Номын сан
Есүс Христийн төрөлт


“Есүс Христийн төрөлт,” Сайн мэдээний зарчмууд (2023)

Есүс мэндэлсэн нь

Сайн мэдээг судлах удирдамж

Есүс Христийн төрөлт

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж”

Жил бүр Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг өдрүүд бидэнд Христийн мэндэлсэн түүх үнэндээ ямар чухал болохыг сануулдаг. Хэдийгээр бид Есүсийн төрсөн нөхцөл байдлын талаар төдийлөн сайн мэдэхгүй ч Бурханы Хүү дэлхий дээр ирснийг гэрчлэх гайхалтай тэмдгүүд, өгөгдсөн гайхамшгууд, үүнийг гэрчилсэн хүмүүсийн талаар мэддэг. Та энэхүү ариун үйл явдлын талаар мэдэхийг эрэлхийлснээр Есүс Христэд талархах талархал, Түүнийг хайрлах хайр тань өсөн нэмэгдэнэ.

Есүс Христийн төрөлт яагаад ийм чухал ач холбогдолтой вэ?

Эртний бошиглогчдын зөгнөснөөр Есүс Христ Иерусалимын ойролцоох Бетлехемд цаг хугацааны голчид төржээ. Есүс бол Тэнгэрлэг Эцэгийн Цорын ганц Хүү байсан. Түүний ээж Иосефтой сүй тавьсан Мариа байв. Гайхамшигт тэмдэг, гайхамшгууд Түүний төрөлтийг дагалдан өгөгдсөн ба эрт дээрээс амласан Мессиа Бурханы хүүхдүүдийг аварч, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгохоор дэлхий дээр ирснийг гэрчилсэн.

Сэдвийн тойм: Есүс Христийн төрөлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж:Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал, Есүс Христ, Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал

1-р хэсэг

Эртний бошиглолуудаас Есүс Христийн төрөлтийн талаар суралцах

Исаиа хуйлмал цаасан дээр бичиж байгаа нь

Адамаас хойших үеийн бошиглогч бүр Есүс Христийг гэрчилж, Мессиа ирж бүх хүн төрөлхтөнд аврал, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгох цагийг тэсэн ядан хүлээж байсан билээ. “Енох Хүний Хүүгийн, бүр махан бодь дахь ирэлтийн өдрийг харав; мөн түүний бодгаль баяса[в]” (Мосе 7:47). Исаиа: “Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж” (Исаиа 9:6) хэмээн бошиглосон. Нифай Мариаг мөн амлагдсан Мессиагийн төрөхийг харсан (1 Нифай 11:13–23-ыг үзнэ үү). Абинадай: “Бурхан Өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирэх болно, мөн Өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно” (Мозая 15:1) хэмээн гэрчилсэн. Та Түүний төрөлтийн талаарх бошиглол, сургаалыг судлахдаа Бурхан Эцэг Өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээх нь амин чухал байсныг ойлгож эхэлнэ.

Бодох зүйлс

  • Бошиглогчид агуу тэмдэг, гайхамшгууд нь Мормоны Номын хүмүүст Есүс Христ төрсний дохио байна гэдгийг гэрчилжээ. Хиламан 14:1–9, 3 Нифай 1:4–22-ыг уншина уу. Яагаад ийм олон хүн бошиглогчдын захиасанд итгэхгүй байсан бэ? Есүс Христ өнөөдөр амьд бөгөөд Бурханы бүх хүүхдэд хайраар тусламжийн мутраа сунгаж байгаагийн ямар нотолгоо танд байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Why We Need a Savior” (2:15) видеог үзнэ үү. “Аврагчгүйгээр амьдрал ямар байх байсан бэ?” гэсэн асуултын талаар хамтдаа ярилц. Та мөн Есүсийн төрсөн тухай мэдээ яагаад дэлхийд агуу баяр баясгалан, амар амгаланг үргэлжид авчрах ёстой талаар ярилцаж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Аврагчийн төрснийг гэрч нар гэрчилсэн

Мариа нялх Есүс Христийг тэвэрч байгаа нь

Есүс Христ төрсөн нь түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсан тул Бурхан энэ үйл явдлыг болохоос өмнө болон болсны дараа гэрчлэх олон гэрчийг бэлджээ. Эдгээр гэрчийн зарим нь тэнгэр элч Габриел (Лук 1:26–33), Мариа (Лук 1:46–49), Мариагийн үеэл Елизабет (Лук 1:41–45), хоньчид (Лук 2:16–17), Симеон (Лук 2:25–33), Анна (Лук 2:36–38), зүүн зүгийн мэргэд (Матай 2:1–2, 9–11) зэрэг болно. 

Бодох зүйлс 

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2020 оны Христийн мэндэлсний баярын захиас “Тэнгэрлэг бэлэг-ийг уншаад, Есүс Христийн төрөлттэй холбоотой зарим чухал бэлэг тэмдгийг хайж ол. Эдгээр тэмдэг Есүс Христийн мөнх бус дэлхий дээрх үйл хэргийн талаар танд юу зааж чадах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • The Christ Child (17:56) видеог хамтдаа үзнэ үү. Дараа нь “Бидний авралд зориулсан Бурханы төлөвлөгөөнд Есүс Христийн төрөлтийн гүйцэтгэдэг чухал үүргийн талаар бодож үзэх үед энэ чухал үйл явдлын талаар танд ямар мэдрэмж төрж байна вэ?” гэх асуултыг ярилц. Хэрвээ та хүүхдүүдтэй хамт сурч байгаа бол тэднийг видеон дээрх таалагдсан үйл явдлаа зурахад урь. Есүс Христийн төрөлтийн талаарх бодлоо хуваалцахад тэднийг урамшуул.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Есүсийн төрөлтийн талаар судлах нь биднийг Түүнд илүү ойртуулна

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийн тайлбарласан. “Томилогдсон гэрч нарын гэрчлэл Есүс Христийн эцэг эхийн талаар эргэлзэх ямар ч орон зай үлдээгээгүй. Бурхан бол Түүний махан биеийн Эцэг бөгөөд мөнх бус эмэгтэй болох Мариа Түүний эх байсан юм. … Тэр бол Иосефын хүү ч биш мөн Ариун Сүнсээр олсон Хүү ч байгаагүй. Тэр бол Мөнхийн Эцэгийн Хүү билээ!”

Есүс Христ бол махан бодийн биед төрсөн цорын ганц Хүү тул Эцэгийн Төрсөн Ганц Хүү гэж нэрлэгддэг (1 Нифай 11:13–22-ыг үзнэ үү). Түүнийг бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгахын тулд Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр ийш илгээсэн (Иохан 3:16–17).

Бодох зүйлс 

  • Хүүхдүүдээ аврах Бурханы төлөвлөгөөнд ямар ч амьтан эсвэл хүний биелүүлж чадахгүй “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол” шаардлагатай байсан. Энэ нь Бурханы Хүүгийн золиос байх ёстой байв. (Aлма 34:9–14-ийг үзнэ үү.) Бурханы төлөвлөгөөнд шаардлагатай байсан “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол”-ыг гүйцэлдүүлэх боломжтой болгосон Есүс Христийн төрөлтийн мөн чанарын талаар бид юу мэдэх вэ? Есүс дэлхий дээрх Тэнгэрлэг Эцэгийн Төрсөн Ганц Хүү болсон үйл явцыг Тэрээр илчлээгүй. Бид зөвхөн сударт хуваалцсан зүйлийг л мэднэ. Жишээлбэл: Матай 1:18–25; Лук 1:26–35; Мозая 15:1–3; мөн Алма 7:9–10.

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “The Wondrous and True Story of Christmas” гэх хэлсэн үгэндээ: “Христийн амилсны баяр байхгүйгээр Христийн мэндэлсний баяр байхгүй байх байсан. Бетлехемийн нялх Есүс Гетсемани болон Калварийн гэтэлгэгч Христгүйгээр мөн Амилуулалтын гайхамшигт ялалтгүйгээр өөр хүү байх байсан. Гэвч хамгийн чухал нь, та нар энэхүү Бурханы Хүүгийн гайхамшигт, сүр жавхлант мөчийг, ядаж ганцхан цаг ч болов чимээгүйхэн бясалгаж, нам гүмхэн бодож өнгөрөөх болтугай.” Бетлехемд болсон үйл явдлыг Гетсемани болон Калварид болсон үйл явдалтай холбох нь яагаад чухал вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа 

  • Олон соёлд Христийн мэндэлсний баярыг уламжлалт ёсоор бэлэг өгч тэмдэглэдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг хэлсэн үгэндээ онцолсон бэлгүүдийн заримыг авч үзнэ үү. “Есүс Христийн өгсөн ямар ямар бэлэг таны амьдралыг өөрчилсөн бэ?” гэж асуу.

Илүү дэлгэрэнгүй судлах 

Есүс Христийн төрөлтийн тухай бусад эх сурвалж

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Тэнгэрлэг бэлэг” (2020 оны 12-р сарын 6-нд болсон Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт), Gospel Library.

  2. Ezra Taft Benson, “Five Marks of the Divinity of Jesus Christ,” Ensign, Dec. 2001, 10–11.

  3. Gordon B. Hinckley, “The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 5.

  4. Рассэлл М.Нэлсон, “Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг” (2018 оны 12-р сарын 2-ны Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт), Gospel Library.