Сэргээлт дэх санваарын чухал үүрэг
Санваар дэлхийд эргэн ирээгүй байсан бол Сэргээлт тохиох боломжгүй байх байсан.
1829 оны 4-р сар гэхэд, Иосеф Смит бараг арваад жил бурханлаг айлчлалууд хүлээн аваад байсан юм. Эцэг, Хүү хоёр 1820 онд, түүнийг 14 настай байхад гэрийнх нь ойролцоох ойн төгөлд үзэгдсэн (Иосеф Смит–Түүх 1:5–17-г үзнэ үү).1 Тэнгэр элч Моронайн анхны айлчлал 1823 онд тохиосон ба түүнээс хойш Иосеф Смит Мормоны Ном болсон, ялтаснууд дээр сийлсэн эртний цэдгийг 1827 онд хүлээн автлаа жил бүр заалгаж, заавар авч байв (Иосеф Смит–Түүх 1:30–54-ийг үзнэ үү).
Гэвч Иосеф ялтаснуудыг олж авснаас хойш 18 сарын турш нутгийн иргэдийн дарамт шахалт болон бичээчдээ сольсон, гар бичмэлийн нэг хэсгийг алдсан зэргээс болж цэдгийг орчуулахад бэрхшээлтэй тулгарч байжээ. Энэ нь Иосефын хувьд бухимдмаар, хэцүү үе байв. (Иосеф Смит–Түүх 1:58–62; Сургаал ба Гэрээ 3-ыг үзнэ үү.)
Гэвч 1829 оны 4-р сард Оливер Каудери хэмээх сургуулийн багш ирж, Иосефын бүрэн цагийн бичээч болсноор бүх зүйл өөрчлөгдөв. Ингэснээр Мормоны Номыг маш хурдан орчуулах болсон юм.
1828 оны намар, Пеннсильванийн Хармони дахь фермээ ажиллуулж, гэр бүлээ тэжээхийн тулд ихэнх цаг заваа зориулсны дараа Иосеф 1829 онд Мормоны Номыг орчуулахад бүрэн анхаарлаа хандуулжээ. Иосефын эхнэр Эмма, түүний дүү Самуел хоёр богинохон хугацаанд бичээчээр үйлчилж байв. Энэ үед Оливер Каудери Нью-Йорк дахь Иосефын эцэг эхийн гэрт амьдарч байсан.
Ялтаснуудын тухай болон орчуулгынх нь талаар олж сонссон нь Оливерын сонирхлыг татаж, эдгээр зүйлийг Бурханаас эсэхийг мэдэхийг хүсэж байв. “Тэр нэг орой унтахаар хэвтсэнийхээ дараа эдгээр зүйлийн үнэн эсэхийг мэдэхээр Их Эзэнийг дуудсан ба Их Эзэн түүнд эдгээрийн үнэнийг илчилсэн юм”2 хэмээн Иосеф тэмдэглэн бичжээ.
Оливер тэр даруй Иосефтой уулзахаар Хармони руу 225 км аялсан байна. Оливер Иосефын залбирлын хариу болжээ. Тэд 4-р сард уулзсанаас хоёр өдрийн дараа Мормоны Номын орчуулга эрчимтэй эхлэн, ойролцоогоор ажлын 60–65 өдрийн дотор гайхалтайгаар дуусах дөхсөн байв. 6-р сарын 30 гэхэд орчуулгыг бүхэлд нь дуусгажээ.
Бошиглогч Иосеф эртний цэдгийг орчуулж, нийтлэх тэнгэр элчээс өгсөн бурханлаг үүргээ гүйцэтгэснээр бүх ажлаа дуусах дөхөж байна гэж бодсон байж магадгүй. Бошиглогч тэр үед дуусаж байгаа биш, харин Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн үндсэн үүрэг дөнгөж эхэлж байсныг мэдээгүй байх.
Түүхэн дэх цөөхөн хэдэн үйл явдал 1829 оны хавар болсон үйл явдалтай харьцуулахуйц байдаг. Оливер Сэргээлтийн энэхүү гайхамшигтай хэсгийг “хэзээ ч мартагдахааргүй өдрүүд” (Иосеф Смит—Түүх 1:71, тэмдэглэл) хэмээн тодорхойлсон байдаг. Мормоны Номыг орчуулсан гайхамшгаас гадна тэнгэр элчүүд удалгүй үзэгдэж, Иосеф, Оливер хоёрт санваарын эрх мэдэл олгосон юм. Энэ орчуулга хийгдсэн болон сэргээлт илчлэгдсэн үе Иосефын үзэл бодлыг дахин чиглүүлж, өргөжүүлж, нэг жилийн дараа Сүмийг албан ёсоор зохион байгуулахад хөтөлсөн.
Аароны санваарын сэргээлт
Иосеф, Оливер хоёр Мормоны Номыг орчуулж байхдаа баптисм болоод эрх мэдэлтэй холбоотой тоймгүй олон эшлэлтэй таарч байв. Иосефт өмнө нь “Их Эзэн ариун санваарыг зарим хүмүүст өгнө”3 хэмээн хэлж байсан. 1829 оны 5-р сарын 15-нд Иосеф, Оливер хоёр “Их Эзэнээс залбирлаар, өөрийнхөө талаар Түүний хүслийг асуухаар”4 агч модны ойн цоорхойд очив.
Тэднийг залбирах үед Аврагчийн дуу хоолой тэдэнд амар амгаланг ярьж байхад “хөшиг хуваагдан мөн алдар суугаар хувцасласан Бурханы тэнгэр элч доош бууж ирэн, хүсэмжлэн байсан мэдэгдлийг болон наманчлалын Сайн мэдээний түлхүүрүүдийг хүргэн ирэв” (Иосеф Смит—Түүх 1:71, зүүлт тайлбар). Тэнгэр элч өөрийгөө Иохан гэдгийг, тухайлбал “Шинэ Гэрээний Иохан Баптист хэмээн нэрлэгддэг Иохан гэдэг нэрээ хэлж, Петр, Иаков Иохан нарын удирдлага дор ажиллаж байгаагаа хэлэв” (Иосеф Смит—Түүх 1:72).
Амилсан Иохан өвдөг сөгдөн суусан Иосеф, Оливер хоёрын толгой дээр гараа тавьж, “тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгах” Аароны санваарыг тэдэнд хүртээв; (Иосеф Смит—Түүх 1:69-ийг мөн Сургаал ба Гэрээ 13:1-ийг үзнэ үү). Тэдэнд санваарын нэмэлт эрх мэдлийг “цаг болохоор өгөх болно” хэмээн амласан. Иосеф “Сүмийн анхны ахлагч, харин тэрээр (Оливер Каудери) хоёр дахь нь” хэмээн нэрлэгдэв (Иосеф Смит—Түүх 1:72). Тэдэнд мөн бие биедээ баптисм хүртээхийг, Иосеф эхлээд Оливерт, дараа нь Оливер Иосефт баптисм хүртээхийг даалгасан байв.
Тэр хоёр тэр өдөртөө баптисм хүртэхээр Сасквиеханна голын эрэг дээр очиж “ус руу орсон юм.” Тэд “аль хэдийн мэдэгдсэн мөрдлөг хавчлагын сүнсний улмаас санваар хүлээж авсан хийгээд [тэд] баптисм хүртсэн нөхцөл байдлаа тэр үед нууц байлгахаас аргагүйд хүрсэн юм” (Иосеф Смит—Түүх 1:74). Энэ гол хаврын үерийн үеэр худалдаа, тээвэр хийх хөлөг онгоцны байнгын урсгал бүхий гол зам болдог байв. Иосеф, Оливер хоёр үдэш болтол хүлээж эсвэл үерлэсэн голын давуу талыг ашиглан, нам дор газарт илүү тайван газар олж чадсан байж магадгүй.5
Бие биедээ баптисм хүртээсний дараа Иосеф Оливерыг Аароны санваарт томилов. Дараа нь тэнгэр элчийн тэдэнд зарлигласнаар, Оливер Иосефыг томилжээ. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит тэдэнд баптисмынхаа дараа Иохан Баптистын гар доороос хүлээн авсан анхны томилгоогоо “эдгээр адислалыг зохих ёсоор нь дахин лацдахын тулд дахин баталгаажуулах шаардлагатай байсан”6 хэмээн заасан.
Мелкизедек санваарын сэргээлт
Мелкизедек санваарыг сэргээхийн тулд Петр, Иаков, Иохан нарын Иосеф, Оливер хоёрт өгсөн үзэгдлийн тухай бидэнд арай бага мэдээлэл байдаг. Дурсамж бүхий түүхэн тайлбарууд уг үйл явдлыг 1829 оны хавар, магадгүй 5-р сарын сүүл юм уу 6-р сарын үед эсвэл дараагийн хэдэн сарын дотор болсон гэж үздэг.7 Иосеф, Оливер хоёр Петр, Иаков, Иохан нарын ирсэн он сар өдрийг, Иохан баптист болон Аароны санваарын сэргээлтийг тэмдэглэсэн шигээ тэмдэглээгүй байна. Тэд санваарын мөн чанарыг эсвэл үүний хуваарилалтыг бүрэн дүүрэн ойлгоогүй байсан байж болох юм. Иосефын санваарыг ойлгох ойлголт бага багаар өсөн нэмэгдсэн.
1830–1835 он хүртэл санваарын албуудыг тодруулж, чуулга, зөвлөл, ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөлүүдийг байгуулав. Мелкизедек санваар нэр томьёог ч гэсэн 1835 он хүртэл “Дээд санваар” эсвэл “илүү дээд санваар” (Сургаал ба Гэрээ 107:9; 84:19) (Сургаал ба Гэрээ 107:2–4-ийг үзнэ үү) гэсэн нэр томьёогоор ашигладаггүй байв.
Иосеф байршлын талаар бүдүүн тойм мэдээлэл өгсөн байдаг. 1842 онд тэр “хаант улсын түлхүүрүүдийг эзэмшигчид хэмээн Хармонийн мөн Колесвиллын хоорондох аглаг буйдад Сасквиеханна гол дээр өөрсдийгөө тунхаглагч Петр, Иаков, Иохан нарын дуу хоолойг” (Сургаал ба Гэрээ 128:20) сонссоноо дурсжээ.
Энэ нь Мелкизедек санваарын сэргээлт нь Пенсильвани мужийн Хармони дахь Смитийн байшин болон Жозеф Найтын гэр бүл амьдардаг Нью-Йоркийн Колесвилл хот хоёрын хоорондох 45 км зайтай газрын хаа нэгтээ болсныг харуулж байна. Найтын гэр бүл бол Сүмийн эртний гишүүд бөгөөд Иосеф Смитийн үнэнч найзууд байв. Тэд Мормоны Номын орчуулгын үеэр цаас, бусад эд зүйлээр хангаж, хожим нь Сүмийн Колесвилл салбарын гол хэсгийг бүрдүүлсэн.
Иосеф, Оливер хоёр Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваар хүлээн авснаас гадна Их Эзэний “төлөөлөгчид мөн тусгай гэрчүүд байхаар” (Сургаал ба Гэрээ 27:12) томилогдож, цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг эхлүүлэхэд шаардлагатай түлхүүрүүдийг хүлээн авчээ. Тэд одоо санваарын бүх ёслолыг, түүний дотор Ариун Сүнсний бэлгийг өгөх эрх мэдэлтэй болсон байв.
Тэд бас 1830 оны 4-р сард Сүмийг зохион байгуулахад шаардлагатай “сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг” (Сургаал ба Гэрээ 107:18) болон бүх зүйлийг зохих ёсоор нь сэргээх илчлэлт хүлээн авсан. Сүнслэг адислалууд нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг гайхамшиг, эдгэрэл, ёслолуудаар дамжин илэрдэг билээ. 1836 онд өөр тэнгэр элчүүд Израилын цугларалт болон ариун сүмийн ажилтай холбоотой санваарын түлхүүрүүдийг өгсөн байна (Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү).
Санваарын сэргээлтийн үр нөлөө
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) Аврагчийн сэргээгдсэн сүмийн хамгийн онцлог шинж бол “шууд илчлэлтээр ирэх бурханлаг эрх мэдэл юм”8 хэмээн заасан. Санваар дэлхийд эргэн ирээгүй байсан бол Сэргээлт тохиох боломжгүй байв. Санваар нь ёслол гүйцэтгэх эрх мэдлийг олгож, дэлхий дээр Их Эзэний Сүмийг удирдах тогтолцоог бүрдүүлж өгдөг.
Иосеф 1830 оны 4-р сарын 6-нд Сүмийг албан ёсоор зохион байгуулав. Дараагийн хэдэн жилд Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн чуулга зохион байгуулагдав. Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор сайн мэдээг “дэлхийн бүх хязгааруудад урагш түгээхээр” (Сургаал ба Гэрээ 65:2) санваарын түлхүүрүүдийг дэлхий даяарх орон нутгийн удирдагчдад өгдөг юм.
Санваарын сэргээлт нь энэхүү эрин үеийн анхны бошиглогч болох Иосеф Смитийн бурханлаг дуудлагын гол үүрэг байв. Сургаал ба Гэрээний оршил хэсэгт Их Эзэн үүнийг ийн тайлбарласан. “Иймийн тул, Их Эзэн бибээр дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу” (Сургаал ба Гэрээ 1:17).
1829 оны 5-р сард Иохан Баптисттай уулзахаас өмнө Иосеф Мормоны Номын орчуулгадаа анхаарлаа хандуулж байв. Аароны болон Мелкизедек санваарыг сэргээсний дараа тэрээр өөрийнх нь дуудлага илүү их зүйл багтаасан болохыг ойлгосон. Тэнгэрээс эрх мэдэл хүлээн авсан нь Иосефыг “үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч” (Сургаал ба Гэрээ 21:1) хэмээх үүргээ хүлээн авахад бэлтгэсэн байв.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) санваар байгаагүй бол бидний амьдрал ямар байх байсныг ийнхүү дүрсэлжээ. “Хэрэв санваарын хүч дэлхий дээр байхгүй байсан бол дайсан хязгааргүй тэнүүчлэн, хаанчлах эрх чөлөөтэй байх байсан. Мөн биднийг удирдан, чиглүүлж мөн сэнхрүүлэх Ариун Сүнсний бэлэг байхгүй байх байсан. Их Эзэний нэрээр ярих бошиглогчид болон ариун нандин, мөнхийн гэрээнүүдийг байгуулах ариун сүмүүд ч байхгүй байх байсан төдийгүй адислах, баптисм хүртээх, эдгээх, тайтгаруулах эрх мэдэл байхгүй байх байсан. Санваарын хүчгүйгээр ‘бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно’ (Сургаал ба Гэрээ 2:1–3-ыг үзнэ үү). Ямар ч найдвар, гэрэл гэгээгүй зөвхөн харанхуй байх байсан.”9
Санваарын ёслолуудыг хүлээн авах нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Их Эзэний ажлын гол хэсэг юм. Баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн хишиг хүртэх, энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдох нь бидний авралд амин чухал билээ. Хөшигний хоёр талд буй хүмүүсийн төлөө ариун сүмүүдэд гэр бүлүүдийг холбох, лацдан холбох боломж нь зөвхөн Сүмийн ерөнхийлөгчийн зааврын дагуу санваарын эрх мэдэл, түлхүүрээр л боломжтой юм.
Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт
Санваарын эрх мэдэл нь Сүмийн үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцоход тань хэрхэн урам зориг өгөх вэ? Ирээдүйд юу болохыг бид мэдэхгүй байж болох ч Сэргээлт үргэлжлэн явагдах нь тодорхой. Их Эзэн бүх сургаал, ёслолыг илчлээгүй, өөрөөр хэлбэл Иосефт Ариун ойн цоорхойд, Куморад Моронайгаар дамжуулан эсвэл Сүмийг зохион байгуулах хурлууд дээр бүх зааврыг өгөөгүй. Сэргээлт нэг үйл явдлаар тохиогоогүй. Харин Их Эзэн өнөө үед Өөрийн зорилго, цаг хугацааны дагуу Өөрийнхөө бошиглогчдод илчилсээр байгаа тэрхүү арга замаараа Иосефт “шат шатаар” (2 Нифай 28:30) илчилсэн.
Иосеф Смитийн үеэс хойш тасраагүй бошиглогчдын цуваа Их Эзэний өмнөөс ярьж, Түүний хүслийг мэдүүлсээр байна. Бошиглогчид илүү өргөн хүрээгээр харж, тухайн үеийн саад бэрхшээлүүдийн талаар тодорхой заавар хүлээн авдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид бүгд “сэргээлтийн үйл явцын гэрчүүд юм. Хэрэв та Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж үзэж байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна. Өөр олон зүйл тохиох болно”10 хэмээн тунхагласан.
Сэргээлт ба та
Бид бүгдээрээ орчин үеийн бошиглогчдод илчлэгдсэн зүйлсийг урам зоригтойгоор хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлснээр сайн мэдээний үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцох боломжтой байх болтугай. Үүний жишээнд ах, эгч нартаа тохинуулахын илүү дээд, илүү ариун хуулийг дагаж мөрдөх явдал орно.11 Сургаалыг судлах, итгэлээ бэхжүүлэх, зарлигуудыг сахих, хувь хүний болон гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн гэр бүлийн үдэш хийх зэрэг хувийн шүтлэг бишрэлийг хөхиүлэн дэмжих, гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн төлөвлөгөөгөөр дамжуулан хүн бүр сайн мэдээний баяр баясгаланг олж авах болтугай.12
Бид хөшигний хоёр талд Израилын цугларалтыг яаравчлуулснаар Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна.13 Бид Хүндэтгэлийн өдрийг ням гаргийн шүтлэг бишрэлийн үеэр болон гэртээ аль алинд нь баясгалантай болгохын тулд илүү сайнаараа хичээж чадна.14 Өдөр бүр хувийн илчлэлт авахад шаардлагатай сүнслэг ажлыг хийснээр бид Ариун Сүнстэй илүү ойр дотно болно.15
Тэнгэр нээлттэй хэвээр байгаа бөгөөд Их Эзэн биднийг удахгүй болох сэтгэл хөдөлгөсөн өдрүүдэд бэлтгэх үед илүү их зүйл ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Санваарын сэргээлт нь Бурханы хүүхдүүдэд авралын ёслолуудыг гүйцэтгэж, хүлээн авах боломжийг олгоод зогсохгүй, орчин үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд Их Эзэний хаант улсыг удирдах эрх мэдлийг олгодог.
Их Эзэний санваарыг хүртэх боломж нээгдсэнээр өдөр бүр Сүмд болон Сүмийн гишүүдэд тоо томшгүй олон адислал ирдэг. Бид Иохан Баптист, Петр, Иаков, Иохан нарыг ирсэнд болон бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн ирэлтэд бэлтгэх энэ сүүлийн эрин үед Аароны болон Мелкизедек санваар эргэн ирсэнд өдөр бүр талархдаг байх болтугай.