2020
Хоёр дахь сэтгэгдэл болон Сүнсний удирдамжид найдах нь
2020 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Хоёр дахь сэтгэгдэл болон Сүнсний удирдамжид найдах нь

Анх Көрттэй уулзах үед тэр намайг ариун сүмд аваачихаар хүн биш байсан. Бид харилцааныхаа дараагийн шатанд хэрхэн орох вэ?

2013 оны 2-р сард би Көрт гэдэг залуутай оройн зоогийн үдэшлэгт танилцсан. Тэрээр хааш яаш хувцаслаж, сахал үсэндээ баригдсанаас гадна шартсан байлаа. Би түүний талаар нэг их юм бодсонгүй. Дөрвөн сарын дараа, нэгэн царайлаг залуу нүдэнд минь туссан бөгөөд надад тэр дороо л их таалагдлаа. Бидэнд таван минут л цуг байх боломж гарсан бөгөөд тэрхэн зуур би түүнийг өмнө нь салан задгай байхыг нь харсан Көрт байсныг танив. Түүний харагдах байдал хэрхэн өөрчлөгдсөнийг би хэсэг бодсон юм.

Хоёр долоо хоногийн дараа би Көртөөс найзуудтай нь хамт кино үзэх урилга мессежээр авсандаа гайхлаа. Би явах эсэхээ шийдэх гэж нэлээд бодов. Миний дугаарыг яаж олж авсан юм бол? Би түүнийг бараг л танихгүй, надад төрсөн анхны сэтгэгдэл тийм ч сайхан байгаагүй мөн бид хоёрын дунд нийтлэг зүйл тийм ч олон байхгүй мэт санагдаж байлаа. Би дуртай дургүй явахаар шийдэв.

Киноны дараа Көрт намайг оройн хоолонд урихад би маш их өлсөж байсан учраас л зөвшөөрөв. Харин энэ оройн хоол бүх зүйлийг өөрчилсөн юм. Тэрээр намайг чин сэтгэлээсээ инээлгэж, баярлуулж чадаж байсан бөгөөд түүний талаарх анхны сэтгэгдэл минь өөрчлөгдсөн. Түүнтэй ярилцахад надад их хялбархан байсан бөгөөд бид тэр дороо л найзууд болцгоов.

“Бид юу хийж байна вэ?”

Цаг хугацаа өнгөрөхөд бидний нөхөрлөл гүнзгийрч, нэг нэгэндээ сэтгэлтэй болсон. Түүнтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэхээс өмнө миний сэтгэлийг хоёрдуулсан нэг юм байлаа. Тэр Сүмийн гишүүн биш байсан. Би ариун сүмд гэрлэж, үр хүүхдээ сайн мэдээний зарчмаар өсгөхийг хүсдэг байсан. Би мөнхийн гэр бүлтэй болмоор байсан. Тэгсэн мөртлөө би яагаад түүнтэй харилцаагаа гүнзгийрүүлээд байгаа юм бэ?

Би ямар нэг юм хийх хэрэгтэйгээ мэдэж байлаа. Нэгэн орой манайх руу машинтай явж байхдаа би түүнээс “бид юу хийж байна вэ?” гэж асуулаа. Бид хоёрын харилцаа илүү гүнзгийрэхээс өмнө түр азнах хэрэгтэй байгааг би түүнд хэлэв. Миний хүсэж байгаа ариун сүмийн гэрлэлтэд хүрч чадахгүйгээс болж салж, бие биеийнхээ сэтгэлийг шархлуулахыг хүсэхгүй байгаагаа би түүнд илэрхийлэв. Бидний амьдрал зөвхөн миний болон бидний тухай биш, бидний ирээдүй болон ирээдүйн хүүхдүүдэд хамааралтай хэмээн би түүнд хэлэв. Би хэт холын юм бодож, солиотой зүйл хэлж буй мэт сонсогдож байгаа ч бодит байдалтай эвлэрч, ирээдүйд үүсэж болох сэтгэлийн шаналлаас болгоомжилж байсан.

Тэрээр намайг ярьж дууссаны дараа “Би чамайг ариун сүмд аваачих болно” гэлээ. Тэр яаж ингэж амлаж чадаж байна аа? гэж би эргэлзлээ. Би чамайг аваачихаа амлаж байна, надад итгээрэй хэмээн тэр надад хэлсэн юм.

Би юу хийхээ мэдэхгүй байсан ч бараг амьдралдаа анх удаа чин хүсэлтэйгээр залбирч эхэлсэн. Энэ бүхний туршид мацаг барин залбирах үед надад энэ замаараа үргэлжлүүлэх нь зөв гэсэн баттай мэдрэмжүүд төрж байсан. Миний өмнөх үерхлүүд маань надад сайхан санагддаг байсан ч Көрттэй хамт байхад амьдралдаа анх удаа сайхнаас гадна зөв гэсэн мэдрэмж төрсөн бөгөөд би гэртээ байгаа мэт санагдсан.

Сүнснээс ирсэн баталгааг даган би Көртөд итгэж харилцаагаа гүнзгийрүүлэхээр зөвшөөрөв. Үерхэл маань цааш үргэлжлэхгүй байж болох байсан ч би ариун сүмд гэрлэх амлалтдаа үнэнч байна гэдгээ мэдэж байсан.

Их Эзэнд найдаж урагшлах нь

Көрт номлогчидтой уулзаж эхэлсэн. Хичээлийн үеэр, тэрээр надтай танилцахаас нэг жилийн өмнөөс Сүмийг сонирхож эхэлсэн гэдгийг би олж мэдэв. Тэрээр үнэнийг өөрөө олж авахыг хүсэж байсан тул намайг гэсэн сэтгэл нь сонголтод нь нөлөөлөхөөс болгоомжлон надаас шашны талаар асуултууд зориуд асуудаггүй байсныг нь мөн олж мэдсэн юм.

Тэр баптисм хүртэж, жилийн дараа бид Шинэ Зеландын Хамилтон ариун сүмд лацдан холбуулсан. Намайг ариун сүмд аваачна хэмээн амласандаа тэр хүрсэн бөгөөд одоо ч гэрээнүүдээ зүрх сэтгэлдээ нандигнадаг. Гэрлээд зургаан жил хагас болж байгаа ч бид хоёр одоог хүртэл шинэ хосууд шиг л жаргалтай хэвээр байгаа. Бид нандигнан хайрладаг хүүтэй болоод түүндээ Есүс Христийн сайн мэдээг өдөр бүр заахыг хичээдэг.

Түүний талаар төрсөн анхны сэтгэгдэлтэйгээ үлдээгүйдээ би их баярладаг. Анх уулзсанаасаа өөр хүн болсныг нь би мэднэ. Би түүнд болон Сүнсний удирдамжид найдан харилцаагаа үргэлжлүүлсэндээ баяртай байдаг. Би өөрийнхөө мөн ирээдүйн гэр бүлийнхээ төлөө итгэдэг зүйлдээ бат зогссондоо баярладаг. Миний ариун сүмд лацдан холбогдох хүсэл минь үүнийг “зөв болохоор хийх ёстой” гэхээс илүүтэйгээр ариун сүмд байгуулсан гэрээнүүд бидний гэр бүлийг өсөж дэвжин мөнхийн гэр бүл болоход хөтөлдгийнх юм. “Аврал бол хувь хүний хэрэг; өргөмжлөл бол гэр бүлийн хэрэг” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тун энгийнээр хэлсэн (“Аврал ба өргөмжлөл,” 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган).