Христ дотор нэг байх
Бид дор бүрнээ Есүс Христэд үнэнч байж, Түүнийг хайрласнаар л нэгдмэл байна гэдэгт найдах боломжтой.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэнчлэн өнөөдөр Их Эзэний Иерусалимд ялгуусан орж ирсэн явдлыг мөн Гетсемани дахь зовлон шаналал, хэдхэн хоногийн дараах загалмай дээрх үхэл, Христийн амилсан баярын ням гараг тохиосон Түүний гайхамшигт Амилалтыг тэмдэглэдэг Далдуу модны ням гараг буюу ариун долоо хоногийн эхлэл юм. Христ биднийг гэтэлгэхийн тулд юуг даван туулсныг хэзээ ч мартахгүй байцгаая.1 Мөн Түүний булшийг ялж бүгдэд өгсөн Амилуулалтын бэлэгт төвлөрснөөр Христийн амилсны баяраар ахин мэдэрдэг асах их баяр баясгалангаа бүгдээрээ алдахгүй байцгаая.
Түүнийг шүүж, цовдлохын өмнөх орой Есүс төлөөлөгчдийнхөө хамт Алгасал баярын зоог барьжээ. Сүүлчийн зоогийн төгсгөлд, ариун өмгөөллийн залбиралдаа Есүс Эцэгээсээ дараах зүйлийг хүссэн: “Ариун Аав аа, Надад өгсөн нэрээрээ тэднийг [миний төлөөлөгчдийг] хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач.”2
Дараа нь Аврагч хүсэлтдээ бүх итгэгчийг хамруулан:
“Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна.
Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байхын … тулд билээ”3 хэмээн намуухан хэлсэн юм.
Нэг байх нь Есүс Христийн сайн мэдээнд мөн Бурханы хүүхдүүдтэйгээ харилцах харьцаанд байнга гарч ирдэг нэг сэдэв юм. Енохын үед байсан Сион хотын талаар өгүүлэхдээ “тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа”4 гэсэн байдаг. Шинэ Гэрээнд Есүс Христийн эртний Сүмийн анхны гэгээнтнүүдийн талаар “итгэсэн олон, нэг зүрх, сэтгэлтэй байсан”5 гэж цэдэглэжээ.
Бидний эрин үед, Их Эзэн “Би та нарт хэлнэ, нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”6 хэмээн заасан. Миссури дэх эхэн үеийн гэгээнтнүүд яагаад Сионыг байгуулж чадаагүй талаар Их Эзэний дурдсан шалтгаануудын нэг бол тэд “селестиел хаант улсын хуулиар шаардагддаг эв нэгдлийн дагуу нэгдээгүй”7 явдал байв.
Бүх хүний зүрх сэтгэл, оюунд Бурхан давамгайлсан газарт хүмүүс нь “Христийн хүүхдүүд гэгдэн нэг болсон”8 байдаг.
Амилсан Аврагч эртний Мормоны Номын хүмүүс дээр зочлохдоо өнгөрсөн хугацаанд хүмүүсийн дунд баптисм болон бусад асуудлын талаар зөрчилдөөн байсныг буруушаасан юм. Тэрээр:
“Та нарын дунд өмнө нь байсан шиг ямар ч сөргөлдөөн байх ёсгүй, бас өмнө нь байсан шиг сургаалын минь заалтуудын талаар та нарын дунд сөргөлдөөнүүд байх ёсгүй.
Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой”9 хэмээн тушаасан.
Бидний асар зөрчилдөөнтэй дэлхийд, тэр дундаа “нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм[тай]”10 байх ёстой Сүмд хэрхэн эв нэгдэлтэй байх вэ? Паул бидэнд үүний түлхүүрийг өгдөг:
“Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.
Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.”11
Бид өөр хоорондоо дэндүү адилгүй, заримдаа хэт зөрчилдөөнтэй байдгаас болж ямар нэгэн үндэс суурь дээр эсвэл аль нэгэн нэрэн дор цугларан нэгдэж чаддаггүй. Бид зөвхөн Есүс Христ дотор л үнэхээр нэг болж чадна.
Нэг нэгээрээ ирснээр Христ дотор нэг болдог буюу бид өөрсдөөсөө эхэлдэг. Бид махан бие, сүнс хоёроос бүрддэг ба заримдаа өөр дотроо дайтаж байдаг. Паулын хэлснээр:
“Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг;
Гэвч [биеийн] эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна.”12
Есүс ч мөн адил махан бие, сүнстэй байсан. Тэр соригдож үзсэн; Тэр ойлгодог нэгэн; Тэр бидэнд өөрсдийн дотор эв нэгдлийг олоход тусалж чадна.13 Тиймээс, Христийн гэрэл ба ач ивээл дээр тулгуурлан бид өөрсдийн сүнсэнд болон Ариун Сүнсэнд бие махбодоо удирдах хүчийг өгөхийг хичээдэг. Харин биднийг бүдрэх үед Христ Цагаатгалаараа дамжуулан наманчлалын бэлэг, дахин оролдож үзэх боломжийг бидэнд өгсөн юм.
Хэрэв бид тус бүрдээ “Христийг өмсвөл” дараа нь хамтдаа нэг болох буюу Паулын хэлснээр “Христийн бие”14 болно хэмээн найдаж чадна. “Христийг өмсөх” гэдэгт Түүний “агуу бөгөөд анхны тушаалыг”15 өөрсдийн агуу бөгөөд анхны тушаал болгох нь гарцаагүй ордог бөгөөд хэрэв бид Бурханыг хайрладаг бол тушаалуудыг нь сахих болно.16
Анхныхтайгаа салшгүй холбоотой, хөршөө өөрийн адил хайрла гэсэн хоёр дахь тушаалыг сахихад ах, эгч бидний хоорондын эв нэгдэл Христ дотор улам өсөн нэмэгддэг.17 Харин Аврагчийн илэрхийлснээр биднийг энэхүү хоёр дахь тушаалыг илүү дээд түвшинд, илүү ариунаар дагах буюу нэг нэгнийгээ зөвхөн өөрсдийгөө хайрладгийн адилаар бус Түүний биднийг хайрладгийн адилаар18 хайрлаж чадвал үүнээс ч илүү төгс эв нэгдэлтэй болох нь гарцаагүй. Товчилбол, “хүн болгон хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлж мөн бүх зүйлийг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан хий[нэ].”19
Тэргүүн зөвлөлийн зөвлөх асан ерөнхийлөгч Марион Ж.Ромни урт удаан амар амгалан, эв нэгдлийг хэрхэн олж авах талаар ийн тайлбарласан.
“Хэрэв Сатанд бууж өгч буй нэг хүн махбодын үйлсэд автвал тэр өөрийнхөө дотор дайтаж байгаа хэрэг. Хэрэв хоёр хүн бууж өгвөл тэд өөрийн дотор дайтахын зэрэгцээ өөр хоорондоо тэмцэлдэнэ. Хэрэв олон хүн бууж өгвөл үр дүнд нь нийтээрээ асар их дарамт, зөрчилдөөнд ордог. Хэрэв улс орны удирдагчид бууж өгвөл дэлхий даяар зөрчилдөөн байна” гэжээ.
Ерөнхийлөгч Ромни үргэлжлүүлэн, “Махбодын үйлсийн хэрэглээ дэлхий даяар нийтлэг байдаг шиг амар амгалангийн сайн мэдээ ч мөн адил нийтлэг байдаг. Хэрэв нэг хүн үүний дагуу амьдарвал өөрийн дотор амар амгаланг олно. Хэрэв хоёр хүн үүний дагуу амьдарвал өөрсдийн дотор төдийгүй өөр хоорондоо амар амгаланг олно. Харин иргэд үүний дагуу амьдарвал үндэстэн дотроо амар амгаланг олно. Сүнсний үр жимснээс хангалттай олон улс үндэстэн хүртэн, дэлхийн бодлогыг хянадаг болсон тэр л үед дайны харанга цаашид дэлдэхгүй, тулалдааны тугаа хураана.”… (See Alfred Lord Tennyson, “Locksley Hall,” The Complete Poetical Works of Tennyson, ed. W. J. Rolfe, Boston, Houghton–Mifflin Co., 1898, p. 93, lines 27–28-ыг үзнэ үү.)”20
Бид “Христийг өмсөх” үед өөр хоорондын ялгаа, санал зөрчилдөөн, маргаанаа шийдвэрлэж эсвэл хойш нь тавих боломжтой болдог. Зөрчилдөөнийг ялан дийлж чадсан гайхалтай жишээ манай Сүмийн түүхэд байдаг. 1857 онд Англид төрсөн ахлагч Бригам Хэнри Робэртс (Б.Х.Робэртс нэрээрээ олонд танигдсан) Далын тэргүүн зөвлөлд буюу бидний одоогийн нэрлэдгээр Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байв. Ахлагч Робэртс Сүмийн хамгийн хүнд хэцүү цаг үеүдэд сэргээгдсэн сайн мэдээний болон Сүмийн хамгийн чадалтай, няцашгүй хамгаалагч байжээ.
Гэсэн хэдий ч 1895 онд ахлагч Робэртсын Сүм дэх үйлчлэл зөрчилдөөний улмаас эрсдэлд орсон юм. Тэрээр Ютаг муж болоход мужийн үндсэн хуулийн төслийг зөвшилцөх хуралдааны төлөөлөгч байсан ба дараа нь Нэгдсэн Улсын Конгресст нэр дэвшихээр шийдэхдээ Тэргүүн зөвлөлд мэдэгдээгүй бөгөөд зөвшөөрөл ч аваагүй аж. Тэргүүн зөвлөлийн зөвлөх ерөнхийлөгч Жозэф Ф.Смит санваарын ерөнхий хуралдаан дээр түүнийг энэ үйлдлийнх нь төлөө зэмлэжээ. Ахлагч Робэртс сонгуульд ялагдаж, ялагдлын гол шалтгаан нь ерөнхийлөгч Смитийн хэлсэн үг байсан гэж бодох болжээ. Тэр улс төрийн илтгэл, ярилцлагуудад Сүмийн удирдагчдыг шүүмжилж, Сүмийн идэвхтэй үйлчлэлээс татгалзжээ. Солт Лэйкийн ариун сүмд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдтэй хийсэн урт уулзалтын үеэр тэр өөрийгөө зөвтгөсөөр байв. Дараа нь, “ерөнхийлөгч [Вилфорд] Вүдрафф [ахлагч Робэртсд] өөрийн байр суурийг бодож үзэх гурван долоо хоног өгчээ. Хэрэв тэр наманчлахгүй хэвээр байвал тэд түүнийг Далаас буулгах байв.”21
Төлөөлөгч Хибэр Ж.Грант, Франсис Лайман хоёртой ганцаарчлан уулзахдаа ахлагч Робэртс эхлээд бууж өгөхгүй байсан ч хайр болон Ариун Сүнс эцэст нь ялсан байна. Түүний нүдэнд нулимс хурав. Тэр хоёр төлөөлөгч түүнийг эмзэглүүлсэн, үл тоомсорлож, гомдоосон тодорхой зүйлсэд нь хариулж чадсан бөгөөд эвлэрэхийг чин сэтгэлээсээ хүссээр явсан байна. Маргааш өглөө нь удаан залбирсныхаа дараа ахлагч Робэртс ахлагч Грант, Лайман нарт ах нартайгаа эргэн нэгдэхэд бэлэн байна гэсэн захидал илгээжээ.22
Дараа нь Тэргүүн зөвлөлтэй уулзахдаа ахлагч Робэртс “Би Их Эзэнд хандан, Түүний Сүнсээр дамжуулан Бурханы эрх мэдэлд захирагдах гэрэл мөн чиглүүлгийг хүлээн авсан”23 гэж хэлсэн байна. Бурханыг хайрлах хайраараа өдөөгдөн Бригам Х.Робэртс амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл Сүмийн итгэлтэй, чадалтай удирдагч хэвээр үлдсэн юм.24
Бид энэ жишээнээс эв нэгдэлтэй байх гэдэг нь хүн бүр өөр өөрийн хувийн зүйлийг хийх эсвэл өөрийнхөө замаар явах ёстой гэсэн санааг зүгээр л дэмжинэ гэсэн үг биш юм гэдгийг мөн адил харж байна. Бид бүгд хүчин чармайлтаа нийтийн төлөө зориулахгүй бол нэг байж чадахгүй. Энэ нь Бригам Х.Робэртсын хэлснээр Бурханы хүчинд захирагдахыг хэлнэ. Бидний чих, нүд, толгой, гар, хөл гээд бүгд Христийн гэгдэх нэгэн биеийн өөр өөр эрхтэн бөгөөд өөр өөрийн цаг үед өөр өөр үүрэг гүйцэтгэдэг.25 Тиймээс бидний зорилго бол “…биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх”26 явдал юм.
Эв нэгдэлтэй байхад адилхан байх шаардлагагүй ч эв найрамдалтай байх шаардлагатай. Бид өөр өөр баг дэмждэг, улс төрийн аливаа асуудал дээр санал нийлэхгүй, зорилго зорилтын талаар болон тэдгээрт хэрхэн хүрэх гэх мэт иймэрхүү олон зүйл дээр мэтгэлцдэг хэвээр байсан ч зүрх сэтгэлээрээ хайранд холбогдож, итгэл, сургаалд нэг байж чадна. Гэхдээ бид хэзээ ч уурлан санал зөрөлдөж, зөрчилдөж, нэгнээ басамжилж болохгүй. Аврагч:
“Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг.
Болгоогтун, хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь миний сургаал бус; харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө”27 хэмээсэн.
Жилийн өмнө, Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднээс ийн хүссэн: “Бидний хэн нь ч улс үндэстнийг төдийгүй бусдын үйлдлийг, тэр байтугай өөрийн гэр бүлийн гишүүдийг ч хянаж чадахгүй. Гэхдээ бид өөрсдийгөө хянаж чадна. Хайрт ах эгч нар аа, би өнөөдөр та бүхнийг өөрийн зүрх сэтгэл, өөрийн гэр орон, өөрийн амьдралд өрнөж буй зөрчилдөөнийг эцэслэхэд уриалж байна. Бусдыг гомдоох аливаа хүсэл эрмэлзлээ, тухайлбал: энэ нь ааш зан, хурц хэл ам эсвэл өөрийг тань гомдоож бэртээсэн хүнийг үзэхгүй байх явдал байна уу хамаагүй, аливаа ийм хүслээ булшилж хаяна уу. Аврагч бидэнд нөгөө хацраа тавьж өг [3 Нифай 12:39-ийг үзнэ үү], дайснуудаа хайрла, чамайг хүнлэг бусаар ашиглах тэдний төлөө залбир” [3 Нифай 12:44-ийг үзнэ үү]28хэмээн тушаасан.
Би дахин хэлье. Бид дор бүрнээ Есүс Христэд үнэнч байж, Түүнийг хайрласнаар л нэгдмэл байна гэдэгт найдах боломжтой. Өөрөөр хэлбэл дотроо, гэртээ, Сүмд, яваандаа Сионд, эцэст нь Эцэгтэй, мөн Хүүтэй, мөн Ариун Сүнстэй нэг байна гэж найдах боломжтой.
Би ариун долоо хоногийн тэмдэглэлт үйл явдал, мөн бидний Гэтэлгэгчийн ялалтын талаар дахин дурдъя. Есүс Христийн Амилалт нь Түүний тэнгэрлэг байдлыг мөн Тэрээр бүхнийг даван туулсан гэдгийг гэрчилдэг. Түүний Амилалт бид Түүнтэй гэрээгээр холбогдсоныг, бид ч мөн бүхнийг даван туулж, нэг болох боломжтой гэдгийг гэрчилдэг. Түүний ачаар үхэшгүй байдал ба мөнх амьдрал бодит зүйл болсон гэдгийг Түүний Амилалт гэрчилдэг.
Энэ өглөө би Түүний Амилалт мөн үүнтэй холбоотой бүх зүйлийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.