Бяцхан шувуу надад сануулав
Лора Линтон
АНУ, Юта
Нөхөр бид хоёрыг анхны хүүхдээ алдах үед би 26-тай байв. Кэннэди 13-хан сартай байхдаа тархины хорт хавдартай гэж оношлогдож, гурван удаа хагалгаа хийлгэж, таван удаа химийн эмчилгээнд орж, олон ч эм тан хэрэглэж, эмчилгээ хийлгэсэн боловч 20 сартайдаа бидний гар дээр хорвоог орхин одсон юм.
Хөөрхөн, сониуч, эрч хүч нь оргилсон бяцхан охиноо алдсандаа сэтгэл минь эмтэрч байлаа. Яагаад ийм зүйл тохиолдов оо? Би одоо яах вэ? Олон асуулт ундран гарч байсан ч би хариултаа авч чадаагүй л байлаа. Оршуулга болсноос хойш хэд хоногийн дараа нөхөр бид хоёрыг булшин дээр нь очиход оршуулгын үзэсгэлэнт ягаан цэцэг, туузаар хучигдсан хэвээр байв.
Охиныхоо тухай бодож байтал нисэх нь болоогүй дэндүү балчир, бяцхан дэгдээхэй зүлгэн дээгүүр дэгдэн ирж байгааг би харав. Кэннэди амьтанд хайртай байсан болохоор тэр шувуу надад түүнийг санагдуулсан юм. Шувуу булш руу гүйж очин, тууз, цэцгээр тоглож байлаа. Кэннэди гарцаагүй үүнийг хүсэх байсныг би мэдэж байсан тул би инээмсэглэв. Дараа нь шувуу над руу дэгдэн ирлээ. Би хөдлөхөөс ч эмээж байв. Бяцхан шувуу яг миний дэргэд ирээд, хөлийг минь налан, нүдээ аниад, унтаад өглөө.
Тэр үед төрсөн мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд ч бэрх юм. Надад яг л Кеннэдид тэврүүлж байгаа юм шиг санагдаж байв. Би охиноо тэвэрч чадаагүй ч Тэнгэр дэх Эцэгийн маань бүтээл болох энэ бяцхан шувуу над дээр ирж, толгойгоо нааснаар Тэнгэрлэг Эцэг миний зовлон шаналлыг ойлгон, намайг тайтгаруулж, энэ сорилтыг даван туулахад тусалж байгааг сануулсан юм.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Үгс нь бидэнд хэрэгтэй тайтгарлыг өгч …, амьдрал дахь шударга бус, тэгш бус байдлын учир начир, шалтгааны талаар хангалттай сайн ойлголт өгч чадахгүй болсон үед … мөн цор ганцаараа юм шиг санагдах үед биднийг Их Эзэн өрөвч нигүүлсэнгүй сэтгэлээрээ үнэхээр адисалдаг” хэмээн хэлсэн (“The Tender Mercies of the Lord,” Liahona, May 2005, 100).
Би одоо ч гэсэн бүх асуултынхаа хариултыг авч чадаагүй ч тэрхүү өрөвч нигүүлсэнгүй сэтгэл Тэнгэрлэг Эцэг Кэннэди бид хоёрт хоёуланд нь хайртай бөгөөд Түүний Хүү Есүс Христийн цагаатгагч золиосоор дамжуулан Кэннэди, миний нөхөр бид 3 хэзээ нэг өдөр гэр бүлээрээ дахин нэгдэнэ гэдгийг баталсан юм.