“Дуулгавартай байдал,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Дуулгавартай байдал
Бурханыг чин сэтгэлтэйгээр дагах
Бага насны хүүхдүүдэд халуун зууханд хүрэхгүй, гудамжинд машины урдуур гүйхгүй байхыг заах нь чухал гэдгийг эцэг эхчүүд ойлгодог. Хүүхдүүд дуулгавартай байх нь яагаад чухал гэдгийг ойлгосон эсэхээс үл хамааран, дуулгавартай байснаар тэд илүү аюулгүй байж, хамгаалагддаг.
Их Эзэн дэлхийн өмнөх амьдралд Бурханы хүүхдүүд энэ дэлхий дээр мөнх бус амьдралыг үзэж туулах нь “Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэд[гээ харуулж] … нотлох[од]” (Абрахам 3:25) шаардлагатай байсныг тунхагласан. Бурхан бидний хүн нэг бүрээс Өөрийг нь дагаж, зарлигуудыг нь дуулгавартай сахиж сураасай гэж хүсдэг. Ингэж чадвал бид Түүнтэй хамт “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд” (Мозая 2:41) амьдрах адислалыг хүлээн авах болно. Ёс суртахууны сонгох эрх болон Сүнсний удирдамжийг ашигласнаар бид Бурхан яагаад бидэнд дуулгавартай дагах хуулиудыг өгснийг ойлгоно. Тэнгэрлэг Эцэг Түүний үгийг сонсож, зарлигуудыг нь дуртайяа сахих бүх хүнд аз жаргал, адислалуудыг амладаг.
1-р хэсэг
Есүс Христ бүх зүйлд Эцэгийн тааллыг дуулгавартай дагасан
Есүс Христ: “Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм” (Иохан 6:38) хэмээн тунхаглажээ. Есүс мөнх бус амьдралынхаа туршид Эцэгийнхээ бүх хууль, зарлигт дуулгавартай гэдгээ харуулсан. Тэрээр: “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иохан 8:29–29) хэмээсэн.
Есүс Гетсеманийн цэцэрлэгт: “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн залбирсан билээ. Гетсеманид зовж шаналсныхаа дараа Тэрээр Эцэгийнхээ хүсэлд даруухнаар захирагдаж, загалмайд цовдлогдсоноор бид бүгдийг гэтэлгэхийн тулд Өөрийгөө өргөл болгон өргөсөн юм (Мозая 15:7-г үзнэ үү). Есүс Христ бүх зүйлд Эцэгтээ дуулгавартай байсан тул Бурханы хүүхдүүдэд аврал, өргөмжлөлөөс хүртэх боломжийг олгосон.
Өнөө үед Их Эзэн биднээс Түүний зам мөрийг дагаж, “Бурханы амнаас урагш гарах үг бүрээр амьдрахыг” хүсжээ (Сургаал ба Гэрээ 98:11; мөн Дэд хууль 8:3-ыг үзнэ үү). Есүс Христ: “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) гэсэн шууд бөгөөд энгийн урилгыг өгөхдөө Бурханд дуулгавартай байх хамгийн чухал шалтгааныг онцолсон.
Бодох зүйлс
-
Есүс Христ гэм нүгэлгүй, цэвэр ариун амьдралаар амьдарсан. Тэрээр биднийг Өөрийг нь дагахад урьдаг. 2 Нифай 31:7–10-ыг уншина уу. Есүс Христийг дагахыг хүсдэг хүмүүсээс юу шаардагддаг вэ?
-
Бурхан ажил, алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал хэмээн тунхагласан. Сургаал ба Гэрээ 11:20-ийг уншаад, Их Эзэн юуг “чиний ажил” гэж тодорхойлсныг бод.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Аврагч дуулгавартай байсан учраас бидний нүглийг цагаатган, бидний амилуулалтыг боломжтой болгосон бөгөөд Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих замыг бидэнд бэлтгэсэн юм” гэж заажээ. Есүс Христ Бурхан Эцэгт төгс дуулгавартай байсан учраас бид ямар адислалуудыг хүртдэг талаар ярилц. Хүлээн авсан олон адислалдаа талархаж байгаагаа хэрхэн харуулаасай гэж Бурхан биднээс хүсдэг вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54–57.
-
D. Todd Christofferson, “That They May Be One in Us,” Liahona, Nov. 2002, 71–73
2-р хэсэг
Бурханд дуулгавартай байх нь таныг аз жаргал, адислал руу хөтөлнө
Бенжамин хааны хүчирхэг номлолыг сонссон бүх хүн Есүс Христэд гүн гүнзгий хөрвөсөн гэдгийг бид Мормоны Номоос мэдэж авдаг. Цаашлаад тэд Бурханы зарлигуудыг дагахын тулд гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг (Мозая 5:1–7-г үзнэ үү). Өнөө үед Христийн Сүмийн гишүүдийн нэг үүрэг бол Бурханы бүх зарлигийг дагах явдал юм (Сургаал ба Гэрээ 42:78-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит энэхүү үүрэг ямар чухал болохыг: “Их Эзэн зарлигласан л бол биелүүл гэдгийг би өөрийн дүрэм болгосон” хэмээн тайлбарлажээ.
Бидний хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг адислал хэрхэн өгөгддөг мөнхийн зарчмын талаар ийн илчилсэн. “Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (Сургаал ба Гэрээ 130:20–21). Бидэнд Бурханы зарлигуудыг дагахыг сонгох янз бүрийн шалтгаан бий. Заримдаа бид шийтгүүлэхээс айсандаа дагадаг. Заримдаа бид зүгээр л амласан шагналыг авахыг хүсдэг. Гэхдээ бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайртай, Тэдэнд үйлчлэхийг хүсдэг учраас дуулгавартай байхыг сонгодог нь хамгийн чухал шалтгаан юм. Бурхан “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг” (Сургаал ба Гэрээ 64:33–34).
Бодох зүйлс
-
Тэнгэрлэг Эцэгийн таныг хайрладаг гэдгээ харуулсан бүх арга замын талаар бод. Мозая 2:20–24-ийг уншина уу. Яагаад Бурхан биднээс зөвхөн дуулгавартай байхыг хүсдэг вэ? Одоо Мозая 2:41-ийг уншина уу. Түүний зарлигуудыг дагахыг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүст Бурхан ямар өгөөмөр байдгийг та өөр хүнд хэрхэн тайлбарлах вэ?
-
Лихайн гэр бүл аглаг буйдад хэдэн жил аялахдаа маш их бэрхшээлтэй тулгарсан. Тэд Бурханы зарлигуудыг дагахыг эрэлхийлсэн тул Их Эзэн тэднийг адисалсан. 1 Нифай 17:1–4-ийг уншина уу. 3-р шүлэгт цэдэглэснээр, Түүний зарлигуудыг дагадаг хүмүүст зориулан Бурхан юу хийхээр бэлдсэн бэ?
-
Бурхан яагаад зарим зарлигийг өгснийг ойлгохгүй үе гарна. Гэсэн хэдий ч бид сонгох эрхээ хэрэгжүүлж, Бурханд итгэж, дуулгавартай байхыг сонгох юм бол бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байж болно (Сургаал ба Гэрээ 100:15-ыг үзнэ үү). Аврагч бидэнд: “Хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно” (Сургаал ба Гэрээ 14:7) гэж амласан.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орж эсвэл бидний амьдралаас гээгдэж алга болдог” гэж тунхагласан. Бурханыг нэгдүгээрт тавих гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Бүлгийн гишүүдээс Бурханыг нэгдүгээрт тавих үед “бусад бүх зүйл зохих байрандаа орж эсвэл бидний амьдралаас гээгдэж алга болдог”-ийн жишээг хуваалцахыг хүс.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Леви 26:3–13; Дэд Хууль 4:40; 1 Нифай 3:1–7; Хиламан 14:30–31; Сургаал ба Гэрээ 59:23
-
Томас С.Монсон, “Дуулгавартай байхад ирдэг адислал,” Лиахона, 2016 оны 10-р сар, 4–6
-
Д.Тодд Кристоффэрсон, “Яагаад гэрээний зам гэж?,” Лиахона, 2021 оны 4-р сар, 120–123
-
Дуулгавартай байдал: Их Эзэн зарлигласан бол биелүүл; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 159–169