Сүүлчийн үг
Санваарын хүчээр хамтдаа үйлчлэх нь
2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.
Хэдэн жилийн өмнө миний эхнэр Барбара бид хоёр тэнгэр өөд ширтэн, бишрэн зогссон юм. Сая сая од онцгой тод бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Дараа нь би Агуу Үнэт Сувд номоос Их Эзэн Бурханы Мосед хэлсэн “Мөн тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн буюу би; мөн тэрчлэн өөрийн хувийн зорилгын учир тэрчлэн тэдгээрийг бүтээсэн болой би; мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм” (Мосе 1:33) гэсэн үгсийг уншив.
Тэнгэр, газрыг бүтээсэн энэ хүч бол санваар юм. Энэ санваарын хүчний эх сурвалж нь Бүхнийг Чадагч Бурхан болон Түүний Хүү Есүс Христ хоёр. Аврагч гайхамшгуудыг үйлдэж, хязгааргүй Цагаатгалаар хангаж мөн Амилалтаар дамжуулан бие махбодын үхлийг даван туулахдаа энэ хүчийг ашигласан.
Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд эрэгтэйчүүдэд санваарыг ашиглах онцгой үүрэг өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх охид хөвгүүдэд санваарын адислалуудыг хүлээн авч мөн санваарын хүчээр хүчирхэгжих арга замыг өгсөн гэдгийг бид ойлгох нь чухал.
Дэлхий ертөнц, галактик болон сансар огторгуйг бий болгосон тэрхүү санваарын хүч нь биднийг өөрсдийн гэр бүл, найз нөхөд, хөршдөө тусалж, тэднийг хүчирхэгжүүлж мөн адислахад бидний амьдралын нэг хэсэг болж чадах бөгөөд тийм байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Аврагч өнөөдөр бидний дунд тохинуулж байсан бол хийх байсан тэдгээр зүйлийг хийнэ гэсэн үг (Сургаал ба Гэрээ 81:5-ыг үзнэ үү).
Энэхүү санваарын хүчийн хамгийн чухал зорилго бол биднийг гэр бүлтэйгээ тэнгэрлэг эцэг эхийн дэргэд амьдрах боломжийг олгохын тулд адисалж, ариусгаж, цэвэршүүлэх явдал юм. Ийм арга замаар бүх эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран Бурхан, Есүс Христ хоёрын гайхамшигт ажилд оролцож (Мосе 1:39-ийг үзнэ үү) мөн санваарын адислалуудыг хүлээн авч чадна.
Бид ухаалаг байж, өөрийн болон гэр бүлийнхээ амьдралыг мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Бурханы санваарын хүчээр дамжуулан хүчирхэгжүүлэхийг эрэлхийлээсэй.