“Мөнх бус амьдрал,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Мөнх бус амьдрал
Таны энд байгаа шалтгаан
Ихэнх тохиолдолд амьдрал завгүй байдгаас болж бид энэ бүхний ард ямар агуу зорилго байдаг талаар нухацтай боддоггүй. Бид зүгээр л өдөр өдрийг өнгөрүүлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч бид дотроо “Би яагаад энд байгаа юм бэ?” эсвэл “Амьдралын зорилго юу вэ?” гэсэн асуултад хариулт авахыг хүсдэг.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ таны амьдралыг учир утгатай гэдгийг мөн таныг зорилгоо мэдэх боломжтой гэдгийг баттай тунхагладаг. Энгийнээр хэлбэл, Тэнгэр дэх Эцэг тань танд энэ боломжийг өгсөн бөгөөд та үүнийг баяртайяа хүлээн авсан учраас та энд байгаа юм. Энэ амьдрал дахь таны зорилго бол өсөж хөгжих, Бурханы талаар суралцах, Түүнтэй илүү адил болох, нэгэн өдөр Түүнтэй хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авах явдал юм. Эдгээр үнэний талаарх таны ойлголт амьдралын адислал, сорилт, уй гашуу, баяр баясгаланг хэрхэн үзэх үзэлд тань хүчтэй нөлөөлдөг.
1-р хэсэг
Бие махбодыг хүлээн авах боломж
Бие махбодгүйгээр амьдралаа төсөөлөх хэцүү. Бидний мэддэг, мэдэрсэн зүйлсийн ихэнх нь бие махбодын мэдрэхүйгээр маань дамжин ирдэг. Гэхдээ та бол зөвхөн бие махбодоос бүрдээгүй юм. Төрөхөөс тань бүр өмнө байсан сүнс танд бий. Сүнсний тань Эцэг болох Бурхан танд мөнх бус амьдралыг өөрөө туулж мэдэрч, Түүнтэй илүү адил болон өсөж хөгжихөд туслах зорилгоор энэ бие махбодыг бэлэг болгон өгсөн. Бие махбодыг хүлээн авч, дэлхий дээр мөнх бус амьдралыг үзэж туулах нь таны мөнхийн аз жаргалын төлөө өгсөн Түүний төлөвлөгөөний чухал хэсэг юм.
Бодох зүйлс
-
Бурхан бие махбодынхоо талаар юуг ойлгохыг биднээс хүсдэг вэ? Эхлэл 1:26–27; Мосе 2:27; 1 Коринт 6:19–20. Таны бие махбодын талаарх Бурханы үзэл дэлхийнхнээс харж, сонсдог мэдээллүүдээс юугаараа ялгаатай байна вэ? Өөрийн биеийг Түүний адил харах нь таны бие махбодтой холбоотой сонголтод хэрхэн нөлөөлөх вэ?
-
“God’s Greatest Creation” (2:51) видеог үзэх эсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Your Body: A Magnificent Gift to Cherish” нийтлэлийг унших талаар бодож үз. Бие махбод гэх бэлгийн талаар юу мэдэрдгээ бичиж тэмдэглэ. Энэ бэлэгт талархаж байгаагаа илэрхийлэхийн тулд та юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимолд “Таны бие махбод бол ариун нандин юм” (22–29-р хуудас) гэх бүлэг бий. Та нар үүнийг хамтдаа уншин, хааяа түр зогсоод, “Энэ нь таны хувьд юу гэсэн үг вэ?” эсвэл “Эдгээр зарчим бидний бие махбодтой холбоотой сонголтод хэрхэн нөлөөлөх вэ?” гэхчлэн асууж болох юм.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123–127
-
Дийтр Ф.Угдорф, “Та нарын гэртээ харих гайхамшигт аялал,” , 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147–152
-
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 211–213)
2-р хэсэг
Өөрсдийгөө бэлтгэх, хэн гэдгээ батлах цаг
Хэрэв та сургуульд сурч байсан бол шалгалт эсвэл сорилго өгөхөд ямар байдгийг мэдэх байх. Шалгалт нь танд сурсан зүйлээ харуулах боломжийг олгодог. Ингэснээр та дараагийн анги эсвэл курс руу орж, илүү ихийг сурч мэдэх боломжтой болно.
Амьдрал зарим талаараа шалгалт эсвэл сорилготой адил. Бидний үзэж туулсан зүйлс мөн тэдгээрийн хариуд гаргасан үйлдлүүд бидэнд “Их Эзэн … [бидэнд] зарлиглах бүх зүйл юу ч байсан [бид] хийх нь үү” (Абрахам 3:25) гэдгээ харуулах боломжийг олгодог. Гэхдээ ихэнх сургуулийн шалгалтуудаас ялгаатай нь амьдралын сорилго нь зөвхөн үнэлгээ өгөх цаг биш юм. Энэ нь бас байгаагаасаа өөрчлөгдөх үйл явц юм. Есүс Христийн Цагаатгалын ачаар та наманчлалаар дамжуулан алдаагаа засаж, аажим аажмаар Бурхантай илүү адил болж чадна. Хэрэв бид дэлхий дээрх цагаа Христэд хандаж Түүний сайн мэдээг хүлээн авахад зарцуулбал Тэрээр бидний мөнх бус амьдралдаа туулдаг зовлон шаналал, харамсмаар туршлагуудыг мөнх амьдралд бэлтгэх бэлтгэл болгон хувиргаж өгч чадна (Ром 8:28-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Хэрэв хэн нэгэн танаас “Амьдралын зорилго юу вэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? Дараах судрын хэсгүүд хэрхэн уг асуултад хариулахад туслах талаар бодож үз. Үүнд: Алма 12:24; 34:31–37; Сургаал ба Гэрээ 84:43–48. Та “Бурхантай уулзахад” хэрхэн бэлддэг вэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Энэ амьдрал нь та нарын хувьд ямар амьдралаар мөнхөд амьдрахаа шийдэх цаг мөч гэдгийг ойлгож байгаа эсэхэд санаа тавих явдал юм.” гэж хэлжээ. Өөрөөсөө “Би ямар амьдралаар үүрд амьдрахыг хүсэж байна вэ? Энэ зорилгод хүргэх ямар сонголтуудыг би хийж байна вэ? Ямар нэгэн зүйлийг өөрчлөх шаардлага надад байна уу? Тэдгээр өөрчлөлтийг хийхдээ би үүнд туслах Аврагчийн хүчийг хэрхэн хүлээн авч болох вэ?” гэж асуу.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
“The Challenge to Become” видеон дээр ерөнхийлөгч Даллин Х.Өүкс баян эцгийн тухай сургаалт зүйрлэлийг хуваалцсан. Энэхүү сургаалт зүйрлэл нь Тэнгэрлэг Эцэгийн мөнх бус амьдралыг бидэнд зориулсан зорилгын талаар ярилцахад түлхэц өгч болох юм. Та эцэг эхчүүд хүүхдүүддээ ирээдүйдээ бэлтгэхэд нь хэрхэн тусалдаг арга замуудын талаар ярьж болно. Тэнгэрлэг Эцэг танд өгөхийг хүсдэг ирээдүйн мөнхийн адислалуудыг хүлээн авахад таныг хэрхэн бэлтгэж байна вэ? Та нар мөнх амьдралд бэлтгэхэд тань тусалж буй туршлага, сонголтоо бие биетэйгээ хуваалцаж болох юм.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дэвид А.Бэднар, “Үүгээр бид тэднийг нотлох болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5–8
3-р хэсэг
Есүс Христ дотор баяр баясгаланг мэдрэх арга зам
Бошиглогч Лихай амьдралын зорилгыг “баясгалантай байж болохын тулд хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) хэмээн нэгэн богино өгүүлбэрт хураангуйлсан байдаг. Гэхдээ Лихайн амьдрал ч гэсэн амар хялбар байгаагүй. Түүнд санаа зовох, гашуудан харамсах зүйл байсан. Тэр амиа аврахын тулд гэрээсээ зугтаж, хоёр ч хүү нь түүний эсрэг тэрсэлсэн. Амьдралын зорилгын талаарх Лихайн тайлбарын тухай ерөнхийлөгч Нэлсон ийн хэлсэн байдаг. “Төсөөлөөд үз дээ! Мөнх бус дэлхий дээрх бидний амьдралын мөн чанар, зорилгыг дүрсэлж болох байсан бүх үгээс тэрээр баяр баясгалан гэдэг үгийг сонгож авчээ!” Мөнх бус амьдралтай холбоотой бүхий л сорилт бэрхшээл, хүнд хүчир хөдөлмөрийг бодож үзсэн ч эцсийн эцэст бидний Эцэг Өөрт нь байгаа баяр баясгаланг биднийг хүлээн аваасай хэмээн үнэхээр хүсдэг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй.
Бодох зүйлс
-
Бид бүхэнд тохиодог баяр баясгалангүй өдрүүдэд Еврей 4:14–16 зэрэг судрууд бидэнд тусална. Та эдгээр шүлгээс Аврагчийн талаар юу мэдэж авсан бэ? Юу Түүнд “хэрэгцээтэй цагт туслах” эрхийг олгодог вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Д.Toдд Кристоффэрсон, “Гэгээнтнүүдийн баяр баясгалан,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14–18