“Наманчлал,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Наманчлал
Есүс Христийн хайр, нигүүлслээр өсөж хөгжин, сайжрах нь
Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай. Тэрээр юу юунаас илүү биднийг Өөрт нь эргэж ирээсэй хэмээн хүсдэг. Гэвч гэм нүгэл, төгс бус байдал маань биднийг Бурханаас тусгаарладаг. Тэдгээр нь Түүний оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил болоход саад болдог. Гэсэн хэдий ч найдвар бий. Тэнгэр дэх Эцэг биднийг маш их хайрладаг учраас биднийг аврахаар Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Христ бидэнд уучлагдах, үргэлжлүүлэн өсөж хөгжих, эцэст нь Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очиж хамт амьдрах боломжийг олгохын тулд бидний гэм нүгэл, төгс бус байдлыг Өөр дээрээ Өөрийн хүслээр хүлээн авсан юм. Энэхүү агуу бэлгийг Есүс Христийн Цагаатгал гэж нэрлэдэг. Бид Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, нүглээ наманчилснаар Христийн Цагаатгалын адислалуудаас хүртэж эхэлдэг.
1-р хэсэг
Наманчлалаар дамжуулан цэвэрших: “Энэ нь хэрхэн бүтэв?”
Мормоны Номд бошиглогч Инос нүглийнхээ өршөөлийг эрэлхийлж байхдаа “Бурханы өмнө хэрхэн өөртэйгөө тэмцэлдсэнээ” дүрсэлсэн байдаг. Эцэст нь түүний “гэм зайлуулагдахад” тэр та нарт төрж байсны нэгэн адил “Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?” хэмээн асуусан. Түүнд юу тохиолдсон талаар Инос 1:1–8-аас унш. Инос хэрхэн өөрчлөгдсөн бэ? Наманчлалаа дүрсэлсэн байдлаас нь та юу сурч мэдсэн бэ?
Наманчлалыг бүрэн дүүрэн ойлгох цорын ганц арга зам бол үүнийг өөрийн биеэр мэдрэх явдал гэдэг нь мэдээж. Та наманчилж, уучлалын амар амгалан, баяр баясгаланг мэдрэхдээ өөрийн туршлагыг бичихийг бодоорой. Та тэр ч бүү хэл үүнийгээ гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцахад сүнслэгээр өдөөгдөж болох юм.
Бодох зүйлс
-
Бид Аврагчийн цэвэршүүлэгч хүчийг амьдралдаа хэрхэн хүлээн авч чадах вэ? Та энэ асуултын хариултыг ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Цэвэршүүлэгдсэн нь” гэх захиаснаас олж болно. Ялангуяа “Наманчлал” гарчигтай эхний хэсэгт байгаа сургаалын талаар бод. Нүглийнхээ өршөөлийг хүлээн авахын тулд Их Эзэн танаас юу хийхийг хүсэж байгааг тунгаан бод.
-
3 Нифай 9:13–14, Сургаал ба Гэрээ 19:16–19-д Аврагч бидний төлөө үйлдсэн цагаатгагч золиослолынхоо талаар юу хэлснийг судална уу. Ялангуяа Их Эзэн танд зориулан Өөрийн үгээр ямар захиас өгсөн байж болох вэ?
-
Иеремиа 33:6–9; Алма 5:21 дэх өршөөл, уучлалыг дүрсэлсэн үг, хэллэгийг анхаар. Эдгээр үг, хэллэг нь наманчлал, нүглийн өршөөлийн талаар танд юу хэлж байна вэ?
-
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бошиглогч Исаиа наманчлалын тухай заахдаа угаагдаж, цэвэршүүлэгдэх талаар ярьсан. Хувцас хунар, аяга тавгаа гэр бүлээрээ хамтдаа цэвэрлэж байхдаа Исаиа 1:16–18-ыг уншихыг бод. Эдгээрийг юу цэвэр болгож байна вэ? Бидэнд сүнслэг байдлын хувьд цэвэр болох буюу гэм нүглээсээ цэвэрших боломжийг юу олгодог вэ? (3 Нифай 27:19–20-ийг үзнэ үү).
Та мөн бие махбодоо угааж цэвэрлэхийг гэм нүглээсээ уучлагдахад төрдөг мэдрэмжтэй харьцуулж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дийтр Ф.Угдорф, “Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91
2-р хэсэг
Наманчлал нь өөрчлөлт гэсэн үг бөгөөд энэ нь хүн бүрд зориулагдсан болой
Өөрчлөгдөнө гэж төсөөлж ч байгаагүй хүмүүс Есүс Христийн хүчээр наманчилж, зөв шударга болсон олон жишээ судруудад байдаг. Төлөөлөгч Паул, олон лемен хүн мөн Залуу Алма зүрх сэтгэлдээ эрс, гайхамшигт өөрчлөлтийг мэдэрсэн. Тэд нүглээс татгалзаж, Аврагч руу хандаж, Түүнд амьдралыг нь өөрчлөх боломжийг олгосон. Заримдаа энэ өөрчлөлт гэнэтийн тохиолдол мэт байвч ихэвчлэн аажим аажмаар явагддаг өөрчлөлт юм. Ямар ч байсан энэ нь Есүс Христийн наманчилдаг бүх хүнд өгдөг гайхамшиг юм. “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23) учир энэ нь бид бүгдэд хэрэгтэй тэрхүү гайхамшиг билээ.
Бодох зүйлс
-
Үйлс 22:3–21 (Паулын тухай); Алма 24:6–19 (хэсэг леменчүүдийн тухай) мөн Алма 36 (Залуу Алмагийн тухай) дахь наманчлалын жишээг тус тус судал. Тэр хүмүүс наманчлахын тулд юу хийсэн бэ? Яагаад тэдэнд тохиолдсон үйл явдлыг унших нь чухал вэ? Сурч мэдсэн зүйлээ тэмдэглэн авч, тунгаан бод.
-
Та өөрийн амьдралд ямар өөрчлөлт гаргахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Үүнийг тунгаан бодож байхдаа Иаков 4:17; Мозая 4:29–30; Алма 5:26-г мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” захиасыг судална уу. Их Эзэн хэрхэн таныг сайжирч, өсөж хөгжөөсэй хэмээн хүсэж байна гэж та бодож байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Өчүүхэн үр том мод болон ургаж, өт эрвээхэй болж хувирдаг, өндөг бүргэд болж өсдөг гээд гайхалтай өөрчлөлтүүдийн жишээ дэлхийгээр дүүрэн. Та эсвэл танай гэр бүлийнхэн эдгээр жишээг судалж үзээд, 2 Коринт 5:17-г уншиж болно. Энэ нь Есүс Христээр дамжуулан өрнөж болох өөрчлөлтийн тухай яриа руу хөтөлж болох юм.
-
Бага насны хүүхдүүдэд “18-р бүлэг: Залуу Алма наманчилсан нь” ба “26-р бүлэг: Аммоны хүмүүс” гэх мэт Мормоны Номын түүхүүд номон дээрх жишээнээс наманчлалын талаар суралцах нь таалагдаж магадгүй. Аврагч хэрхэн энэ хүмүүст өөрчлөгдөхөд нь тусалсан бэ?
-
Мөн та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зарим зан чанарыг жагсаан бичиж болно (“Илүү их ариун байлгаач” дуулалд хэд хэдэн зан чанарыг дурдсан байдаг). Тэдэнтэй илүү адилхан болохын тулд бид ямар арга замаар өөрчлөгдөж болох вэ? Тэд бидэнд дуулгавартай байдлыг сонгоход хэрхэн тусалдаг вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17–19
3-р хэсэг
Наманчлал бол баяр хөөр
Өөрчлөгдөх нь хэцүү байж болох тул заримдаа бид наманчлалаас айдаг. Бид үүнийг зовлонтой, гунигтай эсвэл боломжгүй хэцүү зүйл гэж боддог. Гэвч Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө юм. Наманчилснаар бид илүү эелдэг, хайраар дүүрэн, тэвчээртэй, даруу, баяр баясгалантай болж чадна.
Нүгэл нь зовлонг авчирдаг бол наманчлал нь тэрхүү зовлонгоос салах арга зам юм.
Бодох зүйлс
-
Наманчлал нь ямар их баяр баясгалантай байж болохыг заадаг дараах судруудын талаар бод. Үүнд: Мозая 4:1–3; Алма 36:17–21; Сургаал ба Гэрээ 18:10–16. Дараа нь төрсөн мэдрэмжээ тэмдэглэ. Та наманчлах хэрэгтэй гэж үзвэл, эдгээр судрыг болон тэмдэглэсэн мэдрэмжүүдээ эргэн харж болно.
-
Та мөн ахлагч Дэйл Г.Рэнландын “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт” захиасыг судалж эсвэл холбогдох видеог үзэж болно. Наманчлал, уучлалыг юу баяр баясгалантай болгодог гэж та бодож байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Та наманчлалын баяр баясгалангийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хоёр видеоны нэгийг эсвэл хоёуланг нь хамтдаа үзэж болно. Үүнд: “The Shiny Bicycle” (3:04), “The Goal: A Story of Faith, Friendship, and Forgiveness” (7:27) Та видеонуудыг үзэж байхдаа (1) видеон дээрх хүнийг сэтгэлээр унагасан мөн (2) тухайн хүнийг баярлуулсан зүйлийг хайж ол. Та мөн Лук 15 дээрх сургаалт зүйрлэлүүдээс дээрх зүйлсийг хайж болно.
-
Эсвэл та хэн нэгний өвчин, бэртлээс эдгэрсэн үеийн тухай ярьж, тухайн үйл явдлыг наманчлалтай харьцуулж болно. 3 Нифай 9:13–14-ийг уншаад, биднийг наманчлах үед Аврагч сүнслэгээр эдгээж, бид ямар баяр баясгаланг мэдэрдэг тухай ярилц. Наманчлахаас айдаг хүнд туслахын тулд бид юу хэлж болох вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Д.Toдд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–48