2020
Шинэ Каледониад Бурханы хаант улсыг байгуулах нь
2020 оны 4-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Шинэ Каледониад Бурханы хаант улсыг байгуулах нь

Шинэ Каледониагийн болон дэлхий даяарх залуучууд Сүмд үйлчлэх болон удирдагчид болох дуудлагад өсөн хөгжиж байна.

“Үйлчлэх боломж нь Сүмийн гишүүн байснаар ирдэг агуу адислалуудын нэг юм.”1 Залуу хүний хувьд Сүмд үйлчлэх нь өсөж хөгжих, удирдах, сүнслэг булчингаа хөгжүүлэх сонирхолтой сайхан боломж юм. Залуучуудад ирдэг бусад үүрэг хариуцлагын хажуугаар үйлчлэл хийх нь ялангуяа жижигхэн Сүм бүхий бүсүүдэд заримдаа сорилт болж болно. Жишээлбэл, таныг коллежид сурч, номлолд үйлчлэхээр бэлтгэн хичээж байхад мөн институтийг зохицуулахад туслан дөнгөж 21 настай байхад тань гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудвал яах вэ?

Сүмийн олон газарт энэ нь ховор үзэгдэл биш юм. Сүмийн 2400 гаруй гишүүнтэй, Францын далайн чанадад жижигхэн нутаг дэвсгэрт орших Шинэ Каледониагийн залуучуудад Бурханы хаант улсыг байгуулах томоохон үүрэг хариуцлагууд үргэлж өгөгддөг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэгэн удаа залуучуудад хандан: “Та нар бол Их Эзэний Сүмийн ирээдүйн удирдагчид! Та энэхүү удирдлагын жолоог залж явахад бэлэн байна уу?”2 гэж хэлсэн. Дэлхий даяарх залуучууд Аврагчид хайртай бөгөөд тэдэнд хэрэгцээ шаардлага байгаа учраас үйлчлэх, Сүмийг удирдахад бэлэн байгаа юм.

Амьдралын төлөөх Түүний үйлчлэлд

Шинэ Каледониагийн олон залуучуудын хувьд номлол нь тэднийг амьдралынхаа туршид Сүмд үйлчлэхэд бэлтгэдэг. Сиоеланни (Сиo) Уливака бүрэн цагийн номлолоосоо буугаад, долоо хоногийн дараа бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэх дуудлага хүлээн авчээ. “Би дөнгөж сая номлолоо дуусгаж ирсэн” гэснээ, Сио “Би их ядарсан болохоор одоо амрах хэрэгтэй гэж би өөртөө хэлж байсан” гэж хэлэв. Гэсэн ч тэр дуудлагыг хүлээн авчээ. “Их Эзэн намайг хаана ч дуудсан бай, тийшээ явна гэдгээ би ухаарсан. Би Түүнд зөвхөн 2 жил биш, харин насан туршдаа үйлчлэх болно.”

Сио бишопын зөвлөлд үйлчилснээсээ хойш гэрлэж, хүүтэй болсон ба бас өөр тойрог руу шилжсэн байна. Гэвч тэрээр Сүмийн дуудлагат ажлуудаа гүйцэтгэсээр байгаа.

Далын ерөнхий эрх мэдэлтэн, чөлөөнд гарсан ахлагч Эйрл С.Тинги залуучуудад хандан хэлэхдээ: “Сүмийн дуудлага бол амьдралын чинь шатанд эдэлж болох хамгийн гайхалтай адислалуудын нэг юм. Та нарт өөрсдийн салбар, тойрогт хувь нэмрээ оруулах маш их зүйл байдаг. Та нарын авъяас чадвар өсөж хөгжиж буй Сүмд зайлшгүй шаардлагатай”3 гэжээ. Сио бол өсөж хөгжиж буй Сүмд авъяас чадвараа нэмэрлэж болох арал дээрх ганцхан залуу биш юм. Бусад залуучууд ч мөн тойрог, гадасны хэмжээнд бүх чадлаараа үйлчилдэг. Сио “Гадас, тойргоо бэхжүүлэхийн тулд бид номлолдоо сурсан зүйлсээ эргэн ашиглахыг хичээдэг” гэж хэлсэн. Энэ залуучууд төрөлх нутагтаа хаант улсыг байгуулахын төлөө олон золиослол гаргадаг бөгөөд Сиогийн хэлснээр “ихэнхдээ өөрсдийн цаг завыг золиосолдог.”

Зарим залуучууд хоёр юм уу бүр гурван ч дуудлагатай байдаг. “Энэ нь тэдэнд адислал болдог, гэхдээ бас хүнд ачаа ч болж болно” хэмээн Сио хэлсэн. Тэдний олон нь залуу насны хэрэгцээ шаардлагаа Сүмийн үүрэг хариуцлагуудтайгаа тэнцвэржүүлэхийн төлөө тэмцдэг. “Бүх юмыг нэг зэрэг хийх нь хэцүү байдаг.” Гэвч Сио Их Эзэнийг нэгдүгээрт тавьснаар бусад зүйлийг хийхэд хялбархан болдгийг мэдэж авсан. Тэрээр “Их Эзэн хичээл сургуульдаа явах, эхнэр олох зэрэг бүх зүйлд тусалдаг. Энэ бүхэн Их Эзэний гарт байсан” гэв.

Сүмийн ирээдүй

Бошиглогч, төлөөлөгчид залуучуудын Сүмд оруулах үйлчлэл, чадварын талаар онцгой санаа бодолтой байдаг. “Бидэнд та бүхний бүхий л сэтгэл зүрх, бодгаль хэрэгтэй байна. Бидэнд эрч хүчтэй, ухамсартай, аливаад сэтгэлээсээ ханддаг мөн Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн сонсож, хариулахаа мэддэг залуучууд хэрэгтэй байна.”4

Шинэ Каледониа дахь болон дэлхий даяарх залуучууд төлөөлөгчийн энэхүү дуудлагад өсөж хөгжиж байна. Тэд Сүмийн ирээдүй гэдгээ мэддэг ба өөрсдийн чадах бүхнээр үйлчлэхийг сонгодог. Тэд дуудлагат ажлаа хийхэд нь бие биенээ урамшуулдаг. Тэд номлогчидтой хамтран ажилладаг. Тэд сайн мэдээг хуваалцаж, найз нөхдөө Сүмд урьдаг. Тэд тойргийнхоо өсвөр насныханд зөвлөгөө өгч, номлолд үйлчлэхэд урамшуулдаг. Тэд мөн ариун сүмд орохын тулд хол зам туулдаг. Тэд гишүүн бус гэр бүлийнхэндээ заадаг. Энэ бүх идэвх зүтгэлээрээ тэд хаант улсыг барьж байгуулж байна.

Их Эзэнд үйлчилж байх үедээ “Бид Түүний зэмсгүүд” гэдгийг Сио ойлгож мэдсэн юм. Сүм өсөж хөгжиж буй энэ цаг үед Их Эзэн хаа сайгүй байх бүх л насны гэгээнтнүүдийг Өөрийн хаант улсыг барьж байгуулах, хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагыг хүлээн авахад дуудах болно. Харин бид энэ дуудлагыг хүлээн авахад бэлэн үү?

Эшлэлүүд

  1. Карл Б.Күк, “Үйлчил,” Ерөнхий чуулган,” 2016 оны 10-р сар

  2. Рассэлл М.Нэлсон, Марианнэ Холман Прэскоттод “Prepare for Future Church Leadership, President Nelson Tells Young Adults,” news.ChurchofJesusChrist.org, 2017 оны 1-р сарын 8

  3. Эйрл С.Тинги, “Three Messages to Young Adults,” Лиахона, 2007 оны 4-р сар, 27.

  4. М.Рассэлл Баллард, “Залуучуудын хамгийн агуу үеийнхэн,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55.