Ерөнхий чуулган
Тэр намайг эдгээж чадна!
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


10:2

Тэр намайг эдгээж чадна!

Аврагчийн эдгээх, гэтэлгэх хүчийг санамсаргүй гаргасан алдаа, буруу шийдвэр, бэрхшээлүүдэд болон бүх төрлийн сорилт бэрхшээлд, түүнчлэн өөрсдийн нүгэлд ч хэрэгжүүлж болно.

Хэрэв бид Мормоны Номыг уншин, Христэд итгэлтэй байж, Бурхан Мөнхийн Эцэгээс чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, Тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр бидэнд мэдүүлэх болно гэдгийг Моронай амласан.1 Сая сая хүмүүн энэхүү амлалтыг хэрэгжүүлж, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн баттай гэрчлэлийг хүлээн авсан билээ.

Моронай бидэнд Мормоны Номыг уншихдаа “Адам бүтээгдсэнээс бүр … [энэ] цагийг хүртэл Их Эзэн хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг [бид] санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг”2 ухуулдаг. Мормоны Номон дахь түүх, сургаалууд бидэнд Аврагчийн хайр, нинжин сэтгэл, нигүүлслийг сануулж, гэрчилдэг.

Аав маань 2013 оны 4-р сард нас барсан. Аавынхаа оршуулгын ёслол дээр үг хэлэхээр бэлдэж байхдаа би түүний дуртай судруудыг мэдэх, хайрлах боломжтой байсан маань хэчнээн их адислал болохыг ухаарсан юм. Аав минь гэр бүлийн цугларалтын үеэр дуртай судруудаа хуваалцаж, надад зөвлөгөө, чиглүүлэг, итгэлээ хүчирхэгжүүлэх хэрэгтэй үед надтай хамт уншдаг байсан. Би түүнийг үг хэлэх болон үүрэг даалгавар хүлээн авсан үедээ эдгээр судраас хуваалцаж байхыг харж байсан. Би зөвхөн тэрхүү судруудыг мэдээд зогсохгүй аавынхаа дуртай судруудаа хуваалцаж байх үеийн дуу хоолойг тухайн үед төрсөн сүнслэг мэдрэмжүүдийнхээ хамт санадаг. Аав минь судрууд болон мэдрэмжүүдээ хуваалцдаг байснаар надад Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийнхээ бат бөх суурийг тавихад тусалсан.

Аав минь ялангуяа Аврагчийн Нифайн хүмүүст зочилсон түүхэд3 дуртай байв. Энэ ариун түүх нь амилж, өргөмжлөгдсөн Их Эзэн Есүс Христийн тухай юм. Тэрээр гашуун аяганаас ууж, бүхий л зовлонг амссан учраас хэрэв наманчлах л юм бол биднийг зовохгүй байх боломжтой болгосон билээ.4 Аврагч сүнсний дэлхийд зочилж, тэнд сайн мэдээг номлох ажлыг зохион байгуулсан.5 Тэрээр үхлээс босон, Тэнгэрлэг Эцэгтэй хамт байж, ирээдүй хойч үеийг адислах судруудыг нифайчуудтай хуваалцах зарлигуудыг хүлээн авсан.6 Тэрээр өргөмжлөгдөж, Өөрийн мөнхийн хүч, чадавх бүгдийг эзэмшсэн. Бид Түүний сургаалуудын хэсэг бүрээс суралцаж чадна.

Бид 3 Нифай 11-ээс Аврагч хэрхэн тэнгэрээс бууж ирэн, Өөрийг нь ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ мөн болохыг нифайчуудад заасан тухай уншдаг. Тэрээр Дэлхийн Гэрэл гэдгээ мөн дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан гэдгээ тунхагласан. Аврагч тэнд байсан хүмүүсийг ойртон ирж, хавирган талын сорвинд нь хүрч, мутар болон хөлөн дэх хадаасны ормуудыг нь тэмтэрч үзэхэд урьсан. Тэрээр энэ дэлхийн нүглүүдийн улмаас егүүтгэгдсэн Израилын Бурхан гэдгээ тэдэнд мэдүүлэхийг хүссэн. Хүмүүс үүнд нь баярлаж, энэ хүн үнэхээр ирнэ хэмээн бошиглогчдын цэдэглэсэн Аврагч мөн болохыг харж, тэмтэрч болохын тулд нэг нэгээрээ Түүн рүү дөхөн очсон билээ.7

Есүс нифайчуудад наманчлалын ач холбогдлын талаар мөн бяцхан хүүхэд адил болох тухай болон Түүний эрх мэдэл бүхий нэгнээр баптисм хүртэх хэрэгтэй талаар заасан. Тэрээр цаашлаад энэ жил бидний судалж буй Шинэ Гэрээний ихэнх хэсгийг заасан юм.

Бид 3 Нифай 17 дээрээс Есүс Эцэгтээ очиж, түүнчлэн Израилын төөрөлдсөн овгуудад өөрийгөө үзүүлэхээр явлаа8 хэмээн хүмүүст хэлсэн тухай уншдаг. Тэрбээр цугларсан олны зүг хараа бэлчээхдээ, тэдний нулимс унагаж буйг болон Өөрийг нь тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт түүний зүг ширтэн харж байхыг болгоосон.9

Нифайчуудад үзүүлсэн Аврагчийн хариу үйлдэл сэтгэл хөдлөм төдийгүй сургамжит билээ. Тэрээр “Болгоогтун, та нарт хандсан өрөвдөх сэтгэлээр зүрх сэтгэл минь дүүрэв”10 хэмээдэг.

Тэрээр зөвхөн хүмүүсийн нулимс унагахыг хараад тэднийг өрөвдөн хайрлаагүй гэдэгт би итгэдэг. Аврагч тэднийг цагаатгагч золиослолынхоо мэлмийгээр нэвт харсан мэт санагддаг. Христ тэдний өвдөлт, зовлон зүдгүүр, уруу таталт бүрийг харсан. Тэр тэдний өвчин зовуурийг харсан. Есүс тэдний сул дорой байдлыг харж, Гетсеманид болон Голготад мэдэрсэн зовлонгийнхоо учир хэрхэн тэднийг сул дорой чанаруудынх нь дагуу халамжлахаа мэдэж байсан.11

Үүний адилаар Аврагч Есүс Христ маань биднийг харахдаа бидний өвдөлтийг бас нүглүүдийн маань ачааг харж, мэдэрдэг. Тэр бидний донтолт, сорилт бэрхшээлийг хардаг. Тэр бидэнд тулгарч буй бэрхшээл, бүх төрлийн зүдгүүрийг харж, улмаар биднийг гэх өрөвдөх сэтгэлээр дүүрэн байдаг.

Тэрээр нифайчуудад нигүүлслээр дүүрэн дараах урилгыг өгсөн. “Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, эсвээс уяман өвчтэй, эсвээс татанги, эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэв.”12

Тэгээд хүмүүс “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг түүнд авчрагдахад нэг бүрчлэн эдгээв.”13

1990 онд бид Австралийн Викториа мужийн жижиг хот Сэйлд амьдарч байлаа. Бид гэр бүл, сүм, ажлын хариуцлага гээд завгүй хэдий ч аз жаргалтай байдаг байв. Христийн мэндэлсний баярын өмнөхөн, зуны нэгэн сайхан бямба гарагт бид цэцэрлэгт хүрээлэн орж, дуртай далайн эргээрээ зугаалахаар шийдлээ. Бид гэр бүлээрээ хамт тоглож, цагийг сайхан өнгөрүүлсний дараа бүгд машиндаа сууж, гэр лүүгээ явцгаав. Жолоо барьж явахдаа би зүүрмэглэснээс болж машинтай мөргөлдөн осол гаргасан юм. Хэсэг мөчийн дараа ухаан ороод машин доторхыг тойруулан харахад, эхнэр Максины минь хөл их эвгүй байдалтай хугарч, зовуурьтай амьсгалж байв. Бас хавирга нь хугарсан байлаа. Гурван охин маань цочирдсон байсан ч аз болоход зүгээр харагдав. Би өөрөө хөнгөн гэмтсэн байлаа. Харин таван сартай хүү маань ухаангүй байлаа.

Тэрхүү ослоос үүдсэн их цочирдол, төөрөгдлийн дунд тухайн үед 11 настай байсан том охин Кэит маань “Аав аа, та Жэромд адислал өгөх хэрэгтэй” гэж сандран хэлсэн юм. Хэсэг зуур оролдсоны эцэст би охидтойгоо хамт машинаас арайхийн гарав. Максин хөдлөх боломжгүй байв. Би Жэромыг маш болгоомжтой аваад, газарт хэвтэн, хүүгээ цээжин дээрээ хэвтүүлээд, санваарын адислал өгсөн. 40 минутын дараа түргэн тусламжийг ирэхэд Жэром ухаан орсон байв.

Тэр шөнө би гэр бүлийн гурван гишүүнээ эмнэлэгт үлдээгээд, гэр лүүгээ хоёр охинтойгоо таксигаар харьсан. Би тэр шөнөжин Тэнгэрлэг Эцэгээс гэр бүлийг маань болон мөргөлдсөн нөгөө машинд байсан гэмтэж бэртсэн хүмүүсийг эдгээхийн төлөө гуйн тасралтгүй залбирав. Аз болоход, миний болоод бусад хүний шаргуу залбирлын хариулт ирсэн юм. Цаг хугацаа өнгөрч, бүгд эдгэрсэн нь агуу адислал, нигүүлсэл байсан.

Гэвч тийм аймшигтай осол гаргаснаасаа болж, надад гэмшил, харууслын мэдрэмж гүн гүнзгий төрсөөр байлаа. Би шөнө дунд сэрж, тэрхүү аймшигт ослыг эргэн санадаг байв. Надад олон жилийн турш өөрийгөө уучлах уучлал болон амар амгаланг олоход бэрх байсан. Санваарын удирдагчийн хувьд би бусад хүнийг наманчлахад мөн Аврагчийн өрөвдөх сэтгэл, нигүүлсэл, хайрын талаар мэдрэхэд нь тусалж байхдаа Түүнийг намайг ч бас эдгээж чадна гэдгийг ухаарсан юм.

Аврагчийн эдгээх, гэтэлгэх хүчийг санамсаргүй гаргасан алдаа, буруу шийдвэр, бэрхшээлүүдэд болон бүх төрлийн сорилт бэрхшээлд, түүнчлэн өөрсдийн нүгэлд ч хэрэгжүүлж болно. Намайг Түүнд хандах үед гэмших, харуусах мэдрэмж минь аажмаар амар тайван байдал, амралтаар солигдож байв.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Аврагч бүх хүн төрөлхтний төлөө Цагаатгал үйлдэхдээ, Өөрийг нь дагадаг хүмүүст Өөрийн эдгээх, хүчирхэгжүүлэх, гэтэлгэх хүчээс хүртэх замыг нээж өгсөн. Эдгээр сүнслэг давуу эрх нь Түүнийг сонсож, дагахыг эрэлхийлдэг бүх хүнд боломжтой”14 хэмээн заасан.

Ах, эгч нар аа, шийдэгдээгүй байгаа нүглийн ачааг үүрч, урт хугацааны өмнө таныг гомдоосон явдалд шаналж эсвэл санамсаргүй гаргасан алдааныхаа улмаас өөрийгөө уучлахад хэцүү байвал танд Аврагч Есүс Христийн эдгээх, гэтэлгэх хүчнээс хүртэх боломж байгаа.

Түүнийг амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч, Гэтэлгэгч. Тэр бидэнд хайртай. Тэр биднийг өрөвдөн хайрладаг бөгөөд нигүүлслээр дүүрэн байдаг. Мөн Тэр таныг эдгээж чадна. Есүс Христийн нэрээр, амен.