2020
Сүм дээр хоолны харшлыг зохицуулах нь
2020 оны 6-р сар


Сүм дээр хоолны харшлыг зохицуулах нь

Зураг
nuts in the shape of a skull

Гавлын зургийг Райн Хэндэр

2017 оны 1-р сарын нэгэн жихүүн орой болсон өсвөр үеийнхний үйл ажиллагаа Сорэнсоны гэр бүлийг мөнхөд өөрчилсөн юм. Тэрри, Жэнилин хоёрын хүү Таннер 14 настай байв. Хамтарсан үйл ажиллагаа өндөрлөх дөхөж байлаа. Нэг удирдагчийг амттаны сүүлчийн хэсгийг санал болгоход, газрын самрын харшилтай Таннер жигнэмэг шүүрч аваад, хазаж орхижээ. Тэр самрын тостой жигнэмгийг идэж болохгүй байв.

“Тэр ихэнхдээ их болгоомжтой байдаг байсан” гэж Тэрри хэлсэн юм.

Таннерыг цуглааны байраас ердөө нэг гудамжны цаана байдаг гэрт нь хүргэжээ. Гэвч тэр удалгүй ухаан алдаж, амьсгалахаа болив. Эмнэлгийн ажилтнууд болон түргэн тусламжийн баг түүний төлөө чадлаараа хичээж ажилласан юм. Харамсалтай нь гаргасан хүчин чармайлт талаар болов.

Таннер тэр шөнөдөө хоолны харшлаар нас барсан юм.

Дэлхий нийтийн асуудал

Дэлхий даяар хүүхдүүдийн тав орчим хувь нь хоол хүнсний харшилтай байна.1 Нэгдсэн Улсад насанд хүрэгчдийн дөрөв орчим хувь, хүүхдүүдийн найм хүртэлх хувь нь харшилтай2 бөгөөд энэ нь Европын болон Азийн зарим оронд бүртгэгдсэнтэй ижил түвшинд байна.3 Энэ нь 200-аад насанд хүрэгчтэй тойрогт 8 орчим хүн, харин 50 хүүхэдтэй Хүүхдийн хэсэгт 4 орчим хүүхэд гэсэн үг юм.

170 гаруй хүнс харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүн байж болохоор бүртгэгдсэн ч Нэгдсэн Улсад хүнсний бүтээгдхүүний харшлын дийлэнх хувийг сүү, өндөг, газрын самар, модны самар, үр тариа, шар буурцаг, загас болон хавч хэлбэрийн хясаа4 гэсэн “8 Т” бүтээгдэхүүн эзэлж байна. Бүс нутгийн хувьд Энэтхэгт вандуй, Өмнөд Солонгос болон Японд сагаг буюу гурвалжин будаа, Хойд Тайландад шоргоолжны өндөг гэх мэт бусад хоол хүнс харшил үүсгэгчийн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. Үнээний сүү болон өндөг дэлхийд хамгийн түгээмэл харшил үүсгэгч хүнсний бүтээгдхүүнүүдийн дунд тогтмол орж байдаг.5

Бие махбодын дархлааны системийн аюул гэж үздэг бодисыг хэрэглэвэл харшлын урвал үүсдэг. Эдгээр урвалаас хамгийн хурц хэлбэр нь үхэлд хүргэж болзошгүй маш хурдан явагддаг, системийн хариу урвал буюу анафилаксын шок юм.6 Ам чимчигнэх, загатнах, уруул, нүүр, хэл эсвэл биеийн бусад хэсэг хавагнаж, дотор муухайрч, бөөлжих, амьсгалын зам боогдож бачуурах, зүрхний цохилт ихсэх, толгой эргэх, цочролд орох гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.7

“Сүм дээр хэн нэгэн цус харван, зүрхний шигдээст өртөж байгаатай адил, энэ нь бүр үүнээс ч илүү ноцтойд тооцогдоно” хэмээн Сүмийн гишүүн, харшлын эмч Ионатан Оолсон онцлон тэмдэглэсэн юм. “Харшлын хариу урвал явагдаж байгаа хүн зүрхний шигдээс өвчтэй хүнээс хурдан нас барж болно.”

Зарим эмчилгээ найдвар төрүүлж байгаа ч хүнсний харшлыг эдгээх эмчилгээ нэвтрээгүй байна. “Харшлаас зайлсхийж, анафилаксын шокийг таньж, эмчлэх нь” анхаарал халамж үзүүлэх арга хэлбэр гэж Оолсон эмч хэлсэн.

Зураг
dairy products

Хоол хүнс бол хайр

Хоол хүнс бол цугларалтын гол хэсэг юм. Энэ нь соёл, уламжлал, амралтыг төлөөлнө. Хоол хүнс нь бие махбодоо тэтгэхэд ашиглагддаг боловч бидний сүнсийг тэжээх, хайр, анхаарал халамж үзүүлэх, хүмүүсийг цуглуулан холбож өгөхөд ашиглагддаг.

Ялангуяа энэ нь сүм дээр үнэн байдаг. Хичээлд хамрагдахыг дэмжих эсвэл хичээлийг илүү хүчирхэгжүүлэх зорилгоор амттан өгдөг. Тойргийн потлак, хоолны тэмцээн болон бусад үйл ажиллагаа нь гэгээнтнүүдэд цугларч, нийгэмших шалтгаан болж болно. Бид шинэхэн ээжүүдэд болон оршуулгын ажилд зориулан хоол хийж, чин сэтгэлээсээ үйлчилдэг. Бид таныг бодож санаж явдгаа харуулан, хаалган дээр амттан үлдээдэг.

Аврагч хүртэл Өөрийнх нь зааж байгааг сонсохоор цугласан 5000 хүнийг хооллож байсан.8

Эдгээр жишээ хүнсний харшил яагаад зохицуулахад хэцүү, ялангуяа сүм дээр зарим хүний хувьд ойлгоход хэцүү байдаг гэдгийг харуулахад тусална. Хоол хүнс хайрын илэрхийлэл болох нь олонтоо. Гэхдээ тойргийн гишүүд хүнсний харшлыг тохинуулах боломж гэж үздэг бол хоол авчрахгүй байх нь хайрын илэрхийлэл болж чадна.

Зураг
taking the sacrament

Ариун ёслолыг ариун нандин бөгөөд аюулгүй болгох

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Их Эзэний зоогон дээрх ариун ёслол [бол] бидний долоо хоног тутмын шүтлэг бишрэлийн ариун нандин, хүлээн зөвшөөрөгдсөн гол хэсэг юм. …

 … Их Эзэний томилсон энэ цаг бол долоо хоногийн маань хамгийн ариун нандин цаг юм”9 хэмээн хэлсэн.

Гэсэн хэдий ч, саяхан хоол хүнсний харшил, халдварын эсрэг явагдсан Сүмийн сургалтын талаар хэвлэгдэн гарсан удирдамжид “Хүнсний харшил, хоолонд үзүүлэх хариу үйлдэл нь хүний сэтгэл санааны байдалд нөлөөлж, сүмийн цуглаан, үйл ажиллагаанд оролцох чадварт чухал нөлөө үзүүлдэг”10 гэжээ.

Сүмийн хүнсний харшлын удирдамж нь ариун ёслолын талхыг аюулгүй өгөх заавар, ариун ёслолын ширээн дээр бусадтай холилдуулахаас хэрхэн зайлсхийх зааврыг агуулдаг. (Дэлгэрэнгүй мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org хаягаар орж авч болно.) Эдгээр удирдамжийг дагах нь ихэнх гишүүнд ариун ёслолыг аюулгүй байлгахад тусалдаг.

Харшилтай гишүүд ариун ёслолд тохирсон өөрчлөлтүүдийн талаар бишоптойгоо ярилцаж болно. Гишүүд харшил үүсгэгчгүй талхыг битүүмжилсэн гялгар уутанд хийж өгч болно.

Үүнээс гадна, хүнсний харшилтай гэр бүлүүдэд хүмүүс ариун ёслолын цуглаан дээр хоолны төрлийн зүйл юм уу хөнгөн зууш авчрах төдийд л асуудал үүсэж болно. Зарим харшлын урвал зөвхөн хүнсний харшил үүсгэгчээр амьсгалах юм уу үүнд хүрэхэд сэдэрдэг тул хүнсний харшилтай гэр бүлүүд ариун ёслолын цуглааны өрөөнд хоол хүнс байгаа үед суудлаа солих юм уу үүдний хэсэг рүү гардаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рассэлл М.Баллард 2015 оны 4-р сарын сургалт уулзалт дээр дараах зүйлийг зөвлөсөн. “Бидний үндсэн зорилго бол хүн бүр Хүндэтгэлийн өдрийг сахих замаар Тэнгэрлэг Эцэгт болон Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэх, сүнслэг мэдрэмжийг мэдрэх явдал юм. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү, Их Эзэн Есүс Христэд зориулагдсан ариун ёслолын цуглааны төлөө долоо хоногийн 168 цагаас ердөө ганцхан цагийг үнэ цэнтэй цагт зориулж, гар утас, iPad, тоглоом, хоол хүнсээ хойш тавьж болно гэдэгт бид итгэдэг”11 гэжээ.

Янз бүрийн шалтгаанаар хүн бүр сүм дээр байхдаа хоол хүнснээс татгалзаж чаддаггүй. Гэвч богиносгосон цагийн хуваарийг, магадгүй бид ерөнхийлөгч Баллардын санал болгосон зүйлийг авч үзээд, ариун ёслолын цуглааны үед идэх зүйл танд хэрэгтэй эсэхийг үнэлж цэгнэж болох юм.

Нэг нэгнийхээ ачааг хөнгөлөх

Хүнсний бүтээгдэхүүний харшлын бие махбодод үзүүлэх нөлөө ноцтой байж болдгийн адил сүнслэг нөлөө нь сайн, муу адил гүн нөлөө үзүүлж байдаг.

Францэскагийн охин сүүний хурц хэлбэрийн харшилтай. Түүний охиныг Хүүхдийн хэсэгт байх үеэр багш нарын нэг нь төрсөн өдөрт зориулж гараар хийсэн аяган бялуу авчрах дуртай байв. Төрсөн өдөр тэмдэглэх үед идэхэд аюулгүй аяган бялуу авчирч байхыг Францэска санал болгов. Багш түүний саналыг хүлээж авалгүй, зургаан настай охиныг төрсөн өдрийн амттан хуваах үеэр коридорт суулгахаар явуулдаг байжээ.

“Энэ нь олон талаар гомдоодог байсан” гэж Францэска дурсан ярив. “Бусад хүүхдэд ‘Есүс шиг байж’ мөн бүгдийг оролцуулахаар санаа тавихыг заахын оронд тэрээр тэдэнд гадуурхахыг заасан.”

Хоол хүнсний харшилтай гэр бүлүүдтэй ярилцах үед оролцуулах, гадуурхахын аль аль нь нийтлэг сэдэв байдаг. Газрын болон модны самрын харшилтай Синтиагийн 9 настай хүү өдрийн аялалд оролцохоор төлөвлөж байлаа. Гэвч аялалд явах өглөө нэг удирдагч нь утасдаж, хүүгийнх нь харшлыг зохицуулж чадахгүй учраас түүнийг ирэхгүй байхыг хүссэн байв.

“Би түүнтэй ярьж дуусаад, дахиад л гадуурхагдсан бяцхан хүүгийнхээ төлөө гашуудаж, сэтгэлийнхээ гүнд уйлсан” гэж Синтиа хэлэв.

Сүмийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн менежер Кати Эдна Стийд “Аврагч 99-өө орхиод нэгийнх нь араас явах байсан. Бид нэгийг нь харж, нэгийг мэддэг байх үлгэр жишээг санадаг байх ёстой” гэжээ.

Зураг
girl standing outside of classroom

Бид тэдэнд тусалж чадна

Хүнсний харшилтай гишүүд болон тэдний тойргийн гэр бүлүүд хайраа үзүүлэх, сүмийн оролцоог аюулгүй, хүртээмжтэй болгохын тулд маш их зүйл хийж чадна.

Хоол хүнснээс харшилдаг гэр бүлүүд юу хийж чадах вэ?

Харшилтай гэр бүлүүд өөрсдийн хэрэгцээг удирдагч, багш нарт тайлбарлахаас гадна удирдагч, багш нараа солигдоход дахин тэдэнтэй холбогдож болно. Тэд аюулгүй хоол хүнс нийлүүлэх, цэс, үйл ажиллагааг төлөвлөхөд туслах боломжтой. Тэд энгийн, амь аврах сургалт болон яаралтай тусламжийн төлөвлөгөө гаргаж болно. Тэд гишүүдийг айж эсвэл санаа зовниж буйгаа илэрхийлэх үед ойлгон хүлээн авч, тэвчээртэй байхад сургаж, аюулгүй, хүртээмжтэй хувилбарыг олохын тулд хамтран ажиллаж болно. Тэд тойргийнхоо хийж, дэмжиж болох боломжийн нөхцөлүүдийг хүсэх хэрэгтэй.

Тойргийн гишүүд юу хийж болох вэ?

Тойргийн гишүүд хувь хүний нөхцөл байдлыг ойлгохыг хичээж болно. Тойргийн гишүүд хүүхдийг хооллох талаар эцэг эхийнх нь өгсөн зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй. Хэрэв үйл ажиллагаа юм уу хичээл дээр хоол байх шаардлагатай бол багш удирдагчид хоол хүнс аюулгүй эсэхийг хувь хүн болон эцэг эхчүүдээс асууж болно. Шаардлагатай бол тойргийн гишүүд хувь хүмүүс, эцэг эхчүүдийг оролцуулж, асуудлыг шийдвэрлэхэд урьж болно.

Сюзанна хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнд харшилтай. Тойргийнх нь санваартнууд ариун ёслолыг бэлтгэхдээ түүнд тусгайлан ханддагт сэтгэл нь хөдөлдөг. “Миний ариун ёслолоос хүртэх үйл явцыг аюулгүй болгодог залуу хөвгүүдийг бодоход би үнэхээр даруусдаг” гэж тэр хэлэв.

Нэгэн ням гарагт түүнд ариун ёслол түгээгээгүй байв. Ариун ёслол бэлтгэж байсан санваартнууд ширээн дээрх түүний талх бусад талхан дунд холилдсон байсныг анзаарчээ.

“Тэд ариун ёслолын цуглааны дараа намайг олоод, юу болсныг тайлбарлаж, ариун ёслолыг надад зориулж ангид түгээх тусгай зөвшөөрлийг бишопоос авснаа хэлсэн” гэж Сюзанна хэлэв. Жижиг өрөөнд ороод тэднийг надад зориулан ариун ёслолыг адисалж, түгээх үед би уйлсан. Би Аврагчийн хайрыг маш хүчтэй мэдэрсэн ба энэ асуудлаасаа болоод хэчнээн их зовж байгааг маань мэддэгийг би мэдэж авсан юм.

“Хүнд харшилтай хүмүүст сүм дээр аюулгүй орчныг бүрдүүлэхэд бэлэн байгаа нь бие биенийхээ ачааг үүрэлцэхэд бэлэн байгааг харуулдаг” гэж Сюзанна хэлсэн билээ.

Францэскагийн охин одоо Залуу эмэгтэйчүүдэд явж байгаа. Түүний Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч энэ гэр бүлийн ачааг үүрэлцэхэд туслахаар сүнслэгээр өдөөгдсөн юм. “Тэднийг аюулгүй байдал, шүтлэг бишрэл хоёрын аль нэгийг сонгохоос өөр аргагүйд хүргэхгүйн тулд бид үүнийг хийх ёстой гэж би бодсон. Бид энэ нөхцөл байдалд хэрхэн хандах ёстой талаар залбирч, энэ гэр бүлийг хүлээн авч, тэднийг бүрэн дүүрэн хамруулах ёстойгоо баттай мэдэж авсан“ гэж тэр хэллээ.

Өсвөр үеийнхний удирдагчид Францэскагийн охинд аюулгүй оролцох боломжтой, хоногоор явах өсвөр үеийнхний чуулганыг төлөвлөх уриалгыг хүлээн авсан юм. Францэска хоол хүнсний цэс гаргаж, дэлгүүр лүү явахад нь тусалжээ. Залуу эрэгтэйчүүд шанаган тогоон дээр хоол хийхээсээ өмнө даралттай усаар угааж өгч байсан.

“Энэ нь гайхалтай санагдсан. Тэднийг сайхан сэтгэл гаргаж, намайг оролцуулж байгаад нь би уйлж, Бурханы хайрыг мэдэрсэн. Миний охин ч мөн адил” гэж Францэска хэлэв.

Зураг
people talking

Бурханы ажлууд илчлэгдэв

Таннерын гэр бүл хүүгээ алдсанаас хойш том, жижиг олон гайхамшгийг мэдэрч байгаа. Тэд хүнсний харшлын талаарх мэдлэгийг түгээх нь эдгээрийн нэг гэж үзэх болсон юм.

“Харшилтай хүүхдүүд хариуцлагагүй эсвэл тоомжиргүй ханддаг гэсэн үг биш юм. Тэд чинь хүүхдүүд шүү дээ” гэж Таннерын аав Тэрри хэлэв. “Хормын төдийд л анхаарал нь суларч болно.”

Харин тохинуулал тэднийг анхааралтай байхад тусалж чадах юм. “Тохинуулал гэдэг нь бусдын хэрэгцээг хангах явдал гэсэн утгатай” гэж Оолсон эмч хэлжээ. “Сүмийн бүхий л зүйл хүн бүрийн хэрэгцээнд мөн тэдний сүнслэг болон бие махбодын хэрэгцээнд нийцэж байгаа эсэхэд тулгуурладаг.”

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Шэрон Юбанк: “Христ нифайчуудад ‘Би та нарын хэнийг нь ч зайлан явахыг та нарт зарлиг болгосонгүй’ … гэж хайрлангуй айлдсан. Христийн шашинтай шавь нар болон хожмын үеийн гэгээнтнүүд бие биедээ жинхэнэ хайрыг үзүүлэх нь үл хувирах шаардлага билээ12 гэж хэлсэн юм.

Францэскагийн хувьд, тэрээр хүүхдээ яагаад хүнсний харшилтай болсныг ойлгох гэж ихэд хичээсний эцэст “Бурхан заримдаа Өөрийн алдар сууг улируулан авчрахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгнийг эдгээдэг ч заримдаа бусад хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн хандаж байгаагаар Өөрийн ажлуудыг үзүүлэхийг хүсдэг учраас бэрхшээлтэй хэвээр нь үлдээдэг. Мөн Бурхан хэн нэгний зовлон зүдгүүрт гайхамшиг тохиохыг зөвшөөрснөөр эелдэг байхад болон Өөртэй нь адилхан болоход суралцах бүхий л боломжийг олгосон” гэдгийг ойлгожээ.

Эшлэлүүд

  1. “Food Allergies: Global Burden, Causes, Treatment, Prevention and Public Policy” (consensus study by the U.S. Institute of Medicine, 2017), National Academies of Science-ыг үзнэ үү.

  2. Wenyin Loh and Mimi L. K. Tang, “The Epidemiology of Food Allergy in the Global Context,” International Journal of Environmental Research and Public Health, vol. 15, no. 9 (Sept. 18, 2018), 2043, ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6163515.

  3. Alison Joanne Lee, Meera Thalayasingam, and Bee Wah Lee, “Food Allergy in Asia: How Does It Compare?” Asia Pacific Allergy, vol. 3, no. 1 (Jan. 2013), 3–14, ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3563019/; FARE: Food Allergy Research & Education. “Food Allergy Facts and Statistics for the U.S.,” foodallergy.org/sites/default/files/migrated-files/file/Final-FARE-Food-Allergy-Facts-Statistics.pdf. Зарим хүнсний харшлаас ангижирч болдог бөгөөд энэ нь насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүдэд их тохиолдож байна.

  4. FARE, “Food Allergy Facts and Statistics for the U.S.”

  5. Loh and Tang, “The Epidemiology of Food Allergy in the Global Context.”

  6. “Signs and Symptoms,” anaphylaxis.org.uk/hcp/what-is-anaphylaxis/signs-and-symptoms.

  7. Mayo Clinic, “Food allergy,” mayoclinic.org.

  8. Maрк 6:37–44; Лук 9:10–17-г үзнэ үү.

  9. Жэффри Р.Холланд, “Бурханы Хургыг болгоогтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  10. “Food Allergies,” in the Policies and Guidelines section of disability.ChurchofJesusChrist.org.

  11. M. Russell Ballard, in “April 2015: Sabbath Day Observance” (video), ChurchofJesusChrist.org/media-library.

  12. Sharon Eubank, “Christ: The Light That Shines in Darkness,” Liahona, May 2019, 74; emphasis added.

Хэвлэх