2020
Алслагдмал газраас харилцаагаа үргэлжлүүлэхэд тань туслах 7 зөвлөмж
2020 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Алслагдмал газраас харилцаагаа үргэлжлүүлэхэд тань туслах 7 зөвлөмж

Хэрвээ таны ирээдүйн мөнхийн хань тань алс газар байгаа бол дараах арга замууд танд туслах болно.

Амьдралаа хамт туулах эелдэг сайн хүн олоход хэцүү байж болно. Ариун сүмд орох зохистой, таныхтай адил итгэл үнэмшил, жишигтэй мөртлөө тантай ойрхон амьдардаг хүнийг олох нь бүр боломжгүй мэт санагдаж болно. Гэвч интернэтийн шинэ ололт, видео чат, онлайн болзоо, болзооны аппликэйшн зэргээр дамжуулан тогтоосон алслагдмал харилцаа өмнө нь хэзээ ч байгаагүйгээр түгээмэл болсон бөгөөд цөөн гишүүнтэй, алслагдмал бүс нутагт амьдардаг хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэ нь тун сайн хэрэг билээ.

Түүнчлэн зайнаас үл хамааран болзох харилцааны талаар бидэнд Сүмийн удирдагчид олон сайн зөвлөгөө өгсөн. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэрэв бид “үерхэл, хайр сэтгэл, гэрлэлт болон мөнх амьдралд чадамж, аюулгүй байдлыг хүсэж байвал “Есүсийн жинхэнэ дагалдагч” болох хэрэгтэй” (“How Do I Love Thee?” New Era, Oct. 2003, 8) хэмээн хэлсэн. Үүнээс гадна, энд алслагдмал газраас харилцаагаа үргэлжлүүлэхэд тань туслах 7 зөвлөмжийг өгье.

  1. Харилцаагаа тогтмол давтамжтай байлга. Хоёр биедээ тохирсон цагийн хуваарь гарга. Алслагдсан харилцааг даван туулсан олон хос өдөр бүр утсаар ярих юм уу видео чат хийх нь харилцаанд нь маш үр дүнтэй байсан гэж ярьдаг. Танд өдөр бүр ярих зав гарахгүй байж болно, гэхдээ зөвхөн нөгөө хүндээ зориулан цаг зав зайлшгүй гаргах шаардлагатай.

  2. Үргэлж хамгийн сайнаараа хичээ. Алсын зайн харилцаагаа аль нэг нь эсвэл хоёулаа авч үлдэхээр хамгийн сайнаараа хичээхгүй л бол энэ нь ихэвчлэн бүтэлгүйтдэг. Алс хол байснаас үл шалтгаалан нөгөө хүндээ халамж хайраа үзүүлж мөн үүнийгээ ярьж хэлж байх юм бол та илүү сайн холбоотой байж чадна.

  3. Харилцаа холбоо бол түлхүүр нь. Зөвхөн хоёулхнаа байхаар товлосон цагаараа нээлттэй харилцахад анхаар. Өөрт төрсөн хэцүү, сөрөг, дулаахан, сайхан мэдрэмжүүдээ нуулгүй хуваалцаарай. Ийм зүйлсийг нээлттэй хуваалцсанаар та хоёрын харилцаа бэхжиж нэг нэгнээсээ алс хол байсан ч хоорондоо ойр байгаа мэт мэдрэгдэх болно.

  4. Дэврүүн сэтгэлтэй бай! Алс хол байгаагийн улмаас бие биедээ хүрч хайраа илэрхийлж чадахгүй ч бие биедээ санаа тавьж байгаагаа өөр арга замаар илэрхийлэх хэрэгтэй. Нэг нэгнээ баярлуулах мессежийг өдрийн турш илгээж болно. Хоол эсвэл цэцэг захиалан хүргүүлж болно. Бодлоо шингээн, гараараа бичсэн чин сэтгэлийн захиа үргэлж сайхан байдаг.

  5. Сүнслэг харилцааг бүрдүүл. Долоо хоног тутмын гэр бүлийн үдэш эсвэл онцгой цугларалтыг хамтдаа хий. Хамтдаа Ерөнхий чуулганы яриаг үзэж, сурч мэдсэн зүйлээ ярилцах юм уу тухайн долоо хоногийн Ирээд, Намайг дага гарын авлагыг хамтдаа судалж болно. Сүнслэг харилцаагаа хөгжүүлэх тусам хайрын холбоо тань батжих болно.

  6. Биеэр уулзах цаг товло. Биеэр уулзах цаг товлохгүйгээр нэг нэгнээ дэлгэцийн араас хараад байх нь хангалтгүй. Аль болох ойр ойрхон уулзах цаг товлохыг хичээгээрэй. Хэрвээ удаан хугацаанд хол байхаар бол бие биетэйгээ байнга уулзахад хамаг мөнгөө бүү гарздаарай, харин ядаж хоёр сар тутамд нэг удаа айлчлахыг хичээ.

  7. Үргэлж шударга бай. Харилцааны хамгийн чухал нь шударга байх явдал юм. Хамтрагчдаа юу мэдэрч байгаагаа болон энэ харилцаанаас юу хүсэн хүлээж байгаагаа мэдэгдэж байх хэрэгтэй. Энэ харилцааг амжилттай үргэлжлүүлэхийн тулд та хоёр хоёулаа нэг ойлголттой байх хэрэгтэй ба үүнийг хангах цор ганц арга зам нь нэг нэгэндээ үнэнч байхыг сонгох явдал юм. Хэрэв үүнийг хийж чадвал харилцаа тань цэцэглэж, амьдралыг тань мөнхөд адислах зүйл болж хувирна.

Юу юунаас илүүтэйгээр, хол ойрын ялгаа байхгүй, болзоо болон үерхэл нь нөхөрлөл дээр суурилсан байх ёстойг сана. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр эгч “Үерхлийн болон гэрлэлтийн өсөж хөгжих суурь нь нөхөрлөл дээр үндэслэсэн байх хэрэгтэй” (“Making Dating Smooth Sailing,” New Era, Oct. 2004, 28) хэмээн хэлсэн юм.

Хэвлэх