Номын сан
Зарлиг


“Зарлиг,” Сэдэв ба асуулт (2023)

Мосе ба Арван зарлиг

Сайн мэдээг судлах удирдамж

Зарлиг

Бурханы гэрээний замд биднийг чиглүүлэх тэнгэрлэг үнэнүүд

Авто зам болон хурдны зам дагуу хэчнээн олон тэмдэг байрлуулсан байдгийг та анзаарсан уу? Зарим тэмдэг нь жолоочид зорьсон газраа хүрэхэд туслах чиглэл заавар өгдөг бол, зарим нь хурдны хязгаарыг тогтоож эсвэл замын нөхцөл байдлын талаар анхааруулах замаар аюулгүй байдлыг сахиулдаг. Жолооч нар замын тэмдгийг үл тоомсорловол өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж магад. Тэнгэрлэг Эцэгийн зарлигууд замын тэмдэгтэй адил юм. Зарлигуудыг дуулгавартай дагавал Бурханы оршихуйд хүргэх зам руу таныг чиглүүлдэг. Тэдгээр нь танд энэ амьдралд хэрхэн амар амгалан, баяр баясгаланг олохыг зааж өгдөг. Бурханы зарлигууд нь мөн энэ дэлхийн сүнслэг болон материаллаг олон аюулаас зайлсхийхэд тусална.

Зарлигууд нь Бурханы таныг гэх хайрын нотолгоо юм. Зарлигуудыг дагахаар сонгох нь таны амьдралд адислал, баяр баясгаланг авчирдаг. Түүнчлэн зарлигуудыг дуулгавартай дагах нь таныг Бурхантай үүрд хамт амьдрахаар эргэн очиход бэлтгэнэ (Сургаал ба Гэрээ 82:8–10-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бүх юмыг хамарсан Бурханы төгс хайр Түүний сайн мэдээний төлөвлөгөөний бүх адислал, түүний дотор охь манлай болсон адислалууд нь Түүний хуулиудыг дуулгавартай дагадаг хүмүүст нөөцлөгдсөнийг харуулах болно” гэж заажээ.

Зарлигууд гэж юу вэ?

Зарлиг бол бидний сайн сайхны төлөө Бурханы өгсөн тэнгэрлэг хууль, шаардлага юм. Бурханы зарлигийг дуулгавартай дагах нь бидний өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай. Зарлигуудыг дагаснаар бид Бурханыг хайрлах хайраа харуулж, сүнслэг болон материаллаг адислалуудыг хүлээн авдаг.

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Дуулгавартай байдал, Сонгох эрх, Есүс Христэд итгэх итгэл, Наманчлал

1-р хэсэг

Зарлиг нь сайн мэдээний дагуу амьдрахын амин чухал хэсэг юм

Есүс баян залуу захирагчид зааж байна

Есүс Христ Бурханыг болон бусдыг хайрлах нь хамгийн агуу зарлигууд гэж заасан. Бусад бүх зарлиг энэ хоёр зүйлийг хэрхэн хийхийг зааварчилдаг. (Матай 22:37–40-ийг үзнэ үү.)

Бурхан Адам, Ева хоёрын амьдарч байсан үеэс хойш бошиглогчдоор дамжуулан зарлигуудыг зааж байсныг судрууд харуулдаг (Мосе 5:4–5-ыг үзнэ үү). Еховагийн Мосед илчилсэн Арван зарлигийг дэлхий даяарх олон хүн мэднэ (Гэтлэл 20:3–17-г үзнэ үү). Эдгээр бурханлаг хуулийг бусад чухал үнэний хамтаар өнөөгийн бидний цаг үед дахин онцолсон байдаг (Сургаал ба Гэрээ 42:19–29; 59:5–13-ыг үзнэ үү). Бурханы зарлигуудад шударга бус байдал, завхайрал, аллага зэрэг ёс суртахуунгүй үйлдлүүдийг хориглодог. Түүнчлэн Бурхан залбирах, уучлах, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах зэрэг сайныг үйлдэх зарлигуудыг өгсөн.

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг хайрлах хайр маань зарлигуудад дуулгавартай байх сэдэл төрүүлдэг хамгийн сайн өдөөгч юм. Бурханы зарлигуудад дуулгавартай байж чадахгүй бол Тэр биднийг наманчлахад мөн Өөр дээр нь эргэж ирэхэд урьдаг.

Бодох зүйлс

  • Матай 22:37–40-ийг үзнэ үү. Есүс яагаад Бурханыг болон бусдыг хайрлах нь хамгийн агуу зарлиг гэж хэлсэн гэж бодож байна вэ? Бусад зарлиг энэ хоёр зарлигийн утга агуулгыг ямар арга замаар харуулдаг вэ?

  • Бурханы зарлиг бүрийг дагах нь чухал биш гэж хэн нэгэн хэллээ гэж төсөөл. Та хэрхэн хариулах вэ? Бурханы зарлигуудад талархах талархлыг тань нэмэгдүүлсэн ямар үйл явдал танд тохиолдож байсан бэ?

  • Марк 10:17–22-ыг уншаад, зарлигуудын талаар баян залуу ямар бодолтой байсныг олж мэд. Түүний Есүс Христэд ярьсан зүйлээс зарлигуудад дуулгавартай байх талаар та юу мэдэж авсан бэ? Хэрэв та өөрийгөө энэ хүний оронд тавивал Есүс таныг ямар өөрчлөлт гаргахад урина гэж бодож байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Why Does God Give Us Commandments?” (0:39) видеог үзнэ үү. Видеог үзсэнийхээ дараа та амьдралдаа дуулгавартай дагаж байсан зарлигууд болон дуулгавартай байсныхаа төлөө хүлээн авсан адислалуудаа жагсааж болно. Мөн зарлигуудыг Бурханы өнцгөөс харах нь яагаад чухал талаар ярилцаж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Зарлигууд биднийг Есүс Христтэй ойртуулдаг

Чиглэл заасан сум дээгүүр алхаж байгаа нь

Есүс шавь нартаа “Хэрэв та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэж заасан (Иохан 14:15; мөн 21-р шүлгийг үзнэ үү). Дуулгавартай байдалд хийсэн алхам бүр нь таны Бурханыг хайрлах хайрын илрэл бөгөөд таныг Есүс Христэд ойртуулдаг билээ. Та баптисм хүртэхдээ Бурханы зарлигуудыг сахих гэрээ байгуулсан буюу амлалт өгсөн. Гэхдээ заримдаа ийн үйлдэх нь танд амаргүй байж болох юм. Бурхан танд хайртай учраас байнга наманчилж Өөрт нь эргэж ирэхэд урьдаг. Бурхан яагаад тухайн зарлигийг өгсөн нь тодорхойгүй байх үе ч бий. Энэ тохиолдолд Бурхан танаас Өөрт нь итгэх итгэлээ хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурханд итгэж найдан, Түүний зарлигуудад дуулгавартай байхыг хичээвэл бүх зүйл таны сайн сайхны төлөө байх болно (Сургаал ба Гэрээ 100:15-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Өнөөдөр та нарт сахихад хамгийн хэцүү байгаа тэр зарлиг тань Бурханы бүх зарлиг дотроос хамгийн чухал зарлиг нь юм” гэж хэлжээ. Та тэрхүү зарлигийг дагахад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Заримдаа зарлигуудад дуулгавартай байх нь бидний итгэлийн сорилго мэт санагддаг. 1 Нифай 3:7-г уншина уу. Хэрэв танд аравны нэгээ төлөх эсвэл мэргэн ухааны үгийг дагах гэх мэт Бурханы зарлигуудын аль нэгийг дагах нь хэцүү байвал судрын энэ хэсэг хэрхэн туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Та “Following God” (1:25) видеог ашиглан, тогтмол наманчлах нь Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хичээхийн чухал хэсэг талаар ярилцаж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

Бурханы зарлиг, тушаалуудын ач холбогдлын тухай бусад эх сурвалж