Номын сан
Санваарын сэргээлт


“Санваарын сэргээлт,” Сэдэв ба асуулт (2023)

ариун ёслолыг адислах

Сайн мэдээг судлах удирдамж

Санваарын сэргээлт

Бурхан Өөрийн нэрээр үйлдэх эрх мэдлийг өгсөн

Бурхан гэрээ, ёслолууд болон бусад олон тэнгэрлэг бэлгийг танд болон таны хайртай хүмүүст хүртээдэг санваарын эрх мэдлийг сэргээгээгүй байсан бол таны амьдрал ямар байх байсныг төсөөлөөд үз. Есүс Христийн сайн мэдээний нэгэн чухал хэсэг бол Бурхан хүүхдүүдээ хайрладаг учраас Сүм дэх Өөрийн үйлчлэгчдэд санваарын хүч, эрх мэдлийг өгсөн гэсэн захиас юм. Санваарт Есүс Христийн сайн мэдээг номлох, Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэтгэх эрх мэдэл багтдаг. Өнөөдөр сая сая хүн Бурханы санваарын эрх мэдэл, хүчээр өгөгдсөн ариун гэрээ, ёслол, бусад адислалаар адислагдсан.

Бурханы санваар дэлхийн түүхийн туршид Бурханы хүүхдүүдийг адисалсаар ирсэн юм. Шинэ Гэрээний цаг үед амьдарч байсан Христийн төлөөлөгчдийг нас барсны дараа Бурханы нэрээр үйлдэх эрх мэдэл алдагджээ. Олон жилийн дараа буюу 1800-аад онд тэнгэрлэг элч нар ирж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын эрх мэдэл, үүний түлхүүрүүдийг хүртээсэн. Бурханы хүчийг ийнхүү сэргээсэн нь Сүмийн болон Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг бүхэлд нь авч үзвэл үүний маш чухал хэсэг нь байсан юм. Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд өнөөдөр Сүмд хадгалагдсаар байгаа.

Санваарын сэргээлт гэж юу вэ?

Санваар бол Бурханы нэрээр үйлдэх эрх мэдэл, хүч юм. Энэхүү бурханлаг эрх мэдэл нь Бурханы хүүхдүүдэд аврал, өргөмжлөлд нь зайлшгүй шаардлагатай ёслол, гэрээг хүлээн авах боломжийг олгодог. Уг санваар Шинэ Гэрээний цаг үед амьдарч байсан Их Эзэний төлөөлөгчдийг нас барсны дараа алдагджээ. 1800-аад оны эхээр тэнгэрлэг элч нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваар хүртээснээр дэлхийд санваар сэргээгдсэн.

Сэдвийн тойм: Санваарын сэргээлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Сайн мэдээний сэргээлт, Иосеф Смит, Аароны санваар, Мелкизедек санваар, Санваарын түлхүүр, Санваарын адислал, Гэрээ ба ёслол

1-р хэсэг

Бурхан хүүхдүүдээ адислахын тулд санваарын хүчээ хуваалцдаг

Ариун сүм рүү алхаж буй хүмүүс

Бурхан эхлэлээс үйлчлэгчдэдээ санваарын хүчийг өгсөн (Мосе 6:7-г үзнэ үү). Эртний патриархууд болох Адам, Ноа, Абрахам, Мосе гээд бусад тоо томшгүй олон хүн Бурханы хүүхдүүдийг адислах зорилгоор санваарыг атгадаг байсан. Бурхан санваараар дамжуулан Өөрийн хүмүүст сайн мэдээний захиасыг хуваалцаж, шүтлэг бишрэлийнхээ хүрээнд ариун нандин ёслолуудыг гүйцэтгэхийг зөвшөөрчээ. Бурхан бошиглогчдыг дуудах бүрдээ тэднийг тэнгэрлэг илчлэлээр дамжуулан чиглүүлж, санваарын хүч, эрх мэдлийг өгдөг байсан.

Өнөө үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүр Бурханы санваартай холбоотой адислалуудыг хүлээн авах онцгой эрхтэй. Бид санваараар дамжуулан баптисм хүртэж, гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг, ариун сүмийн ёслол гээд өөр олон зүйлийг хүлээн авдаг. Санваарын ёслолуудаар дамжуулан “бурханлаг чанарын хүч илэрхийлэгдэж” (Сургаал ба Гэрээ 84:20), биднийг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй илүү адилхан болоход бэлтгэдэг.

Бодох зүйлс

  • Санваарын ёслолуудтай холбоотой гэрээнүүдийг байгуулж, сахих нь Бурхан, та хоёрын хооронд чухал сүнслэг холбоог үүсгэдэг. Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Баптисмын усан санд болон ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахих нь мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, зовлон шаналлыг давах хүчийг бас өгдөг. … Эдгээр гэрээтэй холбоотой сургаал нь туулах замыг зөөллөж, найдвар, тайтгарал, амар амгаланг өгдөг” гэж заасан. Та санваараар дамжуулан байгуулах боломжтой гэрээнүүдийг байгуулж, сахихын тулд юу хийх вэ? Та бусдыг хэрхэн дэмжиж, Бурхантай гэрээ байгуулахад нь тусалж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийнхээ гишүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах үгийг уншихад урь.

    “Мелкизедек санваар сэргээгдсэн учраас гэрээгээ сахигч эмэгтэй, эрэгтэй хүмүүс бүгдээрээ “сүмийн сүнсний бүх адислалууд[ыг],” бидний хэлдгээр Их Эзэний Өөрийн хүүхдүүдэд бэлдсэн бүх сүнслэг эрдэнэсийг хүлээн авах боломжтой [Сургаал ба Гэрээ 107:18].

    Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой. Их Эзэний өргөөнд хишиг хүртсэн хүмүүс гэрээнийхээ улмаас Бурханы санваарын хүчний бэлгийг тэрхүү хүчийг хэрхэн ашиглах тухай мэдлэгийн бэлгийн хамт хүлээн авдаг.”

    Ёслолуудыг гүйцэтгэж, гэрээ байгуулж сахиснаар хүлээн авсан ямар ямар “сүнслэг эрдэнэс” буюу адислал танд байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

  • Guide to the Scriptures, “Covenant,” Gospel Library

  • Jeffrey R. Holland, “Our Most Distinguishing Feature,” Liahona, May 2005, 43–45

  • Chapter 5: The Holy Priesthood—for the Blessing of God’s Children,” Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), 45–56.

2-р хэсэг

Амилуулагдсан баптисч Иохан Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээсэн

Баптисч Иохан Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваарыг хүртээж байгаа нь

Их Эзэн Өөрийн санваарын эрх мэдлийг эмх цэгцтэй өгөх арга замыг бэлтгэсэн. Хүмүүс энэ эрх мэдлийг өөрөө авах боломжгүй (Еврей 5:4-ийг үзнэ үү). Тухайн томилгоог гүйцэтгэх түлхүүрүүдийг атгасан хүмүүсээс эрх мэдэл хүлээн авсан санваар атгагч л бусдыг томилох боломжтой (Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү).

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж байхдаа баптисмын тухай судрын хэсэгтэй таарчээ. Иосеф, Оливер хоёрт энэ талаар асуух зүйл гарч ирсэн (Иосеф Смит—Түүх 1:68-ыг үзнэ үү) ба тэд Их Эзэнээс асуухаар шийджээ. Тэд залбирахаар ойд очихоор шийдэж, хариуд нь баптисч Иохан тэдэнд үзэгдэж, гар тавилтаар санваарын эрх мэдлийг өгөв (Сургаал ба Гэрээ 13-ыг үзнэ үү). Тэрээр тэдэнд нэг нэгдээ баптисм хүртээж санваарт томилохыг зааварласан (Иосеф Смит—Түүх 1:68–72-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Залуу Иосеф Смитэд тухайн үеийн шашны сургаалын талаар асуух зүйлс байв. Тэр удирдамж эрэлхийлэн Бурханд хандан залбирсан ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр зочилсон юм. Иосеф Смит–Түүх 1:17–20-ийг уншина уу. Судрын энэ хэсэг санваарыг яагаад сэргээх хэрэгтэй байсныг илүү сайн ойлгоход тань хэрхэн тусалж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн гишүүдтэйгээ хамт “Restoration of the Priesthood” (2:00) видеог үзээд, Аароны санваарыг сэргээсний ачаар бидний амьдралд ирдэг адислалуудыг олж мэд. Бид хэрхэн Аароны санваарын адислалуудыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хүлээн авах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Мелкизедек санваарыг тэнгэрлэг элч Петр, Иаков, Иохан нар сэргээж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээсэн.

Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээж байгаа нь

Баптисч Иоханыг ирснээс хойш сар ч болоогүй байхад тэнгэрлэг элч нар Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр зочилжээ. Энэ удаад Шинэ Гэрээний төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Иосеф, Оливер хоёрт Мелкизедек санваарын болон Бурханы хаант улсын түлхүүрүүдийг гардуулав (Сургаал ба Гэрээ 27:12–13; 128:20-ийг үзнэ үү). Аароны санваар Иосеф, Оливер хоёрт баптисм хүртээх эрх мэдлийг олгосон бол Мелкизедек санваар тэдэнд Сүмийг тэргүүлэх, аврал, өргөмжлөлийг хүлээн авахад шаардлагатай бүх ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийг өгсөн.

Хожим нь Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч нэмэлт санваарын түлхүүр буюу Сүмийн тодорхой хэсэг, номлолыг хянаж, удирдах эрх мэдлийг олгосон. Көртландын ариун сүмд бусад тэнгэрлэг элч болох Мосе, Елиас, Елиа нар Израилыг цуглуулах, Абрахамын сайн мэдээний эрин үеийн (үүнд Абрахамын гэрээг сэргээх үйл явц ордог) болон лацдан холбох хүчний түлхүүрүүдийг даатгажээ (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Санваартан бүр өөрийн эрх мэдлийг дээш хөөж үзэх юм бол санваарыг сэргээсэн ариун үйл явдалтай холбогддог. Ахлагч Жэффри Р.Холланд: “Есүс Христийн сэргээгдсэн Сүмд байгаа бид санваарын эрх мэдлийн шугамыг тойрог дахь шинэхэн дикон, түүнийг удирддаг бишоп, биднийг тэргүүлдэг бошиглогчоос харж чадна. Уг шугам нь тэнгэрээс юутай ч харьцуулшгүй бэлгийг авчирсан Бурханы Хүүгээс ирсэн тэнгэрлэг тохинуулагчидтай таслагдашгүй гинжин хэлхээгээр холбоостой байдаг” гэж тайлбарлажээ. Эрэгтэй хүний санваарын эрх мэдлийн шугамыг Сүмийн удирдах албанд хүсэлт гарган авч болно.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Санваарын ёслол хүлээн авсны дараа таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Та болон бүлгийн бусад гишүүн энэ асуултыг эргэцүүлэн бодохдоо, Иосеф Смит—Түүх 1:74 дэх “Эдүгээ бидний оюун гэгээрч, бидний ойлголтод нээгдсэн судрууд бидэнд бий болон мөн тэдгээрийн илүү нууцлаг хэсгүүдийн жинхэнэ утга хийгээд зорилго урьд нь бидний хэзээ ч мэдэхгүй байсан, өмнө нь бидний хэзээ ч бодож байгаагүй тийм байдлаар бидэнд илчлэгдсэн болой” гэх судрыг унш.

Илүү дэлгэрэнгүй судлах

Санваар сэргээгдсэн талаарх бусад эх сурвалж