Би үнэхээр өршөөгдсөн үү?
Төгс бөгөөд бүрэн дүүрэн өршөөлийн тэрхүү амлалтыг Есүс Христийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан хүн болгонд өгсөн.
Хэдэн жилийн өмнө Наттрэсс эгч бид хоёр Айдаход шинэ бизнес эрхлэхээр нүүсэн юм. Тэнд оффис дээрээ өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Азаар, бидний гэр ажлаас маань хэдхэн гудамжны цаана байдаг байсан юм. Шона долоо хоног бүр зургаагаас доош насны гурван охиноо дагуулан, өдрийн хоолоо хамт идэхээр оффист ирдэг байв.
Нэг өдөр манайх гэр бүлээрээ өдрийн хоолоо идсэний дараа таван настай охин Мишэлл маань надад цаасан дээр зурвас бичээд, оффисын утсанд хавчуулаад үлдээсэн байсныг би анзаарсан юм.
“Аав аа, намайг хайрлахаа санаарай. Хайртай шүү, Мишэлл” гэсэн байлаа. Энэ нь хамгийн чухал зүйлсийн талаар залуу аавд хүчтэй сануулж өгсөн юм.
Ах эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж санадаг, Тэр биднийг төгс хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Би нэг зүйл асууя. Бид Түүнийг санадаг уу? Бид Түүнд хайртай юу?
Олон жилийн өмнө би Сүмийн нэгжид удирдагчаар үйлчилж байлаа. Манай залуучуудын нэг Дэнни бүх талаараа онцгой залуу байсан юм. Тэр дуулгавартай, эелдэг дөлгөөн бас сайхан сэтгэлтэй байлаа. Гэтэл ахлах сургуулиа төгсөөд, муу залуустай нөхөрлөж эхлэв. Тэрээр мансууруулах бодис тэр дундаа метамфетамин хэрэглэдэг болж, донтолт, сүйрлийн гулсуур замаар доош уруудсан юм. Удалгүй түүний царай зүс тэс ондоо болж, бараг танигдахын аргагүй болсон байв. Түүний нүдний гал буурч, илт өөрчлөгдөж бүдгэрчээ. Би түүнд хэд хэдэн удаа туслах гэж оролдсон ч нэмэр болсонгүй. Тэр хайхрахгүй байв.
Энэ гайхалтай залууг зовж шаналсан, төөрөлдсөн амьдралаар амьдрахыг харахад надад хүнд байсан. Түүнд маш олон зүйлийг хийх ирээдүй байсан.
Нэгэн өдөр гайхамшиг тохиов.
Тэрээр дүүгийнхээ номлолд явахынхаа өмнө гэрчлэлээ хуваалцсан ариун ёслолын цуглаанд оролцжээ. Ариун ёслолын цуглааны үер Дэнни удаан хугацаанд мэдрээгүй мэдрэмжээ авчээ. Тэр Их Эзэний хайрыг мэдэрсэн байна. Эцэст нь түүнд итгэл найдвар төрөв.
Хэдийгээр Дэнни өөрчлөгдөхийг хүссэн ч энэ нь түүний хувьд хүнд даваа байв. Түүний донтсон, гэм буруутай байдал нь түүний тэвчиж чадахааргүй зүйл байлаа.
Нэг өдөр үдээс хойш намайг зүлгээ тэгшилж байхад Дэнни машинаараа хэлэлгүйгээр ирсэн байлаа. Түүнийг дотроо маш их тэмцэлдэж байгааг би ажиглав. Би зүлэг тэгшлэгчээ унтраагаад, бид хоёр үүдний довжоон дээр сүүдэрт хамт суулаа. Яг тэр үед тэрээр зүрх сэтгэлийнхээ мэдрэмжийг надад ярьж эхэлсэн юм. Тэр өмнөх шигээ болохыг үнэхээр хүсэж байлаа. Гэсэн хэдий ч түүнд донтолт, амьдралын хэв маягаа орхих нь маш хэцүү байв. Тэрээр энэ замаар хэт удаан явсан учир маш их гэм буруутай мэт санагдаж байгаагаа хэлэв. Тэрээр “Би үнэхээр өршөөгдөх болов уу? Өмнөх шигээ болох арга зам үнэхээр байгаа юу? гэж асуув.
Түүнийг надад зүрх сэтгэлийн эдгээр зовнилоо ярьсны дараа бид Алма 36-р бүлгийг хамтдаа уншлаа:
“Тийм ээ, би өөрийн бүх нүглүүд мөн алдсуудыг санаж байв. …
“Тийм ээ, … Бурханыхаа дэргэд ирнэ гэдэг тэр л бодол бодгалийг минь илэрхийлэхийн аргагүй аймшигтайгаар тарчилгахаар” … байв (13–14-р шүлэг).
Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа Дэнни “Надад яг ийм мэдрэмж төрж байна!” гэлээ.
Бид цааш үргэлжлүүлэн:
“… өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдаж байхдаа би, болгоогтун, би түүнчлэн дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар хүмүүст эцгийнхээ бошиглохыг дуулснаа санав. …
“Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би” (17, 20-р шүлэг) гэж уншив.
Эдгээр судрын хэсгийг унших үед түүний нүднээс нулимс урсаж эхлэв. Тэр яг Алмагийн мэдэрсэн баяр баясгаланг хайж байжээ!
Бид Алмаг маш их гэм нүгэлтэй хүн байсан тухай ярилцав. Гэхдээ тэр наманчилсныхаа дараа өнгөрснөө хэзээ ч дахиж хараагүй юм. Тэрээр Есүс Христийн үнэнч шавь, бүр бошиглогч болсон байдаг! Дэнни нүдээ томруулснаа “Бошиглогч уу?“ гэлээ.
“Тийм ээ, бошиглогч. Чамаас тийм ихийг шаардахгүй ээ!” гэж би энгийн байдлаар хариулав.
Түүний гэм нүгэл хэдийгээр Алмагийнх шиг тийм ноцтой биш ч төгс бөгөөд бүрэн дүүрэн өршөөлийн тэрхүү амлалтыг Есүс Христийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан хүн болгонд өгсөн гэдгийг бид ярилцсан юм.
Дэнни яг энэ үед ойлгож авчээ. Их Эзэнд итгэж, өөрийгөө уучлах замаар аяллаа эхлүүлэх хэрэгтэй гэдгээ тэр мэдэж авсан!
Дэннигийн зүрх сэтгэлийн энэ хүчтэй өөрчлөлт гайхамшгаас өөрцгүй явдал байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд түүний дүр төрх өөрчлөгдөж, нүд нь дахин гал цогтой болсон байв. Эцэст нь тэрээр өмнөх шигээ ариун сүмд орохуйц зохистой болсон байв!
Хэдэн сарын дараа би Дэннигээс бүрэн цагийн номлолд үйлчлэх өргөдлөө өгмөөр байгаа эсэхийг асуув. Тэр гайхсан байдалтай
“Би номлолд үйлчлэхийг хүсэж байна. Гэвч та намайг юу хийснийг мэдэж байгаа шүү дээ! Би бараг тэнцэхгүй байх аа” гэж хариулав.
Би хариуд нь “Чиний зөв байж болох л юм. Гэхдээ хүсэлт гаргахад саад болох зүйл огт байхгүй. Хэрэв татгалзвал ядаж л чи Их Эзэнд үйлчлэх чин хүсэлтэй гэдгээ илэрхийлснээ мэдэх болно” гэв. Түүний нүд гэрэлтэж эхлэв. Энэ санаа Дэннигийн сэтгэлийг үнэхээр их хөдөлгөв. Түүний хувьд энэ нь азын сугалаа мэт зүйл байсан ч тэр үзээд алдахаар шийджээ.
Хэдэн долоо хоногийн дараа өөр нэгэн гайхамшиг тохиолдов. Дэнни бүрэн цагийн номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авчээ.
Дэнниг номлолын талбар луугаа явснаас хойш хэдэн сарын дараа түүний номлолын ерөнхийлөгч над руу залгаад, “Энэ ямар гайхалтай залуу вэ? Тэр бол миний уулзаж байсан хамгийн гайхалтай номлогч!” гэж хэлсэн юм. Энэ ерөнхийлөгч орчин үеийн залуу Алма шиг номлогчтой болжээ.
Хоёр жилийн дараа Дэнни бүх зүрх сэтгэл, хүч, оюун, чадлаараа Их Эзэнд үйлчилж, номлолоо нэр төртэй дуусгав.
Ариун ёслол дээр түүний гэрчлэлийг сонсоод, гэртээ буцаж иртэл хэн нэгэн хаалга тогшив. Дэнни нүдэндээ нулимстай зогсож байв. “Тантай ярилцаж болох уу?” гэж тэр хэллээ. Бидний хамгийн анх ярилцаж байсан өнөөх үүдний шатан дээр очоод,
тэр надад “Ерөнхийлөгч өө, би үнэхээр өршөөгдсөн болов уу?” гэхэд
би мөн адил уйлж эхлэв. Миний өмнө Аврагчийн тухай зааж, гэрчлэхийн төлөө бүхнээ зориулсан Есүс Христийн үнэнч шавь зогсож байлаа. Тэр бол Аврагчийн Цагаатгалын эдгээх, хүчирхэгжүүлэх хүчний биелэл байсан юм.
Би түүнд “Дэнни! Чи өөрийгөө толинд харсан уу? Өөрийнхөө нүдийг харсан уу? Царай чинь гэрэлтэж, чи Их Эзэний Сүнсээр туяарч байна. Мэдээж, чи өршөөгдсөн шүү дээ! Чи үнэхээр гайхалтай байгаа! Одоо чиний хийх зүйл гэвэл урагшаа харж л амьдрах хэрэгтэй. Эргэж битгий хар! Дараагийн ёслол руу итгэлтэй тэмүүл” гэж хэлж билээ.
Дэннигийн гайхамшиг одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Тэр ариун сүмд гэрлэж, сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, магистрын зэргээ гардан авчээ. Тэрээр Их Эзэнд нэр төр, хариуцлагатай үйлчилсээр байна. Хамгийн чухал нь, тэр гайхалтай нөхөр, үнэнч аав болсон. Тэр бол Есүс Христийн үнэнч шавь юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “[Аврагчийн] хэмжээлшгүй Цагаатгалгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлшгүй алдагдах байсан”1 хэмээн заасан. Дэнни алдагдаагүй байсан, бид ч мөн адил Их Эзэнд алдагдаагүй. Тэр биднийг өргөж, хүчирхэгжүүлж, өршөөхийн тулд хаалган дээр зогсдог. Тэр биднийг хайрлахаа үргэлж санаж байдаг!
Аврагчийн Бурханы хүүхдүүдийг хайрлах хайрын агуу жишээ Мормоны Номд: “Есүс ийн яриад, тэрбээр дахин цугларсан олны зүг хараа бэлчээж, мөн тэд нулимс унагаж буйг, мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт түүний зүг тэд ширтэн харж байхыг болгоов” бичигдсэн байдаг (3 Нифай 17:5).
Аврагч аль хэдийн бүтэн өдрийн турш хүмүүст үйлчилсэн байлаа. Гэхдээ Аврагч өөр нэг хонин сүрэг, мөн Эцэгтээ очих ёстой байсан хэдий ч
эдгээр үүргээ үл харгалзан хүмүүс Түүнийг өөрсөдтэй нь илүү удаан байгаасай гэж хүсэж байгааг Тэр мэджээ. Дараа нь Аврагчийн нигүүлслээр дүүрэн зүрх сэтгэлээр дэлхийн түүхэн дэх хамгийн агуу гайхамшгуудын нэг тохиосон юм:
Аврагч үлдээд,
тэднийг адисалсан.
Аврагч тэдний хүүхэд нэг бүрд биечлэн тохинуулсан.
Аврагч тэдний төлөө залбирч мөн тэдэнтэй хамт уйлж
мөн тэднийг эдгээсэн. (3 Нифай 17-г үзнэ үү.)
Түүний биднийг эдгээнэ гэсэн амлалт мөнх.
Гэрээний замаас хазайсан тэр хүмүүст найдвар, эдгэрэлт, буцах зам үргэлж байдаг гэдгийг санаарай.
Түүний найдварын мөнхийн захиас бол энэ зовлон шаналалт дэлхийд амьдарч буй бүх хүнийг эдгээх гавар нь юм. Аврагч “Зам, үнэн, амь бол Би байгаа юм” (Иохан 14:6) хэмээн хэлсэн.
Ах эгч нар аа, Аврагчийг хайж, хайрлаж, үргэлж дурсан санаж байхаа санацгаая.
Бурхан амьд, Тэр биднийг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол дэлхийн Аврагч мөн Гэтэлгэгч гэдгийг би мөн гэрчилж байна. Аврагч бол агуу эдгээгч билээ. Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ! Есүс Христийн нэрээр, амен.