Сайн мэдээг судлах удирдамж
Мөнх амьдрал
Бурхантай хамт амьдарч, Түүнтэй адил болох
Тэнгэрлэг эцэг эхийн охин эсвэл хүүгийн хувьд танд тэнгэрлэг чадавх, хувь заяа бий. Та мөнхийн мөн чанараа таньж мэдсэнээр Бурхан танаас ирэх амьдралд бэлтгээсэй гэж хүсэж байгааг ухаарах болно. Есүс Христ үхлийг ялсан тул бидний хүн нэг бүр амилуулагдан, дараагийн амьдралдаа үхэшгүй мөнх байдлыг хүлээн авах юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг дагаж, наманчилж, Өөртэй нь гэрээ байгуулж, сахихыг эрэлхийлдэг хүмүүст илүү их зүйлийг бэлдсэн байдаг. Бурхан Эцэг хүүхдүүддээ Өөртэй нь адил болж, Өөрийнх нь оршихуйд дахин амьдрах боломжийг олгодог (Мозая 2:41-ийг үзнэ үү). Үүнийг сударт “өргөмжлөл,” “мөнх амьдрал” гэж нэрлэдэг. Мөнх амьдрал бол Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь бөгөөд авралын төлөвлөгөөний үндсэн зорилго юм (Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү). Бурханы үйлддэг бүх зүйл хүүхдүүдээ мөнх амьдралыг хүлээн авахад бэлтгэхэд оршино (Мосе 1:39-ийг үзнэ үү).
1-р хэсэг
Бурханы төлөвлөгөө танд өргөмжлөл, мөнх амьдралыг олж авахад тусална
Та хэзээ ч өргөмжлөгдөхүйц сайн байж чадахгүй юм байна гэж бодож байсан уу? Бид бүгдээрээ хичээсэн ч Есүс Христийг төгс дагаж чаддаггүй. Тийм байлаа ч Тэнгэрлэг Эцэг биднийг мөнх бус амьдралдаа сорилт бэрхшээлтэй тулгарч, урам хугарах зүйл болно гэдгийг мэдэж байсан. Шинэ Гэрээ бидэнд “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16) хэмээн заадаг. Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор илгээсэн учраас бидний аврал, өргөмжлөлд зориулсан Түүний төлөвлөгөө бодитоор хэрэгждэг гэдэгт бид итгэж болно. Бид мөнх амьдралыг өөрсдийн хүчээр авдаггүй, авч ч чадахгүй. Бидэнд Есүс Христ хэрэгтэй бөгөөд Түүнд итгэх итгэл, наманчлалаар болон гэрээ байгуулж, сахих хичээл зүтгэлээрээ бид өөрсдийгөө өргөмжлөлийг хүлээн авахад бэлтгэдэг (Сургаал ба Гэрээ 59:23; Мосе 6:59–60-ыг үзнэ үү).
Бурханы хүүхдүүдийн хувьд бидэнд өсөн дэвжиж, Түүнтэй адил болох чадавх, боломж бий (Матай 5:48; 2 Петр 1:2–4; 1 Иохан 3:1–2-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг биднийг нэгэн өдөр “Христтэй хамт өв залгамжлагчид” (Ром 8:17) болж, Эцэг Бурханд байгаа бүхнийг хүлээн авч чадна хэмээн амласан (Сургаал ба Гэрээ 84:36–38-ыг үзнэ үү). Мөнх амьдралын бэлэг нь Бурханы оршихуйд амьдарч, гэр бүлээрээ үргэлжлүүлэн амьдрах адислалыг агуулдаг (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
“Гэгээнтнүүд ээ, урагш яв” дууны үгийг сонс эсвэл унш. Энэ үеэр төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэ. Мөнх амьдралыг олж авах нь таны бодсоноос амархан мэт санагдаж байна уу? 2 Нифай 31:20-ийг уншина уу. “Найдварын төгс гэрэлтэйгээр” урагш тэмүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Хойшлуулах эсвэл залхуурснаар хүсээгүй үр дүнд хүргэх нөхцөл байдлын жагсаалт гарга. Алма 34:32–34-ийг хамтдаа уншаад, наманчлалаа яагаад хойшлуулж эсвэл залхуурч болохгүйг ойлгоход тусалдаг үнэнүүдийн талаар ярилц. Энэ амьдрал яагаад дараагийн амьдралдаа бэлтгэх цаг үе юм бэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Russell M. Nelson, “Salvation and Exaltation,” Liahona, May 2008, 7–10
-
Жэффри Р.Холланд, “Бүү ай: Гагцхүү итгэ!,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34–36
-
Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2011), 1–8
-
Рандалл К.Бэннэтт, “Мөнх амьдралыг сонго,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 116–118
-
Gospel Topics Essays, “Becoming Like God,” Gospel Library
2-р хэсэг
Бурхан хүүхдүүддээ зориулан алдар суугийн өөр өөр хаант улсыг бэлдсэн
Есүс дараагийн амьдралд өөр өөр шагнал байдаг тухай “Миний Эцэгийн гэрт олон харш бий” хэмээн заасан (Иохан 14:2–3-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит тэнгэр дэх алдар суугийн гурван зэрэглэл буюу хаант улсын тухай үзэгдэл харсан (Сургаал ба Гэрээ 76:50–98-ыг үзнэ үү). Тэдгээр нь селестиел, террестриел, телестиел хаант улсууд юм. Энэ бүгдийг Есүс Христийн цагаатгагч золиослолоор дамжуулан бид өвлөн авах боломжтой болсон (Сургаал ба Гэрээ 76:40–43-ыг үзнэ үү). Иосеф хэзээ нэгэн цагт өвлөн авах хаант улс маань Есүс Христийг хэр сайн дагаснаас шалтгаална гэдгийг мэджээ. Селестиел хаант улс нь хамгийн дээд алдар суу бөгөөд Бурханы оршдог газар юм (Сургаал ба Гэрээ 76:62-ыг үзнэ үү). Есүс Христийн сайн мэдээ нь селестиел хаант улсын алдар сууд бэлтгэж, хүлээн авахад бидэнд туслах замыг тодорхойлсон байдаг.
Бодох зүйлс
-
1832 онд бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр алдар суугийн хаант улсуудын талаар үзэгдэл харсан (Сургаал ба Гэрээ 76:11–24-ийг үзнэ үү). Тухайлбал: Селестиел хаант улс (50–70, 92–96-р шүлгийг үзнэ үү), террестриел хаант улс 71–80, 91, 97-р шүлгийг үзнэ үү), телестиел хаант улс (81–90, 98–106, 109–112-р шүлгийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр алдар суугийн өөр өөр хаант улсыг бэлтгэснээс бид юу мэдэж авч болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
Бүлгийн гишүүдийг “Сэдэв ба асуулт” хэсэг дээрх “Алдар суугийн хаант улсууд” гэсэн товч нийтлэлийг уншихад урь. Хаант улсуудын зарим ялгааг хамтдаа ярилц. Энэ амьдралд Есүс Христийг дагах хүсэл, гаргах хичээл зүтгэл маань бидний мөнхийн шагналд хэрхэн нөлөөлөх вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Коринт 15:40–42; 3 Нифай 15:9–10; Сургаал ба Гэрээ 59:23; 88:15–28; 137
-
Рассэлл M.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107–110
-
Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2011], 217–225
-
Church History Topics, “The Vision (D&C 76),” Gospel Library