“Ариун ёслол,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Ариун ёслол
Биднийг Есүс Христэд илүү ойртуулдаг ариун нандин ёслол
Ариун ёслол таны хувьд ямар утга учиртай вэ? Долоо хоног бүр энэхүү ариун нандин ёслолд оролцох нь үүний утгыг ойлгохыг эрэлхийлэх үед сүнслэг байдлын хувьд таны амьдралын чухал үйл явдал болж чадна. Есүс загалмайд цовдлогдохоосоо өмнөхөн Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр шавь нараа цуглуулсан юм. Тэрээр мөнх бус амьдрал нь төгсөх гэж байгааг мөн шавь нараа орхино гэдгээ мэдэж байв. Тэр тэднийг Өөрийнх нь сургаалыг санахыг хүссэн. Тэр үед Есүс шавь нартаа талх, дарс өгөөд, Өөрийнх нь бие болон цусыг дурсан санаж хүртэх ёстойг тайлбарлав.
Ариун ёслолын утга учир, зорилгыг судлахыг хичээх нь Түүний таны төлөө хийсэн бүхэнд гүн талархаж буйгаа мэдрэхэд тань тусална.
1-р хэсэг
Ариун ёслол бидэнд Есүс Христийг санахад тусалдаг
Есүс 5000 хүнийг гайхамшигтайгаар хооллосныхоо маргааш нь номлож, “Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна” (Иохан 6:54) хэмээн заасан. Тухайн үед энэ үгс Түүний шавь нарыг гайхшируулсан байх. Гэхдээ дараа нь Их Эзэн сүүлчийн зоогийн үеэр шавь нартаа ариун ёслолыг танилцуулахад үүний утга илүү тодорхой болсон.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд та долоо хоног бүр ариун ёслолд оролцох боломжтой. Талх, уснаас хүртэх нь Бурханы бүх хүүхдэд харамгүй зориулсан Есүс Христийн бие махбод, цусыг санахад тусалдаг.
Бодох зүйлс
-
Есүс Христ Иерусалим дахь шавь нартаа (Матай 26:26–28; Марк 14:22–24; Лук 22:19–20) болон нифайчуудад (3 Нифай 18-ыг үзнэ үү) ариун ёслолыг танилцуулсан судрын түүхийг унш. Та нар эдгээр судрын хэсгээс ариун ёслолын талаар юу сурсан бэ? Мөн Иосеф Смитийн Орчуулга, Матай 26:22, 24–25 болон Иосеф Смитийн Орчуулга, Марк 14:20–25 дахь түүхүүдийг унших нь тус болж болох юм.
-
Moсe 5:4–8-ыг уншина уу. Эрт дээр үед Бурхан хүүхдүүддээ Бурханы Хурга болох Есүс Христийн золиослолыг төлөөлөн эсвэл адилтган амьтнаар тахил өргөхийг зарлиглажээ. Ариун ёслол нь юугаараа Хуучин Гэрээний үеийн тахилтай адил зорилготой вэ? (Мөн Сургаал ба Гэрээ 59:9–12-ыг үзнэ үү.)
-
Их Эзэн ариун ёслолыг гүйцэтгэдэг зорилгоо санаж л байвал ариун ёслолд юу идэж, уух нь хамаагүй хэмээн Иосеф Смитэд хэлжээ (Сургаал ба Гэрээ 27:1–2-ыг үзнэ үү). Ариун ёслолд бэлгэ тэмдэг болгон ашигладаг зүйл маань яагаад бидэнд дурсан санахад тусалдаг зүйлээс чухал биш болохыг бодож үз.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
“Sacrament” (2:59) эсвэл “Always Remember Him” (5:27) видеог хамтдаа үзэхийг бод. Та нар Есүс Христийг болон Түүний цагаатгагч золиослолыг санахын тулд гаргаж буй хичээл зүтгэл тань таны мэдрэмж, үйлдэлд хэрхэн нөлөөлж болох талаар ярилцаж болно. Та ариун ёслолын цуглааны үеэр болон ариун ёслолоос хүртэж байхдаа Есүс Христэд илүү анхаарал хандуулахын тулд юу хийж болох вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Жэффри Р.Холланд, “Бурханы Хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–53.
2-р хэсэг
Ариун ёслолоос зохистойгоор хүртэхэд бэлтгэх нь адислалуудыг авчирдаг
Заримдаа та Их Эзэний зорьсон ёсоор энэхүү ариун ёслолыг хүлээн авч мэдрэхээ умартаж, ариун ёслолын цагийг зүгээр сууж өнгөрүүлж байгаагаа анзаарсан байж магад. Гэхдээ ариун ёслолд бэлдэж, зохистойгоор хүртэх гэсэн таны хичээл зүтгэл баялаг адислалаас хүртэх эрхийг өгч болох юм.
Ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарлажээ. “Ариун ёслол нь чин сэтгэлээсээ наманчилж, сүнсээрээ шинэчлэгдэхэд урьсан эрхэм нандин бөгөөд олон дахин давтагддаг урилга юм. Ариун ёслолоос хүртэх нь өөрөө нүглийг цэвэршүүлдэггүй. Харин биднийг энэхүү ариун нандин ёслолд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг. Мөн байнгын хамтрагч болох Ариун Сүнсний ариусгагч хүчээр бид нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна.”
Бодох зүйлс
-
1 Коринт 11:23–29-ийг уншина уу Хүн ариун ёслолоос хүртэхдээ “өөрийгөө шалга” гэдэг нь ямар утгатай вэ? Ариун ёслолыг зохих ёсоор хүлээн авахад бэлтгэх нь яагаад чухал вэ?
-
“Алс ногоон толгой” эсвэл “Даруухнаар би” зэрэг ариун ёслолын дууллын үгийг сонс эсвэл унш. Ариун ёслолын дууллын үгсийг тунгаан бодох нь хэрхэн ариун ёслолд талархах талархлыг тань нэмэгдүүлэх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сургаал ба Гэрээ 20:75–79 дээрх ариун ёслолын залбирлыг уншина уу. Бүлгийнхнийхээ зарим хүнийг ариун ёслолоос хүртэх үед бидэнд юу гэж амладаг, харин заримыг нь Их Эзэн хариуд нь юу хийхээр амладгийг олж мэдэхэд урь. Та мөн бүлгийнхнийг Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, ариун ёслолын үеэр өгдөг амлалтууд болон баптисм хүртэхэд байгуулдаг гэрээ хоорондын ижил төстэй зүйлсийн талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Жэффри Р.Холланд, “Бурханы Хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–53
-
Кэвин В.Пийрсон, “Та бэлэн хэвээр байна уу?,” Лиахона, 2022 оны 11-р сар, 67–69
-
Питэр Ф.Мөрс, “Ариун ёслол ариун болоход маань тусалж чадна,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–77