Христийн амилсны баярын хамгийн агуу түүх
Мормоны Номыг шинэ өнцгөөс харж, амилсан Христ бодитой талаарх үүний гэрчийг тунгаан бод.
Христийн амилсны баярын тухай Тэргүүн зөвлөлийн захидал
Хэдхэн долоо хоногийн өмнө та бүхний тойрог, салбаруудад Тэргүүн зөвлөлийн захидлыг уншиж сонордуулсныг санаж байгаа байх. Уг захидалд ирэх Христийн амилсны баярын ням гарагт бүх тойрог, салбар зөвхөн ариун ёслолын цуглааныг явуулах ба ингэснээр гэр бүлүүдэд гэр орондоо шүтэн биширч, хамгийн чухал энэ баярыг хамтдаа тэмдэглэх хангалттай цагийг үлдээнэ хэмээн мэдэгдсэн.1
Тэргүүн зөвлөлийн энэ захидал миний анхаарлыг татаж, олон жилийн турш гэр бүлээрээ Христийн амилсны баярыг хэрхэн тэмдэглэж ирсэн тухайгаа эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Үүний тухай бодох тусам би Есүс Христэд итгэгчдийн энэ чухал баярын жинхэнэ утга учраас санамсаргүй хазайчихсан яваа юм биш биз гэж эргэлзэхэд хүрсэн.
Христийн мэндэлсний болон амилсны баярын уламжлал
Энэ бодол намайг бид Христийн мэндэлсний баярыг Христийн амилсны баяраас хэр ялгаатай тэмдэглэж ирсэн талаар тунгаахад хөтлөв. Арван хоёрдугаар сард бид ямар ч байсан “Жингл бэллс,” Христийн мэндэлсний баярын оймсон уут, бэлэг сэлт боож баяр хөөртэй тэмдэглэдэг байсан. Арай илүү утга учиртай тэмдэглэе гэвэл тусламж хэрэгтэй хүмүүст туслах, Христийн мэндэлсний баярын дуртай дууллаа дуулах, мэдээж судраа дэлгээд Лук 2-р бүлгээс Христийн төрөлтийн тухай түүхийг унших зэрэг илүү сүнслэг уламжлалуудтай хослуулж чаддаг. Том гэгчийн хуучин Библиэс энэ гайхамшигт түүхийг жил бүр уншихдаа, магадгүй бусад айл ч бас тэгдэг байх, манай гэр бүлийнхэн гар нүүрийн алчуур толгойдоо ороож, мөрөн дээрээ тохоод, ванны халаадаа өмсөөд Иосеф, Мариа хоёрын болон бяцхан Есүст мөргөхөөр ирдэг хүмүүсийн дүрд тоглон, Аврагчийн төрөлтийн тухай нандин түүхийг дүрслэн үзүүлдэг.
Харин Христийн амилсны баярыг тэмдэглэдэг манай гэр бүлийн уламжлал арай өөр байдаг. Бид Христийн амилсны баярын утга учрыг агуулсан, Христэд төвлөрсөн хэсэг болох “сүмд очих” болон дараа нь гэр бүлээрээ цугларан, баярын уламжлал болсон бусад зүйлийг хийдэг гэдгээ би анзаарав. Би өмнө нь хүүхдүүдээ, одоо бол ач зээ нараа өндөг хайж тоглон, амттанаар дүүргэсэн сагсаа үзэж хөөрөлдөхийг харах дуртай байдаг.
Гэхдээ Тэргүүн зөвлөлийн захидал намайг сэрээсэн юм. Тэд биднийг энэ дэлхий дээр тохиолдсон хамгийн чухал үйл явдал болох Есүс Христийн Цагаатгал болон Амилалтыг тэмдэглэхдээ Их Эзэнд хүндэтгэл, бишрэлээ харуулж байгаа эсэхээ нягтлахад урьснаас гадна Христийн амилсны баярын ням гаргийг гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрөөхөд илүү их цагийг гаргаж өгсөн.
“Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босож ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм”2 гэсэн бошиглогч Иосеф Смитийн үгс Христийн амилсны баярын эргэн тойрон дахь үйл явдлуудын ач холбогдолд илүү тодорхой агуулга нэмж байна.
Лиса бид хоёр Христийн амилсны баярыг гэр бүлээрээ илүү утга учиртай тэмдэглэх арга замуудын талаар ярилцсан юм. Бид хэрхэн Христийн амилалтын түүх болох Христийн амилсан тухай сургаал, баярыг Христийн төрөлтийн түүх болох Христийн мэндэлсний баярын адил тэнцвэртэй, бүрэн дүүрэн, шашны баялаг уламжлалын дагуу тэмдэглэх вэ? хэмээн өөрсдөөсөө асуусан энэ асуултыг та нар ч бас тунгаан бодоорой.
Бид бүгдээрээ хичээж байгаа юм шиг санагддаг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд Христийн амилсны баярыг Христэд илүү төвлөрсөн байдлаар тэмдэглэх хүчин чармайлт нэмэгдэж байгааг би ажиглаж байна. Тухайлбал: Христэд итгэгч зарим ахан дүүстэйгээ адил Далдуу модны ням гараг, Сайн баасан гараг зэрэгт илүү их анхаарал, ач холбогдол өгдөг болсон. Мөн бид дэлхийн улс орнуудын соёл, зан заншлаас Христэд төвлөрсөн зохих уламжлалыг авч хэрэгжүүлж болно.
Шинэ Гэрээ судлаач Н.Т.Врайт: “Бид Христийн амилсны баярыг урлаг, уран зохиол, хүүхдийн тоглоом, яруу найраг, дуу хөгжим, бүжиг, наадам, хонх, тусгай концерт бүхий бүтээлч шинэ арга замаар тэмдэглэх алхмыг хийх ёстой. … Энэ бол бидний хамгийн том баяр юм. Христийн мэндэлсний баярыг Библиэс авч хаялаа гэхэд Матай, Лукийн номын эхний хоёр бүлэг л алга болно. Харин Христийн амилсны баярыг авч хаявал Шинэ Гэрээ гэж үлдэхгүй, Христийн шашин ч байхгүй”3 гэжээ.
Христийн амилсны баяр, Библи, Мормоны Ном
Бид Есүс Христийн төрөлт, тохинуулал, Цовдлолт, Амилалтын тухай заадаг бүхнийх нь төлөө Библийг эрхэмлэдэг. Христийн амилсны баярын өглөө Булшны цэцэрлэгт тэнгэр элчийн хэлсэн “Тэр амилсан”4 гэсэн хоёрхон үгээс илүү найдвар, мөнхийн үр дагаврыг хүн төрөлхтөнд өгдөг өөр үг гэж үгүй. Аврагчийн амилалтын түүх болон амилсныхаа дараа Иудей болон Галилд тохинуулсан түүхийг хадгалан авч үлдсэн Шинэ Гэрээний сударт бид гүнээ талархдаг.
Лиса бид хоёр Христэд илүү төвлөрсөн Христийн амилсны баярыг гэр бүлээрээ тэмдэглэдэг болох арга замуудын талаар тунгаан бодож, эрэлхийлэх зуураа Лук 2-той адил ямар судар унших уламжлалыг энэ баяраар нэвтрүүлэх талаар ярилцав.
Дараа нь бид “Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид Шинэ Гэрээн дэх Христийн амилалтын тухай чухал шүлгүүдээс гадна, уг баярын хамгийн гайхалтай бэлгийг хүртсэн” гэсэн тэнгэрлэг ойлголтыг олж авсан. Христийн амилалтын гайхамшгийн бас нэгэн гэрээний онцгой гэрч олох энэхүү бэлэг нь магадгүй бүх Христийн шашны дундаас хамгийн гайхамшигтай Христийн амилалтын түүхийг агуулдаг судар юм. Би Мормоны Номын талаар, ялангуяа Есүс Христ амилсан алдар суугаараа Шинэ дэлхий дэх оршин суугчдад үзэгдсэн тухай түүхийг хэлж байна.
Бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг “бусад бүх номоос хамгийн зөв нь”5 хэмээн тодорхойлсон бөгөөд 3 Нифай 11-ээс авхуулаад Амилалтын дараах тохинуулал буюу амилсан Аврагч нифайчуудад айлчилсан тухай гайхамшигт түүхийг өгүүлдэг. Эдгээр судар нь Их Эзэн Есүс Христийн амилалтын тухай цэдгүүдийг агуулдаг.
Энэ бүлгүүдэд Христ Арван хоёр дагалдагчаа дуудаж, уулан дээрх номлолдоо заасан бүх зүйлийнхээ ихэнхийг цугларсан хүмүүст зааж, Мосегийн хуулийг гүйцэлдүүлснээ зарлан, эцсийн өдрүүд дэх Израилын цугларалтын талаар бошиглодог. Мөн Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж, “Есүсийн ярьсныг бидний харж бас сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлсийг хэлээр хэлэх аргагүй, бас ямар ч хүмүүнээр бичигдэх аргагүй, бас хүмүүн зүрх сэтгэлдээ төсөөлөхийн аргагүй; мөн бидний төлөө Эцэгт хандан түүний залбирсныг бид сонссон тэр цагт бодгалийг маань дүүргэсэн тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй”6 тийм алдар суут арга замаар хүмүүсийн төлөө залбирсан.
Энэ жилийн Христийн амилсны баяраар манай гэр бүл та бүхний сайн мэддэг 3 Нифай 11-р бүлгийн эхний 17 шүлэгт төвлөрөх болно. Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд цугларсан үй олон хүн Бурхан Эцэгийн дуу хоолойг сонсож, Христийн амилсны баярын хамгийн сэтгэл догдлом урилгыг өгөхөөр Есүс Христийг тэнгэрээс бууж ирэхийг харсан гэдгийг та нар санаж байгаа.
“Босогтун … миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол … бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно.
Мөнхүү … цугласан олон урагшилж, … нэг нэгээрээ … нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, … тэр нь мөн болохыг … гэрчлэв.
Мөн … тэд нэгэн дуугаар хашгирч хэлсэн нь:
Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг! Мөн тэд Есүсийн хөлд доош унаж, мөн түүнийг шүтэн бишрэв.”7
Ариун сүмд нифайчууд амилсан Их Эзэний мутарт үнэхээр хүрсэн гээд төсөөлдөө! Бид Христийн мэндэлсний баяраар Лук 2-ыг уншдаг шигээ Христийн амилсны баяраар 3 Нифайг унших уламжлалтай болно гэж найдаж байна. Бодит байдал дээр Мормоны Ном нь Христийн амилсны баярын хамгийн агуу түүхийг хуваалцдаг. Харин үүнийг Христийн амилсны баярын хэзээ ч дурсагддаггүй хамгийн агуу түүх бүү болгоорой.
Гэхдээ би таныг Мормоны Номыг шинэ өнцгөөс харж, амилсан Христ бодитой талаарх бүрэн төгс гэрчлэлийг, мөн Христийн сургаал хэчнээн баялаг, гүн болохыг тунгаан бодоход урьж байна.
Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг
Бид Христийн амилсны баяраар Мормоны Номыг уншсанаар, өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралыг хэрхэн утга учиртай болгон адислах вэ? гэж асууж болох юм. Хүний ухаарч чадахаас ч илүүтэй адисалж чадна. Бид Мормоны Номыг уншиж, судлах бүрдээ гайхалтай үр дүнг хүсэн хүлээж болно.
Саяхан Лиса бид хоёр өвчнийхөө улмаас хорвоог эрт орхисон итгэлтэй эмэгтэй, хайртай найзынхаа оршуулгад оролцсон юм. Бид түүний гэр бүл, дотнын найзуудын хамт цугларч, бидний амьдралд утга учир авчирсан тэр гайхалтай бодгалийн тухай сайхан дурсамжуудаа хуваалцсан.
Талийгаачийн авснаас жаахан зайдуухан зогсоод, бусадтай ярилцаж байтал Хүүхдийн хэсгийн насны хоёр охин авс руу ойртон очоод, өлмий дээрээ зогсож арайхийн ирмэгтэй нь зэрэгцэн ирж, хайрт нагац эгчдээ сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлж буйг би харсан юм. Ойр хавьд нь өөр хүн байгаагүй тул Лиса хажууд нь очоод, доош бөхийж тэднийг тайтгаруулж бас заав. Тэгээд тэдэнд ямар байгааг, нагац эгч нь одоо хаана байгааг мэдэх эсэхийг асуужээ. Бурханы энэ нандин охид түүнтэй уйтгар гунигаа хуваалцсан ч дараа нь нүдэндээ итгэл найдвар тодруулан, нагац эгчийгээ одоо аз жаргалтай, Есүстэй хамт байж чадна гэдгийг мэдэж байгаа тухайгаа хэлжээ.
Ийм бага балчир насандаа тэд аз жаргалын агуу төлөвлөгөөнөөс амар амгаланг олж, Аврагчийн амилалтын бүрэн дүүрэн бодит байдал хийгээд эгэл жирийн гоо сайхныг өөрсдийн арга замаар гэрчилсэн юм. Есүс Христэд болон мөнх амьдралд итгэх итгэлийн үрийг тарьдаг хайрт эцэг эх, гэр бүл, Хүүхдийн хэсгийн удирдагчдынхаа заасан сургаалын ачаар тэд зүрх сэтгэлдээ үүнийг мэдэж байсан. Наснаасаа илүү ухаалаг энэ охидын ойлгосон олон үнэн нь Христийн амилсны баярын захиас, амилсан Аврагчийн тохинуулал, Мормоны Номд өгүүлсэн бошиглогчдын үгсээр дамжин бидэнд ирдэг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дэлхийн удирдагчдаас авхуулаад өөр шашинтай хүнд Мормоны Номыг бэлэглэхдээ ихэвчлэн 3 Нифайг нээгээд, амилсан Христ нифайчуудад үзэгдсэн тухай уншдагийг би ажигласан. Ингэснээрээ амьд бошиглогч угтаа амьд Христийг гэрчилж байгаа юм.
Бид Есүс Христийг гэрчлэх хүртлээ Түүний гэрч болон зогсож чадахгүй. Мормоны Номд гардаг бошиглогчид энэхүү ариун нандин цэдгүүдийн туршид Христ ирнэ гэдгийг төдийгүй, Тэр ирсэн гэдгийг гэрчилдэг учраас энэ бол Есүс Христийн бас нэгэн гэрч юм.
Христийн ачаар
Би гартаа Мормоны Номын анхны хэвлэлийг барьж байна. Үүнийг барих бүрд үргэлж миний сэтгэл ихээр хөдөлдөг. Би амьдралынхаа ихэнх хугацаанд залуу Иосеф Смит энэхүү ариун судрын номыг орчуулж, хэвлүүлэхийн тулд юу хийснийг биширч, сэтгэл татагдаж, бүрэн эзэмдүүлсээр ирсэн. Түүнд тохиолдсон гайхамшгуудыг бодоход л үнэхээр гайхширдаг.
Гэхдээ эдгээрээс болоод миний сэтгэл хөдөлсөн юм биш. Харин энэ ном энэ дэлхий дээр хэвлэгдсэн бусад бүх номоос илүү Есүс Христийн амьдрал, тохинуулал, сургаал, Цагаатгал, Амилалтыг гэрчилдэг болохоор сэтгэлийг минь хөдөлгөдөг. Хайрт ах эгч нар аа, Есүс Христийн тухай энэ номоос тогтмол судлах нь таны амьдралыг өөрчлөх болно. Энэ ном таны амьдралд шинэ боломжуудыг нээж өгнө. Энэ ном таны итгэл найдварыг нэмэгдүүлж, таныг энэрлээр дүүргэх болно. Хамгийн гол нь энэ ном таны Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлж, хүчирхэгжүүлж, Есүс Христ болон бидний Эцэг таныг мэддэг, хайрладаг. Тэд таныг том Г үсгээр эхэлсэн гэртээ харих замаа олоосой гэж хүсдэг гэсэн баттай мэдлэгээр адислах болно.
Хүндэт ах эгч нар аа, эртний бошиглогчдын урьдаас хэлсэн “Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд тархах”8 тэр цаг хэдийнээ иржээ. Бид Мормоны номон дахь Есүс Христийн тухай гэрчлэлээр дамжуулан энэхүү бошиглол биелж буйг бид нүднийхээ өмнө харж байна.
Үүнээс илүү гайхалтай ном гэж үгүй.
-
Есүс Христийн ачаар бүх зүйл өөрчлөгдсөн.
-
Түүний ачаар бүх зүйл сайжирсан.
-
Түүний ачаар амьдралыг туулах, ялангуяа зовлон зүдгүүрт мөчүүдийг даван туулах боломжтой болсон.
-
Түүний ачаар бүх зүйл боломжтой болсон.
Тэр амилсан Аврагчийн хувиар зочилсон, Бурхан Эцэг Түүнийг танилцуулсан гэдэг бол Христийн амилсны баярын хамгийн сүр жавхлантай, ялгуусан захиас юм. Энэ нь бидний гэр бүлийн гишүүдэд Есүс Христ бол үхлийн хүлээсийг тасчсан бидний Аврагч, Гэтэлгэгч гэсэн хувийн гэрчлэлийг олж авахад туслах болно.
Би Мормоны Ном үнэн, Есүс Христ бол амьд Бурханы Хүү гэсэн гэрчлэлээр хэлэх үгээ өндөрлөж байна. Есүс Христийн нэрээр, амен.