажилладаг. Уг төлөвлөгөөнд тус бүрдээ өөр өөрийн тодорхой үүргийг гүйцэтгэдэг ч Тэдний зорилго нэг буюу Бурхантай дахин амьдрахад тань туслах зорилготой.

Бодох зүйлс

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бурхан тэргүүтэн нэгдмэл гэдгийг та гурван хөлтэй сандал, гурван хөлтэй тавиураар эсвэл тогтвортой, ажиллагаа сайтай гурван хөлтэй өөр зүйлээр дүрсэлж болно. Эсвэл нэг зорилгод хүрэхийн тулд багийнхан эсвэл найрал хөгжмийн гишүүд хэрхэн хамтран ажилладаг талаар бодож болох юм. Гишүүн бүр өөр өөрийн үүргийг гүйцэтгэж, бусадтайгаа нэгдэж ажилладаг тул бид тэднийг—яг л Бурхан тэргүүтний хувьд нэг Бурхан шиг—нэг сандал, нэг баг эсвэл нэг найрал хөгжим гэж бодож болно.

Илүү дэлгэрэнгүй судлах