Хожмын үеийн амьд бошиглогч
Бошиглогчоор дамжуулан хайраар дүүрэн төгс Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүддээ үнэнийг илчлэх загварыг сонгосон
Жаахан байхад бямба гарагт хийсэн бүхэн маань адал явдал мэт санагддаг байсан болохоор би энэ өдөрт дуртай байлаа. Гэхдээ юу ч хийсэн бай, эхлээд хамгийн чухал зүйл болох хүүхэлдэйн киногоо зурагтаар үздэг байлаа. Нэгэн бямба гаргийн өглөө би телевизийн өмнө зогсоод, сувгаа сольж байхдаа хайж байсан хүүхэлдэйгээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулганы нэвтрүүлгээр солигдсон байсныг мэдэв. Зурагт руу хараад, хүүхэлдэйн кино маань гарахгүй болсонд гашуудан байсан би костюм, зангиатай, буурал толгойтой хүн тухлаг сандал дээр сууж байгааг харав.
Тэр хүн нэг л өөр санагдсан тул би том ахаасаа “Энэ хэн бэ?” гэж асуухад,
“Ерөнхийлөгч Давид О.Маккэй байна. Бошиглогч шүү дээ” гэж тэр хэлэв.
Ямар нэгэн зүйл мэдэрч, яагаад ч юм түүнийг бошиглогч гэж мэдэж авснаа би санадаг. Тэгээд би хүүхэлдэйн киноны хорхойтон байсан болохоор сувгаа сольсон ч тэрхэн мөчид гэнэтийн илчлэлтээр мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартаагүй. Заримдаа бошиглогчийг мэдэхэд ердөө ганцхан хором шаардлагатай байдаг.1
Илчлэлтээр дамжуулан газар дэлхий дээр амьд бошиглогч байдгийг мэдэж авах нь бүх зүйлийг өөрчилдөг.2 Үүнийг мэдсэн хүн бошиглогчийн үгсэд итгэх, зөвлөгөөг нь шилж сонгон дагах нь зөвтгөгдөх эсэх талаарх мэтгэлцээнд оролцохыг хүсдэггүй.3 Иймэрхүү илчлэгдсэн мэдлэгийг бүрэн дүүрэн ойлгохгүй байсан ч4 энэ нь биднийг амьд бошиглогчийн зөвлөгөөнд итгэхэд урьдаг. Эцсийн эцэст, ийм нандин дуудлагыг хэзээ ч эрэлхийлж байгаагүй мөн биднээр хэлүүлэлгүй төгс бус байдлаа мэддэг бошиглогчоор дамжуулан хайраар дүүрэн төгс Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүддээ үнэнийг илчлэх загварыг сонгосон билээ.5 Бошиглогч бол Бурханы Өөрийнх нь бэлдсэн, дуудсан, засаж залруулсан, сүнслэгээр нөлөөлсөн, зэмлэсэн, ариулсан мөн дэмжсэн тэр хүн юм.6 Тиймээс бид бошиглолын зөвлөгөөг дагаж байвал хэзээ ч сүнслэг байдлаар эрсдэлд ордоггүй.
Бидэнд таалагдахаас үл хамааран бид бүгд дэлхийн өмнөх амьдралд энэ хожмын үед төрөхөөр ямар нэгэн аргаар сонгогдсон. Хожмын үетэй холбоотой хоёр бодит байдал бий. Христийн Сүм дэлхий дээр дахин байгуулагдах нь эхний бодит байдал бол, нөхцөл байдал үнэхээр хэцүү болно гэдэг хоёр дахь бодит байдал юм. Сударт хожмын өдрүүдэд “дэлхийн ургацыг устгахын тулд агуу мөндрөн шуурга,”7 тахал,8 “дайнууд хийгээд дайнуудын цуурхал урагш илгээгдэх болно мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, … мөн алдас газар авах болно”9 хэмээн илчилдэг.
Намайг хүүхэд байхад хожмын өдрүүдийн талаарх эдгээр бошиглол сэтгэлийг минь түгшээдэг байсан болохоор намайг амьд байхад Хоёр дахь ирэлт битгий болоосой гэж залбирахад хүргэдэг байв. Залбирал маань одоогийн байдлаар амжилттай болжээ. Харин одоо бол бошиглогдсон сорилтууд тохиох нь дамжиггүй болохоор би эсрэгээр нь залбирдаг болсон.10 Учир нь Христийг засаглахаар эргэн ирэх үед Түүний бүх бүтээл “аюулгүй хэвтэх болно.”11
Дэлхийн өнөөгийн нөхцөлд байдал зарим хүнийг үймж сандрахад хүргэдэг. Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд энэ хэцүү цаг үеийг хэрхэн туулахаа мэдэхийн тулд энэ тэрийг дагаж хуйлрах шаардлагагүй. Бид огтхон ч айх шаардлагагүй.12 Бид сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхийн тулд, мөн бие махбодын хувьд эцсээ хүртэл тэвчихийн тулд дагах ёстой сургаал болон зарчмуудыг амьд бошиглогчийн үгнээс олдог.13 Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Бидний дунд Бурханы бошиглогч байгаа нь өчүүхэн зүйл биш”14 хэмээн тунхагласан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы удаан хугацаанд бошиглогчоор дамжуулан хүүхдүүддээ зааж буй загвар нь Тэрээр бүх бошиглогчийг болон бошиглолын зөвлөгөөг анхаардаг тэднийг адисалдаг гэдгийг бидэнд баталдаг”15 хэмээн гэрчилсэн. Тиймээс гол түлхүүр нь амьд бошиглогчийг дагах явдал юм.16 Ах эгч нар аа, бошиглолын сургаал нь хуучны комик номууд болон сонгодог машинуудтай адилгүй бөгөөд удах тусам үнэ цэнтэй болдоггүй. Иймээс бид өнгөрсөн үеийн бошиглогчдын үгсээр амьд бошиглогчдын сургаалыг үгүйсгэх гэсний хэрэггүй.17
Есүс Христ сайн мэдээний зарчмуудыг заахдаа ашигладаг байсан сургаалт зүйрлэлүүдэд би дуртай. Энэ өглөө би та бүхэнтэй амьдрал дээр тохиолдсон сургаалт зүйрлэлээ хуваалцмаар байна.
Би нэг өдөр Сүмийн удирдах газрын цайны газар өдрийн хоол идэхээр орсон юм. Тавагтай хоолоо аваад хоолны заал руу орохдоо Тэргүүн зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа нэг ширээнд сууж байгааг болон дэргэд нь нэг хоосон сандал байгааг анзаарав. Өөртөө итгэлгүй байдлаасаа болоод тэдний ширээнээс холуур тойрч гарахдаа, бошиглогч Рассэлл М.Нэлсоны “Аллэн, энд сул сандал байна. Ирээд, бидэнтэй хамт суугаач” хэмээн дуудахыг сонслоо. Тэгээд би очиж суув.
Хоолоо идэж дуусаж байтал гэнэт шажигнасан чанга чимээ сонсогдоход би гайхан хартал ерөнхийлөгч Нэлсон усны хуванцар саваа дээрээс нь шалчийтал дараад, таглаж байв.
Тэгтэл ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Та яагаад усны саваа шалчийлгачхав?” гэж миний асуумаар байсан асуултыг асуув.
“Ингэвэл хогийн саванд их зай эзэлдэггүй болохоор дахивар материалтай ажилладаг хүмүүст хялбар болж байгаа юм” гэж тэр хариулав.
Түүний хариултын талаар бодож байтал яг адилхан шажигнах чимээ сонсогдлоо. Баруун тал руугаа эргээд хартал ерөнхийлөгч Өүкс усны саваа ерөнхийлөгч Нэлсоныхтой яг адилхан шалчийлгасан байв. Дараа нь зүүн талд чимээ гартал ерөнхийлөгч Хэнри Б.Айринг усны саваа арай өөрөөр буюу хөндлөнгөөр нь шалчийлгаж орхив. Харин энэ нь босоо байдлаас дарснаас илүү хүч шаардахаар харагдаж байв. Үүнийг нь анзаарсан ерөнхийлөгч Нэлсон илүү амархан шалчийлгахын тулд саваа босоогоор нь байлгах аргаа түүнд эелдгээр үзүүлэв.
Тэгэхэд би ерөнхийлөгч Өүкс рүү ойртон, “Усны хуванцар саваа шалчийлгах нь цайны газраас тавьж буй, хогоо боловсруулах шинэ шаардлага юм уу?” гэж аяархан асуув.
Ерөнхийлөгч Өүкс инээмсэглээд: “Аллэн минь, бошиглогчийг дагах хэрэгтэй шүү дээ” гэж хариулсан юм.
Ерөнхийлөгч Нэлсон тэр өдөр цайны газарт дахин боловсруулалттай холбоотой шинэ сургаал заагаагүй гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ бид ерөнхийлөгч Өүкс, ерөнхийлөгч Айринг хоёрын ерөнхийлөгч Нэлсоны үлгэр жишээг тэр даруй дагаж байгаагаас,18 мөн ерөнхийлөгч Нэлсоны хамт байгаа хүмүүстээ илүү сайн арга замыг зааж буй анхааралтай байдлаас нь суралцаж болно.19
Хэдэн жилийн өмнө ахлагч Нийл А.Максвэлл өнөөгийн тухай үнэн зөв бошиглолын зарим ажиглалт болон зөвлөмжийг хуваалцсан юм.
“Хэдэн сар, жилийн дараа үйл явдлууд нь бүх гишүүнийг Тэргүүн Зөвлөлийг дагах эсэхээ шийдэхээс өөр аргагүйд хүргэнэ. Гишүүд хоёр сонголтын дунд удаан гацах нь улам хэцүү болно гэдгийг ойлгох болно.
“… Бусдад бошиглолын зөвлөгөөг хүлээн авах үедээ үйлдэх боломж олгож, сонголтуудаа тодорхой байлгах үүднээс цэдгээ үлдээцгээе. …
“Есүс инжрийн мод навчсаа дэлгэхэд ‘зун ойртсон’ байдаг хэмээн хэлсэн. … Ингэж зун болсныг сануулсан байхад бүгдээрээ халуунаас болж гомдоллохгүй байцгаая!”20
Өсвөр үеийнхэн илүү их инжрийн навчтай, ид халуун үед өсөж торниж байна. Бодит байдал дээр бошиглолын зөвлөгөөг дагах тал дээр бол аль хэдийн насанд хүрсэн хүмүүст илүү хариуцлага оногддог. Эцэг эх нь амьд бошиглогчийн зөвлөгөөг үл тоомсорлосноор зөвхөн өөрсдөд нь амлагдсан адислалуудыг алдаад зогсохгүй хамгийн харамсалтай нь тэд хүүхдүүддээ бошиглогчийн хэлсэн зүйлс ач холбогдолгүй эсвэл энэ бошиглолын зөвлөгөөнөөс алийг нь дагах үгүйгээ сүнслэг тэжээлийн дутагдлаас эмээхгүй сонгож болно гэж зааж буй хэрэг юм.
Ахлагч Ричард Л.Эванс нэг удаа “Зарим эцэг эх биеэ авч явах болон зохицох байдал дээрээ түр амсхийж … гэр бүлдээ эсвэл гэр бүлийнхээ ирээдүйд нөлөөлөхгүйгээр үндсэн зарчмуудаа бага зэрэг хялбаршуулж болно гэж буруу боддог. Гэхдээ хэрэв эцэг эх нь замаасаа бага зэрэг хазайвал хүүхдүүд нь эцэг эхийнхээ үлгэр жишээг хэтрүүлэх магадлалтай байдаг”21 хэмээн онцолсон.
Дайсны нөлөөний оргил үед үүргээ гүйцэлдүүлэх23 өсвөр үеийнхнийг хожмын үеийн бошиглогдсон үүрэгт нь бэлтгэх ариун үүрэг хариуцлага хүлээсэн үеийнхний хувьд22 бид бошиглолын зөвлөгөөг дагахын ач холбогдлын талаарх эргэлзээтэй эх сурвалж байж болохгүй. Өсвөр үеийнхэнд “дайсныг хол байхад нь харах” боломж олгоод, дараа нь дайсны халдлагаас сэргийлэхэд тэднийг бэлэн болгох нь нэн чухал зөвлөгөө юм.24 Бидэнд жижиг мэт санагдах хазайлт, чимээгүй үл тоомсорлол эсвэл бошиглогчийн зөвлөгөөг бувтнаж шүүмжлэх зэрэг нь биднийг гэрээний замын зах хавиар алхуулаад байж болох ч дайсан эдгээр үйлдлийг өсвөр үеийнхний амьдралд илүү хүчтэй оруулах үед энэ нь тэднийг гэрээний замаа нэг мөсөн орхиход нь нөлөөлж болзошгүй. Ийм үр дагавар нь өсвөр үеийнхэнд дэндүү хүнд тусах үнэ юм.25
Та нарын зарим нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг дагах явцдаа бүтэлгүйтэж байсан гэж бодож байж магадгүй. Хэрэв тийм бол наманчлаад, Бурханы сонгогдсон бошиглогчийн зөвлөгөөг дахин дагаж эхэл. Хүүхдийн хүүхэлдэйн кинонд сатаарахаа больж, Их Эзэний тослогдсон хүнд итгэ. “Израильд эш үзүүлэгч [дахиад] байгаад”26 баярла.
Та итгэлгүй байлаа ч бид хожмын үеийн халууныг тэсвэрлэж, тэдгээрт бүр цэцэглэн хөгжиж болно гэдгийг би гэрчилж байна. Бид хожмын үеийн гэгээнтнүүд бөгөөд эдгээр нь агуу өдрүүд юм. Бид дайсны улам харанхуй, төөрөгдүүлсэн манан үүсэхэд27 бүдэрч үлдэхгүй, харин “Эзэн Бурхан ингэж айлдаж байна”28 хэмээн бидэнд, бүхэл дэлхийд хэлэх эрх мэдэлтэй нэгэн болох түүнээс удирдамж, зөвлөмж авна гэдэгтээ итгэлтэй байсан тул дэлхийд ирэхийг тэсэн ядан хүлээж байсан. Бурханы босгосон бошиглогч, Израилын Ариун Нэгэн,29 бүр Есүс Христийн ариун нэрээр, амен.