“Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал
“Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү хэмээн нэрлэгдэнэ” (Мозая 3:8)
Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдээс хамгийн агуу нь Түүний Ууган Хүү Есүс Христ юм. Есүсийг мөнх бус байдалд төрөхөөс өмнө агуу Иехова, Төгс Хүчит Их Эзэн гэх мэт олон нэр цолоор нь мэддэг байсан. Бурхан Эцэг Өөрийн Хүүг дэлхий дээр амьдарч, хязгааргүй цагаатгагч золиос болгон Өөрийгөө өгч, бүх хүүхдэд нь гэтэлгэлийг боломжтой болгуулахаар илгээсэн. Есүс Христ мөнх бус амьдралынхаа туршид Өөрийн сайн мэдээг зааж, хүчит гайхамшгуудыг үйлдэж, Сүмээ байгуулжээ. Түүний амьдралын тухай судрын цэдгүүдээс бид Тэрээр Эцэгтээ төгс дуулгавартай байсныг олж мэддэг. Есүс Христ өвдсөн, зовсон хүмүүсийг эдгээж, зүдэрсэн хүмүүст найдвар өгч, наманчлалын ач холбогдлыг зааж, өршөөлийг боломжтой болгосон. Түүний мөнх бус амьдрал Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд дагах төгс үлгэр жишээ болсон.
1-р хэсэг
Есүс Христ үргэлж Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдаж байсан
Есүс Христийн мэндэлсэн явдлыг тойрсон гайхамшигт үйл явдлуудыг судруудад сайтар бичиж баримтжуулсан байдаг (Жишээлбэл: Лук 2:1–19-ийг үзнэ үү). Түүний бага насны тухай “Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан” мөн “Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” (Лук 2:40, 52) хэмээн судруудад өгүүлдэг.
Есүс 12 насандаа Алгасал баярыг тэмдэглэхээр гэр бүлийнхээ хамт Иерусалим руу аялжээ. Мариа, Иосеф хоёр Назар луу буцах замдаа Есүсийг хамт явж байсан гэр бүлийн дунд байхгүйг анзаарав. Эцэст нь тэд Түүнийг Иерусалим дахь ариун сүмд хүмүүст зааж, тэдний асуултад хариулж байхад нь олжээ (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46 [Лук 2:46, зүүлт тайлбар в]-г үзнэ үү). Мариа түүнийг алга болсонд санаа зовсноо хэлэхэд Есүс “Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү? гэв” (Лук 2:49). Есүс өсвөр насандаа ч гэсэн Эцэгийнхээ ажлыг гүйцэлдүүлэхэд анхаарч байлаа.
Есүс мөнх бус амьдралынхаа туршид Бурхан Эцэгийг хайрлаж, Түүнд үйлчилсэн. Тэр: “Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм” (Иохан 6:38) гэж хэлжээ. Есүс Христ бидний хүн нэг бүрийг ийн үйлдэхийг хүсдэг. Тэрээр “тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн” (Maтай 7:21) Бурханы хаант улсад орно гэж амласан.
Бодох зүйлс
-
Иохан 8:25–30-ийг унш. Энд Есүс Христ “Би үргэлж [Эцэгт] тааламжтай зүйлсийг үйлддэг (29-р шүлэг) гэж тайлбарлажээ. Та амьдралдаа Эцэгийн тааллыг илүү сайн ойлгож, дагахын тулд юу хийж чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бүлгийн гишүүдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах үгээс авсан асуултуудыг уншиж, эргэцүүлэн бодоход урь.
“Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?”
Эдгээр асуултын хариулт тань хэрхэн таныг Эцэгийн таалалд үргэлж захирагддаг Аврагчийн үлгэр жишээг дагахад чиглүүлэх вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
“Chapter 24: Reflections on the Mission of Jesus Christ,” Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (2012), 277–284
2-р хэсэг
Есүс Христийн төгс амьдрал бол бүх хүнд зориулсан үлгэр жишээ юм
Олонд тохинуулж эхлэхийнхээ өмнө Есүс Баптисч Иохан дээр ирж, Иордан голд баптисм хүртэв. Хэдийгээр Тэр хэзээ ч нүгэл үйлдэж байгаагүй ч Есүс “бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” тулд баптисм хүртэх хэрэгтэй байсан. Есүсийг уснаас гарч ирэхэд “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэх Бурхан Эцэгийн дуу хоолой сонсогдсон. Тагтааны бэлгэдлээр Ариун Сүнс Есүсийн дээр бууж иржээ. (Матай 3:13–17-г үзнэ үү.)
Есүс Христ төгс амьдралаар амьдарсан. Баптисм хүртсэнийхээ дараа Тэр Бурхантай харилцахын тулд 40 өдөр, 40 шөнө мацаг барьсан юм (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:2 [Матай 4:2, зүүлт тайлбар в]-г үзнэ үү). Дараа нь Сатан Түүнийг уруу татахаар ирсэн ч Есүс Христ сорилтуудад гуйвалгүй бат зогсжээ. Есүс Христийн гэм нүгэлгүй амьдрал Түүнийг Бурханы хүүхдүүдийн бүх нүглийн улмаас Өөрийгөө золиослоход бэлтгэсэн. Бурханы хүүхдүүдийн дундаас цорын ганц төгс амьдралтай нэгний хувьд Есүс Христ бидний хүн нэг бүрд Бурханыг дагах төгс төгөлдөр үлгэр дуурайл болдог (1 Петр 2:21–22-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Матай 4:1–11-ийг, Сатан Есүсийг уруу татахаар хичээх үед юу болсныг дүрсэлсэн Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбарын хамт унш. Та уруу таталтыг даван гарах Христийн жишээнээс юу сурч болох вэ? Мацаг барилт, залбирал, судрын мэдлэг таныг уруу таталтыг даван туулахад ямар арга замаар бэлтгэдэг вэ?
-
Амилсан Есүс Христ ард түмний шүүгч байх үүргийн талаар 12 нифай шавьдаа заажээ. 3 Нифай 27:27-г уншаад, Есүс Христийн шавь нартаа өгсөн зарлигийг олж мэд. Есүс Христийн дагалдагчийн хувьд Түүнтэй адил байх нь яагаад чухал вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бүлгийн гишүүдээсээ яагаад Есүс Христ уруу таталтыг Өөрийн биеэр үзэж туулах шаардлагатай байсан талаар бодохыг хүс. Тэднийг Еврей 2:17–18; 4:15–16-аас хариултаа хайхад урь. Есүс Христ өнөөгийн бидэнд тулгардагтай адил уруу таталттай тулгарч байсан гэдгийг ойлгох нь яагаад бидэнд чухал вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
“Chapter 1: Jesus Christ—Our Only Way to Hope and Joy,” Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 39–48
3-р хэсэг
Есүс бие биеэ хайрлаж, үйлчил хэмээн заасан
Есүс Христ хоёр агуу зарлиг байдаг хэмээн заасан. Энэ хоёр зарлигийн эхнийх нь Бурханаа бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлах, хоёр дахь нь бусдыг өөрийн адил хайрлах явдал юм. (Матай 22:36–39-ийг үзнэ үү.) Есүс эдгээр үнэнийг номлол, сургаалт зүйрлэлээрээ байнга заадаг байв (жишээлбэл: Матай 25:31–46; Лук 10:25–37-г үзнэ үү).
Есүс Христ хэрхэн Бурханыг дагаж, бусдыг хайрлахын үлгэр жишээг үзүүлсээр ирсэн. Тэрээр Бурханы хүүхдүүдийн дунд агуу хүчээрээ тохинуулж, өвчтэйг эдгээж, олон хүчит гайхамшгийг үйлдэж байхдаа бусдыг хайрлах, энэрэх сэтгэлээ харуулсан (Матай 11:4–5; Мозая 3:5–6-г үзнэ үү).
Христ Өөрийн Сүмийг байгуулсан нь мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь нэгэн чухал хэсэг байв. Ингэхдээ Тэр арван хоёр шавиа дуудаж, сайн мэдээг номлох эрх мэдлийг хүлээлгэн өгч, өвчтэйг эдгээх хүчийг тэдэнд өгсөн (Матай 10:1–8-ыг үзнэ үү). Их Эзэнийг үхээд, амилсны дараа Түүний шавь нар наманчлалыг зааж, баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад бусдыг урих замаар үйл хэргийг нь үргэлжлүүлсэн (Үйлс 2:22–24, 37–47-г үзнэ үү). Эдгээх санваарын хүчийг ашиглан тэд бусдад тохинуулж, Есүс Христийн сайн мэдээг номлох боломжтой болгосон (Үйлс 3:1–11-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Хөршөө өөрийн адил хайрлах нь хоёр дахь агуу тушаал юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христийн шавийн хувьд бид бусадтай харьцахдаа, ялангуяа үзэл санаа нийлэхгүй үед хэрхэн харьцахыг үлгэрлэн харуулах ёстой. Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм” хэмээн заасан. Бусдыг хайрлахад хэцүү үед Есүс Христийн үлгэр жишээг санах нь танд хэрхэн туслах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгийг хамтдаа унш.
“Гэхдээ таны бодгалийн шарх хэдий хэр гүн гүнзгий байсан, ямар учир шалтгаантай, хаана эсвэл хэзээ болсон, хэр зэрэг урт эсвэл богино хугацаагаар үргэлжилсэн гэдгээс үл хамааран та сүнслэг байдлын хувьд мөхөх ёсгүй. Бүү бууж өг. Та сүнслэг байдлын хувьд итгэлээрээ болон Бурханд найдах найдвараараа өсөж хөгжихөөр төлөвлөгдсөн.
Бурхан бидний сүнсийг Өөрөөс нь хамааралтай байхаар бүтээгээгүй. Бидний Их Эзэн Аврагч Есүс Христ Цагаатгалынхаа тоо томшгүй бэлгээр дамжуулан биднийг үхлээс аварч, наманчлалаар дамжуулан бидний гэм нүглийг өршөөхийг санал болгодог төдийгүй бидний шархадсан бодгалиудын гуниг хийгээд шаналлаас биднийг аврахад бэлэн зогсож байдаг.”
Аврагчийн эдгээх чадавхын ачаар бидэнд өгөгдсөн хүчний талаар ярилц. Бүлгийн гишүүдийг Есүс Христийн эдгээх хүчийг амьдралдаа мэдэрч байсан туршлагаа хуваалцахад урих талаар бодож үз.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79–83
-
“The Greatest Commandment” (video), Gospel Library
4-р хэсэг
Есүс Христ Бурханы хүүхдүүдийг гэтэлгэхийн тулд амиа өгсөн
Мормоны Номын бошиглогч Абинадай Есүс Христийг тэнгэрээс бууж ирж, доромжлогдон, цээрлүүлэгдэж, хөөгдөн, цовдлогдож, хөнөөгдөх болно гэж бошиглосон байдаг (Мозая 15:1–7-г үзнэ үү). Өнөөгийн дэлхий ертөнцийн хамгийн том хэрэгцээ бол бид бүгдээрээ Их Эзэн Есүс Христийн мөнх бус амьдрал дахь үйл хэргийг мөн Тэр хэрхэн биднийг аврахын тулд зовж шаналан, нүглийн маань төлөөсийг төлснийг ойлгох явдал юм.
Дэлхийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын зарим нь Их Эзэний амьдралын сүүлчийн мөчүүдэд тохиосон. Иудейчүүдийн Алгасал баяр ойртоход Есүс шавь нараа Иерусалимын хэрмийн гаднах Чидун уулын ойролцоох чидуны модны цэцэрлэг Гетсемани руу дагуулан явжээ. Тэнд Есүс Христ залбирч, бидний гэтэлгэлд шаардлагатай бүх зүйлийг Өөр дээрээ авч эхэлсэн юм. Есүс Христ “биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг” мөн “өөрийнхөө хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх тарчлал[ыг]” (Мозая 3:7) амсана гэдгийг Бенжамин хаан бошигложээ. Бид Гетсемани дахь Есүсийн асар их зовлон шаналал, үүний цар хүрээг ойлгож чадахгүй ч тарчлал нь Түүний хөлс “цусны дусал мэт газарт дусл[ахад]” хүргэсэн (Лук 22:44; мөн Сургаал ба Гэрээ 19:18-ыг үзнэ үү).
Дараа нь шавь нарынх нь нэг урваж, Тэрээр баривчлагдаж, доромжлогдон, иудей шашны удирдагчдад хилсээр гүтгүүлсэн билээ. Түүнийг ромчууд барьж, байцааж, зодсон. (Матай 26:47–68; 27:1–31-ийг үзнэ үү.) Цэргүүд Есүс Христийг барьж аваад загалмайд цовдолж, бүр гар, хөлийг нь хүртэл хадсан билээ (Лук 23:33–38-ыг үзнэ үү). Түүнийг дээш өргөн загалмай дээр өлгөх үед бидний гэм нүглийн төлөөх зовлон шаналал нь үргэлжилсээр байлаа. Есүс Христийн Цагаатгалд Гетсеманид болон загалмай дээр төлсөн төлөөс нь багтдаг ба энэ нь гэм нүглээ наманчилдаг бүх хүнд нүглийн үр дагавраа даван гарах боломжийг олгохын тулд юм (Алма 5:48; 3 Нифай 9:22; Сургаал ба Гэрээ 19:17-г үзнэ үү).
Түүнийг нас барсны дараа биеийг нь булшинд тавьжээ (Иохан 19:38–42-ыг үзнэ үү). Цовдлогдоод гурван өдрийн дараа Христ босож, амилсан анхны хүн болсон юм (Матай 28:1–8-ыг үзнэ үү). Олон хүн амилсан Их Эзэнийг харж, гайхамшигт мэдээг гэрчилсэн. Есүс Христ амилсан учраас Бурханы бүх хүүхдийн сүнс биетэйгээ дахин нэгдэж, мөнх амьдралын адислалыг хүлээн авна (1 Коринт 15:21–22; Алма 11:44–45-ыг үзнэ үү). Есүс Христийн мөнх бус амьдралынхаа туршид үзэж туулсан бүхэн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрлах хайрын улмаас юм (1 Нифай 19:9; Сургаал ба Гэрээ 34:3-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Гетсеманид очихынхоо өмнө Есүс Христ шавь нартаа ариун ёслолын ёслолыг танилцуулжээ. Maтай 26:26–30-ийг уншина уу. Та ариун ёслолоос хүртэх үедээ Есүс Христийн амьдрал, Цагаатгалын талаар илүү их эргэцүүлэн бодохын тулд юу хийж болох вэ? Ариун ёслолоос хүртэх бүрдээ Есүс Христийг хайрлах хайраа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах үгийг хамтдаа унш.
“Тэрээр алдар суугаа орхин, Эцэгийн Төрсөн Ганц Хүү болон дэлхий дээр махбодтой болж ирээд, балмадаар доромжлуулж, басамжлуулж, нулимуулж, ташуурдуулсан билээ. Гетсеманийн цэцэрлэгт Аврагч маань бүхий л өвчин, гэм нүглийг мөн та нарын төдийгүй миний, амьдарч байсан эсвээс амьдрах бүгдийн хэзээ нэгэн цагт мэдрэх бүх зовлон зүдгүүр, шаналлыг Өөртөө авсан. Улам бүр шаналган зовоох ачаа дарамтаас болж Түүний сүв бүрээс цус шүүрсэн билээ. Энэ бүх зовлон шаналал Түүнийг Калварийн загалмай дээр харгисаар цовдлох үед улам гаарчээ.
Эдгээр шаналант тохиолдлоор буюу Түүний хэмжээлшгүй Цагаатгалаар дамжуулан Тэр мөнх бус амийг бүгдэд өгч, наманчлах нөхцөлтэйгөөр бидний хүн тус бүрийг гэм нүглийн нөлөөллөөс гэтэлгэсэн юм.”
Есүс Христийн Гетсемани дахь болон загалмай дээрх зовлон шаналал, үхэл, Амилалтын талаар суралцах нь яагаад чухал болохыг бүлгийнхэнтэйгээ ярилц. Есүс Христийн үзэж туулсан бүгдийг илүү сайн ойлгох нь таныг Түүн рүү хэрхэн ойртуулах вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Иохан 6:51; 1 Нифай 11:14–23; Алма 34:7–14; Сургаал ба Гэрээ 88:6
-
Жэффри Р.Холланд, “Загалмайд өргөгдсөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 77–79
-
Роналд А.Расбанд, “Бүхний дээд Бурханд Хосанна,” Лиахона, 2023 оны 5-р сар, 108–111
-
“Why We Need a Savior” (видео), Gospel Library