Номын сан
Адам, Ева хоёрын уналт


“Адам, Ева хоёрын уналт,” Сэдэв ба асуулт (2023)

Адам, Ева хоёр

Сайн мэдээг судлах удирдамж

Адам, Ева хоёрын уналт

Адам, Ева хоёрын зөрчлийн улмаас нүгэл, үхэл дэлхийд ирсэн

Хэдийгээр Адам, Ева хоёрын тухай Библийн түүхийг олон хүн мэддэг ч үүнийг ихэнхдээ буруугаар ойлгодог. Өнөө үед сэргээгдсэн судрын үнэнүүд Едений цэцэрлэг дэх нөхцөл байдлыг мөн анхны эцэг эхийг маань цэцэрлэгээс хөөгдөхөд хүргэсэн сонголтыг илүү сайн ойлгоход тусалдаг. Энэ үйл явдлыг Уналт гэж нэрлэдэг бөгөөд үр дагавар нь Бурханы бүх хүүхдэд нөлөөлжээ.

Адам, Ева хоёрын уналт Тэнгэрлэг Эцэгийн хувьд гэнэтийн зүйл байсангүй. Уналт нь Өөрийн хүүхдүүдийг аварч, өргөмжлөх Бурханы төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг юм. Уналт тохиосны дараа Адам, Ева хоёр мөнх бус болж, хүүхэдтэй болох чадвартай болсон ч нүгэл, үхэлд захирагдах болжээ.

Уналтаас болж бүх амьд биет зовлон зүдгүүр, өвчин эмгэг, үхэлд захирагддаг болсон. Энэхүү эсрэг тэсрэг байдал нь Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний нэгэн хэсэг бөгөөд бидний сурч боловсрох, өсөж хөгжих, баяр баясгаланг мэдрэх чадварт нөлөөлдөг. Уналтын үр дагавраас гэтэлгэхийн тулд Тэнгэрлэг Эцэг бидэнд Аврагч Есүс Христийг өгсөн юм. Христ дэлхийг болон түүн дээрх бүхнийг Уналтын үр дагавраас гэтэлгэх хүчтэй.

Адам, Ева хоёрын уналт гэж юу вэ?

Адам, Ева хоёрын уналт гэдэг нь үхэлд захирагдаж, Бурханы оршихуйгаас тусгаарлагдахад хүргэсэн, Бурханы хуулийг зөрчих сонголтыг хэлнэ. Уналт нь бие махбодын болон сүнсний үхлийг дэлхийд авчирсан. Зөвхөн Уналтын дараа Адам, Ева хоёр хүүхэдтэй болох боломжтой байсан тул энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зайлшгүй нэгэн хэсэг байсан юм. Тиймээс Уналт нь Бурханд “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) боломжийг олгожээ.

Сэдвийн тойм: Адам, Ева хоёрын уналт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Сонгох эрх, Есүс Христийн Цагаатгал, Бүтээлт, Мөнх бус амьдрал, Авралын төлөвлөгөө

1-р хэсэг

Адам, Ева хоёр сонгох эрхээ эдэлсэн

Санаа зовсон харагдаж буй Адам, Ева хоёр

Адам, Ева хоёр бол дэлхий дээр ирсэн Бурханы анхны хүүхдүүд байлаа. Тэд Едений цэцэрлэгт гэм зэмгүй гэнэн байдалтай амьдарч байсан бөгөөд улмаар тэд хүүхэдгүй, баяр баясал үгүй, зовлонг мэдэхгүй байх байв (2 Нифай 2:23-ыг үзнэ үү). Уг цэцэрлэгт амьдралын болон сайн муугийн мэдлэгийн гэх хоёр нэн чухал мод байв (Мосе 3:9-ийг үзнэ үү). Бурхан Адам, Ева хоёрт сайн, муугийн мэдлэгийн модны жимсийг идэхгүй байхыг зарлиглажээ (Мосе 3:17-г үзнэ үү). Хэрэв уг зарлигийг дагасан бол тэд цэцэрлэгт үлдэх байв. Харин жимснээс нь хүртвэл тэд үхэх байлаа.

Бурхан мөн тэдэнд ёс суртахууны сонгох эрх буюу сонгох хүч байгааг онцолжээ (Мосе 3:16–17-г үзнэ үү). Сатан Адам, Ева хоёрыг жимснээс хүрт гэж уруу татахаар ирэв. Тэд үхэхгүй, харин Тэнгэрлэг Эцэг шиг мэргэн болно гэж тэр хэлжээ (Мосе 4:10–11-ийг үзнэ үү). Адам, Ева хоёр жимснээс хүртэхийг сонгоход нүд нь нээгдэж, мэдлэгтэй болсон ч сүнслэг үхлийг амсаж, эцэст нь Их Эзэний оршихуйгаас хөөгдсөн юм (Сургаал ба Гэрээ 29:40–41-ийг үзнэ үү). Тэд мөн мөнх бус болж, өвдөлт, өвчин эмгэг, үхэл болон энэхүү унасан ертөнцийн бусад үр дагаврыг үүрэх болсон.

Бодох зүйлс

  • 2 Нифай 2:15–16-г уншина уу. Уналтын нөхцөл байдлын талаар илүү сайн ойлгосноор та сонгох эрхийн талаар юу сурч мэдсэн бэ? Өөрсдийн төлөө мууг бус сайныг сонгохын ач холбогдлын талаар та юу мэдэж авсан бэ? Лихай эдгээр шүлэгт “татагдсан” гэх үгийг ашигласныг анхаар. Өнөөдөр бид сайн, муугийн аль алинд хэрхэн татагддаг вэ? Энэ нь Аврагч хэрэгтэй гэх ойлголтын талаар танд юу зааж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлжээ.

    “Уналт болоогүй байсан бол Адам, Ева хоёр ‘зовлонг мэдээгүйн учир, баяр баясал үгүй, гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан’ (2 Нифай 2:23). Мөнх бус байдалд сөрөг тал байхгүй байсан бол зовлонгүй бас жаргал ч үгүй ‘бүх зүйл нэгэнд нийлэн байх’ (11-р шүлэг) байв. …

    ‘Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө’ [11-р шүлэг] хэмээн Эцэг Лихай заасан.”

    Та Мормоны Номд өгүүлсэн сөрөг тал байх шаардлагатай талаарх ерөнхийлөгч Өүксийн болон Лихайн сургаалаас юу сурч мэдсэн бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христ уналтын үр дагаврыг ялан дийлсэн

Адам, Ева хоёр хургатай хамт

Адам, Ева хоёрын уналт нь Бурхан болон тэдний хооронд тусгаарлалтыг бий болгосон. Үүнийг сүнслэг үхэл гэж нэрлэдэг. Тэдний бие мөнх бус болсон тул бие махбодын үхэлд өртөж, энэ ертөнцийн эсрэг тэсрэг тал гэх нөхцөл байдалд орж, нүгэл үйлдэх боломжтой болсон юм. Сүнслэг болон бие махбодын үхэл, эцсийн эцэст нүгэл нь бүгд Адам, Еваг болон тэдний үр удамд Бурханы оршихуйд эргэн ирэхэд саад болох байв.

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ гэх хязгааргүй хайраараа Аврагчийг өгч, Тэрээр Адам, Ева хоёрт болон бид бүгдэд нүглээ наманчлах боломжийг олгосон юм. Есүс Христ бидний гэм нүглийн төлөөсийг төлөх байлаа. Тэр мөн эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд гээд дэлхийд амьдрахаар ирэх бүх хүний нүглийн зовлон шаналал, гэмтэл, өвчин эмгэг, хохирлыг амсах байв. Тэр бидэнд дахин амьдрах боломжийг олгохын тул амиа өгч, амилах байлаа. Есүс Христийн юутай ч зүйрлэшгүй бэлгээр дамжуулан Бурхан бидэнд нүглээ наманчилж, суралцаж, өсөж хөгжих, эцэст нь Түүнд эргэн ирж хамт амьдрах боломжийг олгосон.

Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхин гарсныхаа дараа сүргийнхээ ууган төлийг Их Эзэнд тахил болгон өргөх зэргээр Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагажээ. Энэ тахил нь Есүс Христ бидний төлөө амиа өгөх болно гэдгийг санахад туслах зорилготой байсныг тэд хожим нь мэдсэн. (Moсe 5:4–8-ыг үзнэ үү.)

Бодох зүйлс

  • Мосе 5:11-ийг унш. Энэ шүлэгт Ева Уналттай холбоотой туршлагаасаа юу сурснаа тоймлосон. Бид Уналтыг дэлхий дээрх шаналал, зовлон зүдгүүрийн оршил гэж хардаг ч тэр эдгээрийг онцгойлон дурдаагүй. Яагаад Ева Уналтын талаар ийн ярих болсон гэж та бодож байна вэ? Бид амьдралынхаа зорилгын талаар Евагаас юу сурч болох вэ?

    Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

    “Есүс Христ энэ унасан ертөнцийг ялж, бидний хүн нэг бүрийн төлөө Цагаатгалыг гүйцэлдүүлсэн учраас гэм нүгэлд нэвчсэн, хувиа хичээсэн, ихэнхдээ хэцүү бэрх байдаг энэ ертөнцийг та нар ч бас ялж чадна.

    Аврагч Өөрийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан бидний хүн нэг бүрийг сул дорой байдал, алдаа, гэм нүглээс гэтэлгэж мөн зовлон шаналал, санаа зовнил, ачаа дарамт бүрийг туулсан учраас хэрэв та үнэхээр наманчилж, Түүний тусламжийг эрэлхийлбэл өнөөгийн аюултай ертөнцийг ялж чадна.”

    Бид энэ унасан мөнх бус дэлхий ертөнцийг хэрхэн ялан дийлж чадах вэ? Аврагч ертөнцийг ялан дийлэхэд тань туслахыг та хэзээ мэдэрч байсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Иохан 3:16-г бүлгээрээ уншаад, гишүүдийг энэ шүлгийг ямар утгатай гэж бодож байгаагаа хуваалцахад урь. Дараа нь бидний Гэтэлгэгчийн хувьд гүйцэтгэдэг Есүс Христийн үүргийг дүрсэлсэн Мосе 5:9-ийг уншина уу. Бүлгийн гишүүдийг эдгээр шүлгээс Бурханы хайрын тухай болон Уналтын үр дагаврыг ялан дийлэх боломжийг олгодог Христийн золиослол болон Амилалтын бэлгийн талаар сурсан зүйлээ хуваалцахад урь.

  • Алма 7:11–13-ыг бүлгээрээ уншаад, энэ унасан дэлхий ертөнц дэх бидний туршлагыг дүрсэлсэн үг бүрийг тэмдэглэ. Жишээлбэл: Та “уруу таталт,” “өвчин” гэсэн үгсийг олж харж магад. Эдгээр үгийг бүлгийн гишүүдэд харагдахаар жагсаан бич. Дараа нь уг судрын хэсгийг дахин уншаад, энэ удаад Христ бидний төлөө юу хийснийг дүрсэлсэн үгсэд анхаарлаа хандуул. Эхний жагсаалтын хажууд тэдгээр үгийг хоёр дахь жагсаалт болгон бич. Энэ дасгал нь Адам, Ева хоёрын уналт болон бидний Аврагч болох Есүс Христийн үүргийн хоорондын уялдаа холбооны талаар танд юу зааж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Адам, Ева хоёрын уналт Бурханы төлөвлөгөөнд амин чухал байсан

Адам, Ева хоёр хүүхдүүдтэйгээ

Адам, Ева хоёрын уналтын улмаас бид бүгд бие махбодтой болж, мөнх бус амьдралын баяр баясгалан, зовлон бэрхшээлийг мэдрэх боломжтой болсон. Бид мөн ёс суртахууны сонгох эрхээ өдөр бүр хэрэгжүүлэх боломжтой. Бид мөнх бус оршихуйн өмнөх амьдралаа санахгүйгээр Бурханаас тусгаарлагдсан тул Есүс Христэд итгэх итгэл, өөрсдийн туршлагаар дамжуулан суралцаж, өсөн хөгжих ёстой.

Энэ бүхэн бидний мөнхийн аз жаргалын төлөө өгсөн Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай. Түүнд эргэн очиж, Түүнтэй адил болохын тулд бид сонгох эрхээ ашиглаж сайныг муугаас сонгох ёстой. Ийн сурч хөгжих явцдаа бид алдаа гаргадаг. Гэвч Есүс Христ болон Түүний Цагаатгал бидэнд нүглээ ялан дийлж, уучлагдан цэвэршигдэх боломжийг олгохын зэрэгцээ хэзээ нэгэн цагт Бурханы оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил болох боломжийг олгодог.

Бодох зүйлс

  • 2 Нифай 2:11, 15-ыг уншаад, Бурханы төлөвлөгөөнд сөрөг талын гүйцэтгэх үүрэгт анхаарлаа хандуул. Та эдгээр шүлгээс сөрөг талын хэрэгцээний талаар юу мэдэж авсан бэ? Сөрөг талын зорилгыг ойлгох нь сорилт бэрхшээлийн талаарх таны бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Уналт нь дэлхий ертөнцөд зовлон зүдгүүр, баяр баясгалангийн аль алиныг авчирсан. 1 Коринт 15:21–22, 2 Нифай 2:19–25-ыг уншаад, Уналтын дараа бүх хүний хүртэх боломжтой болсон адислалуудыг олж мэд. Та эдгээр судраас амьдралын зорилгын талаар юу мэдэж авсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бид орчин үеийн судраас Адам, Ева хоёр өөрсдийн зөрчлийн талаар ямар бодолтой байсныг мэддэг. Мосе 5:10–11-ийг бүлгээрээ уншина уу. 10-р шүлгийг эрэгтэй, 11-р шүлгийг эмэгтэй хүн унших нь үр дүнтэй байж болох ба бүлгийн гишүүдэд Адам, Ева хоёрыг ярьж байгаагаар төсөөлөн бодох нь тус болж болох юм. Эдгээр шүлгийн талаарх сэтгэгдлээ бүлэгтэйгээ хуваалц. Адам, Ева хоёрын Есүс Христэд итгэх итгэл хэрхэн тэдэнд зөрчлийн талаарх үзэл санааг нь бүрдүүлэхэд тусалсан бэ?

  • Юу танд баяр баясгалан авчирдаг вэ? Бүлгийн гишүүдийг энэ асуултад хариулсан хариултаа хуваалцахад урь. Дараа нь 2 Нифай 2:25-ыг хамтдаа унш. Лихай яагаад хүүдээ “баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” гэж заасан гэж та бодож байна вэ? Адам, Ева хоёрын уналт баяр баясгалантай ямар холбоотой вэ? Бүлгийн гишүүдийг бодол санаагаа хуваалцахад урь.

Илүү дэлгэрэнгүй судлах

Адам, Ева хоёрын уналтын талаарх бусад эх сурвалж