2020
Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөр зүрх сэтгэлийг минь нээсэн
2020 оны 6-р сар


Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөр зүрх сэтгэлийг минь нээсэн

Рикардо Матаморос, Эль Сальвадор, Агуачапан

Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөр зарлагдахад Их Эзэн намайг Өөрийн өргөөнд орохыг хувиараа урьж байгаа юм шиг надад санагдсан.

man at temple open house

Зураг чимэглэлийг Брэдли Кларк

Би 15 насандаа баптисм хүртсэн юм. Олон хүн миний шинэ итгэл үнэмшлийг ойлгохгүй байлаа. Зарим хүн тэр дундаа найз нөхөд маань хүртэл Сүмд нэгдэх шийдвэр гаргасанд намайг шоолж байв. Эцэг эх маань Сүмийн гишүүд байгаагүй тул намайг дэмждэггүй байлаа.

Үүний улмаас сүмд явж, сайн мэдээний дагуу амьдрах нь надад хэцүү болсон. Би 19 хүрэхдээ сүмд явахаа больсон байлаа.

Арван жилийн дараа Эль Сальвадорт ариун сүм баригдах гэж байгааг би олж сонссон юм. Их Эзэний өргөө эх оронд минь баригдах гэж байгааг сонсоод би гайхсан. Дөрвөн жилийн дараа Эль Сальвадорын Сан Сальвадор ариун сүм баригдаж дуусан, ариун сүмийн нээлттэй хаалганы өдөр зарлагдав. Би нээлттэй хаалганы өдрөөр ариун сүмд орох боломж гарч байгааг дуулаад, Их Эзэн намайг Өөрийн өргөөнд орохыг хувиараа урьж байгаа мэт санагдсан.

Ариун сүмээр алхаж орсон тэр өдөр амьдралын минь хамгийн сайхан өдрүүдийн нэг байсан юм. Нээлттэй хаалганы өдрөөр би онцгойлон адислагдсан ариун сүм дотор юу болдог талаар илүү ихийг мэдэж авсан. Би бас хүмүүсийн Бурхантай байгуулдаг, ариун сүмийн нандин гэрээнүүдийн талаар мэдэж авсан.

Ариун сүмийн өрөө болгоноор явж үзэхдээ би Бурханы оршихуйг мэдэрч байв. Би амар амгаланг мэдэрсэн. Ариун сүмд зочилсон маань Сүмдээ эргэн ирж, сайн мэдээний дагуу дахин амьдрах хүслийг надад төрүүлсэн. Би Бурханы агуу ажилд оролцож чадна гэдгээ ухаарах үедээ өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг гүйцэтгэж, санваарыг ашиглахыг хүссэн билээ.

Тэр өдөр ариун сүмд өнгөрүүлсэн туршлага намайг өөрчилсөн. Би одоо тойргийн гишүүддээ ариун сүмд бэлтгэхэд нь тусалж мөн өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажил хийх боломж олгохын тулд гэр бүлийн түүхээ хийхэд нь тусалдаг.

Сүмдээ эргэн ирэхэд хэзээ ч оройтохгүй. Сайн үйл хийхэд хэзээ ч оройтохгүй. Их Эзэн хязгааргүй хайраараа бидэнтэй үргэлж хамт байдаг. Ариун сүм биднийг Түүнтэй нэгтгэж мөн хэзээ нэг өдөр Түүнтэй хамт амьдрахаар буцаж очих боломжийг олгодог газар юм.