2020
Бидэнд дахин нэг гайхамшиг хэрэгтэй байв
2020 оны 6-р сар


Бидэнд дахин нэг гайхамшиг хэрэгтэй байв

Даниел Пэйн, АНУ, Нью Мехико

Манай эхнэрийг жирэмслэхэд бидэнд аль хэдийн нэг гайхамшиг тохиолдсон байсан. Одоо өөр нэг гайхамшиг тохиох хэрэгтэй болоод байв.

Манай эхнэр Сара 24 долоо хоногтой жирэмсэн байхдаа маш хүндээр өвдөж эхэлсэн юм. Би түүнд адислал өгөөд, дараа нь ажилдаа явлаа. Намайг ажил дээрээ байж байтал тэр эмнэлэг рүү хүргүүлэх гэж над руу залгасан юм.

Биднийг ирэхэд “Хүүхэд чинь төрөх гэж байна” гэж хэлэв. Сара 24-хөн долоо хоногтой байсан тул хүүхдийг амьд авч үлдэх хамгийн сайн арга бол кесарево хагалгаа байлаа.

“Эхнэр чинь үүнээс илүү хүндрэл нэмж туулах хэрэггүй. Таны хүүхэд амьд үлдэж чадахгүй болж байна” гэж эмч хэлэв.

Сара бид хоёр эмчийн хэлсэн зүйлсийн талаар ярилцаж, залбирсан. Хүүхдэд маань амьд гарах жаахан ч гэсэн боломж байгаа бол бид тэр боломжийг ашиглахаар шийдсэн юм. Бид хүүхэдтэй болж чадахгүй байсан болохоор том хүү Тэйлороо өргөж авсан байв. Тэйлорыг өргөж аваад хоёр жил болсны дараа Сараг жирэмслэхэд бид үүнийг гайхамшиг гэж үзсэн. Тэгвэл одоо хоёр дахь гайхамшиг хэрэгтэй болсон нь энэ байв.

Хэсэг хугацааны дараа нэг нарийн мэргэжлийн эмч бидэн дээр ирж, “Бидэнд таны эхнэрийг дутуу төрсөн, хүнд өвчтэй нярайнуудыг эмчлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан Техасын Эль Пасо дахь хүүхдийн эмнэлэгт хүргэх цаг байгаа байх гэж бодож байна. Хүүхэд тань тэнд амьд гарах боломж байгаа” гэж хэлэв.

Түргэн тусламжийнхан Сараг орон нутгийн эмнэлгээс авч, 45 минутын зайтай байдаг хүүхдийн эмнэлэг рүү хурдлан явлаа. Би араас нь ойрхон дагаж, гайхамшиг тохиохыг гуйн Их Эзэнд залбирч байв. Би сайн мэдээний зам дээр үлдэж, илүү сайн байхыг хичээнэ хэмээн Түүнд амласан.

Би эмнэлэгт нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмчид “Эхнэр маань жирэмсэлж, бидэнд нэг гайхамшиг тохиолдсон гэдгийг бид мэднэ. Одоо бидэнд өөр нэг гайхамшиг хэрэгтэй байна” гэж хэлж билээ.

Төрөлт сайн явагдаж, хүүхэд маань эсэн мэнд үлдсэн юм. Тэрбээр нярайн эрчимт эмчилгээний тасагт дөрвөн сар гаруй хугацааг өнгөрөөсний дараа бид Шаннаг гэртээ авчирсан. Бидэнд хоёр дахь гайхамшиг тохиолдсон юм. Цөөн хэдэн жилийн дараа бидэнд дахин нэг гайхамшиг тохиож, Их Эзэн биднийг ихэр хүүхдээр адислав.

Шанна IQ багатай, тэргэнцэр дээр байдаг ч баяр хөөрөөр дүүрэн, үргэлж эерэг байж, хүн бүхэнд нөхөрсөг ханддаг. Тэр өдрөө хэрхэн өнгөрүүлснээ ярих дуртай байдаг бөгөөд амьдралдаа баяр хөөртэй байдаг. Тэр биднийг инээлгэж, аз жаргалтай байхыг зааж өгдөг. Бид охиндоо хайртай бөгөөд түүний төлөө талархдаг. Шанна бол үнэхээр бидэнд ирсэн адислал юм.