Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Ганц бие байх нь Бурханы надад зориулсан бүрэн төлөвлөгөөнд найдахыг сануулдаг
Би Тэнгэрлэг Эцэгийн бүрэн төлөвлөгөөнд найдаж, бодлоо орхисноор аз жаргалтай болсон.
Намайг 30 настай байхад миний амьдралыг өөрчилсөн асуултуудыг найз маань тавьсан юм. “Хэрвээ чамд хэмжээлшгүй их мөнгө байсан бол чи юу хийх байсан бэ?” Би байшин худалдан авч, гэр бүлээ анхаарч, биеэ даах болно зэрэг байдаг л хариулт өгөв.
Тэгэхэд тэрээр лавшруулан “Тэр бүх зүйл чинь чамд байгаад цаана нь чамд хэмжээлшгүй их мөнгө байсан бол чи юу хийх байсан бэ?” Тэр үед би ганц бие байсан ч дэлхийд олон юм өгч чадна гэдгээ ухаарсан. Би сурч боловсроод бусадтай хуваалцах зүйлсийг болон ямар өөрчлөлт мөн үр нөлөөг авчирч чадах талаар бодов.
Анхаарлаа өөр зүйл рүү хандуулах нь
Залуу хүний хувьд би нөхөртэй болж ариун сүмд гэрлэж, гэр бүлтэй болохыг мөрөөддөг байлаа. Энэ нь миний цор ганц зорилго гэж би боддог байв. Гэтэл энэ нь болохгүй байхад би “Хэрвээ гэрлэх нь амьдралын хамгийн чухал зүйл юм бол надад яагаад энэ боломж нь гарахгүй байгаа юм бол?” гэж боддог байсан.
Найзынхаа асуусан асуултуудын дараа л би амьдралын үнэн утга учрыг эцэст нь ойлгосон юм. Гэрлэж хүүхэдтэй болох нь Тэнгэрлэг Эцэгийн бид бүхэнд зориулсан мөнхийн төлөвлөгөөний гол хэсэг гэдэгт би одоо ч гэсэн итгэдэг ч үүнээс өөр бусад зүйл байдаг гэдгийг би ухаарсан.
Бид өсөж хөгжин, үнэнийг хуваалцаж, эцэст нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихын тулд энэ дэлхий дээр байгаа билээ (Алма 34:32-ыг үзнэ үү).
Үүн дээр үндэслэн би өөрийн зорилгыг болон хүчтэй талаа олоход туслахыг гуйн Бурханаас асууж эхэлсэн. Шинэ хобби туршиж үзэн, итгэлээ хүчирхэгжүүлж, залбирсны хүчинд би хэсэг хугацааны дараа зорилгоо олж чадсан. Би Есүс Христэд агуу итгэлтэй гэдгээ олж ухаарсан. Иймээс бусдад Христэд итгэх итгэлийг олж хөгжүүлэхэд туслах нь миний дэлхий дээр байгаагийн нэг зорилго болон төлөвлөгөө юм. Энэ үнэн миний амьдралын зүг чигийг тодорхой болгож, Түүний хүссэн хүн болохоор хичээхэд тусалсан.
Зорилгоо тодорхой болгох
Хорь гараад миний ярьдаг ихэнх зүйл ганц бие байдлын минь талаар байсан. Би өөрийнхөө “гунигтай” байдалд л төвлөрдөг байв. Харин одоо би гэрлэхийг зорихын хажуугаар өөр зорилго, боломжуудыг ч бас эрэлхийлдэг болсон.
Хэрвээ та одоо юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд хаанаас эхлэх талаарх дараах зөвлөгөөг өгчээ.
“Тэнгэрлэг Эцэгээсээ Есүс Христийн нэрээр таны тухай болон таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын тухай ямар бодолтой байдгийг асуугаарай. Хэрэв та чин сэтгэлээсээ хүсэж асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. …
Таныг Тэнгэрлэг Эцэг хэрхэн харж, Өөрийнх нь төлөө юу хийхийг танаас хүсэж найдаж байдгийн өчүүхэн хэсгийг та зурвасхан ч гэсэн харж эхлэх үед амьдрал тань өмнөх шигээ хэзээ ч байхгүй гэдгийг би та нарт амлаж байна!” (“Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).
Эдгээр үг нь үнэхээр гайхамшигтай.
Надад амьдралдаа хүсэж байгаа зүйлсийн талаар санаа байдаг ч (миний бодлоор эдгээр нь гайхалтай ч) Бурхан надаас илүүг мэднэ. Түүний төлөвлөгөө намайг төсөөлснөөс минь ч агуу замаар хөтлөх болно.
Шинэ найдвар тээхэд нээлттэй байх
Тэнгэрлэг Эцэгийн надад зориулсан төлөвлөгөөтэй уялдах нь эхэндээ хэцүү байсан. Би шинэ санаа, шинэ алсын хараа, шинэ найдварыг нээлттэй хүлээж авах хэрэгтэй болсон. Амьдрал минь миний төсөөлснөөр болоогүйд би заримдаа шаналдаг байв. Миний патриархын адислалд тодорхой дурдагдсан зүйлс биелэхгүй байсан. Гэвч би эцэст нь өөрийнхөө бодол санааг орхиж, амлагдсан бүх адислал маань нэгэн өдөр биелэх болно гэдэгт найдсанаар санаа зовохоо больсон. Яагаад гэвэл, эдгээр нь Түүний төлөвлөсөн цагт биелэх болно гэдгийг би мэднэ.
Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан бүрэн төлөвлөгөөнд найдаж, төвлөрөх аваас Түүний амласан мөнхийн баяр баяслыг хүртэх болно (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Бид хувийн замналаа олох болно. Бид Түүний хүсэн хүлээсэн хүмүүс болно. Мөн үүний зэрэгцээ бид өөрсдийгөө гэрлэлт болон бусад мөнхийн адислалыг хүртэхэд бэлтгэх болно.
Үзэл бодлын энэхүү өөрчлөлтийн учир би амьдралаасаа үнэн баяр баяслыг олсон. Надад бүх хариулт байхгүй ч гэсэн Тэр миний амьдралыг бага багаар гийгүүлсээр байгаа.