Номын сан
Ач ивээл


“Ач ивээл,” Сэдэв ба асуулт (2023)

Христ эмэгтэйчүүдийг тайтгаруулж байгаа нь

Сайн мэдээг судлах удирдамж

Ач ивээл

Бурханы хайрын бэлэг, нигүүлсэл, тусламж

Бурхан Өөрийн хүүхэд бүрийг болон таныг хайрладаг бөгөөд санаа тавьдаг. Тэрээр “ач ивээл” гэж сударт нэрлэдэг бурханлаг тусламж, дэмжлэгийг бидний дээр нигүүлсэнгүйгээр хүртээдэг. Бурханы ач ивээл Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон юм. Бид бүгд Бурханы зарлигуудыг хангалттай сайн дагаж чаддаггүй учраас Түүний ач ивээлийн бэлгээс өөрсдөө авч, хүртэж чаддаггүй. Харин ач ивээлийг Тэнгэрлэг Эцэг үнэ төлбөргүй өгдөг ба энэ нь бидэнд баялаг адислалуудыг хүлээн авах боломжийг олгодог. Та Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хичээснээр Түүний ач ивээл, сайн сайхны олон жишээг амьдралдаа олж харах болно.

Ач ивээл гэж юу вэ?

Ач ивээл бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авдаг тэнгэрлэг тусламж, хүч чадлын бэлэг юм. Судруудад ач ивээлийг ихэвчлэн Түүний нигүүлсэл, хайраар дамжуулан ирдэг сүнслэг эдгэрэлт, боломж олгох хүч гэж дурддаг. Бурханы бүх адислал, нигүүлсэл Есүс Христийн ач ивээлээр дамжин бидэнд ирдэг.

Сэдвийн тойм: Ач ивээл

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христ, Есүс Христийн Цагаатгал, Аврал, Есүс Христэд итгэх итгэл, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

1-р хэсэг

Та амьдралдаа Бурханы ач ивээлийг олж харснаар Түүний харамгүй их хайрыг мэдрэх болно

Ариун сүмийн ойролцоо алхаж буй өсвөр үеийнхэн

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэдэг бол Тэднийг танд хайртай болохоор таны төлөө ямар их зүйл хийснийг ухаарч эхэлдэг. Бид бурханлаг эх сурвалжийг ялган таньсан эсэхээс үл хамааран Бурханаас олон адислал хүлээн авдаг. Зарим адислал нь Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг сахиж, нүглээ наманчилж, Түүнд даруухнаар хандан чин сэтгэлээсээ залбирч өөрт хэрэгтэй зүйлээ гуйдаг хүмүүст өгөгддөг. Гэсэн хэдий ч бидний хэн нь ч Бурханы тусламж, удирдамжийг худалдан авч чадахгүй (Ром 3:23–24; Мозая 2:20–21-ийг үзнэ үү). Бүх тэнгэрлэг адислал Бурханы ач ивээлээр өгөгддөг.

Тэнгэрлэг ач ивээлийг ойлгох нь Бурханы тусламжийг өдөр бүр эрэлхийлэх итгэлийг өгнө. Учир нь Тэр нигүүлсэнгүй бөгөөд таны төлөө тэнгэрлэг хүчийг ашиглахад бэлэн байдаг (Еврей 4:14–16; Моронай 8:3-ыг үзнэ үү). Есүс Христийн мөнх бус амьдрал бол Тэнгэрлэг Эцэгийн ач ивээлээр дамжуулан сүнслэгээр өсөн хөгжиж, адислалуудыг бүрэн дүүрэн хүлээн авдгийн жишээ юм (Сургаал ба Гэрээ 93:12–13-ыг үзнэ үү). Есүс Христ таныг Өөрт нь болон Бурхан Эцэгт ирж, бүрэн байдлаар адислагдаж, Тэдний адил алдаршуулагдахын тулд ач ивээлийг нь хүлээн авахад урьдаг (Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Нифай “[Их Эзэний] ач ивээлд бодгаль минь баяснам” (2 Нифай 11:5) хэмээн тунхагласан. Бурханы ач ивээл гэдэг нь таны хувьд юу вэ? Бурханы ач ивээлийн талаарх өөрийн мэдрэмжийг дүрслэхдээ Нифай яагаад баясах гэдэг үгийг хэрэглэсэн гэж та бодож байна вэ?

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Бурханы ач ивээлийн өөр нэг хэсэг бол дан ганц өөрсдийн хүчээр хэзээ ч хийж чадахгүй зүйлсийг хийж гүйцэтгэхэд туслах Бурханы хүч чадлын адислалыг бидний дээр юүлэх цонхыг нээх явдал юм” гэж заасан. Бурханы тантай хуваалцахыг хүсдэг тэнгэрлэг хүч, чадлын адислалуудыг хүлээн авахын тулд та ямар алхам хийж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн гишүүдээ Ифер 12:27-г уншихад урь. Бурханы хүүхдүүдэд ихэвчлэн байдаг сул дорой байдлын жишээнүүдийг авч хэлэлц. Бурханы ач ивээлийн тэнгэрлэг хүчээр хүнд тохиолдож болох өөрчлөлтийн талаар ярилц. Оролцогчдыг Бурханы ач ивээлийн хүчийг мэдэрсэн үеэ санахад урь. Тэднийг зохих туршлагаа хуваалцахад урь.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Та Есүс Христийн ач ивээлээр аврагдсан

Христ эмэгтэйн хажууд өвдөглөн суусан байгаа нь

Бошиглогч Лихай: “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүй” (2 Нифай 2:8) хэмээн тайлбарлажээ. Бурханы хайрын хамгийн том илрэл бол Есүс Христийн Цагаатгал, тэр дундаа Түүний Амилалт юм. Есүс Христийн ач ивээлээр өргөсөн тэрхүү золиосын ачаар Тэр биднийг зуурдын үхлээс аварч, бидний хүн нэг бүрд нүглээ наманчилж өршөөлийг олох замыг нээж өгсөн.

Бурхан хэнийг ч Өөрийн ач ивээлийг хүлээн авч, Түүний оршихуйд буцаж ирэхийг албаддаггүй. Тэр биднээс “Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүл, харин чөтгөрийн болон биеийн таалалд бус; … энэ нь зөвхөн Бурханы ач ивээлээр [бид] аврагдана (2 Нифай 10:24)” гэж хүсдэг. Түүний даруухан дагалдагчдын хувьд бид итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авч, Түүний зарлигуудыг дагахыг хичээснээр Есүс Христэд ирдэг. Ингэснээр бид Түүний ач ивээл биднийг авардаг гэдгийг ухаарахын зэрэгцээ чадах бүхнээ хийх хүсэлтэй байгаагаа харуулдаг (2 Нифай 25:23-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • 2 Нифай 25:23-ыг уншаад, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг тунгаан бод.

    “Бид чадах бүх зүйлийнхээ ‘учраас’ аврагдахгүй билээ. Бид бүгд чадах бүх зүйлээ хийсэн үү? …

    Аврагчийн нигүүлсэл бидэнд нүглийг ялан дийлэх боломжийг олгодог гэдгийг Нифай мэдэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Тийм ч учраас Нифай өөрийн үр хүүхэд, ах дүү нарт ‘Христэд итгэж’ мөн Бурханд нийцсэн байхыг ойлгуулахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн юм [2 Нифай 25:23].

    Эцэст нь хэлэхэд, энэ бол бидний хийж чадах зүйл! Түүнчлэн энэ бол бидний мөнх бус амьдралдаа хийж гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар мөн!”

    Ач ивээлийг олж авдаг зүйл биш харин бэлэг гэж үзэх нь яагаад чухал вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ач ивээлийн талаар ахлагч Дийтр Ф.Угдорфын ярьсан “Saved by Grace” (1:41) видеог үзнэ үү. Бидний авралд зориулсан Бурханы төлөвлөгөөнд хувийн хариуцлага ямар чухал талаар хамтдаа ярилц. Хэрэв бид Бурханы ач ивээлээр аврагдах юм бол яагаад наманчлах хэрэгтэй гэж?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Ач ивээл нь Бурханыг болон бусдыг хайрлаж бас үйлчлэх хүчийг танд өгдөг

Хоолоор үйлчилж буй хүн

Библийн толь бичигт “Хувь хүмүүс Их Эзэний ач ивээлээр болон Есүс Христийн Цагаатгалд итгэх, нүглээ наманчлах зэргээр дамжуулан хүч чадалтай болж, хэрвээ өөрсдийнхөө чадалд найдан үлдсэн бол хийж чадахааргүй сайн үйлсийг хийхдээ тусламж авдаг (“Ач ивээл”) гэжээ.

Есүс Христийн дагалдагчдын хувьд та “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) хэмээн хэлсэн төлөөлөгч Паулын адил Бурханд болон бусдад үйлчлэхдээ тэнгэрлэг тусламжийг хүлээн авч чадна. Биднийг Бурханы хаант улсад үйлчлэхээр дуудагдах үед Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд биднийг ач ивээлээр хангаж, уг ажилд тохирохуйц болгодог (Алма 26:11–13-ыг үзнэ үү). Ач ивээлийн бэлэг нь мөн хувь хүмүүст амьдралын сорилтуудыг даван туулах нэмэлт хүчийг өгдөг (Мозая 24:14–15; Алма 31:30–35, 38-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Мод эсвэл бутнаас жижиг мөчрийг нь тасалсан гэж төсөөл. Мөчрийг модноос нь салгасны дараа юу болохыг бодож үз. Иохан 15:1–11-ийг унш. Есүс шавь нартаа Бурханы хүүхдүүдэд өгдөг хүчнийхээ талаар юуг ойлгуулахыг хүссэн бэ? Бусдад үйлчлэх хичээл зүтгэлд тань ач ивээл таныг хэрхэн хүчирхэгжүүлж болохыг ойлгоход энэ зарчим хэрхэн туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • The Atonement Enables Us” (2:18) видеог үзнэ үү. Сайн үйлс хийх бидний хичээл зүтгэлд Бурханы ач ивээл хэрхэн нөлөөлөх талаар хамтдаа ярилц. Бид бусдад үйлчилж, тохинуулахыг эрэлхийлэх үедээ Их Эзэний ач ивээлийн төлөө залбирах нь яагаад чухал вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах