2020
Охиныхоо хөгжлийн бэрхшээлээс үүдэн миний ач ивээлийн талаар сурсан зүйлс
2020 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Охиныхоо хөгжлийн бэрхшээлээс үүдэн миний ач ивээлийн талаар сурсан зүйлс

Тэнгэрлэг Эцэг бидний юутай тулгарч байгааг мэддэг. Тэрээр бидний хэн болж чадахыг мэддэг.

2018 оны 7-р сарын 10-нд болсон Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс хянан тохиолдуулж авав. Бүрэн эхээр нь үзэх бол speeches.byuh.edu хаягаар орно уу.

Хоёр дахь охин Кэролин маань яаралтай кесарево хагалгаа хийлгэж төрсөн юм. Тодорхой бус шалтгаанаар цус алдсан нь түүний тархийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, ноцтой өөрчлөлтөд оруулсан юм.

15 жилийн дараа Кэролин 3 сартай хүүхдийн түвшинд хэвээр байсан. Тэрээр алхаж, мөлхөж, бүр эргэж ч чадахгүй. Тэр ярьж чадахгүй мөн бид юу ойлгож чаддагийг нь ч мэдэхгүй.

Гэхдээ Кэролин их өхөөрдөм байдаг. Тэрээр том гэгч нь ангайн инээмсэглэж, чангаар инээдэг. Тэрээр тэврүүлж, үнсүүлж, нүүрэндээ хүйтэн салхийг мэдэрч, хурдны замын чичиргээт хэсэг дээгүүр явах дуртай. Тэрээр аажуухан “Аа” гэж дуугарахаас гадна их чангаар “Аа” гэж дуугардаг бөгөөд ихэвчлэн шөнө дунд ингэдэг байв.

Кэролин 5 настай байхдаа олон шөнө дараалан шөнийн 2-3 цагийн хооронд сэрдэг байсан. Нэгэн шөнө үүнээс нь болж би дурамжхан гэгч босоод, дараах тэмдэглэлийг бичсэн юм.

Түүний живхийг солих зуураа би амандаа Лиззигийн (манай нөгөө охин) унтахын өмнө өдөр бүр дуулж байя гэж шийдсэн [Хүүхдийн хэсгийн] дууг дуулж эхлэв.… “Их Эзэн биднийг Өөрийн нь хүсэн хүлээсэн хүмүүс болоход туслан гэр бүлийг бидэнд өгсөн.” Тэгээд би Кэролин рүү харахад ухаарлын үгс гэнэт толгойд минь зурсхийв.

Их Эзэн биднийг Өөрийн нь хүсэн хүлээсэн хүмүүс болоход туслан гэр бүлийг мөн намайг шөнийн 2 цагт сэрээдэг энэ хүүхдийг ч бас бидэнд өгсөн.… “Ийнхүү Тэрээр биднийг хайрладаг” ба дахилт дээр үргэлжлүүлснээр “учир нь гэр бүл Бурханаас ирсэн.”

Тэр шөнө хэсэгхэн хугацаанд Бурхантай харилцаж, тэр мөчид Бурхан намайг, Кэролиныг болон бидний гэр бүлийг анхаардаг гэсэн баталгааг авсан юм. Тэр биднийг хайрладаг. Эцэг минь надад “Өөрийн нь хүсэн хүлээсэн хүн болоход туслахын” тулд бид сорилтуудтай тулгардаг гэдгийг тэр мөчид зааж, намайг урмаар тэтгэсэн.

Кэролин Сүм дээр ч бас чангаар “Аа” гэж дуугардаг. Ялангуяа гунигласан мөн чангаар дуугарах үед нь эхнэр бид хоёрын нэг түүнийг үүдний танхимд авч гараад, тэргэнцэр дээр нь түрж бүүвэйлдэг байв.

Нэг ням гарагт би гунигт автсан Кэролиныг түрж ирэхдээ зөвхөн ариун ёслолдоо суучихаад явах бодолтой байв. Үүдний танхимаар ороход Кэролин гунигтай хэвээр байсан тул ариун ёслолыг ч дуусгаж чадах эсэхдээ би эргэлзэж эхэллээ. Түүнийг тайтгаруулах бүх оролдлого бүтэлгүйтэв.

Ингэж байтал ариун ёслолын дуу эхэллээ. Би охинтойгоо хацраа нийлүүлээд түүнд дуулж өгөв. Тэр чимээгүй болж сонслоо. Тэр өдрийн ариун ёслолын дуулал “Даруухнаар мөн хүндэтгэлтэйгээр” (Hуmns, no.185) дуулал байсан бөгөөд Аврагч дуулж буй мэтээр бичигдсэн дуу билээ. Би дууллыг анхаарахаасаа илүү Кэролиныг анхаарч байснаа 4-р бадгаас эхлэн дараах үгсийг охиндоо зориулан дуулж эхэлсэн юм.

Би таныг анд нөхрийн адил

Төгсөшгүй хайраар хайрласан.

Би Кэролины том цэнхэр нүд рүү хараад, зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээр үгийн чин үнэнийг мэдэрсэн. Дэлхийн Гэтэлгэгч Есүс Христ Кэролиныг “төгсөшгүй хайраар хайрласан.” Түүнийг гунигтай эсвэл өвдсөн үед мөн эцэг эх нь ойлгож, тайтгаруулж чадахгүй үед түүний Мөнхийн Найз Нэгэн түүний юу мэдэрч байгааг мөн хэрхэн туслахаа мэддэг.

Саяхан манай гэр бүл маш чухал сэдэв буюу миний халзан толгойд ургадаггүй үсний талаар хөгжилдөн ярилцав. Амилалтын үед миний толгой дээрх битүү буржгар үсийг хараад та нар намайг танихгүй л дээ гэж би хэллээ.

Лиззи маань залгуулан “Кэролины ярихыг сонсоод бид завгүй байх болно” гэж хэлэв.

Бид бүгдээрээ инээлдсэн ч би түүний үгэн дэх туйлын үнэнийг олж хараад цочирдсон. Агуу Гэтэлгэгчээр дамжин ирдэг аврал нь бүх хүнд хамаатай бөгөөд миний унасан үс, Кэролины гэмтсэн тархи болон энэ хоорондох бүх зүйлийг багтаадаг билээ. Есүс Христийн ач ивээл үнэхээр гайхамшигтай ба Түүний эдгээх хүчинд хязгаар гэж үгүй.

Кэролины энэ насан дахь хөгжлийн бэрхшээл нь түүнийг мөнх амьдралд тодорхойлохгүй бөгөөд Есүс Христийн ачаар түүнийг сайхан ирээдүй хүлээж байна.

Хэвлэх