Номын сан
Сайн мэдээний сэргээлт


“Сайн мэдээний сэргээлт,” Сэдэв ба асуулт (2023)

Христ Арван хоёр төлөөлөгчийг томилж байгаа нь

Сайн мэдээг судлах удирдамж

Сайн мэдээний сэргээлт

Бидний цаг үе дэх Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал

Есүс Христ баптисм хүртсэнийхээ дараахан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу хэрхэн амьдрахыг хүмүүст заан тохинууллаа эхлүүлсэн юм. Есүс нэгдүгээрт, Бурханаа өөрийн бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаар хайрла; хоёрдугаарт, өөрсдийгөө хайрладаг шиг бусдыг хайрла гэсэн хоёр агуу зарлигийг заасан (Maтай 22:36–40). Түүний захиас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөр дээр нь ирж, Өөрийнх нь сайн мэдээний үнэнүүдэд итгэж, тэдгээрийн дагуу амьдарч аврагдахад урих явдал байв.

Есүс төлөөлөгчдийг дуудаж, Өөрийг нь төлөөлж ажилд нь туслах эрх мэдлийг тэдэнд өгсөн. Тэрээр Сүмээ зохион байгуулж, Есүс Христэд итгэх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсийг хүлээн авах зэрэг сайн мэдээний анхны зарчим, ёслолуудын ач холбогдлыг онцолжээ (Матай 9:13; 16:15–19; 17:19–20; Иохан 3:5-ыг үзнэ үү).

Их Эзэний төлөөлөгчдийг нас барснаас хойш хэсэг хугацааны дараа сайн мэдээний олон чухал үнэн алдагдаж, Христийн Сүмийн анхны зохион байгуулалт, эрх мэдэл өөрчлөгдөн алга болжээ (Үйлс 20:29–30-ийг үзнэ үү). Гэвч бошиглолыг гүйцэлдүүлэхээр Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Сүм болон сайн мэдээний бүрэн байдлыг сэргээсэн буюу дахин зохион байгуулсан. Энэ Сэргээлт нь 1820 онд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан эхэлсэн. Энэ нь орчин үеийн бошиглогчдод өгөгдсөн тэнгэрлэг илчлэлээр дамжин өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Сайн мэдээний сэргээлт гэж юу вэ?

“Сайн мэдээний сэргээлт” гэдэг нь Есүс Христ бошиглогч Иосеф Смитээр болон хожмын бошиглогчдоор дамжуулан Өөрийн сайн мэдээ, санваарын эрх мэдэл болон Сүмийн зохион байгуулалтыг дэлхий дээр бүрэн сэргээхийг хэлж буй хэрэг. Сэргээлт нь Иосеф Смитийн Анхны үзэгдлээс эхлэн өнөөг хүртэл орчин үеийн бошиглогчдод өгөгдсөөр буй тэнгэрлэг илчлэлтүүдээр тодорхойлогддог.

Сэдвийн тойм: Сүмийн Сэргээлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Иосеф Смит, Бошиглогчид, Анхны үзэгдэл, Санваарын сэргээлт, Мормоны Ном, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм

1-р хэсэг

Дэлхий ертөнц Сайн мэдээний сэргээлтэд бэлтгэгдсэн байв

Анхны үзэгдэл

Христийн төлөөлөгчдийг нас барсны дараа Есүс Христийн сайн мэдээний олон чухал хэсэг алдагдаж, өөрчлөгдөн, тэдгээрийг буруу тайлбарлах болсон. Амьд бошиглогчид болон Есүс Христийн анхны өгсөн эрх мэдэлгүйгээр Есүс Христийн жинхэнэ Сүм оршин тогтнохоо больжээ. Заримдаа Их урвалт гэгддэг энэ цаг үед олон хүн Есүс Христийн сайн мэдээний талаарх үнэн зөв ойлголтыг эрэлхийлж байв.

Их Эзэний сайн мэдээнд болон Сүмийн сэргээлтэд дэлхийг бэлтгэхэд олон үйл явдал тусалсан юм. Жишээлбэл: Чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс Библийг англи хэл рүү орчуулж, бусдад түгээж эхлэхийн тулд асар их зүйлийг, бүр амь насаа хүртэл золиосолсон. Судрууд хүмүүсийн гарт хүрснээр хүмүүс Есүс Христийн талаар илүү ихийг сурч мэдэх боломжтой болсон. Шинэчлэгчид сүмийн сургаал судруудын заасан зүйлтэй зөрчилдөж байгааг эсэргүүцэн үгээ хэлж байлаа. Европчууд олноороо шашны эрх чөлөөг эрэлхийлэн Хойд Америкт суурьших болов. Тоо томшгүй олон хүн Есүс Христийн талаар илүү тодорхой ойлголттой болохыг мөн хэрхэн энэ амьдралд амар амгаланг олохыг эрэлхийлж байлаа.

Бодох зүйлс

  • Есүс Христийн сайн мэдээний олон чухал хэсэг Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа алдагджээ. Үнэн сайн мэдээнээс холдсон энэ эрин үеийг заримдаа Их урвалт гэж нэрлэдэг. Исаиа 24:4–5; Матай 24:9–12; Иохан 16:1–3; 2 Тесалоник 2:1–4; 1 Нифай 13:26–29-ийг уншина уу. Эдгээр судрын хэсэгт Христийг болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа юу тохиолдоно хэмээн өгүүлсэн байдаг вэ? Есүс Христийн Сайн мэдээний сэргээлт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Иосеф Смит—Түүх 1:14–20 дахь Анхны үзэгдлийн тухай Иосеф Смитийн түүхийг унш. Иосеф Смит тухайн үеийн дэлхий дээрх шашны нөхцөл байдлын талаар юу мэдэж авсан бэ? Сайн мэдээ үнэхээр сэргээгдсэн тухай гэрчлэлийг олж авах нь яагаад чухал вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн гишүүдийг өлсөх ямар байдгийг тайлбарлахад урь. Өлсөх нь бидний сэтгэл санаа, нэн тэргүүнд тавьдаг зүйл, хүсэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ хэлэлцүүлгийн дараа Амос 8:11–12-ыг хамтдаа унш. Бошиглогч Амос яагаад Их урвалтын үеийн дэлхий ертөнцийн байдлыг энэ дүр зургаар дүрсэлсэн гэж та бодож байна вэ? Сайн мэдээний үнэн алдагдсан явдал нь хэрхэн “газар дээрх өлсгөлөн”-тэй төстэй вэ? Хоолоор өлсдөг шиг сүнслэг үнэнээр өлсөх юм бол энэ нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Ахлагч Робэрт Д.Хэйлс өөрийн хэлсэн “Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee’ үгэндээ дэлхийг Сэргээлтэд бэлтгэхэд тусалсан дэлхийн түүхэд болж өнгөрсөн хэдэн тодорхой үйл явдлыг тоймлон дурсжээ. Энэ хэлсэн үгийг хамтдаа сонсож эсвэл уншаад, дараа нь сурсан зүйлээ хуваалцахад бүлгийн гишүүдийг урь. Их Эзэний мутрыг Сэргээлт тохиох хүртэлх өрнөсөн үйл явдлуудаас хэрхэн харж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Сайн мэдээ сэргээгдсэнээр цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн үүдийг нээсэн

Мелкизедек санваарын сэргээлт

Есүс Христийн сайн мэдээний сэргээлт нь дэлхийд шинэ гэрлийг авчирсан юм. Энэ нь 1820 оны хавар залуу хөвгүүн Иосеф Смит Нью-Йоркийн Палмира дахь гэрийнхээ ойролцоох төгөлд залбирснаар эхэлсэн. Сүнслэг байдалдаа санаа зовсон тэр Бурханы өмнө ирж, аль сүм зөв болохыг мэдэхийг хүссэн. Түүний залбирлын хариуд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгджээ.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан Иосеф Смитээр сайн мэдээний үнэнийг сэргээж эхлэв. Үнэний энэхүү цутгалт судар, санваарын эрх мэдэл, Сүмийн зохион байгуулалт, сургаал, аврал хийгээд өргөмжлөлийн чухал ёслолуудыг авчирсан. Сайн мэдээг дэлхий дээр дахин түгээсэн энэхүү үйл явц судруудад тэмдэглэгдсэн “цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг” авчирсан юм (Ефес 1:10; Сургаал ба Гэрээ 112:30). Эрин үе гэдэг нь Их Эзэний бошиглогч, сайн мэдээ дэлхий дээр байх үеийг хэлнэ. Сайн мэдээний энэхүү эцсийн эрин үед дэлхий Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдэж байна.

Бодох зүйлс

  • Бид цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байгаа бөгөөд энэ нь бусад цаг үетэй адилгүй юм. Энэ эрин үе урвалтаар дуусахгүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ нь бидэнд хүнд сорилт бэрхшээл тулгарахгүй гэсэн үг биш юм. Ахлагч Жэффри Р.Холландын “This, the Greatest of All Dispensations захиасыг судал. Ахлагч Холланд энэ захиасандаа ямар сорилт бэрхшээлийг тодорхойлсон бэ? Та тэдгээр сорилт бэрхшээлтэй тулгарахдаа ямар хандлагатай байх талаар түүний захиаснаас юу мэдэж авсан бэ?

  • Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдрахын баярлууштай зүйл нь үргэлжлэн явагдаж буй сайн мэдээний Сэргээлтийн нэгэн хэсэг байх явдал юм. Үйлс 3:19–21; Ефес 1:3, 10; Сургаал ба Гэрээ 27:13; 112:30; 128:18. Энэ эрин үеийн туршид юу болох талаар та эдгээр шүлгээс юу мэдэж авсан бэ? Та энэ агуу ажилд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Тасралтгүй өгөгдсөөр буй илчлэлтийг эрэлхийлж, үүнд итгэх нь таны амьдралд ихээхэн нөлөө үзүүлж чадна. “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинд илгээсэн хоёр зуун жилийн тунхаг”-т Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга: “Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Сэргээлтийг эхлүүлснээс хойш өдгөө хоёр зуун жил улиран оджээ. Тасралтгүй өгөгдсөөр буй илчлэлтээр дамжуулан амлагдсан Сэргээлт урагшилсаар байгааг бид баяртайяа тунхаглаж байна” хэмээн тунхаглажээ. Бүлгийн гишүүдээс өөрсдөд нь ихээхэн нөлөөлсөн орчин үеийн илчлэлт, сүнслэгээр өдөөгдсөн сургаалаас хуваалцахыг хүс. Бүлгийн гишүүдийн орчин үеийн илчлэлттэй холбоотой туршлагаас та юу сурч мэдсэн бэ?

  • Эрин үе гэх ойлголтыг ойлгоход хэцүү байж болно. “Dispensations: The Pattern of Apostasy and Restoration” (6:52) видеог хамтдаа үзээд, шаардлагатай бол бие биедээ асуулт тавьж, хариултыг нь олохын тулд түр азна. Эрин үеийн загварыг ойлгох нь өнөөгийн Сэргээлтийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдрахад танд ямар санагдаж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Сэргээлт нь орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдөөр дамжин үргэлжилсээр байна

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг Иосеф Смитэд үзэгдсэнээс хойш 200 гаруй жил өнгөрсний дараа одоо ч Сэргээлт үргэлжилсээр байна. Амьд бошиглогч, төлөөлөгчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг удирдахын тулд илчлэлт эрэлхийлж, хүлээн авдаг. Их Эзэн Өөрийн Сүм болон хүмүүсийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байна. Бурханы ажил үргэлжлэн явагдаж буй Сэргээлтээр болон Их Эзэний үйлчлэгчдийн сүнслэг удирдамжаар урагшилсаар байна (Итгэлийн тунхаг 1:9-ийг үзнэ үү).

2018 онд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид Сэргээлтийн үйл явцын гэрч нар юм. Хэрэв та Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж үзэж байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна. Өөр олон зүйл болох болно. Дараа жилийг, тэрний дараа жилийг иртэл хүлээ. Амин дэмээ ууж, хангалттай амарч ав. Сүмийн ирээдүй гайхалтай сайхан байх болно” гэж хэлсэн.

Бодох зүйлс

  • Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф 2014 онд хэлсэн “Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?” гэх үгэндээ үргэлжлэн явагдаж буй сайн мэдээний Сэргээлтэд идэвхтэй оролцохоос биднийг хойш татаж буй гурван уруу таталтыг дурджээ. Энэ үгийг судлаад, түүний хэлж байгаагаар бүрэн чадавхдаа хүрэхэд бидэнд саад болж буй тээглэх чулуунуудад анхаарлаа хандуулаарай. Та тэдгээрийн алиныг нь давж гарч чадах вэ? Хэрхэн давж гарах төлөвлөгөө гарга.

  • Сэргээлтийн үеэр болж өнгөрсөн олон үйл явдлын гэрч болсон зарим хүн тэдгээрийн талаар бичихээр сүнслэгээр өдөөгдсөн байдаг. Дуулал номын “Сайн мэдээний сэргээлт” сэдвийн хуудаснаас нэг дуулал сонгоод, үгийг нь унш. Уг дууллын үг танд Сэргээлтийн ач холбогдлын талаар юу зааж байна вэ? Үгийг нь сонсоход танд ямар мэдрэмж төрж байна? Та юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ахлагч Роналд А.Расбанд 2020 онд хэлсэн “Бошиглолын биелэл гэх үгэндээ сайн мэдээний Сэргээлтийн хүрээнд биелсэн эртний болон орчин үеийн хэд хэдэн бошиглолын талаар дурджээ. Энэ үгийг хамтдаа судлаад, биелсэн аль бошиглол нь тэдэнд чухал талаар хуваалцахад бүлгийн гишүүдийг урь. Энэ дасгал Сэргээлтийн талаарх таны бодлыг хэрхэн өөрчилсөн бэ? Хүсэн хүлээсэн энэ цаг үед амьдрахын ач холбогдлын талаар бодоход танд ямар мэдрэмж төрж байна вэ?

  • Сүмийн түүхч, цэдэгч ахлагч Бага Лигранд Р.Көртис Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт гарчигтай нийтлэлдээ үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцох гурван арга замын талаар өгүүлжээ.

    • Ариун нандин гэрээ байгуулж, тэдгээрийг сахих

    • Хүлээн авсан дуудлага, үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх

    • Израилыг цуглуулахад туслах

    Уг ажилд хувь нэмэр оруулах арга замуудын талаар ахлагч Көртис юу гэж заасныг бүлгээрээ унш. Яг одоо алинд нь оролцох сэдэл танд төрж байна вэ? Та үүнийг хэрхэн гүйцэтгэх вэ? Бүлэгтэйгээ санал бодлоо хуваалцаад, зорилгодоо хүрэхэд бие биедээ туслах арга замуудыг тодорхойл.

Илүү дэлгэрэнгүй судлах

Сайн мэдээний сэргээлтийн талаарх бусад эх сурвалж