Есүс Христийн сургаал
Бидэнд амьдралаа удирдан чиглүүлэх судрууд өгөгдсөн. Өнөөдрийн захиасаа би Аврагчийн хэлсэн үгсээс сонгон хүргэж байна.
Бид Христэд итгэдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Түүнийг хүндэтгэн биширч, судрууд дахь Түүний сургаалыг дагадаг.
Уналтын өмнө, бидний Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёртой биечлэн ярьсан. Дараа нь Эцэг Өөрийн Төрсөн Ганц Хүү, Есүс Христийг бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч байхаар илгээж, “Түүнийг сонс” хэмээн бидэнд тушаасан.1 Энэхүү тушаалаас үзэхэд сударт цэдэглэгдсэн “Бурхан” болоод “Их Эзэний” хэлсэн үгс нь ихэвчлэн бидний амилсан Их Эзэн Есүс Христ, Иеховагийн үгс байдаг хэмээн дүгнэж болно.2
Бидэнд амьдралаа удирдан чиглүүлэх судрууд өгөгдсөн. Бошиглогч Нифайн “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”3 гэж заасныг бид хэрэгжүүлэх ёстой. Есүсийн мөнх бус амьдралын тохинууллын талаарх ихэнх судар Түүний хийсэн үйл хэргийг дүрсэлсэн байдаг. Өнөөдрийн захиасаа би Аврагчийн хэлсэн үгсээс сонгон хүргэж байна. Эдгээр үгийг Мормоны Ном, Шинэ гэрээ (үүнд Иосеф Смитийн сүнслэгээр өдөөгдөн орчуулсан нэмэлт хэсгээс) сонгож авсан болно. Сонгож авсан үгсийн ихэнхийг Аврагчийн хэлсэн дэс дарааллын дагуу та бүхэнд хүргэж байна.
“Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”4
“Зөв шударгын төлөө өлсөж мөн цангах тэд бүгд адислагдах болно, учир нь тэд Ариун Сүнсээр дүүргэгдэх болно.”5
“Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.”6
“Чи бүү завхайр” гэснийг та нар дуулсан.
“Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.”7
“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд гэж хэлснийг та нар сонссон.
“Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир.
“Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм.”8
“Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна.
“Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.”9
“Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.”10
“Иймийн тул, энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл, харин та нар юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуулахыг, түүнчлэн түүний зөв шударга ёсыг үндэслэн бий болгохыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно.”11
“Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.”12
“Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.
“Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаг гэж үү?
“Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг.”13
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.”14
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.
“Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
“Буулга минь аятай, ачаа минь хөнгөн.”15
“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.
“Өөрийнхөө загалмайг үүрдэг тэрээр бүхий л бурханлаг бусыг болон дэлхийн шунал тачаалыг үгүйсгэж, миний зарлигуудыг сахих ёстой.”16
“Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ?”17
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.”18
“Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
“Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.”19
“Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.”20
“Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна.
Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй.”21
“[Хууль дахь агуу тушаал бол] чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.
“Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.
“Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.
Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.”22
“Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.”23
“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.”24
“Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал.”25
“Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв.”26
“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ,
“Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.”27
Ариун газар дахь Өөрийн тохинууллын дараа Есүс Христ Америк тив дэх зөв шударга хүмүүст үзэгдсэн. Тэнд Түүний хэлсэн зарим үгээс дурдвал:
“Болгоогтун, би бол Бурханы Хүү Есүс Христ бөлгөө. Би тэнгэр ба газрыг, мөн тэдгээрийн дээрх бүх зүйлийг бүтээсэн билээ. Би эхлэлээс Эцэгтэй хамт байсан. Би Эцэгт буй, мөн Эцэг надад буй; мөн Эцэг нэрээ надаар алдаршуулсан болой.”28
“Би бол дэлхийн гэрэл ба амь. Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл.
“Мөн та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй; тийм ээ, та нарын тахилууд мөн хайлах өргөл тань зогсоогдох болно, учир нь би та нарын тахилууд мөн хайлсан өргөлүүдээс тань алийг нь ч хүлээн авахгүй.
“Мөн та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно. Мөн харууссан зүрх гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэх хэнд боловч, түүнд би галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээнэ. …
“Болгоогтун, дэлхийнхэнд гэтэлгэл авчрахаар, дэлхийнхнийг нүглээс нь аврахаар би дэлхийнхэнд ирсэн бөлгөө.”29
“Мөн тэрчлэн би та нарт хэлнэ, та нар наманчилж, мөн миний нэрээр баптисм хүртэж, мөн бяцхан хүүхэд лугаа адил болох ёстой, эс бөгөөс та нар Бурханы хаант улсыг ямар ч аргаар өвлөж чадахгүй.”30
“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”31
“Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар чөтгөрөөр уруу татагдаж, мөн та нар түүгээр боолчлогдон удирдагдах болуузай хэмээн та нар үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой.”32
“Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой.”33
“Тиймийн тул, та нар юуг ч үйлдсэн, үүнийгээ миний нэрээр үйлдэх болно; тиймийн тул та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно.”34
“Болгоогтун би өөрийн сайн мэдээг та нарт өгсөн, мөн энэ бол та нарт миний өгсөн тэр сайн мэдээ—Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.
“Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, [өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр] би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд … Эцэг минь намайг илгээсэн бөлгөө.”35
“Эдүгээ уг зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд.”36
Бид Христэд итгэдэг. Бид Түүний сургаалыг хэрхэн мэдэж, дагах талаар Түүний хэлсэн үгээр би яриагаа төгсгөе.
“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.”37
Би энэ бүхнийг үнэн гэдгийг Есүс Христийн нэрээр баталж байна, амен.