“Гэрээ ба ёслол,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Гэрээ ба ёслол
Зайлшгүй чухал гэрээ, ёслолууд нь бидэнд өргөмжлөл болон мөнх амьдрал руу хөтөлдөг замаар урагшлахад тусалдаг.
Өнөөгийн технологийн тусламжтайгаар бид хүссэн газраа очих дэлгэрэнгүй заавар, газрын зургийг хялбархан олох боломжтой. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бол энэ амьдралд утга учрыг, ирэх дэлхийд мөнх амийг олох бидний газрын зураг, дэлгэрэнгүй заавар юм. Биднийг Христийг дагаж сайн мэдээний дагуу амьдрахыг сонгох үед Бурхан бидэнд Түүнтэй холбогдож мөнх амьдрал тийш хөтлөх зам дагуу чиглүүлдэг аврал, өргөмжлөлийн ариун нандин гэрээ, ёслолуудыг санал болгодог.
1-р хэсэг
Гэрээний зам таныг мөнх амьдрал өөд хөтөлдөг
Та амьдралаа Бурхан руу буцаж очих аялал гээд төсөөлөх юм бол бидний байгуулдаг гэрээ, хүлээн авдаг ёслолууд нь мөнх амьдрал руу хөтлөх замын дагуу байрлах чиглүүлэх тэмдгүүд юм (Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү). Гэрээ, ёслолууд нь Есүс Христэд ирэхийн тулд хичээл зүтгэл гаргаж буй чухал алхмууд бөгөөд Түүний тусламжтайгаар та энэ зам дээр ахиц гаргаж чадна (2 Нифай 9:41-ийг үзнэ үү). Их Эзэний Сүмд бид заримдаа үүнийг Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахтай зүйрлэсэн “гэрээний зам” хэмээх үгээр нэрлэдэг. Сайн мэдээг зам гэж харах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт мөнх амьдрал өөд явах үедээ гэрээ байгуулах, сахих, ёслолуудыг хүлээн авахын ач холбогдлыг онцолдог.
Гэрээний зам дээр үлдэх нь танд аюулгүй байдал, амар амгалан, мөнхийн баяр баясгаланг өгнө. Энэ нь хүнд хэцүү үед танд хүч чадал өгнө. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Эдүгээ Сүмийн гишүүн бүрд би гэрээний зам дээр үлдээрэй хэмээн хэлмээр байна. Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно” хэмээн амласан.
Бодох зүйлс
-
Амилсан Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд цугларсан хүмүүсийг Өөр дээрээ ирэхэд урьсан (3 Нифай 11:14 –17-г үзнэ үү). “Covenants and Ordinances” (1:37) видеог үзээд, ахлагч Дэвид А.Бэднар Есүс Христэд ирэхэд гэрээ болон ёслолууд хэрхэн тусалдаг талаар юу зааж байгааг олж сонсоорой. Зохистойгоор Бурхантай гэрээ байгуулж, Түүний ёслолуудыг хүлээн авдаг хүмүүст ямар адислалууд ирдэг вэ?
-
Бошиглогч Лихай амьдралын мод руу хөтлөх замыг харсан зүүдээ бичиж үлдээжээ. 1 Нифай 8:19–24, 30-ийг уншина уу. Гэрээний зам дээр үлдэхийн ач холбогдлын талаар бид энэ судрын хэсгээс юу сурч болох вэ? Та гэрээний зам дээр үлдэхийн тулд амьдралдаа ямар хүчин чармайлт гаргасан бэ? Бурханы зам дээр үргэлжлүүлэн төвлөрөхөд наманчлал хэрхэн тусалж чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Гэрээ байгуулагчид нь Ариун Сүнсний бэлгээр дамжуулан гэрээгээ сахигчид болох тэнгэрлэг тусламжийг олж авч чадна. “The Covenant Path” (2:30) видеог үзнэ үү. Энэ видеон дээр ахлагч Д.Тодд Кристоффэрсоны онцолсон, гэрээгээ сахих арга замуудын талаар ярилц. Гэрээний зам дээрээ үргэлжлүүлэн явснаар ямар адислалууд ирдэг вэ?
-
Бүлгийн гишүүдээрээ “Ёслол болон гэрээнүүд яагаад чухал вэ?” нийтлэлийг судлуулах талаар бодож үз. Гэрээний зам дээр гарч, цааш үргэлжлүүлэхийн тулд гаргаж буй бидний хүчин чармайлтад Их Эзэний өргөө ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг олж мэдэхэд бүлгийн гишүүдийг урь.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
2 Нифай 31:17–20; 33:9; Хиламан 3:27–30; Сургаал ба Гэрээ 84:20–21; Итгэлийн тунхаг 1:3
-
Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.3.2, 3.5.1, 3.5.2, Gospel Library
-
Д.Тодд Кристоффэрсон, “Яагаад гэрээний зам гэж?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 120–123.
-
Randy D. Funk, “Covenants, Ordinance and Blessings,” Liahona, Sept. 2021, 30–35
-
“Why Ordinances and Covenants Matter,” ChurchofJesusChrist.org.
2-р хэсэг
Бурхан таныг гэрээгээр дамжуулан Есүс Христтэй өөрийгөө холбоход урьдаг
Ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих нь таныг Их Эзэн Есүс Христтэй холбодог (Сургаал ба Гэрээ 35:24-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бурхантай гэрээний харилцаанд орох нь биднийг Түүнтэй холбож, амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог. Намайг буруугаар битгий ойлгоорой. Би гэрээ байгуулах нь амьдралыг хялбар болгодог гэсэн утгаар хэлсэнгүй. Гэхдээ Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг” хэмээн тайлбарласан.
Есүс Христийн сайн мэдээний бүх зүйл нь Түүнийг дагаж, Түүнтэй адилхан болоход таныг бэлтгэхийн тулд загварчлагдсан. Ахлагч Дэвид А.Бэднар: “Гэрээ, ёслолууд нь биднийг амьдралаа ‘Гэтэлгэгчийн хад’ [Хиламан 5:12] болон Түүний Цагаатгал дээр барьж босгоход ашигладаг барилгын хавтангууд юм” гэж хэлсэн байдаг. Та гэрээнүүдээ сахих замаар эцсээ хүртэл тэвчихийг эрэлхийлснээр Есүс Христийн санал болгосон аврал, гэтэлгэлийг хүртэх болно (Омнай 1:26-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Бидний хүлээн авдаг ёслолууд өөр өөр ч бүгд бидэнд Есүс Христтэй ойртож Түүний хүчийг олж авахад тусалдгаараа нийтлэг нэг юм. Сүмийн зарим санваарын ёслол биднийг Есүс Христтэй ойртуулахад тусалдаг ч авралд болон мөнх амьдралд нэн чухалд тооцогддоггүй (хүүхдүүдэд нэр өгөх, адислах, тосыг ариулан адислах, булшийг онцгойлон адислах гэх мэт).
Харин зарим ёслол (баптисм, гишүүний баталгаа, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эрчүүдийн хувьд Мелкизедек санваарт томилогдох, ариун сүмийн хишиг, нөхөр, эхнэртэйгээ лацдан холбуулах) бидний аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай. Эдгээр амин чухал ёслол болон холбогдох гэрээнүүдийн талаар суралцах нь гэрээний зам дээр гаргаж буй ахиц дэвшлээ хэмжихэд тань хэрхэн туслах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Хуучин Гэрээний бошиглогч Абрахам Бурхантай гэрээ байгуулж сахихын гайхалтай үлгэр жишээг үзүүлдэг. “Elder Nelson Talks about Covenants” (4:45) видеог үзээд, Бурханы Абрахамд амласан адислалуудыг олж мэд. Тэдгээр амлагдсан адислалаас алиныг нь өнөө үеийн Сүмийн гишүүд хүртэх боломжтой вэ? Тэдгээр гэрээний адислал нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Нифай 17:40; Алма 13:16; 3 Нифай 20:24–26; Сургаал ба Гэрээ 43:9; 82:15
-
Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 95–98
-
Дэвид А.Бэднар, “Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой,” Лиахона, 2022 оны 5-р сар, 14–16
-
David A. Bednar, “Bound to the Savior through Covenants,” For the Strength of Youth, Feb. 2022, 3–5
-
Дэйл Г.Рэнланд, “Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь,” Лиахона, 2023 оны 5-р сар, 35–37