2020
Анхны үзэгдлээр дамжуулан итгэлээ хүчирхэгжүүл
2020 оны 4-р сар


Анхны үзэгдлээр дамжуулан итгэлээ хүчирхэгжүүл

Би та нарыг Иосефын залбирсан загварыг дагаж, сурсан үнэнүүдийг нь мэдэж аван, Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлээсэй хэмээн залбирч байна.

Teenaged Elder Anderson shares his beliefs with friends Illustration of Elder Neil Anderson when he was 16 years old at a conference he traveled to the east coast to attend. He is in a informal group of people and he is explaining his beliefs to the group.

Би 16 насандаа Айдахо дахь гэрээсээ аялан, Нэгдсэн Улсын Зүүн эрэгт болсон бүх 50 муж, 40 орчим улс орны залуу эрэгтэй, эмэгтэйчүүд оролцсон чуулганд оролцсон юм. Би өмнө нь миний шашин шүтлэг, итгэл үнэмшил бусдаас ялгарч байсан нөхцөлд орж байсангүй.

Нэг орой албан бус уулзалтын үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зарим итгэл үнэмшил, зан үйлийн талаар хэлэлцүүлэг өрнөв. Олон оюутан гэнэт над руу анхаарлаа хандуулж, асуулт тавьж эхэлсэн ба зарим нь бидний итгэл үнэмшилд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Би үүнд бэлэн байсангүй. Гэхдээ би хэсэг бодсоны эцэст сайн мэдээний хэдэн үндсэн зарчмыг хуваалцаж эхлэв. Бидэнд Тэнгэрлэг Эцэг байгаа, бид Түүний охид, хөвгүүд бөгөөд энэ дэлхий дээр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн, мууг сонгох замаар өөрсдийгөө хэн болохыг харуулахын тулд энд байгаа гэдгээ би тэдэнд тайлбарласан юм.

Эдгээр зарчмыг хуваалцсан маань намайг Иосеф Смитийн гэрчлэл рүү хөтөлж билээ. Оюутнууд Иосеф Смитийн талаар асуугаагүй ч би итгэдэг зүйлдээ яагаад итгэдэг болсноо ярив. Намайг Эцэг, Хүү хоёрыг Ариун ойн цоорхойд үзэгдсэн тухай ярихад тэд бүгд гэнэт нам гүм болсон. Ариун байдлын хүчит мэдрэмж өрөөнд орж ирэн, хүчирхэг сүнслэг хүчийн мэдрэмж намайг болон миний үгсийг нөмрөн авав.

Дараа нь хэдэн оюутан миний гүн гүнзгий итгэл үнэмшилд талархаж байгаагаа илэрхийлж, зарим нь бүр Сүмийн талаар дэлгэрэнгүй мэдэж авахыг хүссэн. Тэр орой би өрөөндөө эргэж ирээд, энэ үйл явдал надад хамгийн их нөлөөлсөн гэдгийг ойлгосон юм. Би Бурхан Эцэг, Есүс Христийн тухай болон Анхны үзэгдлийн тухай гэрчилснээр ирдэг хүчийг өөрөө мэдэрсэн байв.

50 гаруй жилийн өмнөх тэр туршлагаас хойш би Эцэг, Хүү болон бошиглогч Иосеф Смитийн талаар олон зуун удаа гэрчилсэн. Эдгээр туршлагын үеэр би Ариун Сүнсний батлах гэрчийг байнга мэдэрч байсан.

Анхны үзэгдлийн талаарх сүнслэг ойлголтоос мэдэж авсан таван зарчмаа би хуваалцмаар байна. Эдгээр зарчим Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэл, Тэднийг дагах хүслийг маань хүчирхэгжүүлсэн юм. Эдгээр нь таныг ч бас хүчирхэгжүүлнэ байх хэмээн би найдаж байна.

An illustration of the First Vision

1. Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав бол гурван тусгай хүн мөн.

Олон зууны туршид шашны эрдэмтэн, философичид Эцэг Бурхан, Есүс Христ, Ариун Сүнсний мөн чанарын талаар маргасаар ирсэн юм. Олон хүн Тэднийг нэг хүн гэдэгт итгэдэг байв. 200 жилийн өмнө Ариун ойн цоорхойд Иосефт тохиолдсон үйл явдлын ачаар Бурханы мөн чанарын талаарх үнэмлэхүй үнэнийг бид мэддэг болсон.

Юуны түрүүнд, Тэр амьд! Хоёрдугаарт, Эцэг, Хүү хоёр бол тусдаа, алдар суут, амилсан биес бөгөөд бие биеэсээ өөр өөрийн гэсэн ялгаатай юм. Хожим нь Иосеф “Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн. Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 130:22) гэдгийг мэдэж авчээ.

2. Бид бол Бурханы охид, хөвгүүд билээ.

Бошиглогч Иосеф Смит Анхны үзэгдлээр болон бусад үйл явдлаар дамжуулан Бурхан дэлхийг, үүний оршин суугчдыг нь бүтээгээд мартаж орхисон алс хол орших хүч биш гэдгийг мэддэг болсон. Үнэндээ бид бүгдээрээ “тэнгэрлэг эцэг эхийн хайртай охин [эсвэл хүү] юм.”1

“Гэр бүлийн тунхаг”-т “Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм”2 хэмээжээ. Эцэг маань “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39) хэмээн тэрхүү хувь тавиланг тодорхой тунхагласан.

Бидний мөн чанар Бурханаас үүдэлтэй ба бид Түүнтэй илүү адилхан болохын тулд дэлхийд ирсэн билээ. Анхны үзэгдлийн талаарх энэ ойлголт намайг бага залуу насандаа Тэнгэрлэг Эцэг надад хайртай бөгөөд намайг Түүнд эргэн очоосой гэж хүсдэгийг мэдэх боломжийг олгосон.

3. Бид гэм нүглээсээ өршөөгдөх боломжтой

Нүглээсээ өршөөгдөж чадах эсэх нь Иосефын хамгийн их санаа зовж байсан асуудлуудын нэг байв. Анхны үзэгдлийн нэг түүхэнд Их Эзэн үнэнийг эрэлхийлэгч түүнд хандан: “Иосеф, хүү минь, нүглүүд чинь уучлагдсан. Өөрийн замаар явж, миний дүрмүүд дотор явж, Миний зарлигуудыг сахь. Харагтун, би бол алдар суугийн Эзэн билээ. Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг хүртэж болно”3 хэмээн хэлжээ.

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээсээ өршөөгдөж, Бурханы өмнө цэвэр ариун болж чадна гэдгийг Иосеф мэдэж авчээ. Есүс Христ дэлхий дээр амьдарч байсан мөн амьдрах бүх хүний гэм нүгэл, ачаа дарамтыг Өөр дээрээ авсан тухай баттай мэдлэгийг тэр олж авсан.

Анхны үзэгдлээс бид өөрсдийн Аврагч, Есүс Христийн ач ивээлээр бид ч гэсэн гэм нүглээсээ өршөөгдөж, хэзээ нэгэн өдөр Эцэгийн өмнө цэвэр ариун зогсох болно гэдгээ мэдэж авсан.

4. Тэнгэрлэг Эцэг маань бидний залбирлыг сонсож, хариулдаг

Иосеф 1820 оны тэр нэгэн өдөр ойн цоорхойд байхдаа Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонсож, хариулдаг болохыг мэдэж авсан. Хожим нь Иосеф “би нэгийг хүлээн авсны адилаар, бурханлиг тунхаглал хүлээж авна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байв” (Иосеф Смит—Түүх 1:29) хэмээн хэлжээ. Тэнгэрлэг Эцэгт залбирах замаар бид хариултаа авч чадна гэдгийг түүний үлгэр жишээ бидэнд заасан.

Иосеф залбирлын энэ загварыг олон удаа, удаа дараа хэрэглэсэн. Тэр Их Эзэнийг залбирлыг нь сонсож, хариулна гэдэгт итгэлтэй байв. Тэр таны залбирдаг зүйлсийн талаар залбирсан.

Тэр мэргэн ухаан гуйж залбирсан (Иосеф Смит—Түүх 1:12–13-ыг үзнэ үү).

Тэр баптисмын талаар залбирсан (Иосеф Смит—Түүх 1:68-ыг үзнэ үү).

Тэр авралын төлөө залбирсан (Сургаал ба Гэрээ 121:1–4-ийг үзнэ үү).

Тэр номлогчдын төлөө залбирсан (Сургаал ба Гэрээ 109:22-ыг үзнэ үү).

Тэр Сүмийн төлөө, гишүүд, удирдагчдын төлөө залбирсан (Сургаал ба Гэрээ 109:71–76-г үзнэ үү).

Мөн тэр гэр бүлийнхээ төлөө залбирсан (Сургаал ба Гэрээ 109:68–69-ийг үзнэ үү).

Энэхүү загварыг бидэнд зориулсан юм. Бид бүгд залбирлаар Эцэгтээ очиж чадна гэдгийг Иосеф бидэнд харуулсан.

5. Эцэг, Хүү хоёр биднийг хувь хүний маань хувьд мэддэг

Анхны үзэгдлээс бид тэдгээр селестиел Хүн Иосефыг мэддэг байсан шиг биднийг ч гэсэн хувь хүний хувьд мэддэг болохыг мэдэж авдаг. Эцэг Иосефыг нэрээр нь дуудан, “нөгөөх уруугаа зааж,” “Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!” хэмээн хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:17).

Эцэг, Хүү хоёр биднийхтэй адил Иосефын хэрэгцээ, санаа зовнил, хүсэл эрмэлзлийг мэдэж байсан. Тэд бас бидний амжилт, гуниг зовлонг мэддэг.

Өсвөр насандаа би олон зүйлийн төлөө залбирдаг байсан. Эргээд харахад тэдгээрийн зарим нь тийм ч чухал байгаагүй гэж бодогддог. Гэхдээ тухайн үед тэдгээр нь надад чухал байсан ба би багаасаа л Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаг, сонсдог гэдгийг ойлгодог байсан. Би хариултаа үргэлж тэр даруй авдаггүй байсан ч Тэрээр миний гуйлтыг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар надад тохирсон арга замаар өгнө гэдгийг мэдэрдэг байсан юм.

Бурхан тантай ярина гэдэгт итгэлтэй бай. Зүрх сэтгэлийн тань гүнд байх мэдрэмждээ итгэ. Би бошиглогч Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлыг мэддэг байсан тул залбиралд итгэж, үүний хүчийг ойлгодог байсан юм. Бурхан таны нэрийг мэддэг бөгөөд танд хариулдаг шиг миний нэрийг мэддэг мөн надад хариулах болно гэдгийг би мэддэг байсан.

Гэрчлэл

Би дэлхий дээр 68 жил амьдарсны ихэнхэд нь Иосефын залбирлын загварыг туршиж үзсэн. Аврагчийн бүх үнэнч шавийн адил би ч бас тэнгэрээс хариултаа авсан. Есүс бол Христ гэдгийг би мэднэ. Тэрээр Бурханы Хүү билээ. Тэр амилсан бөгөөд өнөөдөр ч амьд бөгөөд бидний нүглийг уучлах хүчтэй. Тэрээр бидний итгэл, дуулгавартай байдал, наманчлалаар дамжуулан биднийг тэнгэрлэг гэртээ аюулгүй эргүүлэн авчирч чадна.

Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч, томилогдсон гэрчийн хувьд Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд Ариун ойн цоорхойд үзэгдсэн гэдгийг Ариун Сүнсний баталснаар баттай, итгэл үнэмшилтэй гэрчилж байна. Би та нарыг Иосефын залбирсан загварыг дагаж, сурсан үнэнүүдийг нь сурч мэдэн, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлээсэй хэмээн залбирч байна.

Эшлэлүүд

  1. “Young Women Theme,” youngwomen.ChurchofJesusChrist.org.

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, May 2017, 145.

  3. “Joseph Smith’s Accounts of the First Vision,” josephsmithpapers.org.

Зураг чимэглэлийг Дэвид Малан

Зураг чимэглэлийг Кэндалл Рэй Жонсон