2020
Дэлхий даяар гэрчлэл олж авах нь
2020 оны 6-р сар


Дэлхий даяар гэрчлэл олж авах нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Энэ нь миний Сүмд нэгдсэн, манай гэр бүл сайн мэдээнд идэвхтэй болсон тухай түүх юм.

Зураг
temples around the world

Зургийг Паулин Грэйсон

Би Испанид төрж, тэндээ найман жил амьдарсан. Бид сүмд их явдаггүй байсан болохоор найм хүрэхдээ баптисм хүртээгүй байсан ч баптисм хүртэхийг маш их хүсдэг байв. Би нэг өдөр эцэг эхээсээ бид яагаад дахин сүмдээ явахгүй байгааг болон би яагаад баптисм хүртээгүйг асуув.

Тэдэнд баптисм хүртэх хүсэлтэй байгаагаа тайлбарлахад энэ нь тэдний зүрх сэтгэлд хүрч, бид дахин сүмдээ явж эхэлсэн юм. Сайхан санагдаж байлаа. Ээж надад сайн үлгэр жишээ үзүүлж, урам зориг өгдөг байсан. Тэр хүчтэй гэрчлэлтэй байсан төдийгүй судраа байнга уншдаг байв.

Дараа нь бид аавын төрсөн нутаг Венесуэль руу нүүхээр болов. Бид тэнд хоёр жил амьдарч, эдийн засгийн хямралаас болж олон сорилт бэрхшээлтэй тулгарсан. Гэвч сайн сайхан зүйлс ч бас их тохиолдож байв. Надад хоол нь таалагддаг байсан ба тэнд надтай уулзахыг ихэд хүсдэг гэр бүл байсан. Тэд маш даруу хүмүүс байсан ба бид Сүмд хамт явж, Сүнсийг мэдэрдэг байв.

Бид хэдийгээр сүмдээ явж, Сүнсийг мэдэрч байсан ч гэр бүлд маань ямар нэг юм дутагдаад байгааг би мэдэж байсан юм. Бид үнэхээр мөнхийн гэр бүл болж лацдан холбогдох хэрэгтэй байгааг би мэдэрч байв. Нэгэн ням гаргийн өглөө бишоп цуглаанд оролцож байсан хүн болгонд он дуусахаас өмнө Мормоны Номыг уншихад уриалсан юм. Энэ нь надад болон эцэг эхэд маань Их Эзэний сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахад тусална гэдгийг би мэдэж байлаа. Биднийг Мормоны Номоос бага багаар унших үед Аврагч бидэнд илүү их мэдлэг, адислал өгч, бид ч судраас байнга уншсаар байв.

Удалгүй би баптисм хүртсэн. Би ч, эцэг эх маань ч амьдралдаа үнэхээр Сүнсийг мэдэрч байв. Гэрчлэл маань улам бүр өсөж эхэлсэн. Бид АНУ-ын Флорида руу нүүж, Испаниас явсан үеийнх шиг олон өөрчлөлт, золиос гаргах шаардлагатай болсон юм. Гэвч гэрчлэл маань улам бүр хүчтэй болж байв. Бид долоо хоног бүр сүмдээ явж, судраас уншсаар байв.

Бид судар унших, залбирах, зөвийг сонгох тал дээр ихээхэн хичээж чармайсны эцэст бид мөнхийн гэр бүл болж лацдан холбогдох хүсэлтэй болсон байв. Бид бишоптойгоо ярилцаж, хэсэг хугацааг зарцуулсан ч эцэст нь тэр өдөр ирлээ. Бид ариун сүмд орохдоо маш их баярлан хөөрч байсан.

Би эцэг эхийгээ өөрсдийнхөө төлөө ариун сүмийн ажил хийхийг хүлээнгээ нас барагсдын өмнөөс баптисм хүртсэн. Надад дахин баптисм хүртэж байгаа юм шиг санагдсан. Би хөшигний цаана байгаа хүмүүст тусалж байгаадаа үнэхээр баяртай байв. Одоо бид гэр бүлээрээ долоо хоног бүр ариун сүмд явдаг. Би тэнд очин туслахдаа баяртай байдаг болохоор байнга баптисм хүртдэг. Би ариун сүмд эцэг эхтэйгээ үүрд мөнхөд лацдан холбуулж, тэдэнтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжтой болсондоо маш их баяртай байна.

Хэвлэх