Бүхний Дээд Бурханд Хосанна
Есүс Христ Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн болон дараагийнх нь долоо хоногт өрнөсөн үйл явдлууд нь өнөөдөр бидний амьдралдаа хэрэгжүүлж болох сургаалыг үлгэрлэн харуулдаг.
Өнөөдөр бид өмнө нь ярьж байсанчлан, энэхүү Далдуу модны ням гарагт дэлхий даяарх Христэд итгэгчидтэй хамт Есүс Христэд хүндэтгэл үзүүлэхээр нэгдэж байна. Бараг 2,000 жилийн тэртээд Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлчийн долоо хоног Далдуу модны ням гарагт эхэлсэн юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал долоо хоног байв.
Есүсийг Иерусалимд сүр жавхлантай орж ирэхэд, хүмүүс амлагдсан Мессиа хэмээн угтаж авснаар эхэлсэн тэр долоо хоног Түүний цовдлолт болон Амилалтаар төгссөн билээ.1 Тэнгэрлэг загварын дагуу, Түүний мөнх бус амьдрал дахь тохинуулал Түүний цагаатгагч золиосоор өндөрлөж, бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнх амьдрах боломжийг олгосон.
Уг долоо хоногийн эхэнд “Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс”2-ийг харахаар үй олон хүн хотын дааман хаалганы дэргэд зогсож байсан тухай сударт өгүүлдэг. Тэд “далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.”3
Эрт дээр үеийн библийн энэ түүх надад Гана улсын Такоради руу Сүмийн томилолтоор явсан үеийг минь санагдуулдаг. Гайхалтай нь, би яг Далдуу модны ням гарагт тэнд байж таарсан юм.
Би Ганын Такоради гадсыг хувааж, Мпинцин гадсыг зохион байгуулахаар тэнд очоод байлаа. Өдгөө Гана улс 100,000 гаруй Сүмийн гишүүнтэй.4 Өнөөдөр энд бидэнтэй хамт буй Гана улсын Аккрагийн эрхэмсэг хаан Ний Такий Тэйко Цуру II-г бид тавтай морилно уу гэж урьж байна. Энэ гэгээнтнүүдтэй уулзахдаа би тэдний Их Эзэнийг хайрлах гүн гүнзгий хайр, итгэл бишрэлийг мэдэрсэн. Би тэдэнд асар их хайртайгаа илэрхийлж, Сүмийн ерөнхийлөгч ч мөн адил тэдэнд хайртай гэдгийг хэлсэн. Мөн би Иоханы гараар бичигдсэн, Аврагчийн “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун”5 гэсэн үгсийг эш татаж ярьсан юм. Тэд чуулганыг “Би танд хайртай”6 гэсэн сэдэвтэй гэж бодоцгоосон байх.
Би Сүмд цугларсан тэдгээр эрхэм ах эгч, тэдний гэр бүлийнхнийг тойруулан харахдаа, тэдний царайнаас Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлийн гэрэл цацарч байхыг олж харсан. Би дэлхий дахиныг хамарсан Түүний Сүмийн нэгэн хэсэг байх гэсэн тэдний хүслийг мэдэрсэн. Бас найрал дуучид яг л тэнгэр элч нар шиг дуулсан юм.
Эрт цагийн Далдуу модны ням гарагт, Иерусалимын дааман хаалганы дэргэд гартаа далдуу модны мөчир бариад, “Хосанна! Эзэний нэрээр Ирэгч … ерөөлтэй еэ”7 хэмээн хашхиралдсан Есүс Христийн шавь нар шиг тэд Түүнд хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байв.
Ойролцоох сүмийн итгэгчид хүртэл Далдуу модны ням гаргийг хүндэтгэж байлаа. Би индэр дээрээс үг хэлж байхдаа, цонхоор тэднийг яг л энэ зураг дээрх шиг далдуу модны мөчрөөр даллан, гудамжаар баяр хөөртэй алхахыг харсан. Тэр өдөр бид бүгдээрээ хаадын Хааныг шүтэн биширч байсан тэрхүү дүр зургийг би хэзээ ч мартахгүй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд Далдуу модны ням гаргийг “үнэхээр ариун болгохын тулд Иерусалимд Есүсийг орж ирэхэд хүндэтгэн даллаж байсан далдуу модыг бус, харин Түүний гарын алгыг дурсан санах” хэрэгтэй гэж зөвлөсөн. Дараа нь тэрээр “‘Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн’ хэмээх Аврагчийн амлалтыг тунхагласан”8 Исаиагаас эш татсан байдаг.
Их Эзэн мөнх бус амьдрал хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэж авсан. Түүний шарх бидэнд Тэр биднийг зовж шаналахад халамжлахын тулд “бүгдээс доош бууж ирсэн,”9 үлгэр жишээ болохын тулд “зам дээрээ зогссон,”10 Түүний зам дээр “Бурхан [бидэнтэй] үүрд мөн мөнхөд хамт байх болно”11 гэдгийг сануулдаг.
Далдуу модны ням гараг бол зүгээр нэг үйл явдал, огноо, цаг хугацаа, газар бүхий түүхийн нэг хуудас байгаагүй. Есүс Христ Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн болон дараагийнх нь долоо хоногт өрнөсөн үйл явдлууд нь өнөөдөр бидний амьдралдаа хэрэгжүүлж болох сургаалыг үлгэрлэн харуулдаг.
Иерусалим дахь сүүлчийн тохинууллаараа заасан Түүний мөнхийн сургаалаас заримыг нь авч үзэцгээе.
Нэгдүгээрт: Бошиглол. Тухайлбал: Хуучин Гэрээний бошиглогч Зехариа Есүс Христийг сүр жавхлантай Иерусалимд орж ирэх тухай бошиглож, Түүнийг илжиг унана гэж хүртэл дүрсэлсэн байдаг.12 Есүс хотод орохоор бэлтгэж байхдаа Өөрийн Амилалтыг ийн зөгнөжээ.
“Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан,
харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.”13
Хоёрдугаарт: Ариун Сүнстэй нөхөрлөх нь. Иосеф Смит “Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч ‘Есүс бол Эзэн’ гэж мэдэж чадахгүй”14 хэмээн заасан. Аврагч шавь нартаа15 Сүүлчийн зоогийн үеэр16 дээд давхрын өрөөнд17 “Би та нарыг өнчрүүлж орхихгүй”18 гэж амлажээ. Тэднийг удирдан чиглүүлэх Ариун Сүнсний бүрэн төгс бэлэгтэй байх учраас тэд сайн мэдээний үнэнийг түгээхээр урагш явахдаа ганцаардахгүй юм. Тэр “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна”19 гэж амласан билээ. Ариун Сүнсний бэлгээр бид үүнтэй адил баталгааг буюу “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж”20 мөн “Ариун Сүнсний хүчээр [бид] бүх зүйлийн үнэнийг мэдэ[х]21 боломжийг хүлээн авдаг.
Гуравдугаарт: Шавь байх. Жинхэнэ шавь байна гэдэг нь цуцашгүй тууштай, мөнхийн хуулиудад дуулгавартай байж, хамгийн эхлээд Бурханыг хайрлах явдал юм. Ямар ч эргэлзээгүй. Далдуу модны мөчрөөр хүндэтгэл үзүүлсэн олон хүн Түүнийг Мессиа хэмээн өргөмжилжээ. Тэр үнэхээр Мессиа байсан. Тэд Түүнд мөн Түүний гайхамшгууд болон сургаалуудад татагдсан. Гэвч олонхынх нь хувьд тэрхүү сайшаал магтаал удаан үргэлжлээгүй. Урьд нь “Хосанна”22 хэмээн хашхирч байсан зарим нь удалгүй нүүр буруулж, “Түүнийг цовдол”23 хэмээн орилж байв.
Дөрөвдүгээрт: Есүс Христийн Цагаатгал.24 Далдуу модны ням гаргийн дараах сүүлчийн өдрүүдээ Тэрээр Гетсеманид зовж шаналснаар эхлүүлсэн бөгөөд доромжлуулан шүүгдэж, загалмай дээр тарчлан зовж, өөр нэгний булшинд оршуулагдсанаар төгсгөл болгосноор гайхамшигт Цагаатгалаа гүйцэлдүүлсэн юм. Гэвч энэ бүхэн үүгээр дуусаагүй. Тэнгэрлэг Эцэгийнхээ бүх хүүхдийн Гэтэлгэгч хэмээх сүр хүчит дуудлагаараа Тэр гурван өдрийн дараа булшнаас гарч ирэн, бошиглосныхоо дагуу амилсан25 билээ.
Бид Есүс Христийн зүйрлэшгүй Цагаатгалд талархсаар байгаа юу? Яг одоо бид түүний цэвэршүүлэгч хүчийг мэдэрч байна уу? Тийм учраас л бидний авралыг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч Есүс Христ бид бүгдийг аврахаар Иерусалим руу явсан. Алмагийн ном дахь “хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу”26 гэсэн үгс дотно санагдаж байна уу? Тэрхүү Далдуу модны ням гарагт Такорадигийн найрал дуучид “гэтэлгэх хайрын дууг” дуулсан гэдгийг би үнэхээр хэлж чадна.
Есүс Христ мөнх бус амьдралынхаа сүүлчийн шийдвэрлэх долоо хоногт арван охины тухай сургаалт зүйрлэл27ийг ярьсан. Үүгээрээ Тэр гартаа далдуу модны мөчир барьсан хүмүүс дээр бус, өөрсдөдөө сайн мэдээний гэрэлтэй, Түүнийг хүлээж авахаар бэлтгэсэн хүмүүс дээр буцаж ирнэ гэж заажээ. Тэрбээр гэрэлтэн асаж буй дэнлүү, галыг ноцоох нөөц тосны дүрслэлийг ашиглан; Түүний замаар явж, Түүний үнэнүүдийг хүлээн авч, Түүний гэрлийг хуваалцах хүсэлтэй хүмүүсийн тухай ярьсан.
Та нар энэ түүхийг мэднэ. Арван охиноор Сүмийн гишүүдийг, сүйт залуугаар Есүс Христийг төлөөлүүлдэг.
Арван охин дэнлүүгээ аваад, “сүйт залууг угтахаар гарсан.”28 Тэдний тав нь ухаалаг бөгөөд дэнлүүгээ нөөц тосны хамт бэлдсэн бол, тав нь мунхаг агаад тосоо нөөцлөөгүйн улмаас дэнлүү нь унтарчээ. “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа”29 хэмээн зарлахад “мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан”30 таван ухаалаг охин “[өөрсдийн] хаан хийгээд [өөрсдийн] хууль тогтоогч”31-ийг хүлээн авахад бэлэн байсан ба “түүний алдар суу тэдний дээр бай[в].32 Харин нөгөө тав нь тос хайн, сандран гүйлдэв. Гэвч нэгэнт оройтсон байлаа. Хурим тэдэнгүйгээр эхлэв. Тэднийг хаалга тогшиж, оруулахыг гуйхад Их Эзэн “Би та нарыг танихгүй”33 гэж хариулжээ.
Хэрэв Тэр бидэнд “Би та нарыг танихгүй!” гэж хэлсэн бол ямар санагдах байсан бэ?
Бидэнд арван охины адил дэнлүү байгаа ч тос бий юү? Ертөнцийн дарамтад зай завсаргүй нухлуулсаар зарим хүн хангалттай бэлдэж амжилгүй, дусал тостой явж байх вий гэж би эмээж байна. Тос нь амьд бошиглогчдод, ялангуяа ерөнхийлөгч Нэлсон болон түүний зөвлөхүүдэд мөн арван хоёр төлөөлөгчийн үгс болон бошиглолд итгэж, үйлдсэнээр ирдэг. Ариун Сүнсийг сонсож, мэдэрч, тэрхүү бурханлаг удирдамжийн дагуу үйлдэх үед маань тос бидний сэтгэлийг дүүргэдэг. Бидний сонголт Их Эзэнийг төдийгүй Түүний хайрладаг зүйлсийг хайрладаг гэдгийг маань харуулах үед бидний зүрх сэтгэлд тос урсан орж ирдэг. Тос нь наманчилснаар, Есүс Христийн Цагаатгалаас ирдэг эдгэрэлтийг эрэлхийлснээр ирдэг.
Хэрэв та нар зарим хүний нэрлэснээр “хүслийн жагсаалт”-аа дүүргэхийг хүсдэг бол үүнийгээ Түүний амьдрал, сургаалын илэрхийлэл болсон Есүс Христийн амийн ус34 хэлбэртэй тосоор дүүргэ. Алс хол газар очиж үзэн, гайхалтай үйл явдалд оролцох нь таны зүрх сэтгэлийг бүрэн дүүргэж, цатгадаггүй бол Есүс Христийн заасан сургаалын дагуу амьдарснаар та нар дээрх мэдрэмжийг авч чадна. Би хэд хэдэн жишээг өмнө нь дурдсан. Бошиглолыг болон бошиглогчдын сургаалыг хүлээн авах, Ариун Сүнсний өдөөлтийн дагуу үйлдэх, жинхэнэ шавь болж, Их Эзэний Цагаатгалаас эдгээх хүчийг эрэлхийлэх. Ийм маягийн хүслийн жагсаалт таныг очихыг хүссэн газарт тань буюу Тэнгэр дэх Эцэгт тань буцаан аваачих болно.
Би үүнийг итгэлтэй ах эгч нартайгаа хуваалцсан учир Такоради дахь Далдуу модны ням гараг миний хувьд маш онцгой үйл явдал байсан юм. Дэлхий даяарх өөр тив, арлууд дээр ч мөн тийм байсан. Яг та нартай адил би бүхий л зүрх сэтгэл, бодгалиараа “Бүхний Дээд Бурханд Хосанна”35 хэмээн хашхирахыг хүсэж байна.
Хэдийгээр бид өнөөдөр Иерусалимын дааман хаалганы дэргэд гартаа далдуу модны мөчир барин зогсоогүй ч “сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан өмсгөлтэй, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ”36 хэмээн Илчлэл номд бошиглосон цаг үе ирэх болно.
Та нарыг зөв шударга амьдрахын төлөө тууштай хичээж, гартаа далдуу модны мөчир барин бид бүхний Агуу Гэтэлгэгч Бурханы Хүүг тунхаглах хүмүүсийн дунд зогсох болтугай хэмээн би Их Эзэний төлөөлөгчийн хувиар адислалаа та нарт үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.