Номын сан
Есүс Христийн Цагаатгал


Гетсеманийн цэцэрлэг

Сайн мэдээг судлах удирдамж

Есүс Христийн Цагаатгал

Бидний Аврагчийн золиослол ба Тэнгэрлэг Эцэг рүү эргэж очих цорын ганц зам

Хэрэв та хайртай хүнээсээ хэзээ нэгэн цагт салж байсан бол Бурхан Эцэг яагаад биднийг эргэн ирж Түүнтэй хамт үүрд мөнх амьдрахыг хүсдэгийг бага ч гэсэн ойлгох байх. Бурхан биднийг хайрладаг бөгөөд Тэр Өөрийн Хүү Есүс Христийг бидний Аврагч болгон илгээсэн. Есүс биднийг Бурханд эргүүлэн авчрахаар дэлхий дээр ирсэн.

Есүс Өөрийн зовлон зүдгүүр, золиослолоор буюу сударт нэрлэгддэг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан үүнийг гүйцэлдүүлсэн юм. Есүс Цагаатгалаараа дамжуулан өвчин шаналал, зовлон бэрхшээл, түүнчлэн бие махбодын болон сүнслэг үхэл гээд Адамын Уналтын бүх үр дагаврыг ялан дийлсэн. Тэр бидэнд Бурханы оршихуйд эргэж очих төдийгүй Түүнтэй адил болох замыг бэлтгэсэн юм. Энэ утгаараа Есүс биднийг Тэнгэр дэх Эцэгтэй маань урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ойртуулж чадна.

Есүс Христийн Цагаатгалтай холбоотой үйл явдлуудыг судлахын тулд “Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал” сэдвийг судал.

Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?

Аврагчийн Цагаатгал нь Түүний Гетсемани дахь болон загалмай дээрх зовлон шаналал, үхэл, Амилалтаас бүрддэг. Энэхүү зовлон зүдгүүрээр дамжуулан Есүс Христ бидний бүх зовлон шаналал, уй гашуу, нүгэл, үхлийг Өөр дээрээ авч, Бурханы оршихуйд эргэн очиж, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгосон.

Сэдвийн тойм: Есүс Христийн Цагаатгал

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христ, Адам, Ева хоёрын Уналт, Есүс Христийн мөнх бус амьдрал, Аврал, Авралын төлөвлөгөө

1-р хэсэг

Бидэнд Аврагч—Есүс Христ хэрэгтэй

Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан хэрхэн биднийг авардгийг ойлгохын тулд бид яагаад аврагдах ёстойг эргэцүүлэн бодох нь тустай. Есүс биднийг юунаас аварсан бэ? Өөрөөр хэлбэл, юу биднийг Бурханаас тусгаарладаг вэ?

Бурхан бол төгс, бүхнийг чадагч, үхэшгүй мөнх юм. Бид төгс бус, сул дорой, үхэлд захирагддаг. Энэ нь зарим талаар бидний гэм нүгэл, буруу сонголтын үр дагавар юм. Гэхдээ энэ нь мөн унасан дэлхий ертөнцөд амьдарч байгаагийн үр дүн. (Энэ сэдвийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Адам, Ева хоёрын уналт”-ыг үзнэ үү. Уналтыг судлах нь Есүс Христийн Цагаатгалын зорилго, хэрэгцээг илүү бүрэн дүүрэн ойлгоход танд тусална.)

Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан биднийг нүглээс цэвэрлэж, үхлээс амилуулж чадна. Тэр бидэнд “өөрсдийнхөөс [маань] хавьгүй илүү хүч чадл[ыг]” өгч чадна. Дэлхийг бүтээхээс өмнө Бурхан Есүс Христийг бидний Аврагчаар сонгосон (Мосе 4:1–2; Абрахам 3:26–27-г үзнэ үү). Үнэндээ Тэр бол бидний Аврагч байж чадах цорын ганц нэгэн байв.

Бодох зүйлс

  • Хэрэв хэн нэгэн танаас “Яагаад надад Аврагч хэрэгтэй вэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ? гэх захиасандаа энэ асуултад хэрхэн хариулсныг уншаад, Есүс Христ таны төлөө юу хийсэн талаар төрсөн мэдрэмжээ бичих талаар бодож үз.

  • Бошиглогч Лихай бид зөвхөн Есүс Христийн “сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр” (2 Нифай 2:8) Бурхантай хамт оршиж чадахыг заасан. Тэдгээр сайн үйл нь юу болох талаар та бодож байсан уу? Есүс Христийн ямар зан чанар Түүнийг бидний Аврагч байж чадах цорын ганц нэгэн болгодог вэ? Дараах судрын хэсгүүдийг уншиж байхдаа тунгаан бод. Үүнд: Еврей 4:15; 2 Нифай 2:6–9; Сургаал ба Гэрээ 20:21–25.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бидэнд Аврагч ямар их хэрэгтэйг харуулах үзүүлэнт хичээл заах нь тус болж магад. Жишээлбэл: Та баахан бэрхшээл, саадаар дүүрэн замыг харуулаад, үүнийг бидний амьдралтай харьцуулж болно. Эсвэл тусламж хэрэгтэй байсан үеэ юм уу аюулд орох үед таныг аврах хэн нэгэн хэрэгтэй байсан туршлагаа хуваалцаж болох юм. (“Шударга ёс, хайр, энэрэл нигүүлсэл хамтдаа” [5:36] видеонд тохирох жишээг өгсөн байдаг.) Энэ нь аврагдахын тулд яагаад бидэнд Есүс Христ хэрэгтэй вэ гэсэн асуултын талаар яриа өрнүүлэхэд хөтөлж магад.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христ бидний төлөө үхлийг ялан дийлсэн

Тэр амилсан

Дэлхий дээрх хүн бүрд тохиох нэгэн нийтлэг зүйл бол: Эцэст нь бид бүгд үхнэ. Тэрээр эх Мариагаасаа үхэх чадварыг өвлөн авсан. Гэвч Бурханы Хүүгийн хувьд Тэр бас үхлийг ялан дийлэх хүчтэй байсан. Тэр үхэгсдээс амилсан бөгөөд үүнийг хийснээрээ бид бүгдийг барьж байсан үхлийн гинжийг тасдсан юм. Тэр амилсан учраас бид бүгд бас амилуулагдаж, үхэшгүй мөнх болно (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Энэ бол бидний алдаршсан, үхэшгүй мөнх биетэй Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох нэг арга зам юм.

Бодох зүйлс

  • Мормоны Номын Амюлекийн амилуулалтын тухай сургаал Зиезромын амьдралыг өөрчилсөн. Алма 11:42–46-г уншаад, Амюлек түүнд юу хэлснийг мэдэж авч, эдгээр үнэнийг ойлгох нь таны амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар тунгаан бод.

  • Gospel Library-д Христийн амилсны баярын видеонуудын цуглуулга байгаа ба тэдгээрт Есүс Христийн Амилалт, Түүний бидэнд өгдөг итгэл найдвар, баяр баясгалангийн тухай заадаг. Тэдгээр видеоноос нэгийг эсвэл хэд хэдийг үзэхийг бодоорой. Тэдгээр видеог үзэж байх үед Есүс Христийн талаар ямар бодол санаа танд төрж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Олон бошиглогч үхлийн “хатгуур”-ын тухай ярьсан байдаг (1 Коринт 15:55–57; Мозая 16:7–8; Алма 22:14; Мормон 7:5-ыг үзнэ үү). Бидний хайртай хүнийг үхэхэд яагаад биднийг “хатгадаг” вэ? Есүс Христэд итгэх итгэл тань хэрхэн үхлийн хатгуурыг зөөллөдөг тухай ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Есүс Христ бидний төлөө үхлийг ялан дийлсэн

загалмай

Бидний ихэнх нь сайн хүн байхыг хичээдэг. Харин ийн хичээхдээ бид бүгдээрээ хийх ёсгүй зүйлээ хийдэг. Бид бүгд нүгэл үйлддэг бөгөөд энэ нь биднийг Бурханы оршихуйн ариун, цэвэр байдалд оршин суух боломжгүй болгодог. Ийн байх нь шударга бус юм (Алма 42:12–15-ыг үзнэ үү). Гэхдээ Бурхан биднийг Өөрийнх нь оршихуйд үүрд мөнх амьдраасай хэмээн хүсдэг тул тэдгээр нүглийг Есүс Христэд үүрүүлэхээр Түүнийг илгээн, нүглийн үр дагаврыг даван гарах арга замыг нигүүлсэнгүй бэлдсэн. Тиймээс чин сэтгэлээсээ наманчилсан бүхэн өршөөгдөж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэн очих боломжтой.

Бодох зүйлс

  • Бурханы төлөвлөгөө хэрхэн Есүст бидний нүглийн шийтгэлийг төлөх боломжтой болгодог вэ? Энэ асуултыг бодонгоо Алма 42:9–27-г судлахыг бод. Танд ямар бодол санаа, сүнслэг сэтгэгдэл төрж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Биднийг нүглээс аврах Есүс Христийн хүчийг гэрчилдэг хэд хэдэн дуулал бий. Ялангуяа ариун ёслолын дууллууд үүнийг гэрчилдэг (Жишээлбэл: “Даруухнаар би эсвэл “Би гайхширна-ыг үзнэ үү). Та нар хэдэн дуртай дууллаа хамтдаа дуулж эсвэл сонсож болох юм. Тэдгээр дуулалд Аврагчид болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг тань бэхжүүлэх ямар үг хэллэг байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

4-р хэсэг

Есүс Христ биднийг ойлгодог ба бидэнд тусалж чадна

Тунгаан бодож буй охин

Таны туршлага, тэр тусмаа туулж өнгөрүүлсэн хамгийн хүнд хэцүү зүйлүүд тань зөвхөн таных. Өөр хүмүүс адилхан зүйлийг туулсан байж болох ч таны сэтгэл санааг маш сайн мэддэг ганц л хүн бий. Есүс Христ “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” туулсан. Тэрээр “өөрийн хүмүүсийн шаналал ба өвчнүүдийг” (Алма 7:11) Өөр дээрээ авсан. Тэр яагаад тийн авсан юм бол? Тэр “бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг [эсвэл туслахыг] мэдэж болохын тулд” (Алма 7:12) авсан юм. Ямар ч зовлон зүдгүүрийг амсаж байсан бай, танд хандах, ойлгох, туслах чадвартай, хүч чадалтай хэн нэгэнтэй хамт байлгахын тулд Тэр ийн үйлдсэн (Еврей 4:14–16-г үзнэ үү).

Бодох зүйлс

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Аврагч “амьдрагч бүхний шаналлыг, эр, эм, мөн хүүхэд аль алиныхыг нь” тэвчинэ гэдэг нь юу гэсэн утгатай талаар та бодож байсан уу? (2 Нифай 9:21). Магадгүй та өөрт болон хайртай хүмүүст тань тохиолдож байсан мөн хэн нэгнээс сонсож байсан бие махбодын болон сэтгэлийн зарим зовлон шаналлын талаар бусадтай ярилцаж болох юм. Таны жагсаалт хэзээ ч дуусахгүй байж болох ч хэсэгчилсэн жагсаалт тань хэрхэн Алма 7:11–13-ыг уншихад нөлөөлж байна вэ? Есүс Христ ямар зовлон зүдгүүр үүрснийг мэдэх нь Түүний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах