“Аароны санваар,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Аароны санваар
Наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын төлөөх баптисмын түлхүүрүүдийг атгах нь
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Бурханы дагалдагчид Түүний аврал, өргөмжлөлийн ажилд туслахыг эрхэмлэдэг. Санваар буюу Бурханы мөнхийн хүч, эрх мэдэл нь Түүний хүүхдүүдэд ариун нандин гэрээ байгуулж сахих замаар Түүнд эргэн очиход нь туслах зорилгоор энэ дэлхийд сэргээгдсэн.
Санваарыг хоёр хэсэгт хуваан зохион байгуулсан ба тус бүр нь сайн мэдээний дагуу амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Аароны санваар бол “бэлтгэл” буюу “доод” санваар юм. Энэ нь тэнгэр элч нарын тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг (Сургаал ба Гэрээ 13:1-ийг үзнэ үү). Аароны санваартнууд ариун ёслолын талх, усыг бэлтгэж, адисалж, түгээдэг. Мөн тэд гишүүдийг харж хандах, мацгийн өргөлийг цуглуулах зэргээр Сүмийн ажил хэргийг хариуцан тохинуулдаг.
1-р хэсэг
Баптисч Иохан Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээн сэргээсэн.
Адамын үеэс Мосе хүртэлх бүх бошиглогч Мелкизедек санваартай байсан. Гэвч Мосегийн тохинууллын үед израилчууд Иеховагийн адислалаас татгалзан, хүмүүсийн дундаас дээд санваар бүхэлдээ авагдсан юм. Бошиглогчид үргэлжлүүлэн Мелкизедек санваарыг атгаж байв. Левийн овгийн эрчүүдэд, тэр дундаа Аароны угсааныханд Аароны санваарыг өгчээ. (Сургаал ба Гэрээ 84:23–27-г үзнэ үү).
Баптисч Иохан Аароны удмынх бөгөөд ууган хүү тул Аароны санваартай байв (Сургаал ба Гэрээ 68: 16–18, 84:26–27-г үзнэ үү). Есүсийг болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс санваарын ёслолд төдийгүй Сүмд зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулжээ. Энэхүү урвалтын улмаас Аароны санваар хийгээд Петр, Иаков, Иохан гээд Христийн бусад шавьд өгсөн дээд санваар (Лук 9:1–2) дэлхийгээс авагдсан юм. Амилуулагдсан баптисч Иохан 1829 онд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэж, тэдэнд Аароны санваарыг хүртээснээр энэхүү эрх мэдлийг дэлхий дээр сэргээжээ (Сургаал ба Гэрээ 13:1; 27:7–8; Иосеф Смит—Түүх 1:68–72-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Өнөөгийн Аароны санваартнууд баптисч Иоханы амьдрал, тохинууллыг урам зориг авах эх сурвалжаа болгож болно. Мөн Матай11:7–13 (13-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулга, зүүлт тайлбар a-г оруулаад); Лук 7:24–30; Иохан 5:32–35-ыг уншина уу. Их Эзэн баптисч Иоханы тухай ямар бодолтой байсан талаар та нар энэ шүлгээс юу сурч болох вэ? Есүс яагаад Иоханыг ийн дүрсэлсэн гэж бодож байна вэ? Есүс Христийн шавийн хувьд бид баптисч Иоханы үлгэр жишээг хэрхэн үлгэрлэн дуурайж болох вэ?
-
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Санваар бол ариун нандин бэлэг” захиасандаа “Үүний [дикон, багш, пристийн] үүрэг нь Сүмийг харж хандан, алдас үгүй байхад анхаарч, бүх хүнийг Христэд ирэхэд урих явдал юм” гэж заасан. Эдүгээ Сүмд Аароны санваартнуудын ихэнх нь залуу эрэгтэйчүүд байдаг. Эдгээр залуу эрэгтэй өнөө үед хэрхэн тойрог, салбартаа дээрх үүргүүдээ утга учиртай гүйцэтгэж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Аароны санваарын сэргээлтийн тухай Оливер Каудеригийн түүх тухайн өдөр юу болсон талаарх бидний ойлголтод нэмэр болох нөхцөл байдлын талаар нарийн ширийн мэдээллийг өгдөг. Түүний түүхийг Иосеф Смит—Түүхийн төгсгөлөөс уншина уу. Бүлгийн гишүүдийг аль хэсэг нь тэдний хувьд чухал ойлголт төрүүлсэн талаар хуваалцахад урь. Дараа нь тэднийг хэрэв тэр өдөр Иосеф, Оливер хоёртой хамт байсан бол ямар байх байсныг төсөөлөхөд урь. Энэ үйл явдал яагаад сайн мэдээний Сэргээлтэд чухал байсан гэж та нар бодож байна вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Томас С.Монсон, “Санваар бол ариун нандин бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–76.
-
“The Restoration of the Priesthood Authority and Organization” (видео), Gospel Library
-
Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 65–75
-
Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 79–87
2-р хэсэг
Аароны санваар нь амин чухал түлхүүрүүдийг бидэнд өгч, үйлчлэл үзүүлдэг
Аароны санваарыг зарим тохиолдолд “доод” санваар гэж нэрлэдэг ба сударт Мелкизедек санваарын “хавсралт” (Сургаал ба Гэрээ 107:14-ийг үзнэ үү) гэж дурдсан байдаг. Гэхдээ уг санваар нь аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай ариун нандин гэрээ, ёслолуудыг гүйцэтгэх нэн чухал эрх мэдэл, хүчийг атгадаг.
Аароны санваарт тэнгэр элч нарын тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүд орно (Сургаал ба Гэрээ 13:1; 107:20-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Баптисч Иохан дэлхийд Есүс Христийг хүлээн авах замыг бэлтгэсэн. Тэрээр наманчлалын болон нүглүүдийн ангижралын төлөөх баптисмын сайн мэдээг зааж, тэр ч байтугай Аврагчид баптисм хүртээсэн (Марк 1:1–11; Иохан 1:15–34-ийг үзнэ үү). Эдгээр зарчим, ёслолыг яагаад Христийг ирэхэд бэлтгэхэд нэн чухал хэмээн үздэг байсан гэж бодож байна вэ? Наманчлал, баптисм нь Христийн шавь нарыг өнөө үед ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг байгуулан, сахихад хэрхэн бэлтгэдэг вэ?
-
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сургаал ба Гэрээ 13-ын талаар Аароны санваартнуудад хандан: “Би та нарыг Сургаал ба Гэрээг нээгээд … эдгээр үгийг уншиж, цээжлэхэд уриалж байна. Тэдгээр нь санваарын тунхаг юм. … Мөн тэдгээр нь санваар бол бүх талаараа хүчин төгөлдөр, жинхэнэ гэдгийн нотолгоо юм” гэжээ. Сургаал ба Гэрээ 13 нь залуу санваартнуудыг төвлөрч, үйлдэл хийхэд хэрхэн чиглүүлж болох вэ? Аароны санваарын талаар эдгээр үнэнийг ойлгох нь Сүмийн бүх гишүүнд баптисмын ёслолын үнэ цэнийг болон долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх, тэдгээртэй холбоотой гэрээнүүдийн үнэ цэнийг ойлгоход хэрхэн туслах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх гишүүний хувьд Аароны санваарын үүрэг, адислалыг ойлгох нь чухал ч олон гишүүн үүний ёслолууд болон үүрэг хариуцлага хэчнээн амин чухал болохыг ухаардаггүй. Танай бүлэг Аароны санваарын эрх болон хариуцлагын талаар дараах эх сурвалжуудыг ганцаараа эсвэл жижиг бүлгээрээ судлах замаар суралцаж болох юм.
-
Аароны санваар: Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10-р бүлэг, Gospel Library; Сургаал ба Гэрээ 107:85–88
-
Тэнгэр элч нарын тохинууллын түлхүүрүүд: Сургаал ба Гэрээ 13:1; 107:20
-
Бэлтгэл сайн мэдээ: Сургаал ба Гэрээ 13:1; 84:26–27; 107:20
-
Гаднах ёслолуудыг гүйцэтгэх хүч: Сургаал ба Гэрээ 84:26–27; 107:20; Bible Dictionary, “Aaronic Priesthood”
-
Бүлгийн гишүүдийг дээрх эшлэлүүдийг уншиж дууссаны дараа олж мэдсэн зүйлээ бусад гишүүнтэй хуваалцахад урь.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 37–40
-
Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60–67
-
“Keys of the Aaronic Priesthood” (видео), ChurchofJesusChrist.org
3-р хэсэг
Аароны санваар бол бэлтгэл санваар юм
Үеийн үед Аароны санваар Израилын хүүхдүүдийг Есүс Христийн хожим өгөх дээд хуульд бэлтгэсээр ирсэн. Баптисч Иоханы даалгавар бол Христийн ирэх үйл явдалд энэ дэлхийг бэлтгэх явдал байв. Тиймээс Аароны санваарыг “бэлтгэл санваар” хэмээн нэрлэдэг болсон. Аароны санваар нь бэлтгэл сайн мэдээний, тухайлбал наманчлалын ба нүглүүдийн ангижралын төлөөх баптисмын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг судруудад мөн заадаг (Сургаал ба Гэрээ 84:26–27-г үзнэ үү).
Өнөөдөр Аароны санваартнууд дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалдаг. Тэд нүглээ наманчилж, баптисм хүртэх замаар Их Эзэний өргөөнд гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиж, ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд хүмүүст тусалдаг. Мөн Аароны санваартан байх нь Есүс Христийн дагалдагчдыг Мелкизедек санваарт насан туршдаа үйлчлэхэд бэлтгэдэг.
Бодох зүйлс
-
Аароны санваарын чуулгын уриа нь залуу эрэгтэй бүрд өөрийн бурханлаг мөн чанарыг төдийгүй санваартны хувьд зорилгоо ойлгоход тусална. Уриаг Ерөнхий гарын авлагын 10.1.2-оос уншина уу. Энэ уриа нь залуу эрэгтэйчүүдийг зөв шударга сонголт хийхэд хэрхэн урамшуулдаг гэж та нар бодож байна вэ? Та Аароны санваарын чуулгын урианы аль хэсэг дээр илүү сайн ажиллаж, шавь байх амьдралынхаа нэгэн хэсгийг нь болгож болох вэ?
-
Аароны санваараар дамжуулан хүлээн авсан ёслол, гэрээнүүд нь Мелкизедек санваартай холбоотой ёслол, гэрээнүүдэд биднийг бэлтгэдэг. Наманчлал, нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисм, ариун ёслол, холбогдох гэрээнүүдийн дагуу амьдрах зэрэг нь таныг гэрээнүүд байгуулж, сахин, Их Эзэний өргөөнд ёслолуудыг хүлээн авахад хэрхэн бэлтгэх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Аароны санваар бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх нэгэн цогц зүйлийн салшгүй нэг хэсэг нь бөгөөд санваар атгагч хувь хүмүүсийг мөн адил адисалдаг. “Let Every Man Learn His Duty: Aaronic Priesthood” (3:34) видеог үзнэ үү. Санваартан байх нь эдгээр залуу эрэгтэйн шийдвэрт хэрхэн нөлөөлж байна гэж та нар бодож байна вэ? Хэдэн залуу эрэгтэйг санваарын хүч, эрх мэдэл өөрсдөд нь ямар утга учиртай талаар хуваалцахыг сонссоныхоо дараа бүлгийн гишүүдийг өөрт төрсөн сэтгэгдэл, бодол санаагаа хуваалцахад урь.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Хэнри Б.Айринг, “Бэлтгэл санваар,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 59–62
-
Гари Э.Стивэнсон, “Таны санваарын тоглолтын схем,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 47–50
-
“Aaronic Priesthood Shining Forth” (видео), Gospel Library
-
Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2011), 89–98