Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Ирээдүйн ханиасаа асуух 10 асуулт
Та гэрлэх талаар бодож байна уу? Гайхалтай. Баяр хүргэе! Юуны өмнө та гэрлэхийг хүсэж буй хүнийхээ талаар (мөн өөрийнхөө тухай болон юу хүсэж байгаа талаар) зайлшгүй мэдэж авах ёстой хэдэн зүйл байдаг.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) “Болзох гэдэг бол хоорондоо удаан ярилцах боломж юм. Болзож байхдаа бие биенийхээ талаар чадах бүхнээ мэдэж ав. Боломжтой үед бие биенийхээ гэр бүлүүдтэй танилц. Та хоёрын зорилго нийцэж байна уу? Та хоёр зарлигууд болон Аврагчийн талаар мөн санваар, ариун сүм, эцэг эх байх, Сүмийн дуудлага болон бусдад үйлчлэх талаар адил бодолтой байна уу? Та хоёр бие биенээ амжилттай эсвэл бүтэлгүйтсэн үед мөн уур бухимдлыг тэвчиж, азгүйдэлтэй тэмцэж байхдаа сэтгэлийн дарамтыг хэрхэн даван туулж байгаагаа ажигласан уу? Таны болзож байгаа хүн бусдыг шүүмжилж байна уу эсвэл тэднийг хүчирхэгжүүлж байна уу? Та түүний хандлага, хэл яриа, биеэ авч яваа байдлыг хүлээн зөвшөөрч, өдөр бүр хамт амьдрахад бэлэн үү?”1 хэмээн хэлж, асуусан юм.
Товчоор хэлэхэд, та гэрлэх хүнээ сайн таньж мэдэх хэрэгтэй. Энэ зорилгоор ирээдүйн ханиасаа дараах зүйлүүдийг асууж ярилцаарай. Ярилцах зүйлс зөвхөн эдгээр асуултаар хязгаарлагдахгүй нь мэдээж. Гэхдээ эдгээр нь сургаалтай холбоотой зарим сэдвээр ярилцаж эхлэхэд тань туслах болно. Эдгээр сэдвийн зарим нь ярилцахад төвөгтэй санагдаж ч болно. Гэхдээ гэрлэсний дараа эдгээр болон өөр хэцүү зүйлсийн талаар ярилцах шаардлага олон гарч ирдэг тул одоо ярилцаж сурах нь танд туршлага суулгах болно.
Эдгээр төвөгтэй сэдвээр ярилцах нь таныг гэрлэлтийн талаар санаа зовниход хүргэж эсвэл бүр айдаст автуулж ч магадгүй. Гэвч айдас, авч хэлэлцэх зүйл хоёр хоорондоо ялгаатай гэдгийг санаарай. Айх нь байдаг л зүйл бөгөөд гэрлэнэ гэж бодоход аймаар санагдаж болно! Их Эзэн бидэнд бүү ай хэмээн хэлсэн,2 тиймээс та ханилах хүнийхээ талаар сайхан мэдрэмжтэй байвал айдас байсан ч дараагийн алхмаа хийж болно. Харин таны гэрлэхээр бодож байгаа хүнд энэ жагсаалтан дээрх асуултаас болон танд байгаа өөр асуултаас шалтгаалан авч хэлэлцэх зүйл гарч ирвэл дараагийн алхмыг хийхдээ болгоомжтой байхыг сануулж буй дохио байж болох юм.
Энэ нь шалгалт шүүлэг биш, харин гэрлэсэн хүмүүст тохиолддог шийдвэрлэхэд хэцүү, төвөгтэй, сайн зүйлсийн талаар ярилцаж сурах боломж гэдгийг санаарай.
-
Тэд Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаар юу гэж боддог вэ? Мөн ариун сүмийн талаар? Тэд Хүндэтгэлийн өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-
Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлийг цогцлооход ямар зан чанар болон бэлгүүд хэрэгтэй гэж тэд боддог вэ? Эдгээр зан чанар болон бэлгүүдийн алиныг нь өөрсдийнх нь давуу тал гэж боддог вэ? Мөн тэд бусдыг нь өөрсдөдөө төлөвшүүлэхэд бие биедээ хэрхэн туслах вэ?
-
Хүүхэдтэй болохыг хүсдэг үү? Хэдэн хүүхэдтэй? Хэр ойрхон? Хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар арга барилыг урьтал болгох вэ?
-
Гэрлэсний дараах амьдралын нэг өдөр ямархуу өнгөрөх бол? Та хоёр хэрхэн залбирч, судраас судлах талаар юу төлөвлөж байна вэ? Та хоёр харилцаагаа хүчирхэг байлгахын тулд юу хийхийг төлөвлөж байна вэ?
-
Мөнгөний хувьд илүү үрэлгэн хандаж байна уу? Эсвэл үрэхээ хойш тавьж, хадгалж чадаж байна уу? Өрийн талаар ямар бодолтой байна вэ? Одоо өр зээлтэй юү? Аравны нэгийн талаар ямархуу итгэлтэй байна вэ?
-
Гэр бүлийнхэнтэйгээ аль зэрэг таарамжтай байна вэ? Гэрлэснийхээ дараа тэдэнтэй хэр их цагийг өнгөрөөх бодолтой байгаа вэ? Таны гэр бүлтэй хэр их цагийг өнгөрөөх бодолтой байгаа бол?
-
Дотно харилцааны талаар тэд ямар үзэл бодол, хүлээлт эсвэл туршлагатай вэ?
-
Тэд аливаа донтуулагч эм болон хар тамхи, порнограф, согтууруулах ундаа эсвэл видео тоглоом, хийсвэр оршихуй зэрэгт донтож байсан уу? Хэрэв тийм бол, үүнээсээ салахын тулд юу хийсэн бэ?
-
Санал зөрөлдсөн тохиолдолд та хоёр хэрхэн шийдвэрлэх вэ?
-
Танд өнгөрсөн амьдралынх нь талаар мэдэх ёстой ямар нэг зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол энэ нь таны наманчлалд хэр их итгэдгээ мэдэж авах гайхалтай мөч юм. Энэ нь мөн нээлттэй шударга байх цаг үе юм. Хэрвээ үүнийг мэдсэн бол би түүнтэй гэрлэх байсан болов уу гэж бодогдохоор мэдээллийг хойш тавилгүй одоо л ярилцах нь зүйтэй.
Ахлагч Хэйлс түүнчлэн бидэнд “Бидний хэн нь ч төгс хүнтэй гэрлэдэггүй; харин төгс болох чадавхтай хүнтэй гэрлэдэг”3 хэмээн сануулсан. Үүнийг та болзож, ярилцахдаа ямагт санаарай. Хэн ч төгс биш бөгөөд гэрлэлт гэдэг бол хамтдаа сурч, өсөж хөгжиж, Аврагчид илүү ойртох явдал юм.