Зөвхөн цахим хувилбараар
Түүнд санваарын адислал хэрэгтэй байв. Би өгч чадах болов уу?
Би санваарын адислал өгөхөөс үргэлж айдаг байв. Тэр үе ирэхэд би бэлэн байх болов уу?
Нэг өдөр ээж бид хоёрыг гэр лүүгээ явж байтал нэгэн эр гүвээ даван дугуйтайгаа уруудаж байв. Өнөөх эр унадаг дугуйгаараа ирж буй ачааны машиныг мөргөхгүйн тулд замаас гэнэт хазайв. Үүрд үргэлжлэх мэт санагдсан ганцхан хормын дотор тэр огцом эргэлтээс болж жолоодлогоо алдан, жолооны хүрдний дээгүүр нисэж, зам дээр толгойгоороо хүчтэй мөргөн унав. Бид тэр дороо л замаас гарч зогслоо. Айж самгардсан би түүнд туслахаар машинаасаа буугаад, яаран гүйв. Мөнөөх эр хүндээр амьсгалж байсан хэдий ч ухаан алдсан байв.
Би тэр даруй л түүнд санваарын адислал өгөх хэрэгтэйг мэдэж байсан боловч “Би үүнийг хийж чадах болов уу?” гэж өөрөөсөө асуулаа.
Яг тэр мөчид, залуухан Аароны санваартан байхад минь ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Залуу хөвгүүд ээ, энэ нь та нарт хараахан тохиогоогүй байж болох ч та нар үүнийг ойлгох цаг ирнэ. Айдас төрүүлэм, аминд тулсан тэр мөчид та нарын итгэл, мөн санваар та нараас хамгийн сайнаараа хийхийг шаардах болно. Харин та нарын хамгийн сайнаараа хийж чадах зүйл чинь тэнгэрээс хүч гуйх юм. …
… Ийм өдөр ирж магадгүй. Би гэнэтийн нөхцөл байдалд эсвэл нэн чухал хэрэгцээтэй үед аянга буух мэт онцгой үе ирэх болно гэдэгт итгэлтэй байна. Тэр үед ирээдүй таны гарт байх болно. Энэ өдөр ирэхэд бэлэн байгтун” гэсэн үгс санаанд орж ирсэн юм (“Өөрсдийгөө ариун байлгагтун,” Ensign, 2000 оны 11-р сар, 39, 40; Лиахона, 2001 оны 1-р сар, 47, 49).
Айдсаа ялан дийлсэн минь
Өсвөр насанд минь эдгээр үг миний зүрхэнд гүн шингэж, намайг зохистой Мелкизедек санваартан болоход бэлтгэсэн. Гэхдээ би Мелкизедек санваар хүлээн авснаас хойш олон жилийн турш өөрийгөө адислал өгч чадна гэдэгт итгэлгүй байсан бөгөөд үүний хамгийн гол шалтгаан нь айдас байв.
Би өөрийгөө үүнийг хийхэд зохисгүй эсвэл зөв зүйлийг хэлж чадахгүй байх гэж зүрхшээж байсан. Энэ айдас намайг бусдыг адислахын тулд тэнгэрийн хүчийг гуйхаар итгэмжлэн өгөгдсөн тэрхүү санваарын эрх мэдлээ ашиглахгүй байхад хүргэж байв. Гэхдээ санваараа ашиглахыг хүсэж байвал мэдрэмжээ өөрчлөх хэрэгтэй гэдгийг би зүрхнийхээ гүнд мэдэж байсан юм. Би бусдыг адислахын тулд Бурханы хүчийг ашиглах талаарх айдас, итгэлгүй байдлаа даван туулах хэрэгтэй байлаа.
Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний үйлчлэгчдээр илчлэгдсэн зөвлөгөөг хэрэгжүүлснээр би амьдралаа Түүний сургаалтай илүү уялдуулж байсан. Би зүрх сэтгэлээ юүлэхийн тулд залбирахад өдөр бүр цаг гаргаж байсан төдийгүй судраас суралцах явцдаа сүнслэгээр хүчирхэгжихийн тулд залбиран гуйдаг байлаа. Судар уншиж байх үед бодолд минь орж ирж байсан хүмүүстэйгээ би судраас хуваалцдаг байв. Би Ерөнхий чуулганы үгсийг сонсдог байсан. Би сайн мэдээний талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцаж байсан. Надад нэмэлт хүч хэрэг болох үед би мацаг барьдаг байсан.
Би өөрийн хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүлэхийн тулд эдгээр үндсэн зааврыг шийдэмгий дагах үедээ Ариун Сүнсийг илүү мэдэрч, миний сүнслэг чадавх өсөж, тэнгэрийн хүчтэй холбогдох холбоо минь хүчирхэгжиж байлаа. Эцэст нь тайтгарлын болон зөвлөгөөний адислал өгөх зориг надад орсон юм.
Би эхэндээ тэвдэж, юу хэлэхээ мэдэхгүй байснаа санаж байна. Гэхдээ Ариун Сүнс намайг бүрхэх үед миний айдас алга болж, санаа зовнил минь миний яг хэлбэл зохих үгсээр солигдсон байлаа. Өгсөн адислал маань маш зөв санагдаж, би яг л өөрийн нэг хэсгийг гээсэн байсан мэт мэдэрсэн билээ.
Тэр цагаас хойш хүмүүс миний тоолж чадахаас илүү олон удаа надаас адислал өгөхийг хүсэж байсан. Би үүнд маш дуртай! Их Эзэний хүүхдүүдийг адислах бүрдээ би агуу их адислагддаг. Санваарын адислал энэ адислалд оролцож байгаа хүн бүрийг адисалдаг.
Үнэхээр хэрэгцээтэй үедээ Эзэний хүчийг гуйх
Яг ахлагч Холландын бошиглосончлон, аянга буух мэт тэр онцгой үе зам дээр гэнэт бэртсэн дугуйчны байдлаар тохиосон юм. Хэрэв би урьдын жилүүдэд амар тайван нөхцөл байдалд адислал өгөхөөс айх айдсаа давахын тулд Их Эзэнтэй хамт хичээгээгүй байсан бол аминд тулсан энэ үед мөнөөх залуу бид хоёул тусламжгүй хоцрох байсан биз. Гэхдээ Их Эзэн чиглүүлж, хүчирхэгжүүлж байсны ачаар би түүний хажууд сөгдөн суугаад түүнийг адисалж байх үедээ, хэлэх нь зүйтэй гэж мэдэрсэн үгсээ аяархан шивнэж билээ.
Адислалаа дуусгаад өндийн харахад, цагдаа миний хажууд зогсож байв. Тэр энэ бүх хугацааны туршид бидний ард зогсон түргэн тусламж дуудсан байв. Гэтэл өнөөх бэртсэн хүн тэр даруй ухаан орж, өөрийгөө зүгээр байгааг хэлээд, дугуйгаа унан, ирж буй түргэн тусламжийг хүлээлгүй зөрөн өнгөрсөн юм. Бүх санваарын адислал ийм хурдан үр дүнгээ өгдөггүйг би ойлгож байгаа ч энэ туршлага надад хэзээ ч мартагддаггүй. Цаг нь болоход би бэлэн байсандаа чин сэтгэлээсээ талархаж байна.