Ерөнхий чуулган
Энх амгалангийн Ханхүүгийн дагалдагчид
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


13:35

Энх амгалангийн Ханхүүгийн дагалдагчид

Бид Аврагчийнхтай адил зан чанаруудыг хөгжүүлэхийг хичээх үедээ дэлхий дээр Түүний амар амгалангийн зэмсэг болж чадна.

Зехариад өгсөн бошиглолын биелэл1 болж, Есүс ариун хотод илжиг унан сүр жавхлантай орж ирсэн. Энэ нь уран зохиолд дүрслэгдсэнчлэн, “Иудейн язгууртан ихэс дээдсийн эртний бэлгэ тэмдэг”2 байсан төдийгүй үнэхээр Хаадын Хаан, Энх Амгалангийн Ханхүүд тохирч байлаа.3 Хөөрч баярласан дагалдагчид нөмрөг, далдуу модны навч болон бусад навчийг Есүсийн явж байсан зам дээр дэвсэж, Бурханыг магтан, чанга дуугаар “Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай!”4 гэж байлаа. “Давидын Хүүд Хосанна; Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ; Хамгийн Дээдэд Хосанна”5 гэж хашхиралдаж байлаа. Далдуу модны ням гараг хэмээн бидний өнөөдөр тэмдэглэж байгаа энэхүү гайхамшигт үйл явдал нь Аврагчийн Өөрийгөө умартсан золиос болон хоосон булшны агуу гайхамшиг тохиох тэрхүү долоо хоногт болох зовлонт үйл явдлын баяр баяслаар дүүрсэн удиртгал байсан.

Түүний дагалдагчид болох онцгой хүмүүсийн хувьд бид Аврагчийн ариун журмыг тунхаглахаар6 дуудагдсан бөгөөд Түүгээр болон цагаатгагч золиосоор нь дамжуулан туйлын харамгүй өгөгдсөн амар амгаланг дэмжигчид билээ. Энэхүү амар амгалан нь Аврагч руу зүрх сэтгэлээ хандуулж, зөв шударга амьдарч байгаа хүн бүрд амлагдсан бэлэг юм. Энэ нь бидэнд мөнх бус амьдралыг таашаах хүчийг өгч, амьдрал хэмээх харгуйн шаналант бэрхшээлийг тэсэх боломжийг өгдөг.

1847 онд өрнөдийг чиглэж байсан аян замдаа гэнэтийн бэрхшээлтэй тулгарах үедээ тайван, нэгдмэл байхын тулд амар амгалан хэрэгтэй байсан анхдагч гэгээнтнүүдэд Их Эзэн тодорхой удирдамж өгсөн. Энэ бүхний дунд, Их Эзэн тэдэнд: “Бие биентэйгээ сөргөлдөхөө эцэслэ; бие биенийхээ тухай хилэнцэтийг ярихаа эцэслэ”7 хэмээн зааварлажээ. Зөв шударга үйлийг хийдэг, Их Эзэний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхахыг хичээдэг хүмүүст бидний өнөөгийн амьдарч байгаа үймээн самуунтай өдрүүдэд тэсэж үлдэхэд шаардагдах амар амгалан амлагдсан гэдгийг судрууд баталдаг.8

Энх Амгалангийн Ханхүүгийн шавь нарын хувьд “зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн”9 амьдар хэмээх удирдамжийг бидэнд өгсөн. Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан: “Зөрчилдөөн Аврагчийн төлөөлж, зааж байсан бүхэнтэй харшилдаг”10 хэмээн заахын сацуу өөрсдийн зүрх сэтгэлд болон амьдралд одоо явагдаж байгаа хувийн зөрчилдөөнүүдийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийхийг биднээс хичээнгүйлэн гуйсан.”11

Биднийг хайрлах Христийн цэвэр хайрын үүднээс, Түүний дагалдагчдын хувьд бие биеэ ч мөн тийм хайраар хайрлах хэрэгтэй гэх өнцгөөс эдгээр зарчмыг авч үзэцгээе. Судруудад ийм төрлийн хайрыг энэрэл гэж тодорхойлдог.12 Бид энэрлийн тухай бодохдоо ихэвчлэн бие махбод, материаллаг зүйлс, сэтгэл санааны бэрхшээлийг туулж байгаа хүмүүсийн ачааг хөнгөвчлөх өгөөмөр үйлс, хандив гэж боддог. Гэвч энэрэл нь зөвхөн хэн нэгэнд хандивлах үйлээр хязгаарлагддаггүй. Энэ нь Аврагчийн онцлог чанар бөгөөд бидний зан араншны нэг хэсэг болох боломжтой. Их Эзэн биднийг “төгс чанар хийгээд амар амгалангийн холбоо болох”13 энэрлийн холбоогоор өөрсдийгөө хувцасла хэмээн хэлсэнд гайхах зүйлгүй. Энэрэл байхгүй бол бид хэн ч биш.14 Мөн бид Тэнгэрлэг Эцэгийнхээ орд харшид Их Эзэний бидэнд зориулан бэлтгэсэн тэрхүү байрыг ч өвлөж чадахгүй.15

Есүс, ялангуяа алагдахынхаа өмнө тулгарах зовлонт үйл явдлуудыг туулах үедээ Тэрээр энэхүү төгс чанар болон амар амгалангийн уялдааг эзэмших нь ямар утга учиртай болохыг төгс үлгэрлэсэн. Шавь нарынх нь нэг тэр шөнө Өөрөөс нь урвана гэдгийг мэдэж байсан ч гэсэн тэдний хөлийг даруухан угааж байхад нь Есүст ямар мэдрэмж төрж байсныг хэсэг тунгаагаад үзээрэй.16 Эсвэл хэдэн цагийн дараа, Өөрөөс нь урвасан Иудасыг дагаж явсан эрэгтэйчүүдийн нэгний чихийг эдгээж байхад нь Түүнд ямар мэдрэмж төрсөн бол хэмээн бодоорой.17 Мөн Аврагчийг Пилатын өмнө зогсож байхад, тэргүүн тахилч нар болон ахлагчид Түүнийг шударга бусаар буруутгах үед Тэрээр тохоосон хилс хэргийг сөрж нэг ч үг дуугаралгүй ром захирагчийг гайхшируулсан тухай эргэцүүлээрэй.18

Эдгээр гурван эмгэнэлт тохиолдлын дунд туйлын гунигт автан, дарамттай байсан ч Аврагч үлгэр жишээгээрээ “хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр … ихэрхдэггүй; зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй [мөн] өс хураадаггүй”19 гэж заасан.

Шавь байхад маань мөн Аврагчийн амар амгаланг хэрхэн дэмжихэд маань шууд нөлөөлдөг нэг зүйл бол бидний бие биетэйгээ хэрхэн харьцаж буй явдал гэдгийг тодотгох нь чухал. Аврагчийг мөнх бус амьдралд тохинуулж байхад Түүний сургаалууд олон зүйл рүү анхаарлаа хандуулж байсан ба хайр, энэрэл, тэвчээр, даруу байдал, нигүүлсэл зэрэг Түүнтэй илүү ойр байж, Түүний амар амгаланг дэмжигч байхыг хүсэгчдийн суурь онцлог чанаруудад голлон анхаарч байсан юм. Эдгээр онцлог чанар нь Бурханы бэлэг бөгөөд эдгээрийг хөгжүүлэхээр мэрийх үед бид хөршүүдийнхээ ялгаатай байдал, сул дорой чанарыг илүү өрөвдөх сэтгэл, мэдрэмжтэй байдал, хүндэтгэл, хүлээцтэй байдлаар харж эхлэх болно. Бидний Аврагчтай илүү ойр байж, Түүнтэй илүү адил болж байгаагийн нэг илэрхий тэмдэг нь ямар ч нөхцөл байдалд эргэн тойрны хүмүүстэйгээ хайраар, тэвчээртэй, эелдэг харьцах явдал юм.

Хүмүүс бусдын зан чанар, санаа бодол өөрсдийнхөөс нь өөр, тэдний бодол, үйлдэлтэй зөрчилдөж байгаа үед бусдын ялгаатай зан чанар, сул тал, санаа бодлын тухай сөрөг, тэр бүү хэл гутаан доромжилсон сэтгэгдэл илэрхийлж байгааг бид голдуу хардаг. Энэ хүмүүс аливаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэд мэдээгүй атлаа сонссон зүйлээ давтаж, тийм сэтгэгдлийг бусдад дамжуулан хэлэх нь түгээмэл байдаг. Харамсалтай нь, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл харьцангуй үнэн, ил тод байх нэрээр ийм төрлийн зан авирыг өөгшүүлдэг. Өөрийгөө хязгаарлахгүй л бол, цахим харилцан яриа нь хүмүүсийг хувь хүн рүү нь дайрах, ширүүн маргалдах, сэтгэлээр унагах, зүрх сэтгэлийг нь шархлуулах, дайсагналцах байдал руу хөтөлдөг.

Эцсийн өдрүүдэд дайсан хилэгнэж, сайн зүйлсийн эсрэг хүмүүсийг уурлуулан өдөөх болно20 хэмээн Нифай бошиглосон. Судрууд “сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг”21 гэж заадаг. Нөгөө талаас, “хилэнцэт болох тэр нь чөтгөрөөс ирдэг; учир нь чөтгөр Бурханы дайсан, мөн үргэлж түүний эсрэг тулалддаг, мөн нүгэл үйлдэхэд, мөн хилэнцэтийг үйлдэхэд үргэлж урьж мөн татдаг буюу.”22

Энэхүү бошиглолын зааврыг авч үзвэл, дайсны нэг арга мэх нь Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд дайсагнал, үзэн ядалтыг өдөөх явдал байдагт гайхах зүйлгүй. Тэрээр хүмүүс бие биеэ шүүмжилж, доромжилж, гүтгэн муулахыг хараад баясдаг. Ийм зан авир нь, ялангуяа хэн нэгнийг шударга бус шүүх үед түүний зан төлөв, нэр хүнд, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сүйтгэж болно. Бид энэ төрлийн хандлагыг өөрсдийн амьдралд орохыг зөвшөөрөх үед, зүрх сэтгэлдээ дайсан бидний дунд сөргөлдөөний үр суулгаж, түүний шунахай урхинд унах эрсдэл үүсгэх зай гаргаж өгч байгаа гэдгийг онцгойлон авч үзэх нь чухал.

Бид бодол санаа, үг хэл, үйлдлээ цэгнэж явахгүй бол дайсны зальт мэхэнд ороогдож, эргэн тойрныхон болон хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаагаа сүйрүүлж болзошгүй.

Ах эгч нар аа, бид Их Эзэний онцгой хүмүүсийн хувьд, Түүний амар амгаланг дэмжигчдийн хувьд, зүрх сэтгэлээ хилэнцэт нэгний мэхэнд хууртахыг зөвшөөрч болохгүй. Зүрх сэтгэл, харилцаа, бүр амьдралыг сүйрүүлдэг тийм хөнөөлтэй ачааг бид үүрч болохгүй. Сайн мэдээ нь үлэмж баярлуулах сайхан мэдээг төлөөлдөг.

Бидний хэн нь ч төгс биш. Бидэнд ийм төрлийн зан авирт хууртагдан автах үе тохиох нь зайлшгүй. Аврагч төгс хайрладаг учраас мөн хүн төрөлхтний хандлагын талаар бүхнийг мэддэг учир биднийг ийм төрлийн аюулаас сэрэмжлүүлэхийг үргэлж хичээдэг. Тэрээр бидэнд “Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно”23 гэж заасан.

Хайрт ах эгч нар аа, бид Аврагчийнхтай адил онцгой чанаруудыг хөгжүүлэхийг хичээх үедээ Түүний тогтоосон хэв загварын дагуух дэлхий дээр Түүний амар амгалангийн зэмсэг болж чадна. Би та бүхнийг бусдыг өргөн дэмжиж, уучилж, ойлгодог зүрх сэтгэлтэй, бусдаас хамгийн сайныг нь олж хардаг, “хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг”24 гэдгийг үргэлж санадаг хүмүүс болгон өөрсдийгөө хувирган өөрчилж чадах арга замуудыг бодож үзэхэд урьж байна.

Хэрэв бид эдгээр онцлог чанаруудыг эрэлхийлж, хөгжүүлэх аваас бусдынхаа хэрэгцээнд илүү чин сэтгэлээсээ, мэдрэмжтэй ханддаг болж,25 баяр баясгалан, амар амгалан, сүнслэг өсөлтийг мэдрэх болно26 гэдгийг би амлаж байна. Их Эзэн бидний хүчин чармайлтыг харахын сацуу бидэнд нэг нэгнийхээ ялгаатай, сул дорой, төгс бус байдалд илүү хүлээцтэй, тэвчээртэй байхад хэрэгтэй бэлгүүдийг өгнө гэдэгт эргэлзэх зүйлгүй. Түүнээс гадна бид гомдох өдөөлтийг тэвчиж, биднийг өвтгөсөн хүмүүсийг гомдоохгүй байхад илүү сайн суралцана. Бидэнтэй зүй бус харьцаж, бидний тухай муугаар ярьсан хүмүүсийг Аврагчийн үйлдсэний адил уучлах хүсэл маань нэмэгдэж, бидний зан чанарын нэг хэсэг болох нь гарцаагүй.

Бид ирэх ням гарагт хоосон булшны гайхамшгийг тэмдэглэхээр бэлтгэх үедээ өнөөдөр буюу Далдуу модны ням гаргийн энэ өглөө Энх Амгалангийн Ханхүүгийн замыг даган, хайраар дүүрэн нөмрөг, энэрлээр дүүрэн далдуу модны навчаа дэвсэх болтугай. Христэд итгэдэг ах, эгч нарын хувьд бүгдээрээ хамтдаа “Давидын Хүүд Хосанна; Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ; Хамгийн Дээдэд Хосанна”27 гэж баясгалантай тунхаглацгаая.

Есүс Христ амьд гэдгийг мөн Түүний цагаатгагч золиосоор илэрсэн төгс хайр Түүнтэй хамт алхаж, энэ дэлхий дээр болон ирэх дэлхийд Түүний амар амгаланг эдлэх хүсэлтэй бүх хүнд нээлттэй гэдгийг би гэрчилж байна. Би энэ бүхнийг Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христийн ариун нэрээр хэлж байна, амен.