Тусгай хэрэгцээ ба онцгой сургамж
Бид бодол болон үг маань бидэнтэй адил аяллыг туулж байгаа хэн нэгнийг адислаасай гэсэндээ тусгай хэрэгцээтэй охин Дорагийнхаа туршлагаас сурсан цөөхөн хэдэн зүйлээ хуваалцмаар байна.
Охин Дорагаа кесарево хагалгаагаар төрүүлээд хэд хоносны дараа бид түүний ямар нэг зүйл өөр байгааг мэдсэн юм. Гэхдээ түүнийг төрөөд, гурван долоо хоносны дараа эмчийн үзлэгийн өрөөнөөс эмнэлэг рүү яаралтай хүргэгдэхэд л бид түүний төрсөн нь манай гэр бүлийн амьдралыг өөрчлөх үйл явдал болно гэдгийг ухаарч эхэлсэн.
Дараагийн хэдэн сар мэргэжилтнүүд Дорагийн нөхцөл байдлыг оношлохоор хичээх үед бид их итгэл найдвар өвөрлөхийн зэрэгцээ бас айж, сэтгэл тавгүйтэж байлаа. Шинэ онол бүр сэтгэл түгшээж байв.
Бид нэг онош тавигдахад “Өө үгүй ээ, энэ л биш байгаасай. Бид охиноо алдмааргүй байна” гэж байв. Өөр онош тавих үед “Энэ бүхэн үнэн бол бид хэрхэн даван туулахаа мэдэхгүй байна” гэж хариулж байлаа.
Онош нь хоёр иртэй сэлэм шиг байв. Энэ нь хариултыг өгч, ирээдүйгээ ямархуу байхыг харахад хэн нэгэнд тусалж болох ч нөгөө талдаа бас бодит бус ч байж болох шаардлага юм уу хязгаарлалтуудыг үүсгэж болох байв. Бүх онол дүгнэлт, шинжилгээ гарсны дараа эмч нар Дорагийн өвөрмөц оношийг гаргаж чадаагүйд бид хувьдаа талархдаг.
“Тэр бие физиологийн хувьд бүх талаараа зүгээр боловч булчингийн сулралтай мөн татаж унадгаас болж өвдсөн байна” гэж тэд хэлсэн юм.
Бид сүүлийн 28 жил ийм дүгнэлттэйгээр буюу тодорхойгүй байдал, төвөгтэй асуудал, бэрхшээл, баяр баясгалан, боломжуудтай хамт амьдарч ирсэн. Бид замаа ямархуу байхыг огт мэдээгүй боловч эмнэлгийн тодорхой оношоос болж бидэнд хэзээ ч хязгаарлагдмал мэдрэмж төрж байгаагүй.
Тусгай хэрэгцээтэй хүнийг тодорхойлох
Бид олон жил Дорагийн талаарх “Түүнд юу тохиолдсон юм бэ?” “Тэр ямар өвчинтэй вэ?” гэдэг асуултуудыг их сонсдог байв. Бид ерөнхийдөө “Тийм ээ, тэр ярьж чадахгүй, тусламж авахгүй бол явж чадахгүй, өөрийгөө хооллож эсвэл хувцаслаж чадахгүй ч түүнд үүнээс илүү олон зүйл бий” гэхчлэн хариулдаг байв.
Бид түүнийг хязгаарлагдмал байдал болоод чадахгүй зүйлсээр нь тодорхойлохгүй байхыг сурсан. Харин бид түүнийг чаддаг зүйлсээр нь тодорхойлох дуртай.
Жишээ нь, Дора инээж чадна. Түүний инээмсэглэл эргэн тойрныхныгоо инээлгэдэг. Танихгүй хүмүүс хүртэл Дорагийн гэрэлтсэн инээмсэглэлд автсандаа түүнтэй зураг авахуулахыг хүсэн, биднийг нисэх онгоцны буудал дээр саатуулж байсан.
Тэр тэвэрч чадна. Танд Дорад тэврүүлэх аз таарвал таны амьдрал өөрчлөгдөж ч болно. Нэг удаа, биднийг спортын тоглолтоос гарч явтал Дора явган хүний зам дээр сууж байсан орон гэргүй хүний дэргэдүүр өнгөрөхдөө түүнд хүрч, тэвэрсэн юм. Охины минь тэврэлт тэр өдөр түүнд тохиолдсон хамгийн гайхамшигтай зүйлийн нэг байсан нь түүний царайнаас илт байв.
Дора хүмүүст хайр мэдрэхэд тусалдаг. Дора тантай нэг хором боловч харц тулгарах л юм бол та хайрыг мөн нүдэндээ нулимс цийлэгнэх баяр баясгаланг мэдрэх болно. Ийм гайхалтай бэлгүүд байхад бид яагаад түүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” эсвэл “тахир дутуу” гэж цоллох ёстой билээ? Тэр зөвхөн байгаа байдлаараа болон байнга хийдэг зүйлээрээ олон зуун хүний амьдралд сайн нөлөө үзүүлсэн юм.
Нэг өдөрт нэг л удаа
Эцэг эхчүүд хүүхдээ насан туршдаа өөрсдийг нь түшиж тулгуурлана гэдгийг мэдээд, санаа зовох нь амархан байдаг. Хүүхэд байнга бие махбод, сэтгэл санааны болон эмнэлгийн тусламж шаарддаг бол сэтгэлийн зовлонг улам нэмж болно. Хүүхдээ өдөр бүр хооллож, хувцаслаж, усанд оруулж, асран хамгаалж, тэтгэнэ гэсэн бодол нь авирч гарахад хэт өндөр уул мэт харагдаж болно.
Ийм үед түр зуур амсхийнгээ, “Би өнөөдөр л үүнийг хийх хэрэгтэй” гэж хэлэх нь чухал. Зөвхөн тухайн өдрийн хэрэгцээ, боломждоо анхаарлаа хандуулснаар ажлуудаа илүү сайн хийж болмоор болж байгааг бид олж мэдсэн. Бид нэг өдөрт нэг л удаа амьдарч чадах бөгөөд тэр өдөр ирдэг баяр баясгалан, өсөлтийг хайж олох боломжтой.
Өсөж томрох чадвартай
Дэлхийд илгээгдсэн бүх сүнс “өсөж томрох”1 чадвартай. Бид бүхнийг сонгох эрхээ чадах чинээгээрээ ашиглаасай гэж хүсдэг. Бид асран хамгаалагчдын хувьд асрамждаа байгаа хүмүүсээ бие бялдар, сэтгэл зүй, сүнслэг байдлаараа өсөж хөгжихөд нь чадах чинээгээрээ туслах үүрэгтэй. Энэ нь Дорад тэвэрч, инээмсэглэх гээд үйлчлэх боломжуудыг гаргаж тусална гэсэн үг. Энэ нь тэдэнд эмчилгээ, үйл ажиллагаанд хамрагдах, бие махбод болон сэтгэцийн чадвараа ашиглах мөн боломжтой бол нэмэгдүүлэхэд нь тэдэнд тусална гэсэн үг юм.
Ингэхдээ бид бодитой хандах хэрэгтэй. Хэрэв бид байнга бухимддаг бол хэтэрхий хүчилдэг байж магадгүй юм. Их Эзэн бидэнд тусалж чадах бөгөөд боломжтой, тохирох зүйлсийг хийхэд биднийг Өөрийн Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлж чадна. Зарим тохиолдолд Тэр бидэнд жижиг гэлтгүй гайхамшгуудыг өгөх болно.
Дораг ортопедын тэргүүлэх мэргэжилтэн хэзээ ч алхаж чадахгүй гэж байсныг бид тодхон санадаг. Гэвч олон жил залбирч, мөн шаргуу хөдөлмөрлөсний эцэст одоо Дора бусдын тусламжтайгаар алхаж чадах болсон. Түүний биеийн байдал өөрчлөгдөөгүй ч Их Эзэн түүнийг өсгөн торниулж, амьдралаас илүү таашаал авахад нь туслахын тулд бидэнд олон жижиг гайхамшгийг өгсөн юм.
Эдгэрэхгүй байсан ч итгэлтэй байх
Бурханы үнэ цэнтэй, ямар нэг асуудалтай хүүхдийг бидэн дээр ирэх үед цаанаасаа л яагаад гэж асуух гээд байдаг. Бид нэг л мэдэхэд итгэлээрээ эдгэрэх боломжтой юу эсвэл хүүхдийн нөхцөл байдлыг арилгаж болох уу гэж Бурханаас асуудаг. Бурхан охиныг минь эдгээж чадна гэдэгт бид бүрэн итгэдэг ч үүнийг одоо хийх нь Түүний хүсэл биш гэдгийг бидэнд ойлгуулсан юм.
Тэнгэрлэг Эцэг Дораг бидэнд илгээхдээ, Өөрийн гэсэн зорилготой байсан бөгөөд Тэр түүнийг хүссэн цагтаа, эдгээх цагтаа эдгээх болно. Тэр өдөр эцсийн эдгээлт болох Амилалтын цагийг хүртэл ирэхгүй байж ч мэднэ. Тэр эдгээр хүүхдийг одоо эдгээж чадна гэдэгт итгэдэг шигээ энэ эрхэм хүүхдүүд маань одоо эдгээгдэхгүй гэдэг нь Бурханы хүсэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөд маш их итгэл шаардагддаг. Дораг бидэнд ямар нэгэн зорилгоор илгээсэн бөгөөд бид яагаад гэдгийг эрэлхийлэх бус, харин Тэнгэрлэг Эцэг биднийг юуг сураасай гэж хүссэн сануулгыг мэдэрсэн.
“Энэ явдал яагаад надад тохиолдов? Юуны учир би одоо ингэж зовох ёстой юм бэ? Би ийм зүйл болох юуг хийсэн юм бол? гэх асуултууд таныг мухардалд хүргэнэ” гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) хэлжээ. Харин оронд нь, “Би юу хийх ёстой вэ? Энэ туршлагаас би юу сурч авах хэрэгтэй вэ? … гэж асуу. Таны хүслийг мэдэх боломжийг надад олгоно уу,’ ‘Таны хүсэл биелэгдэх болтугай’ гэсэн чинхүү итгэл үнэмшлээр та залбирдаг бол, хайраар дүүрэн Эцэгээсээ хамгийн их тусламж хүлээн авах баталгаатай байр сууринд байгаа нь тэр”2 гэж тэр хэлсэн.
Заримдаа Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеэр Түүний эдгээсэн хүүхдүүдийн эцэг эхийн талаар бид боддог. Магадгүй тэр эцэг эхчүүд ч гэсэн бидэнтэй адил хүүхдүүд нь ямар зорилгоор тэдэнд ирснийг гайхаж байсан байх. Аврагч тэднийг эдгээснийхээ дараа, хэрэв тэнд эдгээх хэн нэгэн байгаагүй бол Өөрийн эдгээх хүч болоод бурханлаг байдлыг үзүүлэх боломж Түүнд байхгүй байсан гэдгийг тэр эцэг эхчүүд ойлгосон. Эдгэх цаг хугацаа Бурханы бүх хүүхдэд ирнэ гэдэгт бид итгэдэг.3
Бид тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.