Ерөнхий чуулган
Хамгийн чухал зүйлсээ санагтун
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


13:30

Хамгийн чухал зүйлсээ санагтун

Бидний амьдралд Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хайрт Хүү, бидний гэр бүл, хөршүүдтэйгээ харьцах харилцаа мөн энэхүү харилцаанд Их Эзэний Сүнсээр удирдуулах нь хамгийн чухал юм.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд биднийг Аврагч цагаатгагч золиосоо хийхийн өмнөхөн Иерусалимд сүр жавхлантай орж ирснийг дурсан санах үед Түүний “Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна”1 хэмээх найдвар мөн тайтгарлын үгс миний санаанд орж ирж байна.

Би Түүнд хайртай! Би Түүнд итгэдэг. Тэр бол Амилалт ба Амь гэдгийг би гэрчилж байна.

Эхнэр Барбара минь нас барснаас хойших дөрвөн жил хагасын хугацаанд энэ гэрчлэл намайг тайтгаруулж, урам зориг өгсөөр ирсэн. Би түүнийгээ санаж байна.

Ихэнхдээ, би бидний мөнхийн гэрлэлт мөн хамт туулсан амьдралаа ойр ойрхон эргэцүүлэн боддог.

Би өмнө нь Барбаратайгаа анх яаж танилцсанаа, мөн энэ нь номлолдоо сурч мэдсэн “эргэн шалгах” чадвараа ашиглахыг хэрхэн заасныг хуваалцаж байсан. Тэр хөөрхөн, олонд танигдсан, нийтийн арга хэмжээнд тун идэвхтэй байсан тул би түүнтэй танилцсаныхаа дараа аль болох хурдан эргээд уулзах хэрэгтэй байсан. Тэр маш нээлттэй, нөхөрсөг байсан тул би түүнд тун удалгүй хөл алдсан юм. Түүний сайхан сэтгэл бишрэм байсан. Тэр бид хоёр нэг нэгэндээ зориулагдсан мэт надад санагдсан. Надад ийм л энгийн санагдаж байсан.

Барбара бид хоёр үерхэж эхлээд бидний харилцаа гүнзгийрсэн боловч тэрээр надтай гэрлэх нь зөв сонголт эсэхэд эргэлзэж байсан.

Миний мэдсэн байсан нь хангалтгүй, харин Барбара үүнийг өөрөө мэдэх хэрэгтэй байсан. Энэ талаар бид хоёр мацаг барьж, залбирвал Барбара тэнгэрээс баталгаа авна гэдгийг би мэдэж байв.

Бид хоёр амралтын өдрүүдээр болзоонд явалгүйгээр сонголтоо зөв эсэхийг асуун тус тусдаа мацаг барин залбирсан. Надад ирсэн хариулт түүнд мөн ирснээр намайг баярлуулж билээ. Хүмүүсийн хэлдгээр бусад нь түүх болон үлджээ.

Барбараг нас барахад хүүхдүүд маань түүний булшны чулуун дээр санаж яваарай гэж ээжийнхээ заасан хэдэн сургамжийг сийлүүлсэн. Тэдгээрийн нэг нь “хамгийн удаан оршдог зүйлс хамгийн чухал нь байдаг” хэмээх сургамж байв.

Өнөөдөр би юу хамгийн чухал болох талаар зүрх сэтгэлдээ мэдэрч, бодож байгаагаа хуваалцъя.

Нэгдүгээрт, бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү, Их Эзэн Есүс Христтэй тогтоосон харилцаа хамгийн чухал. Энэхүү харилцаа нь одоо төдийгүй мөнхөд хамгийн чухал нь байсаар байна.

Хоёрдугаарт, гэр бүлийн харилцаа бол хамгийн чухал зүйлсийн тоонд багтана.

Тохинууллынхаа туршид би байгалийн гамшигт нэрвэгдсэн олон хүн, гэр бүлүүд дээр айлчилж байсан. Олон хүн гэр оронгүй болж, өлсөж, айсан байсан. Тэдэнд эмнэлгийн тусламж, хүнс, оромж хэрэгтэй байсан.

Тэдэнд мөн гэр бүл нь хэрэгтэй байсан.

Зарим хүнд ойрын гэр бүлтэйгээ байх боломж байдаггүй тул холын хамаатнууд, найз нөхөд, түүнчлэн тойргийн ахан дүүсийг нь “гэр бүл” гэж энд хамаатуулж ойлгоцгооё. Эдгээр харилцаа холбоо нь сэтгэл санаа, бие махбодын эрүүл мэндэд зайлшгүй хэрэгцээтэй.

Эдгээр харилцаа холбоо хүмүүст хайр, баяр баясал, аз жаргал, мөн харьяалагдах мэдрэмжийг өгдөг.

Эдгээр чухал харилцаандаа санаа тавин авч явах нь сонголт юм. Гэр бүлийн нэг хэсэг болж явахад үүрэг амлалт, хайр, тэвчээр, харилцаа мөн уучлал шаардлагатай байдаг.2 Заримдаа бидэнд бусад хүнтэй санал нийлэхгүй тохиолдол гардаг ч бид зөрчилдөхгүйгээр өөрийгөө илэрхийлж чадна. Үерхэл болон гэрлэлтэд бид шатрын хөлөг дээр түлхүүлэх хүү мэт хайртай болсон эсвэл хайргүй болсон гэж явдаггүй. Бид нэг нэгнээ хайрлаж, тулж түшихийг сонгодог. Бидэнд гэр бүл шиг байдаг хамаатнууд, найз нөхдөдөө ч ялгаагүй бид ийнхүү ханддаг.

Гэр бүлийн тунхагт “Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд нь хувь хүнд Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүдэд мөнхөд нэгдэх боломжийг олгодог”3 хэмээн дурддаг.

Өөр нэгэн маш чухал зүйл бол хамгийн чухал хүмүүстэйгээ харьцах харилцаандаа, хөршөө өөрийн адил хайрлахдаа, мөн ганцаарчлан болон олон нийтэд хандсан тохинуулалдаа Сүнсний өдөөлтийг дагах явдал юм. Би үүнийг залуудаа, бишопоор үйлчилж байхдаа сурч мэдэж авсан.

Цастай, хүйтэн өвлийн нэгэн үдэш би бишопын оффисоосоо гарч явахдаа тойргийнхоо өндөр настай бэлэвсэн эгч дээр очих хүчтэй мэдрэмжийг авсан. Цагаа хартал оройн 10 цаг болж байлаа. Айлчилж очиход хэт орой болжээ гэж би дотроо бодов. Үүний хажуугаар цас ч орж байлаа. Би энэ эгч дээр ийм орой очиж сандаргаж байхаар өглөө эртхэн очсон нь дээр гэж шийдэв. Би гэртээ хариад унтахаар хэвтсэн боловч Сүнс намайг өдөөсөөр байсан тул шөнөжин хөрвөөсөн юм.

Өглөө эрт би бэлэвсэн эгчийнд шууд очлоо. Охин нь хаалгаа нээгээд нүдэндээ нулимстайгаар, “Бишоп оо, ирсэнд баярлалаа. Ээж минь хоёр цагийн өмнө нас барсан”— гэхэд Би сэтгэлээр унав. Зүрх сэтгэлдээ мэдэрсэн зүйлсээ би хэзээ ч мартахгүй. Би гашуудан уйлсан. Хэн хүнээс илүү энэ бэлэвсэн эмэгтэй л бишопынхоо гарыг атгаж, тайтгарал авч, магадгүй эцсийн адислалаа хүлээн авах эрхтэй байгаагүй гэж үү? Би Сүнсний хүчирхэг өдөөлтийг өөрийн оюун бодлоороо сарниулснаасаа болж энэ боломжийг алдсан.4

Ах эгч нар аа, залуу эрэгтэй, эмэгтэйчүүд ээ, Хүүхдийн хэсгийн хүүхдүүд ээ, Сүнсний өдөөлтийг дагах нь бидний бүх харилцаанд хамгийн чухал зүйлийн нэг юм шүү.

Эцэст нь Наргил модны Ням гаргийн энэхүү өдөр, Их Эзэнд хөрвөж, Түүнийг гэрчилж, Түүнд үйлчлэх нь хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг би гэрчилж байна.

Есүс Христэд итгэх итгэл бидний гэрчлэлийн суурь билээ. Гэрчлэл бол Ариун Сүнсээр дамжуулан бидний зүрх сэтгэлд болон сүнсэнд илэрхийлсэн мөнхийн үнэний гэрч буюу баталгаа юм. Сүнснээс ирж мөн хүчирхэгждэг Есүс Христийн тухай гэрчлэл бидний бодох сэтгэх мөн амьдрах арга барилыг өөрчилдөг. Гэрчлэл биднийг Тэнгэрлэг Эцэг рүү маань мөн Түүний Тэнгэрлэг Хүү рүү чиглүүлдэг.

Алма ийн заасан байдаг.

“Болгоогтун, миний ярьсан эдгээр зүйлүүд үнэнийг би мэднэ хэмээн би та нарт гэрчилж байна. Мөн би тэдгээрийн гарцаагүйг яахан мэдэх билээ хэмээн та нар бодож байна уу?

Болгоогтун, би та нарт хэлнэ тэдгээр нь Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм.”5

Зөвхөн гэрчлэлтэй байх нь хангалтгүй. Бид Есүс Христэд илүү гүн хөрвөх тусам Түүний тухай, Түүний сайн сайхан, хайр, сайхан сэтгэлийн тухай аяндаа гэрчилмээр санагддаг.

Мацгийн ням гарагт бид “би мэддэг” мөн “би итгэдэг” гэх үгсээс илүү “би талархдаг” мөн “би хайртай” гэх үгсийг сонсдог.

Би та бүхнийг Есүс Христийн талаар гэрчлэлээ илүү их хуваалцаарай гэж урьж байна. Та юунд талархалтай байгаагаа хэлээд зогсохгүй юу мэддэг, юунд итгэдэг мөн юу мэдэрдгээ гэрчлээрэй. Аврагчийг хэрхэн таньж мэдэж, хайрладаг болсноо мөн Түүний сургаал, мөн амьдралд тань ирсэн Түүний гэтэлгэгч, боломж олгогч хүчний талаар гэрчлээрэй. Мэддэг, итгэдэг мөн мэдэрдэг зүйлээ гэрчлэх үед тань Ариун Сүнс таныг анхааран сонсож буй хүмүүст үнэнийг гэрчилж, батлах болно. Яагаад гэвэл тэд таныг Есүс Христийн тайван дагагч болохыг харсан. Түүний шавь байна гэдэг нь юу гэсэн үг болохыг тэд харах болно. Тэд өмнө нь мэдэрч байгаагүй зүйлийг мөн мэдрэх болно. Цэвэр гэрчлэл нь өөрчлөгдсөн зүрх сэтгэлээс гардаг бөгөөд Ариун Сүнсний хүчээр дамжин хүлээн авахад нээлттэй байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг.

Таны хуваалцсан гэрчлэлээс ямар нэг зүйлийг мэдэрсэн хүн таны гэрчлэлийн үнэнийг батлахыг Их Эзэнээс залбиран гуйж магадгүй. Тэгээд тэд үүнийг өөрсдөө мэдэж авах болно.

Ах эгч нар аа, Есүс Христ бол дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд. Тэр бол Бурханы амилсан Хүү. Мөн энэ бол Түүний бошиглогч ба төлөөлөгчдөөр удирдуулсан Түүний сүм. Хэзээ нэгэн өдөр би нөгөө ертөнц рүү очихдоо гэрчлэл минь тод ассаар байхын төлөө залбирч байна.

Бидний амьдралд Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хайрт Хүү, бидний гэр бүл, хөршүүдтэйгээ харилцах харилцаа мөн энэхүү харилцаанд Их Эзэний Сүнсээр удирдуулж, тэдэнд хамгийн чухал бөгөөд хамгийн урт үргэлжлэх зүйлсийн талаар гэрчлэх нь хамгийн чухал гэдгийг би тохинууллаасаа сурч мэдэж авсан. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иохан 11:25

  2. Энэ сэдэв дээрх судрууд, бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагчийн хэлсэн үгийг уншихыг хүсвэл (ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library-ийн эсвэл мобайл апп дээрх) “Family,” “Unity,” and “Love” нийтлэлүүдийг үзнэ үү.

  3. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org.

  4. Энэ туршлагын талаарх хүүрнэл Сюзан Ийстон Блак, Жөүсэф Вокэр нарын Anxiously Engaged: A Biography of M. Russell Ballard (2021), 90–91 намтарт бий.

  5. Алма 5:45–46