Номын сан
Ариун Сүнсний бэлэг


“Ариун Сүнсний бэлэг,” Сэдэв ба асуулт (2023)

Үүлэн чөлөөнөөр тусах нарны туяа

Сайн мэдээг судлах удирдамж

Ариун Сүнсний бэлэг

Бурхан тэргүүтний гишүүнийг байнгын хамтрагчаа болгох

Та Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бүхий л талаар адислагдсанаа бодож үзэж байсан уу? Бурханы бүх хүүхэд Есүс Христ болон Түүний сайн мэдээ рүү хөтлөх Ариун Сүнсний нөлөөг мэдрэх боломжтой. Гэхдээ Ариун Сүнсний бэлэг нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлалаар дамжуулан баптисм хүртэх замаар Есүс Христтэй гэрээ байгуулдаг хүмүүст зориулагдсан. Энэхүү бэлэг нь Бурхан тэргүүтний гишүүн болох Ариун Сүнстэй байнга нөхөрлөж чадна гэсэн амлалт юм. Энэ нь нүдэнд харагддаггүй төдийгүй энгийн бэлэг биш ч таныг зөв шударга амьдралаараа дамжуулан үүнийг хүлээн авахаар сонгох үед үүний хүчийг үгүйсгэхийн аргагүй. Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан хүмүүс нүглээсээ цэвэршигдэж, хувийн илчлэлт хүлээн авч, “Сүнсний бэлгүүд” гэгдэх адислалуудыг хүртдэг.

Ариун Сүнсний бэлэг гэж юу вэ?

Гишүүнээр батлах санваарын ёслолыг тухайн хүнд усанд умбуулан баптисм хүртээсний дараа үйлддэг. Уг ёслолыг Мелкизедек санваар атгасан хүн гараа толгой дээр нь тавих замаар гүйцэтгэдэг. Энэ ёслолын үеэр Ариун Сүнсний бэлгийг өгдөг юм. Ариун Сүнс бол Бурхан тэргүүтний гишүүн бөгөөд зарлигуудыг сахиж, Түүнийг амьдралдаа урин авчрахыг эрмэлздэг хүмүүсийн байнгын хамтрагч юм.

Сэдвийн тойм: Ариун Сүнс

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Ариун Сүнс, Гэрээ ба ёслолууд, Хувийн илчлэл, Сүнсний бэлгүүд

1-р хэсэг

“Ариун Сүнсийг хүлээн авна уу”

Адислал авч байгаа эмэгтэй

Хэн нэгнийг Сүмийн гишүүнээр баталж байх үед түүнд “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлдэг. Ариун Сүнсний бэлгийг хэнд ч албадан өгдөггүй. Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахаар урих нь гишүүдийн өөрсдийнх нь үүрэг болдог (Сургаал ба Гэрээ 88:33-ыг үзнэ үү). Ахлагч Бэднарын хэлснээр: “Бид бүгд энэхүү эрхэм ариун ёслолыг хүлээн авч, үүнтэй холбоотой үүрэг хариуцлагыг биелүүлэх, бүтээлчээр эрж хайх, хөдөлмөрлөх хүсэлтэй байснаараа үнэхээр ‘Ариун Сүнсийг хүлээн авч,’ үүний бэлгүүдийг хүртэн амьдарч чадна.”

Есүс “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” (Иохан 3:5) гэж Никодемд заасан. Тиймээс Их Эзэн таныг усаар баптисм хүртэхээс гадна “Сүнснээс төрсөн” (6-р шүлэг) байхыг хүсдэг. Энэ нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, “галын мөн Ариун Сүнсний баптисм”-ыг хүртэх үед тохиодог (2 Нифай 31:13–14-ийг үзнэ үү). Гал бол цэвэршигдэхийн бэлгэдэл юм. Энэхүү ариусгагч хүч нүглийн ангижралыг авчирдаг (2 Нифай 31:17; 3 Нифай 12:1–2-ыг үзнэ үү). Баптисм хүртсэнийхээ дараа Сүмийн гишүүд галан баптисмыг аажим аажмаар (3 Нифай 9:20-ийг үзнэ үү) эсвэл шууд (Мозая 4:2–3-ыг үзнэ үү) мэдэрч болох юм.

Бодох зүйлс

  • Амилсан Есүс Христ дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байх хүмүүст тохинуулж байхдаа, арван хоёр шавьдаа Ариун Сүнсийг өгөх хүчийг өгсөн (3 Нифай 18:36–37-г үзнэ үү). Хүмүүст энэ бэлгийн талаар заасан бөгөөд тэд “хамгийн их хүссэн түүнийхээ төлөө залбирав; мөн Ариун Сүнс өөрсдөд нь өгөгдөхийг тэд хүсэв” (3 Нифай 19:9). Та Ариун Сүнсний бэлгийн талаар мэдэрсэн мэдрэмжээ хэрхэн тайлбарлах вэ?

  • Бошиглогч Иосеф Смит: “Усаар хүртээх баптисм нь галан баптисм болон үүнд байдаг Ариун Сүнсгүйгээр ашиггүй юм; эдгээр нь зайлшгүй чухал бөгөөд хоорондоо салшгүй холбоотой” хэмээн заасан. “The Baptism of Fire”-ыг (1:41) үзэх нь “Галан болон Ариун Сүнсний баптисм”-ын утга агуулгыг илүү сайн ойлгоход танд тусална. Видеон дээрх ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгэнд үндэслэн та “галан баптисм”-ын утга агуулгыг хэрхэн тайлбарлах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байж чадна

Скэйтборд барьсан хөвгүүд

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Бидэнд мөн та бүхэнд Ариун Сүнстэй байнга нөхөрлөх хэрэгтэй байх болно. Бид энэ нөхөрлөлийг хүсдэг ч үүнийг хадгалан үлдэх хэцүү гэдгийг өөрсдийн туршлагаас мэднэ. Бидний хүн нэг бүр өдөр бүр Сүнсийг гомдоох зүйлсийг бодож, хэлж, хийдэг. Бидний зүрх сэтгэл энэрлээр дүүрч, бодол санааг маань ариун журам зогсолтгүй чимэн гоёсон үед Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх болно гэж Их Эзэн заасан (С ба Г 121:45-ыг үзнэ үү)”. Та Ариун Сүнсний нөхөрлөлийг хөгжүүлэхийг эрэлхийлэхдээ амьдралдаа юуг өөрчлөх хэрэгтэйгээ мэдэрнэ.

Бодох зүйлс

  • Ариун ёслолын залбирлууд бол Ариун Сүнс үргэлж бидэнтэй хамт байж чадна гэдгийн хүчирхэг сануулга юм (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү). Та өөрийгөө ариун ёслолд зохистойгоор бэлтгэж, үүнээс хүртсэнээр Сүнсний нөхөрлөлийг урьдаг. Түүний байнгын оршихуйд зохистой байхыг хичээснээр таны амьдрал хэрхэн адислагдсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг уншиж, ярилцах талаар бодож үз. “Мормон өөрийн туршлагаас ‘найдвар хийгээд төгс хайраар дүүргэх Тайтгаруулагчийн айлчлал нь ирдэг, залбирал дахь хичээл зүтгэлийн учир бүх гэгээнтнүүд Бурхантай хамт орших эцсийг ирэх хүртэл тэрхүү хайр үл цөхрөх болно” (Моро. 8:26) гэх үгийн үнэнийг маш сайн мэддэг байсан гэж би боддог. Хэдийгээр бид дэлхийнхний дунд заримдаа ганцаардаж болох ч ганцаардах шаардлагагүй. Учир нь Их Эзэн бидэнтэй хамт алхах Ариун Сүнсийг хамтрагч болгон өгсөн юм.” Та бошиглогч Мормонд түүний тодорхойлсон адислалууд яагаад хэрэгтэй байсан талаар ярилцаж болно. Ариун Сүнс хэзээ танд амар амгаланг өгч, тусламжийн гараа сунгаж байсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Би Ариун Сүнсийг мэдэрч байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Инээмсэглэж буй хүн

Та өөрийн тань мэдэхгүй хэлээр ярьдаг хүнтэй харилцах гэж оролдож байсан уу? Хэн нэгнийг Сүнсийг мэдэрч байна гэж хэлэхэд ийн мэдрэх нь ямар байдгийг мэдэхгүй байх нь яг л үүнтэй адил бухимдахад хүргэдэг. Үүнээс санаа зовох хэрэггүй. Учир нь бид Сүнсийг янз бүрээр мэдэрдэг. Ариун Сүнс тантай хэрхэн харилцаж байгааг таньж, ойлгож сурахад цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана. Бошиглогч Елиа Сүнсийг “намуухан хүнгэнэх дуутай” зүйрлэж болохыг мэдсэн (1 Хаад 19:11–12-ыг үзнэ үү). Заримдаа Ариун Сүнс итгэл найдвар, баяр баясгалан гэх мэдрэмжээр илэрдэг (Ром 15:13-ыг үзнэ үү). Ариун Сүнс нь бидний хувьд үнэнийг сурч мэдэх чухал арга зам юм (Иохан 14:26; Моронай 10:5-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Сүмийн зарим гишүүн Сүнсийг хэрхэн мэдэрдгийг олж мэдэхийн тулд “Feeling the Holy Ghost: Power of the Holy Spirit” (3:17) видеог үзнэ үү. Ариун Сүнс тантай ямар ямар арга замаар харилцаж байсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж байхдаа Ариун Сүнсийг заримдаа “шатаж буй” мэдрэмжээр ялган таньж болно гэдгийг мэдэж авчээ (Сургаал ба Гэрээ 9:8–9-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:1–2; 11:11–14-ийг уншаад, Ариун Сүнс бидэнтэй харьцдаг нийтлэг арга замуудын талаар хамтдаа ярилцахыг бод. Шатаж буй мэдрэмж нь Сүнсийг мэдрэх цорын ганц арга зам биш юм гэдгийг санах нь яагаад чухал талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

Ариун Сүнсний бэлгийн талаарх бусад эх сурвалж

Эх сурвалж

  1. Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104–107.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 89.

  3. Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–100.

  4. Gordon B. Hinckley, “Living with Our Convictions,” Ensign, Sept. 2001, 5.