Номын сан
Патриархын адислал


“Патриархын адислал,” Сэдэв ба асуулт (2023)

Эмэгтэйг адисалж буй эрэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Патриархын адислал

Тэнгэрлэг Эцэгээс өгсөн хувийн ба сүнслэг удирдамж

Мормоны Номд бошиглогч Лихай хоёр зүүтэй, гуулиар хийсэн бөмбөрцгийг олсон тухай гардаг (1 Нифай 16:10-ыг үзнэ үү). “Лиахона” хэмээн тэдний нэрлэсэн бөмбөрцөг буюу луужин нь тэдэнд аглаг буйдад хаашаа явбал зохихыг зааж байгааг Лихайн гэр бүлийнхэн ойлгодог. Энэ нь тэдний Бурханд итгэх итгэлийн дагуу ажилладаг байв (Алма 37:38–40-ийг үзнэ үү). Лиахона Лихайн гэр бүлийг чиглүүлж байсны адил патриархын адислал биднийг чиглүүлж чадна.

Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Лихайг Лиахонагаар хангасан Их Эзэн өнөөдөр таныг бас намайг амьдралд маань залуурдаж, учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн, амлагдсан нутаг руу биш харин тэнгэр дэх бидний гэр орон руу аюулгүй замаар удирдах үнэлж баршгүй ховор бэлгээр хангасан юм. Миний хэлж буй энэ бэлэг бол та нарын патриархын адислал билээ” гэж тайлбарлажээ.

Тэнгэрлэг Эцэг залбирал, судрууд, амьд бошиглогчдын үгс, Ариун Сүнсний бэлэг гээд өөр олон арга замаар дамжуулан бидэнд бурханлаг удирдамж өгдөг. Таны патриархын адислал бол амьдралд эргэлзэх, сорилтуудтай тулгарах үед танд сүнслэг удирдамж, зөвлөгөө өгөх, зөв бурууг батлах бас нэг чухал хэрэгсэл юм.

Патриархын адислал гэж юу вэ?

Патриархын адислал нь томилогдсон эрх бүхий патриархаас гар тавилтаар дамжуулан хүлээн авдаг хувь хүнд зориулсан санваарын адислал юм. Энэ нь ерөнхийдөө Тэнгэрлэг Эцэгийн тухайн хүнд зориулсан хувийн, сүнслэг удирдамж, зөвлөгөөг агуулдаг. Патриархын адислалд тухайн хүний угсааны овог Израилын угсаа, Абрахамын үр удамтай хэрхэн холбогдож байгааг тунхагладаг. Патриархын адислалыг бичиж тэмдэглээд, нэг хувийг нь гишүүнд өгч, нөгөөг нь Сүмийн бүртгэлд хадгалдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүрийг патриархын адислалаа авахад урамшуулдаг.

Сэдвийн тойм: Патриархын адислал

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Санваарын адислал, Хувийн илчлэл, Абрахамын гэрээ

1-р хэсэг

Патриархын адислал гэж юу вэ?

Цаасан дээрхийг уншиж буй залуу эрэгтэй

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд амьдралынхаа туршид олон тохиолдолд гар тавилтаар дамжуулан санваарын адислал авч болдог. Гишүүд эдгэрэл, тайтгарал, мэргэн ухаан, бурханлаг удирдамжийг эрэлхийлэхдээ Мелкизедек санваартнаас санваарын адислал авахыг хүсэж болдог. Гэхдээ патриархын адислал нь тэдгээр санваарын адислалаас ялгаатай.

Патриархууд өвөрмөц санваарын алба хашдаг бөгөөд Сүмийн зохистой гишүүдэд онцгой адислалуудыг өгч, томилдог. Адислал авахад насны доод, дээд хязгаар гэж байхгүй ч тухайн хүн патриархын адислалынхаа ач холбогдлыг ойлгохын тулд сүнслэг байдлаараа бэлтгэгдсэн, төлөвшсөн байх ёстой. Хүн амьдралынхаа туршид ихэвчлэн ганц удаа патриархын адислал авдаг. Патриархын адислалыг бичлэг хийж, бичиж тэмдэглэн, сүмийн бүртгэлд хадгалдаг. Тэдгээр нь ариун нандин бөгөөд олон нийтэд уншиж, тайлбарлах ёсгүй.

Бодох зүйлс

  • Патриархын адислалтай холбоотой Сүмийн түүхийг илүү сайн ойлгохын тулд Gospel Library-ийн Сүмийн түүх хэсгээс “Патриархын адислал” сэдвийг унш. Та энэ нийтлэлээс патриархын адислалын талаар юу мэдэж авсан бэ? Яагаад тэдгээрийг Сүмд бичлэг хийж, хадгалж ирсэн гэж та бодож байна вэ? Энэ нь танд патриархын адислал болон үүний ач холбогдлын талаар юу зааж байна вэ?

  • Итгэлийн тунхаг 1:6-г уншина уу. Есүс Христийн Сүмд “евангелистууд” гэсэн нэр томьёо нь патриархын томилогдсон санваарын албыг хэлдэг гэж Иосеф Смит заасан. Энэ талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл ерөнхийлөгч Боид К.Пакэрын “The Stake Patriarch үгийг уншина уу.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн бүх гишүүн патриархын адислалыг хүлээн авах үйл явцыг сайн мэддэггүй байж болно. Патриархын адислалуудын талаар асуух зүйл байвал асуухад тэднийг урьж, боломжтой бол бүх асуултыг нь жагсаан бич. Дараа нь Gospel Library дахь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 18.17-г эргэж харан, тэдний асуултын хариуг хайж ол. Энэ үйл ажиллагаа патриархын адислалын талаар танд юу зааж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Патриархын адислалд тунхагладаг угсааны овог гэж юу вэ?

Патриархын адислал

Патриархын адислал бүрд угсааны овгийг тунхагласан байдаг. Бурханы хүүхдүүд баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж, зөв шударга байдлаа хадгалбал Абрахам болон түүний үр удамд өгсөн амлалтуудыг нь өвлөн авна (Абрахам 2:9–11-ийг үзнэ үү). Аливаа хүн Израилын угсааны нэгээс олон овгоос гаралтай байж болох ч ихэвчлэн нэг овгийг тодорхойлж, тухайн хүн Абрахамтай гэр бүлийн холбоотой гэдгийг баталдаг. Тунхгийн хувьд тухайн хүн цусан холбоогоор уу аль эсвэл сүнслэг байдлын хувьд үрчлүүлэн холбогдсон уу гэдэг нь чухал биш юм (Абрахам 2:10-ыг үзнэ үү). Угсааны овгийн тунхаг нь тухайн хүн Абрахамд амлагдсан адислалуудыг өвлөн авч болох гэр бүлийн хэлхээ холбоог харуулдаг. Энэ нь мөн тухайн итгэгчид Абрахамын удмын хувьд ямар сүнслэг үүрэг хариуцлага хүлээхийг нь сануулдаг (Абрахам 2:11-ийг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Яагаад Абрахамын гэр бүлийн гишүүн байх нь танд чухал вэ? Ахлагч Дэвид А.Бэднар: “Бидний патриархын адислал хүлээн авдаг гол шалтгаануудын нэг бол Абрахамын үр удмын хувьд өөрсдийгөө хэн бэ гэдгийг илүү бүрэн дүүрэн ойлгож, үүрэг хариуцлагаа ухамсарлахад тусалдаг явдал юм” хэмээн заасан. Абрахамд амласан адислалуудын өв залгамжлагчийн хувьд танд ямар үүрэг хариуцлага байдаг вэ? Та патриархын адислалаасаа Бурханы хаант улсыг байгуулахад туслах өөрийн авьяас чадвар, зан чанаруудын талаар юу мэдэж авдаг вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Дараах мэдэгдлийг бүлгийн гишүүдтэй хуваалц. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Өнөө үед бид патриархын адислал хүлээн авч мөн эртний патриархуудтай хэрхэн холбогддогоо мэдэж авах боломжтой” гэж заасан. Та бас Абрахамтай болон бусад эртний патриархтай гэр бүлийн хувьд холбогддог гэдгээ мэдэх нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг бүлгийн гишүүдээс асууж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Тэнгэрлэг Эцэг патриархын адислалаар дамжуулан хайраа мэдрүүлнэ

Инээмсэглэж буй залуу эмэгтэй

Патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрээ хайрладаг хайрын илэрхийлэл юм. Энэ нь Тэр бидний хэн болохыг мэддэг гэдгийн нотолгоо мөн. Та патриархын адислалаа залбиран байж судлах үедээ Тэнгэрлэг Эцэг танд анхаарал тавьдаг, таны аз жаргалд зориулсан төлөвлөгөө Түүнд бий гэдгийг ойлгоно. Патриархын адислал авах нь нандин бэлэг юм.

Патриархын адислал тань танд зориулсан онцгой анхааруулга, зөвлөгөө, амлалтуудыг агуулсан байж болно. Энэхүү сүнслэгээр өдөөгдсөн адислалыг хүлээн авагчийн хувийн судар гэж үзэж болох ба өөрийн чадавх, боломжийг ойлгоход тустай. Энэ нь мөн амьдралын хүнд хэцүү, эргэлзээтэй цаг үед амар амгалан, итгэл найдварыг танд өгч чадна. Патриархын адислал нь таны амьдралд тохиолдох бүх зүйлийг нарийвчлан заахгүй ч зорилгоо олж Бурханы хайрыг мэдрэхэд тань туслах ашиг тустай гарын авлага юм. Патриархын адислал дахь бүх адислал, амлалт нөхцөлтэй бөгөөд бидний итгэлтэй байдлаас хамаардаг (Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг үзнэ үү). Энэ нь бидний мөнх оршихуйн төлөө өгөгддөг тул үүнд амлагдсан зарим адислал энэ мөнх бус амьдралын дараах амьдрал хүртэл биелэхгүй байж болно.

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та патриархын адислалынхаа ач холбогдлыг ойлгодог уу? Энэ бол нандин бэлэг. Энэ бол таны хувийн судар юм. Энэ нь зөвхөн таны онцгой угсааны овгийг тунхаглаж, өнгөрсөн үетэйгээ холбоотой байгааг тань сануулдаг. Мөн энэ нь ирээдүйн чадавхаа ойлгоход тань тусална. Шууд утгаараа, та итгэлтэй байснаар тэдгээр адислал биелэгдэхийг Их Эзэнээс шаардаж болно” гэж заасан. Эдгээр сургаалыг бодох үед танд ямар бодол санаа орж ирж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Заримдаа патриархын адислалаа хэрхэн тайлж уншихаа мэдэхэд амаргүй байдгийг бүлгийн гишүүдэд сануул. Зарим хэсэг эсвэл үг хэллэг хэд хэдэн боломжит утгатай байж болно. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “[патриархын адислал] нь Ариун Сүнсний нөлөөгөөр өгөгддөг бөгөөд яг адил Сүнсний нөлөөгөөр уншигдаж мөн хөрвүүлэгдэх ёстой” гэж зөвлөсөн. Та патриархын адислалыг тайлж уншихдаа Ариун Сүнсийг хэрхэн урин авчирч болох вэ? Патриархын адислалд орсон хэсгүүдийн тань талаарх ойлголт хэрхэн амьдралын тань явцад өөрчлөгдөж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Патриархын адислалын талаарх бусад эх сурвалж

Эх сурвалж

  1. Thomas S. Monson, “Your Patriarchal Blessing: A Liahona of Light”, Ensign, Nov. 1986, 65–66.

  2. Boyd K. Packer, “The Stake Patriarch,” Liahona, Nov. 2002, 42–45.

  3. David A. Bednar, “Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 47.

  4. Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 11-р сар, 5.

  5. Russell M. Nelson, “Thanks for the Covenant” (Brigham Young University devotional, Nov. 22, 1988), 5, speeches.byu.edu.

  6. Dallin H. Oaks, quoted in Richard M. Romney, “Patriarchal Blessings—Insights from Prophets and Patriarchs” (digital-only article), Liahona, Feb. 2022, Gospel Library.