2020
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань баптисм хүртэхэд бэлэн болов уу?
2020 оны 6-р сар


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань баптисм хүртэхэд бэлэн болов уу?

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хүүгийн маань найман насны төрсөн өдөр дөхөж байлаа. Гэвч бид түүнийг баптисм хүртэхэд бэлэн эсэхийг хэрхэн мэдэх билээ?

Зураг
feet in baptismal font

Гэрэл зургийг Ранди Колиэ

Манай хүү Дэвид жил хүрэхгүй хугацааны дараа найм хүрэх гэж байлаа. Нөхөр бид хоёр хүүгээ баптисмын ариун нандин гэрээнд бэлдэхийг хүсэж байв. Энэ бүхэн Мормоны Номоос унших, баптисмын гэрээнүүдийг судлах, баптисмын ярилцлагын асуултуудаа давтах зэрэг зүйлсийг багтааж байв. Бид Дэвидийн эгчтэй энэ бүхнийг хийж байсан ч Дэвид аутисмтай болохоор түүнд баптисм хүртээх эсэхийг шийдэх нь бидэнд амаргүй ажил байсан юм.

Тийм ээ, бид түүнд бэлтгэхэд нь яаж туслахаа мэдэж байсан ба энэ бүх бэлтгэлээс илүү дараах асуултуудад анхаарч байв. Дэвид баптисм хүртэх ёстой юу? Тэр бэлэн үү? Түүнд баптисм хүртээх хэрэгтэй юү? Тэр ямар амлалт өгөх гэж байгаагаа ойлгосон болов уу? Бид зөв зүйл хийж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон эцэг эхтэй адил эдгээр асуулт биднийг сургаалын ойлголт, хувийн илчлэлтийг эрэлхийлэх аян зам руу хөтөлсөн.

Хариуцлага хүлээх нас ба хариуцлага

Сургаал ба Гэрээ 68:27 дээр “Мөн тэдний хүүхдүүд нүглүүдийнхээ ангижралын тулд найман настайдаа баптисм хүртэж, мөн гар тавилтыг хүлээн авах ёстой” гэж гардаг.

Хэрэв бид зөвхөн энэ сударт найдвал найман настай хүн баптисм хүртэхэд бэлэн гэж дүгнэхээр байв. Гэвч судар дээр бас ингэж гардаг.

“Бага насны хүүхдүүд … миний Төрсөн Ганцаар дамжин гэтэлгэгддэг;”

“Иймийн тул, тэд нүгэл үйлдэж эс чадна … тэд миний өмнө хариуцлага хүлээж эхлэх хүртэл” (Сургаал ба Гэрээ 29:46–47; Моронай 8:7–22-ыг үзнэ үү).

Дэвидийн хариуцлага хүлээж чадах эсэхийг нөхөр бид хоёр яаж ойлгох вэ? Бид үргэлжлүүлэн судалсаар байлаа.

Хүний хариуцлага нь түүний хүслээс болон ойлголтын түвшингээс хамаардаг болохыг бид Сүмийн бодлогоос мэдэж авсан. Хэрэв Дэвид баптисм хүртэх зөв зохистой, хүсэлтэй байж, хариуцлага хүлээж чадна гэдгээ харуулах юм бол бид түүнийг баптисм хүртэхэд татгалзаж болохгүй.

Хэрэв Дэвидийн хөгжлийн бэрхшээл оюуны чадамжийг нь бяцхан хүүхдийн адил хязгаарлах юм бол тэр хариуцлага хүлээж чадахгүй бөгөөд авралын ёслолууд хэрэггүй гэдгийг бид бас ойлгосон (Гарын авлага 1: Гадасны ерөнхийлөгч ба бишоп [2010], 16.1.8; Сүмийн бодлого журмын талаар асуух зүйлтэй гишүүд бишоптойгоо зөвлөлдөж болно).

Дэвидийн оюун ухаан хэвийн байсан ч би түүнийг зохих хариуцлагын түвшинд хүрсэн эсэхэд эргэлзсээр байв. Би амар амгаланг авчрах удирдамжийн төлөө залбирч судлан, найдвар тавьсаар байлаа.

Хөгжлийн бэрхшээл ба гэм зэмгүй байдал

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зарим эцэг эх мөнх бус амьдралдаа хариуцлага хүлээлгүйгээр нас барах хүмүүс гэм буруугүй хэвээр үлддэг гэдгийг уншсанаар агуу тайтгарал авдгийг би мэддэг байв. “Бүх бага насны хүүхдүүд. … Христээр амьд юм. Учир нь гэтэлгэлийн хүч хуульгүй тэд бүгдэд ирдэг; … мөн тийм нэгэнд баптисм ямар ч тусгүй юм” (Моронай 8:22).

Мөн нас барж, хариуцлага хүлээгээгүй хүүхдүүдийн нөхцөл байдлыг бошиглогч Иосеф Смит “Мөн тэрчлэн хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхдүүд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг бибээр болгоов” (Сургаал ба Гэрээ 137:10) гэж тайлбарласан.

Энэ хүмүүсийн хувьд баптисм одоогийн амьдралд шаардлагагүйг би мэднэ. Бурхан Дэвидийн хувьд хамгийн сайн зүйлийг олж мэдэхэд бидэнд тусална гэдгийг би мэдэж байсан.

Тэнгэрлэг удирдамж эрэлхийлэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маш олон төрлийн чадвартай байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүний оюуны түвшин найман настай хүүхдийнхээс дээгүүр байдаг ба хэрэв хариуцлага хүлээх чадвартай бол баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно (Гарын авлага 1-ийн 16.3.5-ыг үзнэ үү). Бусад хүн хариуцлага хүлээхгүй. Нөхөр бид хоёр хүүтэйгээ, Бурхантай мөн Дэвидийн баптисм хүртэхэд бэлэн болсон эсэх сүнслэг шийдвэрт маань туслах “Израилын шүүгч” болон зогсох бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй байгааг би ойлгов (Сургаал ба Гэрээ 107:76-г үзнэ үү).

Алмагийн үгс надад туйлын амар амгаланг авчирсан билээ. “Мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж, мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?” (Moзая 18:8, 10).

Бүх бэлтгэл ажлын дараа, гэртээ болон Хүүхдийн хэсгийн бүх хичээлийн дараа би түүний баптисмын ярилцлага дээр түүнд тавих асуултуудыг Дэвидээс асууж эхэлсэн юм.

Заримдаа тэрээр ойлгож байгаа юм шиг хариулж байсан ч заримдаа юу гэж хариулахаа мэддэггүй байв. Бид зөв зүйл хийж байгаа эсэхэд би эргэлзэж байв.

Эцэст нь “Чи яагаад Дэвидийн бодлыг асууж болохгүй гэж?” хэмээн Сүнс зүрх сэтгэлд минь шивнэлээ.

Би Дэвид дээр очоод, “Дэвид, чи баптисм хүртмээр байна уу?” гэж асуув.

Тэр над руу хараад “Тийм!” гэв.

Намайг түүнээс яагаад баптисм хүртэхийг хүсэж байгааг асуухад тэр “Есүстэй адил болохын тулд” гэлээ.

Би амар амгаланг мөн удирдамж ирснийг мэдэрсэн. Хэдийгээр Дэвид бүх асуултыг бүрэн ойлгоогүй ч баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлэн байсныг би тэгэхэд мэдсэн юм. Тэр мэдэх ёстой зүйлээ мэдэж байсан ба хамгийн чухал нь тэр баптисм хүртэх замаар Бурханы хаант улсад орох хүсэлтэй байсан.

Дэвидийн баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулсан тэр өдөр хайр, нөхөрлөл, амар амгалангаар дүүрэн байсан. Өрөө гэр бүлийнхэн, тойргийн гишүүд, сургуулийн найзууд, тэр бүү хэл Дэвидийн сургуулийн багш нараар дүүрсэн байв. Дэвидийн Есүсийг дагахыг мөн баптисм хүртэхийг сонгож, тэр өдөр үзүүлсэн үлгэр жишээ нь олон хүнд сайнаар нөлөөлсөн үлгэр дуурайл болсон юм. Бид өөрийн хүү Дэвидээр дамжуулан Бурхан хэрхэн ажилладгийг сурах боломжтой байсан тул гэр бүл маань илүү хүчирхэгжсэн (Иохан 9:3-ыг үзнэ үү).

Хэвлэх