2020
Ариун ёслолын цуглаанаар дамжуулан тохинуулах
2020 оны 6-р сар


Тохинууллын зарчмууд

Ариун ёслолын цуглаанаар дамжуулан тохинуулах

Ариун ёслолын цуглаан нь бусадтай холбогдож, бусдад тохинуулах боломж олгодог.

people seated in a heart shape

Зургийг Эдвард Макгован

Ариун ёслолын цуглаан нь сүнслэг тэжээл авч, Аврагчийг болон Түүний Цагаатгалыг хувьдаа эргэцүүлэн бодох цаг мөч юм. Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр хамтдаа сэнхэрдэг (Сургаал ба Гэрээ 84:110-ыг үзнэ үү). Харин манай тойрог, салбаруудын зарим хүн маш хүнд дарамттай ирдэг эсвэл бүр ирдэггүй.

Бид энэ ариун нандин цагийг хэрхэн бусдад тохинуулж, тэдний амьдралыг өөрчлөхөд ашиглаж болох талаарх хэдэн боломжийг энд дурдав.

Ариун ёслолын цуглааныг илүү утга учиртай болгоход нь тохинуулдаг хүмүүстээ тусал

Хэрхэн тохинуулахаа мэдэж авах эхний алхам бол хувь хүн, гэр бүлүүд ба тэдний хэрэгцээг таньж мэдэх явдал юм. Та тэдний талаар илүү ихийг мэдэж авснаар ариун ёслолд оролцохдоо илүү сайн шүтэн биширдэг болоход нь тэдэнд тусалж чадах арга замууд гарч ирж болно.

Хөлд орж буй ихрүүдийн залуу эх Миндигийн хувьд, тохинуулагч эгчийнх нь энгийн хүчин чармайлт долоо хоног тутам ариун ёслолын цуглаанд оролцох байдлыг нь ихээхэн өөрчилсөн байна.

“Нөхрийнхөө ажлын хуваариас болоод би долоо хоног бүр ихэр охидоо ганцаараа сүм рүү авч очдог” гэж Минди тайлбарлав. “Хөлд орж байгаа, хоёр хөдөлгөөнтэй хүүхэдтэй ариун ёслолын цуглааныг дуусгана гэдэг үнэхээр халширмаар байдаг ч тохинуулагч эгч маань надад туслах үүргийг өөртөө хүлээсэн юм.

Тэр долоо хоног бүр бидэнтэй сууж, охидоо харж хандахад минь тусалдаг. Тэр зүгээр л миний хажууд суухад надад тустай байдаг бөгөөд хүүхдүүдийг уурлаж, үймүүлэх мөчид санаа зовних маань гайгүй болдог. Түүний үйлдэл амьдралын минь энэ үед надад хэчнээн их нөлөөлснийг тэр мэдэж авна гэж би бодохгүй байна. Тэр залуухан, сэтгэл түгшсэн эх хүний хэрэгцээг надаас олж харсан ба сүмийг бүх хүнд амар тайван, аз жаргалтай газар болгоход тусалдаг.”

Тусгай хэрэгцээтэй хүмүүст туслах санаанууд

  • Гишүүдийн хэрэгцээний талаар ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчидтай зөвлөлд.

  • Удирдагчид гишүүдийн хэрэгцээг хангахад туслах ариун ёслолын цуглааны үгсийг төлөвлөнө. Тохинуулдаг хүмүүст тань ямар нэг тодорхой захиасыг олж сонсох нь тус болохоор байвал энэ санаагаа удирдагчдадаа хэл.

  • Хэрэв та хэн нэгнийг ариун ёслолын адислалуудыг хүлээн авахад саад бэрхшээлтэй байдаг юм уу хоол хүнсний харшилтайг мэддэг бол тэднээс тодруулж мөн тэдний шүтлэг бишрэлийг нэмэгдүүлэхийн тулд ямар зохицуулалт хийж болох талаар асуу. Энэ мэдээллээ удирдагчдаа хэлнэ үү.1

  • Таны тохинуулдаг эсвэл таньдаг хүн тань түр болон байнга гэрээсээ гарч чадахгүй байгаа бол тэдний гэрт ариун ёслолыг хүргэж өгч болох талаар бишопоосоо асуу. Та ариун ёслолын цуглааны үеэр тэмдэглэл хөтөлж, үүнийгээ тэдэнтэй утсаар, э-мэйлээр юм уу биечлэн хуваалцаж болно.

  • Хэрэв таны тохинуулдаг хүн бага насны хүүхэдтэй бол та ариун ёслолын цуглааны үеэр тэдэнд туслахыг санал болгож болно.

  • Хэрэв таны тохинуулдаг хүн ариун ёслолын цуглаандаа байнга ирдэггүй бол та ойлгохыг хичээж, тусалж болох арга замуудыг бодож үзээрэй. Хэрэв тэдэнд унаа хэрэгтэй бол та тэднийг авч явж болно. Хэрэв тэднийг гэр бүл нь дэмждэггүй бол та тэднийг дэргэдээ суухад урьж болно. Та тэдэнд ариун ёслолын цуглаан дээр дотно байхыг болон хэрэгцээгээ мэдрэхэд нь туслахыг хүсвэл тусгай урилгууд хийж болно.

people sitting together

Энгийн үйлдэл том нөлөө үзүүлдгийг санаарай

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч тохинууллын талаар “Заримдаа бид хөршдөө үйлчлэхийн тулд ямар нэг агуу бөгөөд баатарлаг үйлс бүтээх ёстой гэж боддог. Гэвч үйлчлэлийн энгийн үйлдлүүд нь бусдад болон өөрсдөд маань хүчирхэг нөлөө үзүүлж чадна”2 хэмээн заасан юм.

Бельгийн жижиг тойрогт Эвита Сүмийн цуглаан дээр испани хэлтэй зочдод болон гишүүдэд олонтоо орчуулга хийж өгдөг байв. Нэг удаа Эвита Сүмийн талаар суралцаж байсан Доминиканы Бүгд Найрамдах улсын иргэнтэй танилцав. Тэр англи хэл бага зэрэг мэддэг ч төрөлх хэл нь испани хэл байв. Эвита түүнд ариун ёслолын цуглаан дээр аяархан орчуулж өгсөн тул илүү тухтай санагджээ.

“Заримдаа орчуулга хийх нь Хүндэтгэлийн өдрийг минь зав чөлөөгүй болгодог. Гэхдээ хүмүүсээс хэлмэрч хэрэгтэй эсэхийг асуух сүнслэг өдөөлтийг дагах нь Сүнсийг мэдэрч, цуглаанаа сайхан өнгөрүүлэхэд нь тэдэнд туслах боломжтой байгаагаа мэдэх нь надад маш их баяр баясгалан, халуун дулаан мэдрэмжийг өгдөг” гэжээ.

Энгийн үйлдлүүдээр дамжуулан туслах санаанууд

  • Ариун ёслолын цуглаан дээр хэнд илүү үйлчлэл хэрэгтэй байгаа талаар удирдагчидтайгаа ярилц. Эсвэл хэрэв та үйлчлэл хэрэгтэй хэн нэгнийг мэдэж байвал удирдагчид тань тэдний талаар мэдэж байгаа эсэхийг нягтал.

  • Цуглаан эхлэхийг хүлээн чимээгүй суу. Энэ нь ариун газарт хүндэтгэлтэй байснаар ирж болох амар амгалан хэрэгтэй байгаа “бидний эргэн тойрны эмтэрсэн зүрх, уй гашууд автсан сүнснүүдэд”3 туслах болно.

  • Мацгийн ням гарагт тайвшрал хэрэгтэй байгаа, өөрийн тохинуулдаг хэн нэгний төлөө мацаг барьж, залбирахыг бодоорой.

  • Ариун ёслолын үеэр тэдний хажууд эсвэл ойр сууснаар тус болж чадах хэн нэгэн байгаа эсэхийг мөн танд тусалж болох өөр арга байгаа эсэхийг мэдэхийг хүсэн залбир.

Ариун ёслолын цуглаан бол бүгдийг урьж болох газар юм

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) “Ариун ёслолын цуглаан бол сүмийн бүх уулзалтуудаас хамгийн нандин, хамгийн ариун нь”4 хэмээн заасан. Иймээс ариун ёслолын цуглаанд оролцож байгаа бүх хүн, ялангуяа шинэ гишүүд юм уу хэсэг хугацаанд сүмдээ ирээгүй хүмүүс халуун дотно хийгээд, сүнслэг тэжээл мэдэрдэг байх нь чухал байдаг.

Австралийн Шинэ Өмнөд Вэльсийн Мераниа тойрог дээрээ Сүмийн тухай сурч байсан нэгэн эмэгтэйтэй нөхөрлөсөн байна. “Тэр одоо миний дотны найзуудын нэг болсон” гэж Мераниа хэлэв. “Би долоо хоног бүр түүнтэй ариун ёслолын цуглаанд суух дуртай бөгөөд түүний хэр байгааг, түүнд туслах зүйл байгаа эсэхийг үргэлж асуудаг.” Хэсэг хугацааны дараа Мерианагийн найз баптисм хүртсэн юм. Тойргийн гишүүдийн хүчин чармайлт болон ариун ёслолын цуглаан дээрх халуун дулаан уур амьсгал түүний шийдвэрт томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.

Эргэж ирж буй эсвэл шинэ гишүүдэд тохинуулах санаанууд

  • Та ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх гэж байгаа бол найз нөхөд, гэр бүлийнхэн, бусад хүнийг ирж, таны захиасыг сонсоход урьж болно.

  • Та ганцаардсан юм уу тусламж хэрэгтэй байж болох хүмүүсийг эрж олоод, урьж болно. Тэдний дэргэд сууж болох эсэхийг асуу. Эсвэл тэднийг дэргэдээ суухад урь.

  • Цуглаан дуусах үеэр та тохинуулдаг хүмүүсээ болон бусдыг Сүмийн удахгүй болох үйл ажиллагаанд болон ариун сүм явах юм уу нийгмийн үйл ажиллагаанд урьж болно.

  • Хэрэв таны тохинуулдаг хүн ариун ёслолын цуглаандаа ирдэг боловч ойрд ирээгүй бол та тэднээс заагдсан зүйлсээс асуух зүйл байгаа эсэхийг лавлаж болно. Хэрэв тэдэнд ойлгоогүй ямар нэгэн үг хэллэг, түүх юм уу сургаалын хэсэг байгаа бол танд хэзээ ч хандаж болно гэдгийг тэдэнд хэлээрэй. Шаардлагатай бол хариултыг хамтдаа хайж болно.

Эшлэлүүд

  1. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлүүдэд туслах 4 арга зам” (зөвхөн цахимаар), Лиахона, 2018 оны 6-р сар, эсвэл энэ дугаарын 22-р хуудасны “Сүм дээр хоол хүнсний харшлаа зохицуулах нь” нийтлэлийг уншихыг бодоорой.

  2. Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130.

  3. Жэффри Р.Холланд, “Бурханы хургыг болгоогтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  4. Joseph Fielding Smith, in Conference Report, Oct. 1929, 60–61.