Ерөнхий чуулган
Есүс Христэд төвлөр
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


10:58

Есүс Христэд төвлөр

Их Эзэн Есүс Христ бол бидний асуудлын шийдэл юм. Гэхдээ бид Түүнийг харахын тулд нүдээ нээж, хараагаа дээшлүүлэх ёстой.

Аав минь надад “аливаа асуудал дээр шийдлийг нь харж чадахгүй болтлоо битгий их төвлөр” гэж хэлдэг байсан.

Их Эзэн Есүс Христ бол бидний хамгийн хэцүү асуудлын шийдэл гэдгийг би гэрчилж байна. Тодорхой хэлбэл, Тэрээр бид бүгдийн хүн нэг бүрд тулгардаг дөрвөн асуудлыг даван туулсан бөгөөд бидний хэн нь ч энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чадахгүй.

  1. Эхний асуудал бол бие махбодын үхэл. Бид үүнийг хойш нь тавьж эсвэл үл ойшоох гэж оролдож болох ч өөрсдөө даван туулж чадахгүй. Гэхдээ, Есүс Христ бидний өмнөөс үхлийг даван туулсан бөгөөд үүний үр дүнд бид бүгд хэзээ нэг өдөр амилуулагдах болно.1

  2. Хоёр дахь асуудалд бидний амьдралд тохиолддог гай зовлон, адармаатай явдал, гуниг, өвчин шаналал, энэ дэлхийн шударга бус байдал багтдаг. Есүс Христ энэ бүхнийг даван туулсан. Хэзээ нэгэн өдөр Тэрээр Өөрийг нь дагахыг хичээж буй хүмүүсийн “нулимс бүрийг нь арчиж” бүх зүйлийг дахин зөв болгох болно.2 Тэр хооронд, Тэр бидэнд зовлон зүдүүрээ итгэлтэй, баяр хөөртэй, амар тайван даван туулах хүчийг өгч чадна.3

  3. Гурав дахь асуудал бол нүглийн улмаас тохиох сүнсний үхэл юм. Есүс Христ энэ асуудлыг “амар тайвны маань төлөө гэсгээл”4 болгож Өөр дээрээ авсан. Хэрэв бид Аврагчид итгэх итгэлтэй байж, чин сэтгэлээсээ наманчлан, Эцэгийн бидэнд санал болгож буй гэрээг зайлшгүй чухал ёслол болох баптисм, эцсээ хүртэл тэвчих зэргээр дамжуулан хүлээн авбал Түүний цагаатгагч золиосны ачаар өөрсдийн хийсэн гэм нүглийн үр дагавраас чөлөөлөгдөж чадна.5

  4. Дөрөв дэх асуудал бол бидний хязгаарлагдмал хийгээд төгс бус байдал билээ. Энэ асуудлын шийдэл ч гэсэн Есүс Христэд бий. Тэр бидний алдааг зүгээр л арчиж алга болгоод, биднийг дахин гэмгүй болгочихдоггүй. Тэр “бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон … бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг”6 үйлдэж чадна. Бид Христийн ач ивээлээр төгөлдөржиж, нэг л өдөр Түүнтэй адил болох боломжтой.7

Харамсалтай нь, бид өөрсдийн асуудлууд дээр дэндүү их төвлөрдөг бөгөөд бидний асуудлын шийдэл болох Аврагч Есүс Христ дээр төвлөрөхөө орхигдуулдаг. Бид хэрхэн тэрхүү алдаанаасаа зайлсхийх вэ? Хариулт нь бидний Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ байгуулахаар уригддаг гэрээнүүдэд оршдог гэдэгт би итгэдэг.

Гэрээгээр дамжуулан Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх

Бидний байгуулсан гэрээ биднийг анхаарлаа, бодол санаагаа, үйл хөдлөлөө Христ дээр төвлөрүүлэхэд тусалдаг. Бид “[байгуулсан] гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиснаар”-аа тэдгээр “орхих” хэрэгтэй “дэлхийн зүйлүүдийг” болон хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой “илүү сайн [дэлхий]”-н зүйлүүдийг хялбархан ялгаж чадна.8

Мормоны Ном дээр Аммоны хүмүүс яг энэ зүйлийг хэрэгжүүлсэн. Тэд Есүс Христийн талаар суралцаж, Түүнд амьдралаа төвлөрүүлж эхэлснээр дайны зэвсгүүдээ булах ёстой гэдгээ ухаарсан бөгөөд чин үнэнч болж, “Бурханд хандсан … өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон байв.”9

Гэрээгээ сахих нь биднийг Сүнсний нөлөөг урьдаг аливаа зүйлсийг эрэлхийлж, үүнээс холдуулдаг зүйлсийг эсэргүүцэхэд хөтөлдөг. Учир нь “бид Ариун Сүнсний оршихуйд байж чадахуйц зохистой байж чадвал Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын оршихуйд амьдрахуйц зохистой байж чадна гэдгээ мэддэг.”10 Энэ нь биднийг хэлэх үгээ өөрчилж, илүү эелдэг үг хэрэглэ гэсэн утгатай байж болох юм. Энэ нь сүнслэг байдлын хувьд эрүүл бус зуршлыг гэр бүлээрээ эсвэл хувиараа өдөр бүр судар судлах, залбирах гэх мэт Их Эзэнтэй харилцах харилцаагаа илүү хүчирхэгжүүлдэг шинэ дадлаар солих гэсэн утгатай байж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог. …

Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм”11 гэж хэлсэн.

Ням гараг болгонд ариун ёслолын үеэр гэрээгээ шинэчлэх нь бидний өөрсдийгөө дүгнэх,12 өөрсдийн амьдралыг дахин Есүс Христэд төвлөрүүлэх сайхан боломж болдог. Бид ариун ёслолоос хүртсэнээр “үргэлж түүнийг дурсан санана”13 гэдгээ тунхагладаг. Үргэлж гэдэг үг маш чухал. Энэ нь Аврагчийн нөлөөг бүх л амьдралдаа оруулах боломж олгодог. Бид Түүнийг зөвхөн сүм дээр эсвэл өглөөний залбиралдаа эсвэл зөвхөн асуудалд орохоороо, бидэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй болохоороо санан дурсдаггүй.

Тийм ээ, бидний анхаарал заримдаа сарнидаг. Бид мартдаг. Бид анхаарлаа сулруулдаг. Гэтэл гэрээгээ шинэчлэх гэдэг нь бид үргэлж Аврагчаа дурсан санах хүсэлтэй, долоо хоногийн турш, мөн ирэх долоо хоногт бид дахин Түүнд төвлөрч, ариун ёслолын ширээний өмнө амлалт өгнө гэсэн утгатай юм.

Гэр орондоо Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх.

Есүс Христэд төвлөрөх гэдэг нь ням гарагт сүм дээр болдог үйл ажиллагаанаас илүү зүйл байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Нэлсон Ирээд, Намайг дага гарын авлагыг 2018 онд танилцуулахдаа “Энэ бол гэрт төвлөрсөн Сүм” байх цаг нь болжээ14 гэж хэлсэн. Тэрээр бидэнд “өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газар” мөн “гэр орноо сайн мэдээнээс суралцах төв” болгох хэрэгтэй гэсэн. Хэрэв бид үүнийг хийвэл Тэр бидэнд гайхалтай дөрвөн зүйлийг амласан.15

Эхний амлалт: “Таны хүндэтгэлийн өдрүүд жинхэнэ баяр баясгалантай байх болно.” Энэ өдөр бид Аврагчдаа илүү ойртдог өдөр болно. Перугаас ирсэн нэгэн залуу эмэгтэй “Их Эзэний өдөр бол Их Эзэнээс хамгийн их хариултаа авсан өдөр байдаг” гэж хэлж байсан.

Хоёр дахь амлалт: “Таны хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяр хөөртэй байх болно.” Иймээс “бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлодог.”16

Бид үүнийг хэзээ нэгэн өдөр хүү маань ажилдаа явахдаа эсвэл ууланд авирахдаа эсвэл Инос шиг ан агнахаар ой руу явахдаа Христийн тухай мөн сайн мэдээний дагуу амьдрахын баяр баясгалангийн тухай бидний заасныг санаасай гэсэндээ хийдэг. Хэн мэдэх билээ? Магадгүй, тэр өдөр Их Эзэний дуу хоолой түүнд “Нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно”17 гэсэн дуу хоолойг сонсож болохын тулд сүнслэг байдлаар өлссөнөө мэдэрч, Есүс Христ рүү хандах өдөр байх болно.

Гурав дахь амлалт: “Таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно.” Яагаад вэ? Яагаад гэвэл биднийг Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхийн хэрээр нүгэл биднийг татах хүчгүй болдог.18 Бидний гэр орон Аврагчийн гэрлээр дүүргэгдсэнээр уруу таталтын харанхуйд бага орон зай үлддэг.

Дөрөв дэх амлалт: “Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно.” Яагаад? Яагаад гэвэл Есүс Христийн авчирдаг өөрчлөлт бол “хүчит өөрчлөлт”19 юм. Тэр бидний мөн чанарыг өөрчилдөг; бид өөрчлөгдөж, “шинэ бүтээлүүд болдог.”20 Бид зүрх сэтгэлээ Бурханы бүх хүүхдийг хайрлах цэвэр хайраар дүүргэж, аажимдаа Аврагчтай илүү адил болдог.

Хэн эдгээр амлалтыг амьдралдаа болон гэр бүлдээ биелэгдэхийг хүсэхгүй гэж? Бид тэдгээрийг хүртэхийн тулд юу хийх ёстой вэ? Үүний хариулт бол өөрсдийн гэр орныг сайн мэдээнээс суралцах төв, итгэлийн ариун газар болгох явдал юм. Бид үүнийг хэрхэн хийдэг вэ? Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ дээр анхаарлаа төвлөрүүлж, Тэднийг гэр бүлийн амьдралынхаа төв буюу гэр орондоо хамгийн чухал нөлөө болгосноор үүнийг хийдэг.

Би та нарт сударт байдаг Христийн үгсийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгож эхлэхийг санал болгож болох уу? Судар судлах төгс жор байдаггүй. Өдөр бүр 5-10 минут байж болно. Чадвал илүү ч байж болно. Өдөрт нэг бүлэг юм уу эсвэл хэдэн мөр ч байсан болно. Зарим гэр бүл өглөөд ажил, хичээлдээ явахаасаа өмнө суралцахыг илүүд үздэг. Харин бусад нь орой унтахаасаа өмнө уншихыг илүүд үздэг. Зарим залуу гэр бүлийн хос ажилдаа явах замдаа тус, тусдаа суралцаад, дараа нь түүнийгээ мэссэжээр нэгэндээ илгээж, санал бодлоо хуваалцдаг. Тэгснээр тэдний харилцан яриа, санал бодол бичигдэн үлддэг тухай ярьж байсан.

Ирээд, Намайг дага гарын авлага нь хувь хүн, гэр бүлүүдийг судраас сайн мэдээний зарчмуудыг суралцахад тусалдаг нөөц бололцоо, олон үйл ажиллагааг санал болгодог. Мөн Мормоны Ном, Библийн видеонууд танай гэр бүлд судрыг илүү хүртээмжтэй болгох хэрэгсэл байж болох юм. Хүүхэд, өсвөр үеийнхэн сударт байдаг мартагдашгүй түүхүүдээс ихэвчлэн урам зориг авдаг. Тэдгээрийн заадаг ийм түүхүүд, сургаалын зарчмууд хүүхдүүдийн тань итгэлтэй найз мэт байж, үйлчлэл, ариун журам, дуулгавартай байдал, тэвчээр, тууштай байдал, хувийн илчлэлт, энэрэл, даруу байдал, Есүс Христэд итгэх итгэлийн сайн жишээ хэрэгтэй үед нь тэдэнтэй хамт үлдэнэ. Таны Бурханы үгэн дээр тогтвортой найрлах нь цаг хугацааны явцад таны хүүхдүүдийг Аврагчтай улам илүү ойр байхад туслах болно. Тэд Түүнийг өмнө нь хэзээ ч мэдэж байгаагүйгээрээ мэддэг болно.

Их Эзэн Есүс Христ өнөөдөр амьд. Тэр бидний амьдралд дэргэд маань өдөр бүр идэвхтэй оршин байх боломжтой. Тэр бол бидний асуудлын шийдэл юм. Гэхдээ бид Түүнийг харахын тулд нүдээ нээж, хараагаа дээшлүүлэх ёстой. Тэрээр “Санаа бодол болгондоо над руу харагтун; бүү эргэлз, бүү ай”21 хэмээн хэлсэн билээ. Бид Тэнгэр дэх Эцэгтээ болон Түүнд анхаарлаа хандуулж, Тэдэнтэй гэрээ байгуулан, сахиж, Тэднийг гэр бүл, орон гэртээ хамгийн чухал нөлөө үзүүлэгч болгосноор ерөнхийлөгч Нэлсоны “Их Эзэнийг дахин ирэхэд хүлээн авах чадвартай, бэлэн, зохистой хүмүүс буюу энэ унасан ертөнцийг биш Есүс Христийг аль хэдийн сонгосон, Түүний дээд, ариун хуулиудын дагуу амьдрах сонгох эрхдээ баярладаг хүмүүс”22 хэмээн зөгнөсний адил хүмүүс болох болно. Есүс Христийн нэрээр, амен.