Номын сан
Анхны үзэгдэл


“Анхны үзэгдэл,” Сэдэв ба асуулт (2023)

Анхны үзэгдэл

Сайн мэдээг судлах удирдамж

Анхны үзэгдэл

Иосеф Смит Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харсан.

Судруудад Бурхантай харилцсан олон бошиглогчийн түүхийг өгүүлсэн байдаг (Амос 3:7-г үзнэ үү). Библид Мосе Бурхантай “нүүр нүүрээрээ” (Гэтлэл 33:11) тулан ярьсан хэмээн заадаг. Мормоны Номын бошиглогчид бас Есүс Христтэй ярьж, уулзаж, өөрсдийн цаг үед зориулсан удирдамжийг хүлээн авч байсан (жишээлбэл: 3 Нифай 11-ийг үзнэ үү).

Есүсийн үхэл, Амилалт тохиож, төлөөлөгчдийг нь нас барсны дараа Христийн Сүм, Түүний сургаал, ёслолууд өөрчлөгдөн ялзарчээ. Хэдэн зууны туршид дэлхийд Христийн Сүм үгүй болж сүнслэг харанхуй ноёлсон. 1820 оны хавар залуу Иосеф Смит бодгалийнхаа сайн сайхны төлөө санаа зовж, аль сүмд нэгдэхээ мэдэхийг эрэлхийлэв. Тэр гэрийнхээ ойролцоох мод руу орж, Бурханаас удирдамж авахыг хүсэн залбирчээ. Залбирлынх нь хариуд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр Иосефт үзэгдсэн. Мосетой адилаар Иосеф Бурхантай нүүр нүүрээ харан ярилцсан юм. Анхны үзэгдэл гэж нэрлэдэг энэ үйл явдал бидний цаг үед Есүс Христийн сайн мэдээ сэргэх эхлэлийг тавьжээ (Иосеф Смит—Түүх 1:7–20-ийг үзнэ үү).

Анхны үзэгдэл гэж юу вэ?

1820 оны хавар Иосеф Смит гэх хүү АНУ-ын Нью-Йорк дахь гэрийнхээ ойролцоох модон дунд залбирав. Түүний залбирлын хариуд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгджээ. Энэ илчлэлийн дараа Иосеф Смит Их Эзэний бошиглогчоор дуудагдаж, Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт эхэлсэн юм.

Сэдвийн тойм: Анхны үзэгдэл

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бошиглогчид; Сайн мэдээний сэргээлт, Хувийн илчлэл

1-р хэсэг

Анхны үзэгдэл үнэхээр болсон эсэхийг та өөрөө мэдэж болно

Иосеф Смит төгөлд

Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр залуухан Иосеф Смитэд үзэгдсэн бодит үйл явдал нь Христийн Сүмийн Сэргээлтийн чухал хэсэг юм. Анхны үзэгдэл нь тэнгэр нээлттэй бөгөөд Бурхан хүмүүнтэй дахин ярьж байгаа гэдгийг нотолдог.

Бид Анхны үзэгдлийн талаарх Иосеф Смитийн түүхийг судалж болно. Мөн бид Бурханаас Анхны үзэгдэл үнэхээр болсон эсэхийг асууж болно (Моронай 10:4–6). Ийн үйлдвэл Ариун Сүнс бидэнд Анхны үзэгдлийн талаар үнэнийг заана (Алма 5:45–46-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Бидний бүхий л хүч чадал тэрхүү үзэгдлийн бодит байдалд тулгуурладаг. Энэ нь нэг бол бодит, эс бөгөөс бодит биш байх ёстой. Хэрэв бодит биш бол энэ ажил луйвар байх болно. Хэрэв бодит бол энэ нь тэнгэрийн доорх хамгийн чухал, гайхамшигтай ажил байх юм” гэж заасан. Анхны үзэгдэл бодит гэх мэдлэг таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хэрэв энэ нь бодитой гэсэн гэрчлэл хүлээн аваагүй бол авахын тулд та юу хийх вэ?

  • Анхны үзэгдлийн талаар судлах явцдаа Иосеф Смитийн уг үйл явдлын талаар хэлсэн янз бүрийн түүхийг унших нь тустай байж болох юм. Тэдгээрийг Joseph Smith Papers вэбсайтын “Accounts of Joseph Smith’s First Vision” хэсгээс харж болно. Яагаад Иосеф Смит зарим түүхэд өөр өөр хэсгийг нь онцолсон гэж та бодож байна вэ? Та тэдгээр түүхийг судалснаар Анхны үзэгдлийн талаар ямар шинэ ойлголттой болсон бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ask of God: Joseph Smith’s First Vision” (6:35) видеог хамтдаа үзнэ үү. Энэ видеог Иосеф Смитийн үзэгдлийн талаарх түүх бүрийг ашиглан бүтээсэн гэдгийг бүлгийн гишүүдтэй хуваалц. Энэ видеог үзэхэд танд ямар санагдаж байна вэ? Та өмнө нь хэзээ ч бодож байгаагүй юуг сурч мэдсэн бэ? Бүлгийн гишүүдийг сэтгэгдэл, бодол санаагаа хуваалцахад урь.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Анхны үзэгдлийг ойлгох нь Есүс Христийн Сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлийг тань хүчирхэгжүүлнэ

Судар уншиж буй хүн

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд Анхны үзэгдлийн гүйцэтгэсэн чухал үүргээс гадна Иосеф Смитийн үзэгдлийг судалснаар бид сайн мэдээний нэн чухал үнэнүүдийг сурч мэдэж болно. Бурханы мөн чанар, Христийн Сүмийг сэргээх хэрэгцээ, сайн мэдээний зорилго болон бусад чухал үнэн бүгд тэр үед илчлэгдсэн.

Бурхан Эцэг, Есүс Христ хоёр үзэгдсэн нь олон зууны турш үгүйлэгдэж байсан Бурханы мөн чанарын тухай үнэнийг тодруулсан юм. Эдгээрээс хамгийн чухал нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол биднийхтэй адил биетэй, хоёр тусдаа биес гэсэн үнэн юм (Иосеф Смит—Түүх 1:17; мөн Сургаал ба Гэрээ 130:1, 22-ыг үзнэ үү). Есүс Христ тухайн үеийн шашны байдлын талаарх Иосеф Смитийн асуултуудад хариулж, Түүний жинхэнэ Сүм дэлхий дээр байхгүй гэдгийг хэлсэн (Иосеф Смит—Түүх 1:19–20-ийг үзнэ үү). Бурхан Эцэг үнэнийг эрэлхийлэгч хэн бүхэнд зайлшгүй шаардлагатай ур чадварыг Иосефт хоёр энгийн үгээр зааж өгсөн ба Есүс Христийг зааж, “Түүнийг сонс!” гэж зарлигласан. (Иосеф Смит—Түүх 1:17).

Бодох зүйлс

  • Ахлагч Дийтр Ф.Угдорфын “The Fruits of the First Vision үгийг уншаад, түүний дурдсан “жимс” гэснийг, энэ нь таны амьдралд ямар хамаатай болох тухайд анхаарлаа хандуул. Анхны үзэгдэл танд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь таны хувьд ямар утга учиртай вэ? Та бодол санаагаа тэмдэглэлдээ бичиж болно.

  • Ахлагч Патрисио М.Жиуффрагийн “Итгэлтэй хайгч тэрээр шагнагддаг үгийг унш. Энэхүү ерөнхий чуулганы үгэндээ ахлагч Жиуффра номлогчдын хичээлээс Анхны үзэгдлийн тухай түүхийг анх сонсоод сурсан таван чухал үнэнийг дурдсан. Эдгээр үнэний аль нь танд ач холбогдолтой вэ? Эдгээр үнэн нь хэрхэн таны гэрчлэлийг хүчирхэгжүүлж, амьдралыг тань адисалсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Анхны үзэгдэл нь гайхамшигт үйл явдал байхын зэрэгцээ сайн мэдээний Сэргээлтийн эхлэл байсан юм. Түүний араас олон сүнслэг үйл явдал тохиосон. Хамтдаа “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-аас уншаад, энэ үйл явдлын талаар бодож үз. Унших явцдаа Анхны үзэгдлийн дараа тэнгэр элч нарын айлчилсан хэсгүүдийг ярилцахын тулд түр зогс. Яагаад Сэргээлтийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын үзэгдлээр эхэлсэн гэж та бодож байна вэ? Анхны үзэгдэл цаашид болох үйл явдлын суурийг хэрхэн тавьсан бэ?

  • Анхны үзэгдлээс бидний сурч болох үнэнүүдийн нэг бол хүнд нөхцөлд ороход нь Бурхан хүүхдүүдээ хариулдаг явдал юм. Сүмийн түүхч Спэнсэр В.Макбрайдын энэ үнэний талаар ярьсан the trailer for The First Vision: A Joseph Smith Papers Podcast-ийг үзээрэй. Дараа нь бүлгийн гишүүдийг бодол санаа, ойлголтоо хуваалцахад урь.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Анхны үзэгдэл танд үнэний талаар хэрхэн сурч мэдэхийг зааж өгч чадна

Судраас уншиж буй өсвөр насны хүүхэд

Үнэнийг хэрхэн эрэлхийлэх талаар Иосеф Смитийн жишээнээс та суралцаж болно. Иосеф Смитийн түүхэд тэр аль сүмд нэгдэхээ мэдэхийг хүссэн талаар гардаг. Тэрээр уг асуултыг тунгаангаа Библиэс уншсан ба Иохан 1:5–6 буюу “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг” гэсэн судрын хэсэг түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хэрэв Ариун ойн цоорхойд болсон Иосеф Смитийн гайхамшигтай туршлага бидэнд ямар нэгэн зүйл заадаг л бол тэр нь тэнгэр нээгдэж Бурхан хүүхдүүддээ хандан ярьдаг явдал юм” хэмээн заасан. Таны асуултын хариулт үзэгдлээр ирэхгүй байж болох ч Бурхан таны залбирлыг сонсож, хариулдаг гэдэгт итгэлтэй байж болно. Та шаргуу хичээж, Бурханд итгэх юм бол Түүний амлалтаа биелүүлнэ гэдэгт Иосеф Смиттэй адил итгэж болно.

Бодох зүйлс

  • Есүс Христийн сайн мэдээний талаар суралцах үед бид бүгдэд асуулт гарч ирдэг. Тэдгээрийн заримынх нь хариултыг амархан авч болдог бол заримынх нь хариултыг авахад маш их хүч чармайлт шаардагддаг. Сайн мэдээ, судар, амьд бошиглогчдын үгсийн талаар танд ямар ямар асуулт байдаг вэ? Тэдгээр асуултаа бодоод 1 Нифай 15:6–11-ийг унш. Та эдгээр шүлгээс илчлэл хүлээн авах талаар юу сурч болох вэ? Та хайж буй хариултаа хүлээхдээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн ашиглаж болох вэ?

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “The First Vision: A Pattern for Personal Revelation” нийтлэлийг унш. Та энэ нийтлэлээс хувийн илчлэл хүлээн авахад бэлтгэх талаар юу мэдэж авсан бэ? Амьдралдаа та Ариун Сүнсний удирдамжийг илүү сайн хүлээж авахад туслах ямар ямар жижиг өөрчлөлтийг гаргаж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • 1 Нифай 10:17–19-ийг бүлгээрээ унш. Дээрх шүлгүүдээс Бурхан бидний залбиралд хариулахад бэлэн байдаг талаар та юу сурсан бэ? Хувийн илчлэл хүлээн авч байсан ямар туршлага танд байдаг вэ? Бүлгийн гишүүдийг санаа, туршлагаа хуваалцахад урь.

  • Тэднийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэл” үгийг унших эсвэл сонсоход урь. Хувийн илчлэл хүлээн авах тухай түүний сургаалд онцгой анхаарал хандуулахыг тэднээс хүс. Дараа нь бүлгээрээ цуглараад, хүн бүрийг сурсан зүйлээ хуваалцахад урь. Танай бүлгийн гишүүд сургамж болох юуг түлхүү хуваалцсан бэ? Та хувийн илчлэл хэрхэн илүү сайн хүлээн авах талаар ерөнхийлөгч Нэлсоноос болон бүлгийн гишүүдээсээ юу сурч болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах